Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендерийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, М.Г*******, гуравдагч этгээд “Х И” ХХК-ийн төлөөлөгч З.З*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендерийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: 1.Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн тайлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” илэрхийлэл бүхий мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах,

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Х И” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлэхийг хариуцагч нарт даалгах.

 Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Т.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0307/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А” ХХК-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендерийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн тайлан, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” илэрхийлэл бүхий мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон “Х И” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл; (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлэхийг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр

2.1.“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт бүлгийн 67, 69, 73 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай” илэрхийлэл бүхий мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Х И” ХХК нарын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, “CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот нээлттэй өрсөлдөөнт тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж,

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан  “Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлан, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхийн 1/1694 дүгээр "Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай" албан бичигт нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг дурдаад "Тодруулбал тендерийн сонгон шалгаруулалт гэдэг нь шийдвэр гаргах ажиллагааны процесс бөгөөд дангаараа нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин тендер сонгон шалгаруулалтын дүнд гарсан шийдвэр нь эрх зүйн үр дагавартай захиргааны акт болно" гэж тодорхойлж, нэхэмжлэгчийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудад энэ талаар тодорхойлоогүй байна, нэхэмжлэлийн шаардлагаа үүнд нийцүүлэн дахин тодорхойлох талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой тухай дэлгэрэнгүй тодорхой зааж өгсөн.

Энэ албан бичгийн агуулга нь зөвхөн нэхэмжлэгчийн өөрөө бие даан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй байхад түүнд нь нөлөөлөх хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлсэн шинжтэй байдаг. Нэхэмжлэгчээс тус албан бичгээр өгсөн хууль зүйн зөвлөгөөний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч зөвхөн өөрөө тодорхойлох боломжтой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүхээс тогтоож, шууд хууль зүйн зөвлөгөө, туслалцааны агуулгатай албан бичгийг өгч, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх боломжоор хангаж өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах”, 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим”-ыг тус тус зөрчсөн гэж дүгнэж байна.

Мөн нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаар "Хэргийн харьяалал тогтоох тухай" тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-д “...тендер сонгон шалгаруулалтыг дахин хянаж, үнэлэхийг даалгах, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тогтоосугай", 2-т "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай" гэснийг тус тус зөрчиж байна.

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны нэхэмжлэгчийн гаргасан "хэргийн харьяалал тогтоолгох хүсэлт"-д тодорхойлсон 2 шаардлагын хүрээнд хэргийн харьяаллыг тогтоосон бөгөөд тус нэхэмжлэлийг гаргах хугацааг хуульд заасны дагуу 30 хоногоор тогтоосон тул нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

3.2.Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” илэрхийлэл бүхий мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг тус тус хүчингүй болгосон шийдвэрийн тухай.

Шүүхээс "Х И" ХХК-ийн үнийн хуваарьт услалтын тоног төхөөрөмжийн зардал хэсэгт тусгасан 256,818,192 төгрөгийн зардлыг том зөрүү гэж дүгнэж, дээрх шийдвэр мэдэгдлүүдийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан ХНҮАБУХААТ/2022105007/01/01) дугаар тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод услалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, түүнийг суурилуулах ажил огт байхгүй болох нь Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлгийн 1.3-т заасан "Услалтын системийн бүрэлдэхүүн хэсэг” /ТББ 70/-т заасан барилга байгууламжийн жагсаалт, 2.Техникийн тодорхойлолт хэсгийн 2.1-т заасан Товч тодорхойлолт /ТББ 78 ху/, 2.14-т заасан Барилгын ажлын тоо хэмжээ /ТББ 81-86 ху/ зэрэгт зааснаар тухайн тендерийн дагуу гүйцэтгэх гэрээт ажлын тоо хэмжээнд "Услалтын тоног төхөөрөмж худалдан авалт, суурилуулалт, тохируулга" гэсэн ажил огт байхгүй болох нь нотлогдоно.

ХХААХҮЯ-ын хэрэгжүүлж буй буй "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл"-ийн хүрээнд зарлагдсан Услалтын системийг шинэчлэн сайжруулах дэд төслийн хүрээнд нийт 10 услалтын систем хамрагдаж байгаа ба үүнээс 8 системд нь услалтын тоног төхөөрөмж суурилуулах ажил багтсан бол үлдсэн 2 систем нь тоног төхөөрөмжгүй зөвхөн барилга угсралт хийх техникийн тодорхойлолтой юм. Энэ 2 услалтын тоног төхөөрөмж суурилуулах ажилгүй системийн нэг нь маргаан үүсээд буй “CW-6”, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" юм. Тендерийн үнэлгээний хороо үнийн хуваариас техникийн тодорхойлолтод байхгүй хэсгийг хасч үнэлсэн нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30.3-ын а)гэрээнд дурдсан ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үлэмж нөлөө үзүүлэхгүй, б)гэрээнд заасан захиалагчийн эрх ба тендерт оролцогчийн үүрэг, тендерийн баримт бичигтэй үл нийцэх зарчмын хязгаарлалт байхгүй, в)үнийн саналыг залруулснаар бусад оролцогчдын өрсөлдөөнт байдалд шударга бусаар нөлөөлөхгүй байна.

Ажлын тоо хэмжээнд байхгүй, техникийн тодорхойлолтод тусгагдаагүй услалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ нь тухай ажлыг гүйцэтгэхэд ажлын чанар, гарах үр дүнд огт нөлөөлөхгүй тул Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30.3-т зааснаар том зөрүү гэж дүгнэх нь үндэслэлгүй бөгөөд харин тухайн ажлын тоо хэмжээнд огт нөлөөлөхгүй буюу ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолтод байх ёсгүй Услалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ болох 256,818,192 төгрөгийг 31.1-д заасан жижиг зөрүүнд тооцон хассан нь бусад тендерт оролцогчдод тэгш өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн тендерийн үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлгийн 4.Ажилтнуудын шаардлагын дагуу "Х И" ХХК-ийн ерөнхий инженер Н.Солонгыг үнэлэхдээ усны барилга байгууламжийн барилгын инженерийн бакалавр зэрэгтэй, усны барилга байгууламжийн зураг төслийн зөвлөх инженер байх тул мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангаж байна гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна.

Тендерийн баримт бичигт Барилгын техникчийн мэргэжил, мэргэшлийг тусгайлан заагаагүй тул О.Баяржаргалын хувьд Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн "дулааны цахилгаан станц ашиглалт" мэргэжлээр 4 жил суралцаж төгссөн механик инженерийн бакалавр зэрэгтэй байна. Мөн О.Баяржаргал нь 2010 оноос эхлэн "UFC групп"-ын төв оффис барилга, "Оргил гарден хотхон" 36 айлын орон сууц, "GS-52" орон сууцны барилга, "G8-13" 77 айлын орон сууц "GS-TOWER" оффисын барилга, “Гэрэгэ вилла” төслийн 5 блок, "Туул гарден хотхон" айлын орон сууцны барилгуудад тасралтгүй 10 жил барилгын инженер хийсэн туршлагатай, инженерийн дээд боловсролтой тул тус услалтын системийн барилгын ажлын барилгын техникчээр ажиллах бүрэн туршлага, чадвартай гэж үнэлгээний хороо үнэлж шаардлагад бүрэн нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх ажилтнуудын шаардлагын хувьд Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлгийн 1.Үнэлгээний шалгуурын 1.1-т "6 дугаар бүлэгт тодорхойлсон тоног төхөөрөмж, ажилтнуудад тавигдах шаардлагыг хангаагүй байх нь ерөнхийдөө тендерээс татгалзах үндэслэл болохгүй" гэж заасан тул энэ нь "Х И" ХХК-ийн техникийн саналыг шаардлага хангаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, "Х И" ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Услалтын системийг сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” (Улиастай, Завхан)-ийн ажил гүйцэтгэх CW-6 дугаар гэрээг хүчингүй болгосон шийдвэрийн тухай.

Шүүхээс өөрт хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу шүүхээс захиргааны гэрээг хүчингүй болгох бүрэн эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэний эрх зүйн хүрээнд талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг шууд зөрчиж байна.

Анхан шатны шүүхээс тухайн гэрээг хүчингүй болгох үндэслэлээ хуулийн дагуу үндэслэл бүхий дүгнэлтээр шүүхийн шийдвэрт тайлбарлаагүй ба шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь захиргааны гэрээг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, иргэний эрх зүйн Ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.4."СW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮАБУХААТ/2022105007/01/01 дугаар нээлттэй өрсөлдөөнт тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгасан шийдвэрийн тухай.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19.1-д "Тендер нь тендер хүлээн авах эцсийн өдрөөс хойш, ТШӨХ-д захиалагчийн тусгайлан заасан хугацаанд хүчинтэй байна" гэж заасны дагуу 2 дугаар бүлэг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1-д “Тендер хүчинтэй байх хугацаа нь 90 хоног байна" гэж заасан.

Тухайн тендерийн хүлээн авах эцсийн хугацаа тендер нээсэн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр тодорхойлогдох буюу тендер хүчинтэй байх хугацаа 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон.

Нэгэнт хүчинтэй хугацаа нь дуусгавар болж хүчингүй болсон “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНУАБУХААТ/2022105007/01/01 дугаар нээлттэй өрсөлдөөнт тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг тендерийн үнэлгээний хорооноос дахин үнэлсэн шийдвэр нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр болно.

Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргасан тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан судлалгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", 106.4-т “...хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэж заасныг тус тус зөрчиж, биелэгдэх боломжгүй шийдвэрийг гаргасан байна.

Дээрх тайлбар, үндэслэлүүдээр няцаагдаж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр нь Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан “Зээлийн хэлэлцээр олон улсын гэрээ”-ний дагуу хэрэгжүүлж буй "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл"-ийн бүрэлдэхүүн CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл"-ийг хэрэгжилтийг удаашруулж, үр ашиггүй болгож, тухайн төслөөс үр шим хүртэх орон нутгийн хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх, ашгийг дордуулж, улсын төсвийн хөрөнгөөр эргүүлэн төлөгдөх зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учруулах нөхцөлийг үүсгэж байна.

Тендерт оролцогчдоос ирүүлсэн үнээс хамгийн бага буюу үр ашигтай, Төрийн хэмнэлтийн хуулийн агуулгад бүрэн нийцсэн Услалтын системийг сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” (Улиастай, Завхан)-ийн ажил гүйцэтгэх “CW-6 дугаар гэрээг хүчингүй болгох нь зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаас биш Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодоос хүнсээ бүрэн хангах бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтэд саад учруулах үр дагаврыг бий болгож байна.

 Иймд үндэслэл, нотолгоогүйгээр хэт нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид давуу нөхцөл байдал олгож, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хэрэг маргааныг шийдвэрлэх үндэслэл болж буй Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам болон тендерийн баримт бичгийг бүрэн судлалгүйгээр үндэслэлгүйгээр захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 0359 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендерийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, М.Г******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “...Нэг: Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгт тайлбар өгөх нь:

4.1.1.Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан Худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт бүлгийн 67 дугаар зүйл "Тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлохын тулд техникийн саналыг эхлээд нээнэ. Зөвхөн шаардлагад нийцсэн техникийн саналтай тендерт оролцогчийн санхүүгийн саналыг үнэлэх болон харьцуулахаар нээнэ. Техникийн санал нь шаардлага хангаагүй тендерт оролцогчийн санхүүгийн саналыг нээхгүйгээр даруйхан буцаана." гэж заасныг баримталсан байна.

Няцаалт: Энэхүү заалтыг хоёр үе шаттай нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалтад ашигладаг, гэтэл маргаж буй тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг үе шаттай нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулсан. Энэ нь Азийн хөгжлийн банк болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлагдсан Тендерийн баримт бичгийн урилга хэсэгт тодорхойлогдсон ба маргаж буй тендерийг нэг үе шаттай нэг дугтуйт тендерийн жишиг баримт бичгээр зарласан.

4.1.2.Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт бүлгийн 69 дүгээр зүйл "Тендерт оролцогч тендерийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийн саналыг өөрчилж үл болно. Зээлдэгч нь тендерт оролцогчоос тендерийн саналыг үнэлэхэд шаардлагатай аливаа нэгэн тодруулгыг хүсч болох боловч тендер нээснээс хойш тендерт оролцогчоос тендерийн саналын агуулга болон үнийг өөрчлөх, эсхүл тендерийн баримт бичигт шаардсан чухал баримтыг ирүүлэхийг шаардах эсхүл зөвшөөрөхийг хориглоно" гэж заасныг баримталсан байна.

Няцаалт: Тендерийг үнэлэх явцад буюу тендерийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийн саналыг өөрчлөөгүй, мөн тендерт оролцогчоос тендерийн саналын агуулга болон үнийг өөрчлөх, эсхүл тендерийн баримт бичигт шаардсан чухал баримтыг ирүүлэхийг тендерт оролцогчоос огт шаардаагүй болно.

Батлагдсан тендерийн баримт бичгийн ажлын даалгавар буюу 6-р бүлэг мөн "Х И" ХХК болон бусад 5 тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн саналд "Услалтын системийн тоног төхөөрөмж, худалдан авалт суурилуулалт" тусгагдаагүй боловч зөвхөн "Үнийн хуваарь" хэсэгт "Х И" ХХК тус услалтын системийн тендерт үнийн санал ирүүлэхдээ дотоодоос худалдан авах тоног төхөөрөмжүүдийн үнэ 181.818.182 төгрөг, гадаадаас импортлох материал тоног төхөөрөмжийн үнэ 65.000.000 төгрөг, суурилуулалт, механик автоматжуулалтын үнэ 10.000.000 төгрөг гэж шаардлагагүй илүү зүйл тусгасныг батлагдсан Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа"-ны 31.3, 34.2 дахь заалт болон 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д заасны дагуу нийт 256.818.192 төгрөгийг хасаж тендерийн үнийг 1.894.101.372.00 төгрөг болгож залруулан үнэлсэн.

1 дүгээр бүлэг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 31.3-т "Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна. Үүний үр дүнд орхигдуулсан эсхүл нийцээгүй зүйл эсхүл бүрэлдэхүүн хэсгийн үнийг тусгахын тулд зөвхөн харьцуулах зорилгоор тендерийн үнэд залруулга хийнэ. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-т тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ" гэж,

34.2-т "Захиалагч тендерийг үнэлэхдээ тендерийн үнэд дараах байдлаар залруулга хийж, тендерийн харьцуулах үнийг тодорхойлно. Үүнд:

(а) ТОӨЗ-ны 32.1-д заасны дагуу арифметик алдааг шалгаж тендерийн үнийг залруулах;

(б) ажлын тоо хэмжээний нэгтгэл дэх нөхцөлт зардал болон магадалшгүй ажлын зардлын дүнг хасч, өдөр-ажлын зардлыг оруулан тооцсон тендерийн үнэ;

(в) ТОӨЗ-ны 15.5-д заасны дагуу санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцож тусгах;

(г) ТОӨЗ-ны 31-д заасны дагуу тоогоор илэрхийлж болох жижиг зөрүүг тендерийн үнэд тусгах;

(д) ТОӨЗ-ны 37-д заасны дагуу тендер нь хэт бага үнэтэй эсэхийг үнэлэх;

(е) 3 дугаар бүлэг (Үнэлгээний ба чадварын шалгуур)-т дурдсан үнэлгээний хүчин зүйлсийг ашиглах" гэж заасан.

Мөн 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5-д "Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс: Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, эсхүл орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно: ТОӨЗ 31.3-т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ" гэж тус тус заасан.

Тендерт оролцогч 6 компаниас ирүүлсэн үнийн хуваарь, үнийн санал хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

4.1.3.Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан Худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт бүлгийн 73 дугаар зүйл "Хэрэв тендерийн санал нь үндсэн шаардлагад нийцээгүй байвал, тухайлбал тендерийн баримт бичгийн нөхцөл, шаардлага ба техникийн тодорхойлолтоос том зөрүүтэй, эсхүл болзолт нөхцөлтэй байвал тухайн саналыг цаашид үнэлэхгүй. Тендерт оролцогч тендерийн саналыг нээснээс хойш том зөрүү эсхүл болзолт нөхцөлийг залруулах болон хасах эрхгүй" гэж заасныг баримталсан байна.

Няцаалт: "Х И" ХХК-ийн ирүүлсэн тендер нь батлагдсан тендерийн баримт бичгийн 1-р бүлгийн 30 "Тендерийг хянан үзэх, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох"-д заасны дагуу шаардлагад үндсэндээ нийцсэн тендер байсан. Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэг-Ажилтнуудын шаардлагад: "Төслийн ерөнхий инженер (дор хаяж усны барилгын мэргэшсэн эсхүл зөвлөх инженерийн зэрэгтэй байх) ба түүний нийт ажилласан жил нь 10, үүнээс 5 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх ёстой" гэж заасан.

"Х И" ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт санал болгосон Нямсүрэн овогтой Солонго нь усны барилга, байгууламжийн барилгын инженерийн бакалавр зэрэгтэй мөн усны барилга байгууламжийн зураг төслийн "Зөвлөх инженер" мөн нийт ажилласан жил нь 20, үүнээс 11 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Зөвлөх инженер байх ёстой гэж ерөнхий шаардлагыг нь тендерийн баримт бичигт зааснаас зураг төслийн зөвлөх инженер эсвэл барилгын зөвлөх инженер байна гэж нарийвчлан ялгаж зааж өгөөгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж үзэхгүйгээр, буруу дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэрэгт “Х И”  ХХК-ийн тендерт ирүүлсэн тендерийн баримт бичиг, Н.Солонгын Зөвлөх инженерийн гэрчилгээ, усны барилга байгууламжийн бакалаврын диплом, мэргэжилтний намтар, ажилласан жил зэрэг холбогдох баримтууд нотлох баримтаар авагдсан)

Барилгын техникч гэдэг нь барилгын политехник, коллежийн ангийг 3 жил сурч төгссөн байдаг. Харин “Х И”  ХХК-аас барилгын техникч дээр санал болгосон О.Баяржаргал нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн "дулааны цахилгаан станц ашиглалт" мэргэжлээр 4 жил суралцаж төгссөн механик инженерийн бакалавр зэрэгтэй байна. Мөн О.Баяржаргал нь 2010 оноос эхлэн "UFC групп"-ын төв оффис барилга, "Оргил гарден хотхон" 36 айлын орон сууц, "GS-52" орон сууцны барилга, "GЅ-13" 77 айлын орон сууц "GS-TOWER" оффисын барилга, Гэрэгэ вилла төслийн 5 блок, "Туул гарден хотхон" айлын орон сууцны барилгуудад тасралтгүй 10 жил барилгын инженер хийсэн туршлагатай, инженерийн дээд боловсролтой тул тус услалтын системийн барилгын ажлын барилгын техникчээр ажиллах бүрэн туршлага, чадвартай гэж үнэлгээний хороо үнэлж шаардлагад бүрэн нийцэж байна гэж дүгнэсэн.

Ийнхүү “Х И”  ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад үндсэндээ нийцсэн тендер гэж үзээд ТОӨЗ 31.3-т "Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүү, алдааг засаж залруулна. Үүний үр дүнд орхигдуулсан эсхүл нийцээгүй зүйл эсхүл бүрэлдэхүүн хэсгийн үнийг тусгахын тулд зөвхөн харьцуулах зорилгоор тендерийн үнэд залруулга хийнэ. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэг (Үнэлгээний ба чадварын шалгуур)-т тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ" гэж заасны дагуу тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор “Х И”  компанийн үнийн саналаас хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээнд хамаарахгүй, шаардлагагүй, илүү ирүүлсэн тоног төхөөрөмжийн үнэд залруулга хийж үнэлсэн байна. Мөн энэ нь том зөрүү биш бөгөөд том зөрүү гэдгийг батлагдсан тендерийн баримт бичгийн 1-р бүлэг ТОӨЗ-ийн 30.3 дугаар зүйлийн а)-д "Гэрээнд дурдсан ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үлэмж нөлөө үзүүлэхээр бол;" гэж заасан байдаг. Энэхүү илүү ирүүлсэн тоног төхөөрөмж нь ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд нөлөө үзүүлэхгүй ба тухай услалтын системийн барилга угсралтын техникийн тодорхойлолтод тоног төхөөрөмж суурилуулахтай холбоотой ажлын даалгавар огт байхгүй юм.

Иймд “Х И”  ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТОӨЗ-ийн 30.1 болон 30.2 дугаар зүйлийн дагуу шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн. Үүнийг тендерийн үнэлгээний хорооны хурал болон тендерийн үнэлгээний тайлан түүний хавсралт материалуудад тодорхой үе шат бүрд нь дурдаж шаардлага хангасан эсэхийг нь нэг бүрчлэн үнэлсэн.

Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын "Оршил" хэсгийн 1.26-д "Азийн хөгжлийн банкны хяналт: Худалдан авах ажиллагаа нь харилцан тохиролцсон горимын дагуу явагдаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банк нь эрсдэлд суурилсан аргын хүрээнд зээлдэгчийн худалдан авах ажиллагааны горим, баримт бичиг, тендерийн үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж болон гэрээг урьдчилсан ба дараах хяналт (түүврийн арга)-ыг ашиглан хянана" гэж заасны дагуу тус тендерийн үнэлгээ, үнэлгээний тайлан, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тендерт оролцогч компаниудаас ирүүлсэн тендерийн материал, тендерийн холбогдох бусад бүх баримт бичгүүдийг Монгол улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар тухай бүрд урьдчилан нь хянаж, зөвшөөрөл өгч ажилласан. (хавтаст хэрэгт үнэлгээний тайлан, хурлын тэмдэглэл зэрэг хавсралт болон холбогдох баримтууд нотлох баримтаар авагдсан)

 Дээрх зөвшөөрөл буюу Азийн хөгжлийн банкнаас гэрээ байгуулах эрх олгогдсоны үндсэн дээр захиалагч болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдэл албан бичгийг гаргажээ.

Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх тус үйл баримтуудад үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр үнэлгээний хороо нь хууль бус үнэлгээ хийсэн нь Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журамд нийцэхгүй байна хэмээн буруу дүгнэж, тендерийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг тендерийн үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, тендерийн үнэлгээний тайлан, түүний хавсралт материалууд нь Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журамд нийцэж байгааг нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны хэлтэс, мэргэжилтнүүд нь хянаж тухайн тендер шалгаруулалтын үе шат бурийг хянаж, гэрээ байгуулах эрх олгохыг зөвшөөрсөн, зөвшөөрөл олгосон бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, тус үйл баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж узэж байна.

Түүнчлэн батлагдсан баримт бичгийн 2-р бүлэг, ТОӨЗ 19.1-д тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа нь 90 хоног байна гэж заасан бөгөөд өнөөдрийн нөхцөл байдлаар тендерийн хүчинтэй хугацаа нь дууссан тендерийн дахин үнэлэх боломжгүй юм. Тухайлбал 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тендер нээсэн бөгөөд үүнээс хойш барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн үнэ нь хүчин төгөлдөр бус болсон дахин үнэлэх боломжгүй хэмээн үзэж байна.

Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр "Vegetable Production and Irrigated Agriculture Project" олон улсын гэрээ байгуулагдсан.

Энэ нь Азийн хөгжлийн банкны албан ёсны сайтад олон нийтэд ил тод байршуулагдсан байгаа (https://www.adb.org/projects/documents/mon-51423-002-Ina) энэ гэрээгээр захиалагч яамны эрх үүргийг тодорхой заасан.

Захиалагч яам буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний томилсон үнэлгээний хороо нь зөвхөн дангаараа, дур мэдэн шийдвэр гаргаагүй бөгөөд Азийн хөгжлийн банк бүрэн эрхийнхээ хүрээнд бүхий л үнэлгээ, тайланг хянаж нэмэлт тодруулга авах, залруулга хийх заавар зөвлөгөөг өгч эцсийн шийдвэрийг гаргаж ажилласан.

Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл буюу эрх олгогдсоны үндсэн дээр захиалагч болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2021.09.10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдэл албан бичгийг гаргасан.

Энэхүү АХБ-ны зөвшөөрлийг орчуулгын хамт анхан шатны шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн боловч анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг судлаагүй, шүүхийн шийдвэртээ огт дурдаагүй, дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0359 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Х И” ХХК-ийн төлөөлөгч З.З******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1.“...Манай компанийн үнийн хуваарьт тусгасан услалтын системийн тоног, төхөөрөмж, түүний суурилуулалт гэж 256.818.192 тусгасан нь шударга бусаар тендерийг үнэлсэнд тооцох буюу ТОӨЗ-ийн 30.3-ийн "в"-д заасан тендерт оролцогчдын хоорондын өрсөлдөөнт байдалд шударга бусаар нөлөөлөх том зөрүү гэж шүүхээс дүгнэсэн нь Үнэлгээний хорооны эрх хэмжээнд хөндлөнгөөс шууд нөлөөлсөн шударга бус дүгнэлт гэж үзэж байна. Учир нь ажлын даалгавар, техникийн шаардлагад анхнаасаа огт тусгагдаагүй зүйлийг нэмэлтээр тусгасан нь тухайн ажлын чанар болон үр дүнд нөлөөлөхгүй, бусад тендерт оролцогчийн саналд тусгагдаагүй байгаа учир харин ч тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор тендерийн үнэд залруулга хийсэн нь ТОӨЗ-ийн 31.1-д "Хэрэв тендерийг үндсэндээ шаардлага хангасанд тооцсон бол энэ тендерийн аливаа зөрүү, болзолт нөхцөл эсвэл орхигдуулсан зүйлд том шинжийг агуулаагүй тийм жижиг зөрүүг захиалагч харгалзахгүй байж болно”, мөн 31.3-т “Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засч залруулна. ...зөвхөн харьцуулах зорилгоор тендерийн үнэд залруулга хийнэ" гэж заасантай нийцэж байгааг шүүх анхаарч үзээгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн тендерт оролцогч буюу тендерт шалгарсан манай компанийн эрх ашгийг дорд үзэж хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгч “А” ХХК болон бусад компанийн үнэлгээнд ийм байдлаар залруулга хийсэн бол ямар ч компани шударга бус байна гэж үзэхгүй нь тодорхой юм. Бид бүгд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй учир Үнэлгээний хорооны жижиг зөрүү гэж үзэн харьцуулах зорилгоор залруулга хийснийг буруутгах эрх шүүхэд байхгүй.

5.2.Мөн шүүхээс “тендерийн үнэ-төсөвт өртгийн дүн хоёрыг салгаж дүгнэх боломжгүй байхад энэ талаар тендер шалгаруулалтын явцад “Х И”  ХХК-с тодруулга аваагүй хэрнээ ямар үндэслэлээр бороожуулагч машин худалдан авах зардал гэж 256.818.192 төгрөгийн зардлыг хассан ойлгомжгүй гэсэн” нь ямар хууль болон худалдан авах ажиллагааны журмын аль заалтыг үндэслэн дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Тендерийн баримт бичиг, Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам /цаашид АХБ-ны ЗЗХААЖ гэх/-д захиалагч нь тендерт оролцогчоос заавал тодруулга авах талаар зохицуулалт байхгүй болно. Мөн гүйцэтгэгч байгууллага ямар зардлаасаа хэрхэн хасаж ажлаа гүйцэтгэх нь өөрсдийнх нь асуудал, бусад зардлаа танах байдлаар ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй гэж татгалзаж байгаа нь мөн хууль ба журмын ямар үндэслэлээр буюу зүйл, заалтаар няцааж байгаа нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

5.3.”Х И”  ХХК-ийг шалгаруулсан нь АХБ-ны ЗЗХААЖ-ын 3 дугаар хавсралтын 69.73-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Манай компанийн зүгээс тендерийн санал хүлээн авах хугацаанаас хойш тендерийн саналын агуулга болон үнийг өөрчилсөн зүйл байхгүй. Мөн зээлдэгчийн хувьд тендерийн саналыг үнэлэхэд шаардлагатай аливаа нэг тодруулгыг хүсч болно гэсэн нь шууд үүрэг болгосон бус эрх олгосон зохицуулалт байх тул тухайн заалтыг зөрчөөгүй байна. АХБ-ны ЗЗХААЖ-ын 9 дүгээр хавсралт АХБ-ны санхүүжилттэй худалдан авах ажиллагаанд талуудын хүлээх үүрэг, хариуцлага бүлгийн 21-т "Хэрэв тендерт оролцогчоос нэмэлт мэдээлэл буюу тодруулга авах шаардлагатай бол АХБ уг нэмэлт мэдээллийг авах, санал өгөх болон шаардлагатай бол үнэлгээний тайланд тусгах хүсэлтийг зээлдэгчид хүргэнэ" гэсэн заалтаар зээлдэгчид АХБ-ны хүсэлт гарган шийдвэрлэгдэхээр зохицуулсан байх тул шүүхийн тодруулга аваагүй талаарх дүгнэлт журмын уг заалтыг зөрчиж байна. Манай компанийн тендерийн саналыг үндсэн шаардлагад нийцсэн тендер гэж үнэлсэн. ТОӨЗ-ийн 30.3-т "Шаардлагад үндсэндээ нийцсэн тендер гэж тендерийн баримт бичиг дурдсан бүх шаардлагыг том зөрүү, болзолт нөхцөл, эсхүл орхигдуулсан зүйлгүйгээр хангасан тендерийг хэлнэ” гэж заасан бөгөөд манай компанийн тендерийн саналд болзолт нөхцөл, орхигдуулсан зүйл, том зөрүү байгаагүй гэж үзэж байна. ТОӨЗ-ийн 30.3 "а"-д гэрээнд дурдсан ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үлэмж нөлөө үзүүлэхээр бол том зөрүү, болзолт нөхцөл, орхигдуулсан зүйл гэж үзэхээр заасан байх тул Үнэлгээний хорооноос жижиг зөрүү гэж услалтын системийн тоног төхөөрөмжийн үнийг хасч тооцсон нь ажлын хамрах хүрээ, чанар, гүйцэтгэлд үлэмж нөлөө үзүүлэхгүй буюу ямарч нөлөө үзүүлэхгүй байгаа учир журмыг зөрчөөгүй байна.

5.4.Шүүхээс “...”Х И”  ХХК-ийн санал болгосон төслийн ерөнхий инженер Н.Солонго, барилгын техникчээр санал болгосон О.Баяржаргал нар нь Тендерийн баримт бичигт заасан техникийн санал-ажилтнуудын шаардлагыг хангахгүй боловсон хүчин санал болгосон нь АХБ-ны ЗЗХААЖ-ын 3 дугаар хавсралтын 67-т заасантай нийцээгүй, техникийн саналын шаардлага хангахгүй байх тул үнэлгээний шатанд оруулахгүй, татгалзах байсан байна” гэж дүгнэсэн нь тухайн тендер нэг үе шаттай, нэг дугтуйт тендер шалгаруулалтын журмаар явагдсан гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. АХБ-ны ЗЗХААЖ-ын 8-т “Хоёр дугтуйт тендер шалгаруулалт”, Хоёр дугтуйт горимыг ихэвчлэн 1 үе шаттай тендер шалгаруулалтад хэрэглэдэг бөгөөд саналыг 1 зэрэг хоёр өөр дугтуйнд хийж ирүүлэхдээ техникийн саналыг 1 дугтуйнд, санхүүгийн саналыг нөгөө дугтуйнд битүүмжилнэ. Шаардлагад нийцээгүй техникийн санал ирүүлсэн тендерт оролцогчийн санхүүгийн саналыг нээхгүйгээр буцаана гэж заасан. Өөрөөр хэлбэл 67-д заасан зохицуулалт нь 2 дугтуйт тендер шалгаруулалтад хамаарч байгааг шүүх анхаарч үзээгүй, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн ТББ-ийн 3-р бүлэгт “Үнэлгээний ба чадварын шалгуур”, 1.1-д “Техникийн санал шаардлагад нийцэж байгаа эсэх”, 1.5-д “Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс” гэж заасан ба 6 дугаар бүлэг /тодорхойлолт ба бусад шаардлага/-т тодорхойлсон тоног төхөөрөмж, ажилтнуудад тавигдах шаардлагыг хангаагүй байх нь ерөнхийдөө тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан байхад техникийн санал нь шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 1.5-д “Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно”, ТОӨЗ 31.3-т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү... зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ гээд үнэлгээний шалгуурыг хэрхэн хийх талаар нарийвчлан зохицуулсан тул тендерийн үнэлгээний хороонд олгогдоогүй эрхийг эдэлсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа болно. Хэрэгт цугларсан баримтаар тендер нээснээс хойш бүхий л үйлдэл, үйл ажиллагаа эцсийн шийдвэр гарах хүртлээ Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийн дагуу хянагдаж байдаг болох нь хариуцагч болон Азийн хөгжлийн банкны хооронд харилцсан баримтуудаар тогтоогдсон. Үнэхээр том зөрүүг жижиг зөрүү гэж залруулан үнэлсэн нь журмаа зорчсон байсан бол Азийн хөгжлийн банк зөвшөөрлийг олгохгүй байсан нь илт тодорхой харагдаж байхад АХБ-ны ЗЗХАЖурмыг буруу тайлбарлан хэрэглэж манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгосонд гомдолтой байна.

5.5.Шүүхээс төслийн ерөнхий инженер Н.Солонго мэргэшлийн хувьд, барилгын техникч О.Баяржаргал мэргэжлийн хувьд тохирохгүй, техникийн саналын шаардлага хангахгүй гэсэн нь ТББ-г буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь ТББ-ийн 68-р талд ТОӨЗ-ийн 6 дугаар бүлэг тодорхойлолт ба бусад шаардлагын 4-т “Төслийн ерөнхий инженер нь дор хаяж усны барилгын мэргэшсэн эсхүл зөвлөх инженер зэрэгтэй байх” гэж заасан. Үүнд усны барилгын мэргэшсэн зэрэгтэй гэж зааснаас усны барилга байгууламжийн угсралтын зөвлөх инженер байх шаардлага байхгүй байхад зураг төслийн зөвлөх инженер байгаа тул мэргэшлийн хувьд тохирохгүй гээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, нэхэмжлэгчийн зохиож гаргаж ирсэн тайлбарт хөтлөгдөж шийдвэрлэсэн байгааг анхаарч үзэхийг хүсч байна. О.Баяржаргалын хувьд их сургуулийн боловсрол эзэмшиж инженерийн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн учраас барилгын техникчийн ажилтны шаардлагад нийцэж байгаа.

5.6.Анхан шатны шүүхээс тендерийн үнэлгээний хорооны эцсийн шийдвэр болох 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, түүнийг дагаж гарсан эрхийн актууд болох 01/2818, 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, хариуцагчтай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээг хууль бус гэж хүчингүй болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж зааснаар хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид "үнэлгээний дүгнэлт" гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж, харин АХБ-ны ЗЗХАЖ-ын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт бүлгийн 75-д "Үнэлгээний тайлан” Зээлдэгч гэрээний эрх олгох зөвлөмжийн үндэслэлийг илэрхийлэх онцлог шалтгааныг тодорхойлж чадсан тендерийн үнэлгээ ба харьцуулалтын дэлгэрэнгүй тайланг бэлтгэнэ, 6 дугаар хавсралт Худалдан авах ажиллагааны шийдвэрийг Азийн хөгжлийн банкнаас хянах бүлгийн 8 (с)-д Тендерийн саналыг хүлээн авч, үнэлгээ хийсний дараа зээлдэгч нь гэрээ байгуулах эрх олгох эцсийн шийдвэр гаргахаас өмнө түр зогсох хугацаа дуусахаас өмнө хүлээн авсан тендерийн саналын үнэлгээ, харьцуулалтын дэлгэрэнгүй тайланг гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж болон АХБ-аас үндэслэлтэйгээр шаардсан бусад холбогдох мэдээллийн хамт АХБ-нд хүргүүлнэ, (d) Хэрэв гэрээ байгуулах зөвлөмж нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нийцэхгүй болохыг АХБ тогтоовол энэ тухай зээлдэгчид нэн даруй мэдэгдэж шалтгааныг тайлбарлана. Үүнээс бусад тохиолдолд АХБ гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжид зөвшөөрөл олгох бөгөөд зээлдэгч нь ийм зөвшөөрлийг авсан даруйд гэрээ байгуулах эрхийг олгох"-оор зааснаас дүгнэхэд АХБ-ны ЗЗХАЖурмын зохицуулалт хуульд зааснаас өөр буюу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, тайлан зэргийг АХБ-д хүргүүлэн хянуулахаар зохицуулсан учраас шүүхийн “тайлан нь тендер шалгаруулалтын үйл явцыг нэгтгэн дүгнэсэн зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг, зөвлөмж нь хурлаас гарсан шийдвэрээс тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалт агуулаагүй, мэдэгдлийн шинжтэй баримт байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг зөрчсөн байна.

5.7.Нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны 2021-09-02-ны өдрийн хурлын тэмдэглэлээс гарсан хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, 2021-09-02-ны өдрийн Үнэлгээний хорооны тайлангаас гарсан Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг хүчингүй болгох шаардлагууд ойлгомжгүй, тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Үнэлгээний хорооны хурал дээр тендерт саналаа өгсөн 6 компанийн тендерийг харьцуулан үнэлж байгаа учраас хурлаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс бусад 4 компанийн тендерийн саналд өгсөн үнэлгээ хөндөгдөх ёсгүй учраас тухайн хурлын шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

5.8.Нэхэмжлэгчээс Хүнс, хөдөө аж ахуйн яам болон “Х И”  ХХК нарын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл (Улиастай Завхан)-ийн Ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гэрээг хүчингүй болгож шийдвэр гаргаж байгаа нь хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэх зөвхөн нэхэмжлэгчид олгосон эрхийг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг тус тус зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үндэслэлээр захиргааны гэрээ илт хууль бус болох талаар заасан ба эдгээрийн алинд ч хамаарахгүй учир гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Гэрээний талуудын эрх тэгш болон гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцон хүчингүй болгох эрх шүүхэд байхгүй гэж үзэж байна.

5.9.Үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн тайлан хүчин төгөлдөр байгаа тохиолдолд тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах шийдвэр биелэгдэх боломжгүй.

Нөгөө талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 637 дугаар магадлалд тендерийг дахин хянаж үнэлэхийг даалгах агуулга бүхий шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж буцаасан магадлалын заалт хэрэгжээгүй байхад шүүх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тодорхойгүй байхад шийдвэр, гэрээг хүчингүй болгох болон дахин үнэлэхийг даалгахаар шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж манай компанийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгаж тогтоогоогүй энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна.

5.10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д "Энэ хуулийн 29.4-т заасан тендерийн хүчинтэй байх хугацаа өнгөрснөөс хойш энэ хуулийн 29.6-д заасан зээл, тусламжийн олон улсын гэрээ, улсын төсвийн санхүүжилт батлагдсан тохиолдолд тухайн тендер шалгаруулалтыг хүчинтэйд тооцно" гэж заасны дагуу олон улсын гэрээний дагуу санхүүжилтээ аваад Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээд, гэрээ хэрэгжээд явж байгаа учир тендер шалгаруулалт хүчинтэй байхаар зохицуулсан тул тендерийг дахин үнэлэх, гэрээг хүчингүйд тооцсон нь хууль зөрчсөн байна.

5.11.Азийн хөгжлийн банкнаас нэгэнт хянасан тендерийг дахин үнэлэхгүй байх гэсэн хязгаарласан зохицуулалт тусгагдаагүй талаарх шүүхийн дүгнэлт нь холбогдох журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг хэрэглэнэ гэж зохицуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-т “нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш гэрээ байгуулах эрх олгож болохгүй” гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т “гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 3 үндэслэлээр түдгэлзүүлэх шийдвэр гаргах зэргээр гомдол гарсан тохиолдолд тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх, гэрээ байгуулах эрх олгож болохгүй байх” талаар зохицуулалтууд байдаг. Гэтэл АХБ-ны 33ХААЖурамд өөрөөр зохицуулсан буюу гэрээ байгуулах эрх олгож болохгүй талаар болон түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй тодруулбал, тус журмын 3 дугаар хавсралтаар Нээлттэй өрсөлдөөнд тендер шалгаруулалт, 87-т “Гэрээ байгуулах эрхийг олгох тухай заахдаа .... түр зогсох заалтыг хэрэглэх тохиолдолд зээлдэгч түр зогсох хугацаа дууссаны эцэст тендерт шалгарсан тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгох мэдэгдлийг тендерийн санал ирүүлсэн тендерт оролцогч бүрт түр зогсоох хугацаанд багтаан бичгээр хүргүүлэх" талаар заасан. Түр зогсоох хугацааг тайлбарлахдаа гэрээ байгуулах эрх олгохоор төлөвлөж байгаа тухай мэдэгдлийг гаргасны дараах үеийн хэлэх бөгөөд энэ хугацаа нь санал болгосон гэрээний эрхийг авах оролдлого хийх боломжийг шалгараагүй тендерт оролцогчид олгоно гэсэн ба ТББ-ийн 39.1-т аливаа шалгараагүй оролцогчийн хувьд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийн эсрэг гомдол гаргах боломж олгох үүднээс гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийн эсрэг гомдол гаргах боломж олгох үүднээс гэрээ байгуулах эрх олгох илэрхийлэл бүхий мэдэгдлийн дараа тодорхой хугацааг заах зорилгоор түр зогсоох хугацааг ТШӨХ-д оруулна, ТШӨХ-ийн 39.1-д “Түр зогсох нөхцөлийг хэрэглэнэ. Түр зогсоох хугацаа дуусгавар болмогц ...захиалагч нь шалгарсан тендерт оролцогчид тендерт шалгарсан тухай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг бичгээр хүргүүлнэ” гэсний дагуу IV хавтаст хэргийн 4 дүгээр талд байгаа 01-3018 тоот мэдэгдлийг хүргүүлэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Иймд журмынхаа дагуу түр зогсох хугацаанд гарсан гомдлын дагуу захиалагчаас болон Азийн хөгжлийн банкнаас тендер хянагдсан, цааш тендер шалгаруулалтыг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх зохицуулалттай байх тул тендерийг дахин үнэлэхгүй байх хязгаарласан зохицуулалт журамдаа тусгагдсан байна.

5.12.Худалдан авах ажиллагааны журмын 1.11-д “Азийн хөгжлийн банкны хяналт”, 1.12-д “Зүй бус худалдан авах ажиллагаа”, Хэрэв худалдан авах ажиллагааг тохиролцсон горимын дагуу явуулаагүй тохиолдолд АХБ түүнийг зүй бус худалдан авах ажиллагаа гэж зарлах бөгөөд зүй бус худалдан авсан бараа, ажилд хуваарилсан санхүүжилтийн хэсгийг ихэнхдээ хүчингүй болгодог. Зүй бус худалдан авах ажиллагаа гэж зарласны дараа АХБ зарим тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулахыг зөвшөөрч болно" гэж зааснаас үзэхэд АХБ зүй бус худалдан авах ажиллагаа гэж үзээгүй, зарлаагүй мөн дахин тендер шалгаруулалт явуулахыг зөвшөөрөөгүй байхад журмын заалтыг зөрчин тендерийг дахин үнэлж шийдвэр гаргахыг даалгахаар шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчөөд байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх” үүргийнхээ дагуу олон улсын гэрээгээ баримтлах учиртай.

5.13.Манай компани нь 31%-ийн санхүүжилт авсан ч гүйцэтгэл бичсэнээс хойш 10 гаруй хувийн ажил хийсэн төдийгүй хавтан хийхэд хэрэглэгдэх арматур болон цементийг ажлын талбай дээр бэлдсэн байгаа.

5.14.Мөн тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлэхийг даалгах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл, Худалдан авах ажиллагааны журмын нийтлэг үндэслэлийн 1.4 а,b-д заасан "худалдан авах ажиллагаа үр ашигтай, хэмнэлттэй байх" зарчимд нийцэхгүй байгаа, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн болох нь нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нийтийн эрх ашгийг буюу Завхан аймгийн тариалан эрхлэгчдийн эрх ашиг болон аймгийн иргэдийн эх орны хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсээр хангагдах эрхийг хамгаалж өгөхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангасангүй.

            1.Азийн хөгжлийн банк болон Япон Улсын “Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр хийгдэх “Хүнсний үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар “СW-6. Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот нээлттэй тендерт Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлын шийдвэрээр гуравдагч этгээд “Х И” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн, улмаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь холбогдох хууль болон худалдан авах ажиллагааны журамд нийцээгүй талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

            Тухайлбал “Х И” ХХК дээрх Ногоон хашаа дэд төслийн услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил гүйцэтгэх дээрх тендерийн нээлтэд 2.150.919.554 төгрөгийн үнэ санал болгосон, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлын тэмдэглэл, 3-ны өдрийн Тендерийн үнэлгээний тайлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл” 01/2818 дугаар албан бичигт заасан үнэлгээний хураангуй мэдээлэлд тус тус тусгагдсанаар энэ нь тухайн үед нэхэмжлэгч “А” ХХК-ийн санал болгосон 2.083.487.179 төгрөгийн үнээс 67.432.375 төгрөгөөр илүү байжээ.

            Гэвч Тендерийн үнэлгээний хороо “Х И” ХХК-ийн тендерийн анх санал болгосон үнээс ажлын даалгавар буюу техникийн шаардлагад тусгагдаагүй услалтын системийн тоног төхөөрөмж, түүний суурилуулалтад тооцсон гэх 256.818.192 төгрөгийг хасч, тендерийн үнийг 1.894.101.372 төгрөг болгон бууруулж залруулснаар нэхэмжлэгчийн санал болгосон үнээс 189.385.807 төгрөгөөр буюу 9.99 хувиар багаар үнэлэгдэж, улмаар  хамгийн бага үнийн санал гаргасан тендерээр шалгаруулсан болох нь тогтоогджээ.

            2.Тус тендерт нийт 6 компани оролцсоноос санал болгосон үнийн дүнгээр 1, 3-рт эрэмбэлэгдсэн “Гээт” ХХК, “Велмот” ХХК нь тендерийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хасагдсан, харин энэхүү шаардлагыг хангасан гэх үлдсэн 4 компанийн санал болгосон үнийн харьцуулалтаар нэхэмжлэгчийн үнэ хамгийн бага байсан байна.

            3.”Х И” ХХК-аас анх санал болгосон 2.150.919.554 төгрөгийн үнийн хуваарийн задаргааны 4-т заасан “Услалтын системийн тоног төхөөрөмж худалдан авалт суурилуулалт, тохируулга” хэсэгт 4.1.дотоодоос авах тоног төхөөрөмжийн үнэ 181.818.182 /НӨАТ ороогүй/, 4.2.гадаадаас импортлох материал тоног төхөөрөмжийн үнэ 65.000.000 /НӨАТ, гаалийн татвар ороогүй/, 4.3.суурилуулалт, механик автоматжуулалтын үнэ 10.000.000, нийт 256.818.182 төгрөг байхаар тусгасан, гэтэл санал болгосон нийт төсвийг боловсруулсан мэргэшсэн төсөвчин Л.Баасанжавын барилгын төсвийн ESTIMATOR-PRO программаар хийсэн төсөвт өртгийн нэгдсэн товчоонд дээрх  услалтын системийн тоног төхөөрөмж худалдан авалт суурилуулалт, тохируулгад тооцсон гэх 256.818.182 төгрөг хэрхэн тусгагдсан болох нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс энэ талаар “…нэг бүрчилсэн задаргааны бусад бараа материал хэсэгт тусгагдсан гэж үзсэн…” гэсэн агуулгаар тайлбарлах боловч:

            -ажиллах хүчний зардалд тусгагдсан 195.966.430 төгрөгийн цалингийн нэгтгэлийг хийгдэх ажил тус бүрээр буюу түвшин өргөх далангийн ажил, дөхүүлэх сувгийн ажил, толгойн барилгын ажил, гол сувгийн ажил, илүүдэл сувгийн ажил, хуваарилах барилга 1, 2, 3, 4, хуваарилах суваг 1.2-ын ажил, хуваарилах суваг 2-ын далд хоолойн ажил, салбар суваг 1, 2, 3, 4, 5-ын ажил, салбар суваг 2-н хоолойн ажил, салбар сувгууд дээр ус авах хоолойн ажил, перепад 1, 2-ын ажил, борооны ус гаргуурын ажил, гүүр 1, 2-ын ажил, ногоон байгууламжийн ажил, хашааны ажил, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил, явган замын ажил, бохирын цооногийн ажил, агуулахын барилгын ажилд тус тус хөдөлмөр зарцуулалтыг нэгж хүн цагаар тооцож гаргасан байх боловч үүнд усжуулалтын тоног төхөөрөмж суурилуулалтын ажлын хөлс 10.0 сая төгрөг тусгагдаагүй, түүнчлэн цалингийн нэгтгэлийн “бусад ажил” хэсэгт шувуу үргээгч угсрах, загас хамгаалах тор байрлуулах, хаягдал преслэгч суурилуулахад зориулж 244.052 төгрөгийн ажиллах хүчний зардал гаргахаар;

            -материал, тээврийн зардалд уг тендерийн ажилд шаардагдах материал тус бүрийг, тэдгээрийг тээвэрлэх тарифын хамт нэг бүрчлэн тооцсон байх бөгөөд үүнд мөн л усжуулалтын системийн тоног төхөөрөмж худалдан авалт, тээвэрлэлттэй холбоотой зардал төсөвлөгдөөгүй, энэ хэсэгт “бусад зардал” төсөвлөгдөөгүй байна.

            Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичгээр шаардаагүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан гэх услалтын системийн тоног төхөөрөмж худалдан авалт суурилуулалт, тохируулгад тооцсон 256.818.182 төгрөгийг “Х И” ХХК-ийн тендерт санал болгосон үнийн дүнд хэрхэн тусгагдсан болох нь дээрх байдлаар тодорхойгүй байхад тус компаниас энэ талаар ямар нэгэн тодруулга авалгүйгээр “тоолж хэмжигдэх жижиг зөрүү” гэж үзэн тендерийн үнийн саналд бууруулсан залруулга оруулсан нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /цаашид ТОӨЗ гэх/ 30.3, 30.4, Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан Худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт “Нээлттэй сонгон шалгаруулалт” бүлгийн 69, 73-т заасныг тус тус зөрчсөн талаар шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

4.Гуравдагч этгээдээс Тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэгт заасан маягтын дагуу үнийн хуваарийг гаргахдаа санал болгосон төсөвт өртөг, түүний нэгдсэн товчоотой нийцүүлээгүй, тухайлбал үнийн хуваарийн 6-д “Барилга угсралтын ажлын дүнг нийтэд нь 1.864.191.877 төгрөг байхаар тусгахдаа үүнд Үнэлгээний хорооны залруулсан гэх усалгаажуулалтын системийн тоног төхөөрөмж худалдан авалт, суурилуулалт, тохируулгын зардал 256.818.182 төгрөгийг хамруулсан байх боловч төсөвт өртгийн нэгдсэн товчооны “Барилга угсралтын ажлын дүн” хэсэгт тусгагдсан адил үнэ буюу 1.864.441.877 төгрөгт ажиллах хүчний, материалын, тээврийн, машин ашиглалтын, шууд зардлууд, барилгын удирдлага зохион байгуулалтын зардал болон ашгийг оруулснаас бус дээрх нэмэлт ажлын зардал огт тусгагдаагүй байна.

            Тендерийн баримт бичигт услалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулалт, тохируулга хийх шаардлага тавигдаагүй гэдэгтээ талууд маргаагүй, нэхэмжлэгчээс ч энэ төрлийн ажил гүйцэтгэх төсвийг үнийн саналдаа тусгаагүй, иймд үнэхээр захиалагчаас санал болгоогүй ажлыг нэмж гүйцэтгэхээр төлөвлөж, холбогдох зардлыг тусгасан нь “Х И” ХХК-ийн тендерийн баримт бичгээс тодорхой харагдах тохиолдолд Үнэлгээний хорооны тус компанийн үнийн саналаас нэмэлт зардлыг хасч залруулга хийснийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн, мөн ТОӨЗ-ны 31.3-т “Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна” гэж заасан ч энэ тохиолдолд шаардлагад нийцсэн тендерт оролцогчдын санал болгосон үнийн харьцуулалтад шууд нөлөөлөхүйц залруулга хийхдээ дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй нь тендер шалгаруулалт хууль, журамд нийцээгүй гэж дүгнэх хангалттай үндэслэл болно.

            5.ТОӨЗ-ны 30.4-т “…том зөрүү, …-нд засвар хийх замаар …тендерийг шаардлагад нийцсэн болгож болохгүй”, 31.1-д “Хэрэв тендерийг үндсэндээ шаардлага хангасанд тооцсон бол энэ тендерийн аливаа зөрүү, болзолт нөхцөл эсвэл орхигдуулсан зүйлд том шинжийг агуулаагүй тийм жижиг зөрүүг захиалагч харгалзахгүй байж болно. 31.2-т “Хэрэв тендерийг үндсэндээ шаардлага хангасанд тооцсон бол баримтжуулах шаардлагын улмаас тендерийн жижиг зөрүүг засах үүднээс шаардлагатай мэдээлэл эсхүл баримтыг тодорхой хугацаанд ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос хүсч болно. Гэхдээ ийм жижиг зөрүүний талаарх мэдээлэл эсхүл баримтыг хүсэх нь тендерийн үнэд огтхон ч хамааралгүй байх ёстой…” гэж тус тус заасан байхад үнийн саналын “бусад зардал” хэсэгт шингэсэн гэж хийсвэрлэн ойлгож, “жижиг зөрүү”-д хамруулан шууд залруулга хийсэн нь хууль бус юм. 

Иймд шүүхийн шийдвэрийн “…тендерийн үнэ-төсөвт өртгийн дүн хоёрыг салгаж дүгнэх боломжгүй байхад тодруулга аваагүй…” гэснийг нэхэмжлэлийг хангах хамгийн гол дүгнэлт болжээ гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.  

            6.Шүүхээс үнэлгээний хорооны эрх хэмжээнд халдсан дүгнэлт огт хийгдээгүй, харин ч үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, ТОӨЗ, Худалдан авах журамд нийцүүлж тендер шалгаруулалт явуулаагүй болохыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байна.

            Ямар зардлаа, хэрхэн хасч ажлаа гүйцэтгэх нь шалгарсан компанийн асуудал боловч энэ нь тендерт санал болгосон үнэд залруулга хийх үндэслэл болохгүй. Нийлбэр дүн нь адил атлаа үнийн хуваарийн болон төсөвт өртгийн задаргаа нь хоорондоо уялдахгүй, тодорхойгүй байгаа тул зөвхөн үнийн хуваарьт тусгагдсан дүнг үндэслэн залруулга хийсэн нь хангалтгүй, харин ч энэ тохиолдолд үүрэг болгоогүй ч эрхээ хэрэгжүүлж, “Х И” ХХК-аас тодруулга авсны үндсэн дээр залруулга хийх эсэхийг шийдвэрлэх ёстой.

            Шийдвэрт гуравдагч этгээдийг үнийн саналаа өөрчилсөн гэж дүгнээгүй бөгөөд харин жижиг зөрүү гэж үзэж хассан усалгаажуулалтын тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь төсөвт өртөгт хэрхэн тусгагдсан болохыг тодруулаагүй гэж үнэлгээний хороог буруутгасан, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар тендерийн үнэ болон төсөвт өртгийн дүнг хооронд нь ялгаж дүгнэх боломжгүй байхад үнийн залруулга хийсэн нь хууль, журамтай зөрчилдсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан.

Иймд жижиг зөрүү гэж үзэж үнийн саналыг бууруулснаар тендер шалгаруулалтын үр дүнд шууд нөлөөлж буй энэ тохиолдолд үнэхээр тендерийн баримт бичгээр шаардаагүй ажлыг хийж гүйцэтгэхээр нэмэлт зардал тусгасан эсэхийг гуравдагч этгээдээс тодруулах, нягтлан шалгах үүргээ үнэлгээний хороо биелүүлээгүй байна.

            7.Харин “Х И” ХХК-ийн төслийн ерөнхий инженер Н.Солонго, барилгын техникч О.Баяржаргал нар Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заасан ажилтнуудын шаардлагыг мэргэшил, мэргэжлийн хувьд хангаж байгаа эсэх талаар тэдгээрийн бакалаврын диплом, гэрчилгээнд үндэслэж хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй ч тус баримт бичгийн 3 бүлгийн Үнэлгээний шалгуур 1.1-д “Техникийн саналыг үнэлэхдээ 6 дугаар бүлгийн шаардлагад бүрэн нийцсэн …ажилтнуудын талаарх тендерт оролцогчийн техникийн чадавхын үнэлгээг харгалзана”, 1.2-т “6 дугаар бүлэгт тодорхойлсон ажилтнуудад тавигдах шаардлагыг хангаагүй байх нь ерөнхийдөө тендерээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү шаардлага хангаагүй зүйлийг гэрээ байгуулах эрх олгохын өмнө тендерийг үнэлж залруулга хийх явцдаа тодруулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүхийн шийдвэрт “…техникийн саналын шаардлага хангахгүй байх тул үнэлгээний шатанд оруулахгүй, татгалзах байсан байна…” гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, тэр тусмаа нэхэмжлэлийг ханган тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж буй энэ тохиолдолд дараагийн үнэлгээнд шууд нөлөөлөхүйц дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл болохгүй.

            8.Тендер шалгаруулалт хууль, худалдан авах ажиллагааны журамд нийцээгүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд шалгарсан компанитай байгуулсан гэрээг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бусад тооцох бус харин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай нийцсэн гэж үзнэ.

            Учир нь гэрээ байгуулах үндэслэл болсон тендер шалгаруулалттай холбоотой шийдвэрүүд болох дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хууль бус гэж дүгнэсэн тул эдгээрийг үндэслэж байгуулсан гэрээг илт хууль бусад тооцох боломжгүй.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “тендер шалгаруулалт”-д хамаарах шийдвэрүүдийг маргаж буй үндэслэл нь ижил байгаа тохиолдолд хууль бус, илт хүчин төгөлдөр бус гэж ялгаатай шийдвэрлэхгүй.

9.Харин дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” ойлгохоор, 49 дүгээр зүйлийн 49.2.6-д Тендерийн хавтаст хэрэг “тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж”-өөс бүрдэхээр тус тус заасан, мөн үнэлгээний хорооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад хандаж “Х И” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан байх тул зөвлөмжийг үр дагавар үүсгээгүй мэдэгдлийн шинжтэй баримт бичиг гэж үзэхгүй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, …” гэсний дараа “Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж” гэж нэмж, 2 дахь заалтын “…Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг” гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Тендерийн үнэлгээний хороо болон гуравдагч этгээд “Х И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд  “Х И” ХХК-ийн төлөөлөгч З.З*******аас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН