Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 425

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, Г.Э нарыг оролцуулан “Э.Б.Б.С.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Г К.Х Даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Э.Б.Б.С.М” ХХК, 

Хариуцагч: А.М.Г.Т.Г К.Х Дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн “Э.Б.Б.С.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э.Б.Б.С.М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах “Б*******” нэртэй газарт орших 2542,14 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайх XV-01******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 801 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасныг бүртгүүлэн баталгаажуулсан байдаг. 

Компанийн зүгээс дээрх XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн сунгалтын төлбөр болох 1,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн. 

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/774 тоот “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот манай компанид 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “М ш” ХК-иар дамжуулан ирсэн. 

Тус албан тоотод “... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдье..” гэж дурдсан байдаг.

Компанийн зүгээс дээрх захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээд шатны захиргааны байгууллагад 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019-10 тоот албан бичгээр хүсэлт гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газар нь манай компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авч танилцаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7/1405 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

Дээрх албан тоотод "... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж заасан байна. 2018 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх тухай 7/8780 тоот мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй танай компанийн албан ёсны хаяг болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ..-.. гэсэн хаягаар хүргүүлсэн. XV-01******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр цуцлагдсан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье... ” гэсэн хариуг хүргүүлжээ.

Дээрх хариунд дурдсан кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй компанийн албан ёсны хаягаар явуулсан гэх боловч өнөөдрийг хүртэл ирээгүй байдаг. Мөн компанийн зүгээс дээд шатны байгууллагад хүсэлт гаргасан боловч Кадастрын хэлтсийн дарга нь хариуг хүргүүлсэн байдаг.

Иймд манай компанитай холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Э.Б.Б.С.М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн “Э.Б.Б.С.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч  А.М.Г.Т.Г К.Х Дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Э.Б.Б.С.М” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төв аймгийн Баян сумын нутаг “Б*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийг “Б э г” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анх олгосон.

Тус компани нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлөө шилжүүлэхээр өргөдөл гаргасан ба Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр “Э.Б.Б.С.М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

“Э.Б.Б.С.М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаж бүртгүүлснээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 801 дүгээр шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар 22-ны өдрийг дуустал сунгаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр төлнө” гэж тус тус заасны дагуу “Э.Б.Б.С.М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төлөх ёстой байжээ.

Тус компанид тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/8780 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн ба тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд алдангийн хамт бүрэн төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Мөн цуцалсан шийдвэрийн талаарх мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/774 тоотоор хүргүүлж ажилласан.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/8780 тоот, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/774 тоот мэдэгдлүүдийг “Э.Б.Б.С.М” ХХК-ийн хаягаар шуудангаар хүргүүлсэн ба буцалт хийгдэж ирээгүй нь тухайн компанидаа хүрсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэлд тусгай зөвшөөрлийн цуцлагдах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг хүлээн аваагүй гэж дурдсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу хэрвээ хаяг өөрчлөгдсөн бол шинэ хаягаа бүртгүүлэх үүрэгтэй.

Адилхан хаягаар явуулсан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/774 тоот мэдэгдлийг хүлээн авсан нь цуцлагдах үндэслэл бүрдсэн өмнөх мэдэгдлээ хүлээн аваагүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэл авсан аваагүйгээс үл шалтгаалан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэр нь нэхэмжлэл гаргаж буй “Э.Б.Б.С.М” ХХК-иас бусад 3 компанитай холбогдох шийдвэр тул бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э.Б.Б.С.М” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн “Э.Б.Б.С.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийг шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсны хүрээнд шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э.Б.Б.С.М” ХХК нь дээрх 66 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “... компанийн зүгээс дээрх XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн сунгалтын төлбөр болох 1,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн, тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг бид хүлээн аваагүй, албан ёсоор манайд мэдэгдэл ирсэн бол ийм маргаан үүсэхгүй, компанийн бүртгэлтэй хаяг нь үүсгэн байгу*******чийн гэрийн хаяг байгаа” гэж, хариуцагчаас “... манайхаас тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг тухайн компанийн албан ёсны хаягаар “М ш” ХХК-иар хүргүүлэхэд ямар нэгэн байдлаар буцалтаар ирээгүй учраас манайх хуульд заасны дагуу мэдэгдэх чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Заавал мэдэгдэл авснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай ойлголт байхгүй. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасны дагуу урьдчилж төлөх ёстой гэж” тус тус маргасан. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Төв аймгийн Баян сумын нутаг “Б*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийг “Б э г” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анх олгожээ. Улмаар “Б э г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр “Э.Б.Б.С.М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

“Э.Б.Б.С.М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаснаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 801 дүгээр шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар 22-ны өдрийг дуустал сунгасан нь тогтоогдож байх бөгөөд уг үйл баримттай холбогдуулж хэргийн оролцогчид маргаагүй. 

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр “Э.Б.Б.С.М” ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутаг “Б*******” нэртэй талбайд олгосон хайгуулын XV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ... захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах үндсэн нөхцөл нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүргээ биелүүлэх явдал бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийг цуцлах эрх олгосон хуулийн зохицуулалттай байна. 

Тодруулбал, нэхэмжлэгч “Э.Б.Б.С.М” ХХК нь  ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан, хариуцагчаас нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагад мэдүүлсэн болон улсын бүртгэлийн гэрчилгээн дэх албан ёсны хаягаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/8780 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж буруутгах боломжгүй. 

Хэдийгээр “С 5.” СӨХ-ийн тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07/01 тоот албан бичигт “... “М ш” ХК-иас ирүүлсэн шуудангийн илгээмжийг дур мэдэн хүлээн аван оршин суугчдад хүлээлгэн өгөөгүй ...” гэснээр Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/8780 тоот албан бичгийг нэхэмжлэгч гардан аваагүй болох нь тогтоогдох боловч энэ нь хариуцагчийг хуульд зааснаар нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар дээрх 7/8780 тоот албан бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж шууд буруутгах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг “Э.Б.Б.С.М” ХХК-ийн албан ёсны бүртгэлтэй ижил хаягаар хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсныг дурдах нь зүйтэй.   

Мөн нэхэмжлэгчийн “...тус мэдэгдлийг хүлээн аваагүй учраас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй,  урьд жилийн төлбөрийн төлөлтийг дандаа 05, 06 дугаар сард төлсөн, 4 дэх жилийн төлбөрөө энэ оны 05 дугаар сард төлнө гэж бодож байсан, төлсөн 1,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн төлбөр гэж бодож  байсан, манай компани 12 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тул хугацааг нь хооронд нь андуурсан байх болох юм ...” гэх зэрэг тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/4280 дугаар албан бичиг болон бусад баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түүний тусгай зөвшөөрлийг нь цуцалсан хариуцагчийн шийдвэр буюу маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй бөгөөд тэгээд ч энэ нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Б.Б.С.М” ХХК-ийн А.М.Г.Т.Г К.Х Даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн “Э.Б.Б.С.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э.Б.Б.С.М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.Д