Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0380

 

 

 

 

 

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар

багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тус сумын Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид газар эзэмших зөвшөөрөл авахын тулд газрын хуульд заасны дагуу дараах саналуудыг тавьж, хууль ёсны дагуу шийдвэр, гэрээ, гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байна. Улаан-Уул сумын Засаг даргад 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамгаалалтын захиргаанаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтийг гаргасны дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжаар 1 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийн дагуу газрын даамал газар дээр нь ирж солбицлыг хэмжсэн. 1. 50 67907, 99 23332, 2. 50 67873, 99 23405, 3. 50 67751, 99 23240, 4. 50 67797, 99 23187 ийм солбицолтой газрыг зааж өгч гэрчилгээ өгсөн.

Энэ заасан газрыг сумын газрын даамал 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 000434052 дугаар “Төрийн байгууллагын газар эзэмших гэрээ, гэрчилгээ”-г олгож, газар эзэмших тухай гэрээ байгуулж баталгаажуулсан.

Байгууллагын хашаа нь морин уралдааны замд ямар ч хаалт хийгдээгүй, Хилийн цэргийн хашаанаас манай байгууллагын хашаа хүртэл 127 метр зайтай энэ зайгаар ямар ч хэмжээний морин уралдаан явагдах бүрэн боломжтой.

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.******* 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/251 дүгээр захирамжаар Улаан-Уул сумын Засаг дарга Н.*******ын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Улаан-Уул сумын Төгөл багийн иргэдийн нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хурал болоогүй ба энэ нь зохион байгуулалттай, хуурамч хурлын тэмдэглэл нь хурлын тэмдэглэлийн стандарт байхгүй, хаана болсон, хэдэн хүн оролцсон нь тодорхойгүй, хэрхэн шийдвэрлэсэн зүйл байхгүй, хүчин төгөлдөр бус захиалгат зүйл болсон нь тодорхой байна. 10 дугаар сарын 05-ны өдөр бид захиргаан дээр ажиллаж байсан ийм хурал огт болоогүй.

... Бид дээрх үйл ажиллагаагаа Монгол Улсын хуульд заасны дагуу зохих ёсны эрх мэдэлтнүүдийн шийдвэр гарч гэрээ, гэрчилгээ гарсны дагуу хашаагаа барьсан ба хууль зөрчиж өөрсдөө дур мэдэн хийсэн зүйл нэг ч байхгүйг баталж байна. ... Орон нутгийн засаг захиргаа байгалийн баялгаа дураараа хууль бусаар ашиглаж байсан эрх ашгаа хамгаалах, алт ухах, ан агнах, хууль бус мод бэлтгэх гэсэн үйл ажиллагаагаа чөлөөтэй болгох мөн хууль бус үйлдэл хийсний хорслоо төрийн албан тушаалын нэр барьж, төрийн албан хаагчдаа дарамталж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хувийн эрх ашиг, өс хорслоо авах барагдуулах гэсэн сэдэл үйлдэл бүхий зүйлүүд хийж байгааг анхааралдаа авна гэж найдаж байна” гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамж нь илтэд хууль бус акт юм. Уг актаар Хөвсгөл Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд газар олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан хуулийн шаардлагыг зөрчиж газар олгосон байдаг.

Гуравдагч этгээд болох Хөвсгөл Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь газар хүссэн өргөдлөө 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын захиргаанд гаргасан бөгөөд уг өргөдлийг судлан үзэж, үндэслэл бүхий байдлаар хандахгүйгээр, Засаг дарга өрөөнөөсөө цонхоор харж, газар зааж, улмаар олгож байгаа нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон, мөн нийтийн эрх ашгийг зөрчин, сумын иргэдийн наадам үздэг газрыг булаан авч, зөвхөн нэг байгууллагын эрх ашгийг илүүд үзэж байгаа нь нийтийн эрх ашгийг зөрчиж байна.

Улаан-Уул сумын төвийн Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурлаар уг маргаан дагуулсан асуудлыг хэлэлцээд, нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийг илтэд хүндэтгэн үзээгүй байгааг шүүмжилсэн.

Заавал сумын төвийн наадам үздэг талбайг улам багасган ард нийтийн эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна.

Иймд, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй шийдвэрийг хүчингүй болгоогүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа газар эзэмших хүсэлтээ 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар албан бичгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад гаргаснаар тус сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/07 дугаар захирамжаар шинээр байгуулагдсан Улаан тайгын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байрлах газрыг Улаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хилийн цэргийн заставын хашаанаас урагш 150 метрт 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт эзэмшүүлсэн маргаан бүхий газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй, орц, гарцыг хаагаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “авто зам, улсын баяр наадмын хурдан морины уралдаан олон жил уламжлал болон явагдаж ирсэн замд саад болж зарим хэсгийг хаасан, сумын төвийн өнгө үзэмж, эмх цэгцэд сөргөөр нөлөөлж, нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн” гэдэг нь хэрэгт авагдсан гэрч Д.Даваахүү, Б.Эрдэнэ нарын мэдүүлэг, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургуудаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь төсөвт байгууллага бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д дагуу “төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу газар эзэмших эрх олгогдсон энэ тохиолдолд зөвхөн “сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигч гарын үсэг зураагүй” шалтгаанаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй.

Түүнчлэн газрын хэмжээ, байршлыг өөрчлөх, эрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Маргаан бүхий захиргааны актаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг газрын даамалд даалгасан байх бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх нь сумын газрын даамлын үүрэг бөгөөд газрын даамлын үүргээ гүйцэтгээгүй буюу төрийн байгууллагын өөрийнх нь буруутай ажиллагааг дан ганц газар эзэмшигчид халдаан уг шалтгаанаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй.

Эдгээрээс дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2013 оны А/07 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Улаан-Уул сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын болон Улаан-Уул сумын 5 дугаар багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “4 дүгээр зүйлийн 4.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

                      ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР