Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 10

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

иргэдийн төлөөлөгч Д.Өлзийхүү,

шүүгдэгч Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

шүүгдэгч Д.Болдбат, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржийн Цогтбаатар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэлийн Болдбат нарт холбогдох эрүүгийн 2014250001103 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Доржийн Цогтбаатар, 1962 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 12 дугаар гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар УС62021811.

-Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 187 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109-б, 168-б, 174, 64-б дэх хэсгүүдэд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 270 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 325 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь, 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь, 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар 6 хоногийн хугацаагаар хорих,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь, 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хугацаагаар хорих , Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн Г-д зааснаар Д.Цогтбаатарыг онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцож, 2001 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2. Боржигон овгийн Дэмбэрэлийн Болдбат, 1971 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 123 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар Ч071041811,

-Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 533 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

-Шүүгдэгч Д.Цогтбаатар нь өмнө нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос хойш ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, ганцаараа 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудлаас иргэн А.Мянганбаярын халааснаас самсунг галакси нөүт-1 загварын 260.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан,

Шүүгдэгч Д.Болдбаттай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси эс-3 загварын гар утсыг хулгайлсан,

2014 онд эрүүгийн 2014250001103 дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн.

   -Шүүгдэгч Д.Болдбат нь шүүгдэгч Д.Цогтбаатартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлаас автобусанд суух гэж байсан иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси эс-3 загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүгдэгч Д.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бөмбөгөр худалдааны төвд иргэн Сувдын утсыг хулгайлсан хэрэг болсон. Би тэр үед Болдбаттай цуг яваагүй. Орон зай худалдааны төвийн 2 давхарт цайны газар багын найз Хатанбаатартай цай уугаад сууж байхад Болдбат ирсэн. Болдбаттай мэндэлж байх зуурт хойноос нь нимгэн хувцастай намхан хүн орж ирээд та гурваас асуух юм байна гээд дагуулж гараад нэгжлэг хийсэн. Тэр үед Болдбатаас хулгайд алдагдсан утас гарч ирсэн. Та хэдийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст аваачиж шалгана гээд авч явсан. Та гурвын хэн нь энэ хэргийг даах юм бэ? гэж цагдаагийн албан хаагч шууд асуусан. Би тэр үед Болдбатын өмнөөс хэргийг даасан юм. Энэ хэрэгт намайг холбогдолгүй гэх гэрчийн мэдүүлэг байна. Тэрнээс би хулгай хийсэн гэдгийг мэдээгүй...” гэв.

   Шүүгдэгч Д.Болдбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хагалгаанд орох гээд мөнгөний хэрэгтэй явж байгаад нэг гар утас байхаар нь авсан. Орон зай худалдааны төвд намайг ороход Цогтбаатар найзтайгаа цайны газар сууж байсан. Хойноос нь энгийн хувцастай цагдаа орж ирээд бид хэдийг барьсан. Тухайн үед би хагалгаанд ороод удаагүй байсан болохоор шоронд орохоос айгаад Цогтбаатарыг даачих гэж хэлсэн. Тийм учраас Цогтбаатар миний хэргийг даасан....” гэв.

   Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Хохирогч А.Мянганбаяр мэдүүлэхдээ: “ ...2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн оройн 19 цагийн үед найз охин Мөнхжаргалын хамт Ард кино театрын замын автобусанд суучихаад, халаасандаа байсан гар утсаа шалгаж үзтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд буцаад автобуснаасаа буугаад гар утас руугаа залгатал дуудаж байсан ба нэг эрэгтэй хүн аваад цагдаа байна, утсаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ирж аваарай гэж хэлэхээр нь маргааш нь очиж утсаа авсан. Ягаан өнгийн гэртэй хар өнгийн Самсунг нөүт-1 загварын гар утас байсан. Би 8 хоногийн өмнө 250.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Автобусны буудал дээр нэг хар өнгийн савхин хүрэмтэй хөгшин настай ах авсан байсан. Харин нөгөө ахыг нь бол автобусны буудал дээр хараагүй. Тэр ах хулгай хийхэд нь байгаагүй байх. Би алдсан гар утсаа буцаан авсан одоо гомдол саналгүй...” гэжээ /1хх-17-18/.

Хохирогч И.Сувдын мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14-15 цагийн үед 10 дугаар хорооллоос автобусанд сууж Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр буусан. Тэгээд Хайлаастын автобус 15-20 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь Дэнжийн мянгын автобусанд суучихаад гар утсаа гаргаж ирэх гэсэн чинь гар утас байхгүй болсон байсан. Тэгтэл манай нөхрийн гар утас руу миний утаснаас залгаад цагдаагаас ярьж байна, гар утсаа ирж ав гэж залгасан. Тэгээд би цагдаагийн газар ирсэн. Самсунг галакси эс-3 маркийн цагаан өнгийн утас байсан. Зургаан сарын өмнө Тэди худалдааны төв дээрээс 450.000  төгрөгөөр худалдан авч байсан. Одоо худалдаж авсан үнээрээ үнэлнэ...” гэжээ /1хх-103/. 

Гэрч Б.Амарсанаа мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төв орчмоор ганцаараа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр урьд нь халаасны хулгайн гэмт хэргээр шалгагдаж байсан Цагдаагийн хэлтэст бүртгэлтэй Дорж овогтой Цогтбаатар нь тус автобусны буудал дээрээс Дэнжийн 1000 чиглэлтэй автобусанд суух гэж байсан иргэн Туяагийн гадна талын куртикны халааснаас Самсунг эс-3 маркийн гар утсыг хулгайлж байсныг илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст илтгэх хуудас бичин хүлээлгэн өгсөн. Тэр өдөр Д.Цогтбаатар ганцаараа буудал дээр зогсож байсан ба энэ өдөр Д.Цогтбаатартай хамтарч үйлдсэн хүн байхгүй ганцаараа үйлдсэн.  Бөмбөгөр худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр ямар нэг хяналтын камер гэх зүйл байхгүй байсан. Би тухайн өдөр шалгаж үзсэн...” гэжээ /1хх-106/.

Гэрч Ө.Эрхэмбаяр мэдүүлэхдээ:  “....Би 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад өөрийнхөө найзуудтай 1 пиво, 1 шил архи хувааж уучихаад харих гээд Ард кино театрын буудал зогсож байсан чинь манай талийгаач ахын найз Цогтбаатартай таарсан. Тэгэхэд Цогтбаатар нилээн халамцуу байснаа надтай таарангуутаа л ахдаа ганц шил архи аваад өгчихөөч гээд шалаад байхаар нь би надад мөнгө байхгүй архи авч өгч чадахгүй гэж хэлээд зам хөндлөн гараад автобусны буудал дээр очиж гэрлүүгээ харих гээд автобусны буудал руу алхсан чинь араас дагаад яваад ирсэн. Тэгтэл гэнэт араас цагдаа нар Цогтбаатар ах бид хоёрыг бариад авсан. Би гайхаад юу болсон бэ гэхэд хүний гар утас хулгайлсан байна гэж хэлсэн, би Цогтбаатар ахыг хаанаас хулгай хийсэн талаар огт мэдээгүй байсан. Цогтбаатар нь манай талийгаач ахын найз байсан. Би Цогтбаатар ахыг зүс л танихаас өөр зүйлгүй, сүүлийн 4-5 жил огт тааралдаагүй. Хаана юу хийдэг талаар мэдэх зүйл алга...” гэжээ /1хх-16/.

Гэрч Б.Мөнх-Оргил мэдүүлэхдээ: “...би хууль сахиулах их сургуулийн цагдаагийн сонсогч О.Нармандахын хамт 2014-2015 оны хичээлийн жилд танилцах дадлагын удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт халаасны гэрт хэрэг гарч болзошгүй олон хүн бөөгнөрсөн газарт дадлагын сонсогч нарыг хуваарилж ажилласан. Тухайн үед О.Нармандах бид хоёр 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ард кино театраас Мөнгөн завъяа дэлгүүрийн ойр орчимд ажиллах маршруттай явж байтал оройн 19 цагийн үед Ард кино театрын урд талын автобусны буудал дээр зогсож байсан 40-50 орчим насны зүүн талын нүд нь сохор хөгшин эрэгтэй хүн ирсэн автобус болгон руу суух гэж байгаа хүмүүсийн араас шахаад тэгсэн хэрнээ суулгүй буцаад бууж ирээд байсан. ...Одоо хаягийг нь санахгүй байна. Нэг автобус ирэхэд тус автобусны буудал дээрээс автобусанд суух гээд орж байсан 20-25 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүний араас нь шахаж байгаад яг автобусанд суух үед нь эрэгтэй хүний гадна талын куртикны баруун талын халааснаас ягаан өнгийн гэртэй гар утсыг нь суйлж аваад өөрийнхөө өмдний баруун талын хойд халаасанд хийж авсан. Тэгээд хулгайлсан гар утсаа аваад замын эсрэг талын буудал руу гүйж гарснаа нэг эрэгтэйтэй юм ярих гээд зогсож байхад нь сонсогч О.Нармадах бид хоёр очиж уулзаад хулгайлсан гар утсаа гаргаад ир гэтэл 50 орчим насны, зүүн нүд нь сохор хөгшин эрэгтэй хүн нь өмднийхөө халааснаас самсунг нөүт -1 маркийн ягаан өнгийн гэртэй гар утас гаргаж ирсэн ба харин цуг зогсож байсан залуу нь хулгай хийсэн талаар огт мэдээгүй, юу болоод байгаа юм бэ гээд гайхаад байхаар нь О.Нармандах бид хоёр шууд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст илтгэх хуудас бичин хүлээлгэн өгч ажилласан...” гэжээ /1хх-75-76/.

Гэрч О.Нармандах мэдүүлэхдээ: “...Мөнх-Оргил бид хоёр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дадлага хийж, “Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ард кино театрын орчимд ажилласан. Тэгэхэд автобусны зогсоол дээр зогсож байсан 40-50 орчим насны нэг нүд нь сохорсон хөгшин эрэгтэй хүн ирсэн автобус болгон руу суух гэж байгаа хүмүүсийн араас шахаад тэгсэн хирнээ суулгүй шахаад, буцаад бууж ирээд байхаар нь О.Нармандах бид хоёр ажиглаж байтал 17 номерын Орбит чиглэлийн автобус ирэхэд тус эрэгтэй мөн л суух гэж байснаа буцаад буугаад ирсэн ба нилээн олон удаа бууж сууж байсан. Ингээд нэг автобус ирэхэд 20-25 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүний араас шахаж байгаад эрэгтэйн халааснаас гар утсыг нь суйлж аваад өөрийнхөө халаасанд хийгээд зам хөндлөн гараад нэг эрэгтэйтэй уулзсан. Тэгээд бид хоёр хулгайлсан гар утсаа гаргаад ир гэхэд 50 орчим насны эрэгтэй нь халааснаасаа гаргаж өгсөн. Нөгөө залуу нь огт мэдээгүй гайхаад байхаар нь хамт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст илтгэх хуудас бичин хүлээлгэн өгсөн. Иргэн А.Мянганбаярын гар утсыг хулгайлахад Д.Цогтбаатар нь ганцаараа явж байсан ба ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн. Эрхэмбаярыг ямар учраас хамтарч оролцсон байж болзошгүй гэж бодсон бэ гэхээр Цогтбаатар гар утсыг хулгайлсан даруй эсрэг талын автобусны буудал руу гүйж гараад Эрхэмбаяртай юм ярих гээд араас нь яваад байсан чинь Эрхэмбаяр автобусанд суух гээд байх шиг байсан болохоор нь илтгэх хуудсанд оруулж бичсэн. Ард кино театрын урд талын автобусны буудал дээр ямар нэг камер гэх зүйл байхгүй байсан...” гэжээ /1хх-78-79/.

Гэрч Б.Цэндсүрэн мэдүүлэхдээ: “...Д.Цогтбаатар нь манай нөхрийн найз болохоор таньдаг юм. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрт хамт амьдарч байсан боловч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүүхэдтэйгээ уулзчихаад ирье гэж хэлээд гарч яваад ямар ч сураггүй болж, утас нь холбогдохоо больсон. Д.Цогтбаатарын очих боломжтой байршил хаяг гэх зүйл үнэндээ алга байна...” гэжээ /1хх-119/.

Гэрч Б.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...Би тухайн өдрийг сайн санахгүй байна. Ойролцоогоор 19 цагийн үед өөрийн найз залуу болох Мянганбаярын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудал дээр зогсож байгаад автобусанд суусан юм. Энэ хооронд Мянганбаярын халаасанд байсан Самсунг нөүт-1 маркийн гар утас алдагдсан байсан. Тэгээд Мянганбаяр бид хоёр цагдаагийн хэлтэст дээр ирсэн...” гэжээ /1хх-80/.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Шүүх сэтгэц гэм судлалын үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаар дүгнэлт,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-87/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-11, 88/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-15, 89/, шүүгдэгч Д.Цогтбаатар, Д.Болдбат нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-28-29, 212-213/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Цогтбаатар нь өмнө нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос хойш ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, ганцаараа 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудлаас иргэн А.Мянганбаярын халааснаас самсунг галакси нөүт-1 загварын 260.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан,

Шүүгдэгч Д.Болдбаттай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси эс-3 загварын гар утсыг хулгайлсан,

2014 онд эрүүгийн 2014250001103 дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн.

Шүүгдэгч Д.Болдбат нь шүүгдэгч Д.Цогтбаатартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлаас автобусанд суух гэж байсан иргэн И.Сувдын халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси эс-3 загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.Мянганбаяр, И.Сувд нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Цогтбаатарыг Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн Г-д зааснаар онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцсон байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэл болон оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь хууль зүйн хувьд боломжгүй байна. Өөрөөр хэлбэл түүний Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан ялтай байдал дуусаагүй, түүнчлэн энэ байдал нь Өршөөлийн хуульд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарч байна.

Харин шүүгдэгч Д.Болдбатын ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Д.Болдбатыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруутай үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан өршөөлийн хуулийг хэрэглэх, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж үзэв.  

   Шүүгдэгч Д.Цогтбаатарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Цогтбаатар нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зайлсан,

-Шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлийн Болдбат нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Дэмбэрэлийн Болдбатад холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосугай. 

3. Шүүгдэгч Д.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Болдбат нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 151 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Цогтбаатар, Д.Болдбат нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цогтбаатарын эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цогтбаатарт авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Болдбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

 

                          ШҮҮГЧИД                                    Г.БУЯННЭМЭХ

 

                                                                                С.БАТГЭРЭЛ