Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 425

 

Б.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 221/МА2016/0595 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан “Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалын тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтнээр Т.Эрдэнэсүрэнг томилсон хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалд Б.Сайнхүүг томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5090000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх тухай” Б.Сайнхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 221/МА2016/0595 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Б.Сайнхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалын Т.Эрдэнэсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Сайнхүүг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сайнхүүгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5.090.000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, Х.Мөнгөнхорол нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Сайнхүү нь хөдөлмөрийн хэлтэст Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэл хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар түр, мөн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан ба Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар энэхүү ажлын байр нь байхгүй болж, ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн боловсрол түншлэлийн асуудал, сургалтын асуудал нь мэргэжилтэн Х.Энхтайваны ажлын байрны тодорхойлолтод нэгтгэгдэж батлагдан ирсэн.

Б.Сайнхуүгийн шүүхэд зарга хийгээд байгаа төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэсүрэнгийн ажлын байрны тодорхойлолтод Б.Сайнхүүтэй холбоотой ямар ч ажил үүрэг байхгүй.

Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс Б.Сайнхүүг ажлаас чөлөөлөхөөс өмнө өөр ажлын байр болох Дэлгэр сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр, Чандмань сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр, мөн 2016 оны эхэнд хөдөлмөрийн хэлтсээс дэмжин зохион байгуулсан ард иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зорилгоор "Алтайд үйлдвэрлэв" дэлгүүрийг нээн ажиллуулж тус дэлгүүрийн борлуулалт хариуцсан менежер, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн мэргэжилтэн зэрэг ажлуудыг санал болгосон боловч уг ажлуудаас татгалзсан юм.

Б.Сайнхүү нь төрийн албан хаагчийн шалгалтыг өгөхдөө мэргэжлийн боловсролын сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний орон тоо дээр бус мөн тухайн харьяалах нутаг дэвсгэрт биш Ховд аймагт болсон шалгалтад орж, ХАА-н газрын мэргэжилтний орон тоон дээр шалгалт өгч тэнцэж, Говь-Алтай аймгийн хөдөлмөрийн хэлтэст мэргэжлийн боловсролын сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нь төрийн албаны тухай хуулийн 17.4, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан нөөцийг бүрдүүлэх журмын 5.2, 6.2, 6.5 дахь заалтыг зөрчсөн.

Б.Сайнхүү нь Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, тухайн ажлын байран дээр төрийн албаны мэргэшлийн шалгалтад ороогүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй учраас төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайлбал хавтаст хэрэгт байгаа Говь-Алтай аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 118 тоот албан бичгээр Б.Сайнхүү нь тус аймгийн салбар зөвлөлөөс зарлагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад ороогүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй болно гэсэн албан тоот бичгээр нотлогдож байна.

Мөн Б.Сайнхүүг томилсон тушаал нь хууль бус гэдэг нь Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолоор батлагдаж байна. Шүүхийн магадлалд Б.Сайнхүүг 2015 оны 3 дугаар сард туршилтын хугацаагаар түр томилсон хууль бус тушаалд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу дүгнэлт өгөөгүй хэрнээ 2015 оны 8 дугаар сард гаргасан тушаалд дүгнэлт гаргасан нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Улмаар энэ онд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн яам болон аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдийг татан буулгаж, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон бүтэц орон тоонд 100 хувь өөрчлөлт орж Б.Сайнхүүгийн өмнө эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон.

Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан, Б.Сайнхүүгийн эрхлэж байсан ажил болон сүүлд өөрийн ажлын чиг үүрэг хадгалагдаж үлдсэн ажил гэгдэх төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байр байхгүй болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Сайнхүү нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн б/09 дүгээр тушаалын Т.Эрдэнэсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Сайнхүү нь тус хэлтэст мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоог өөрчлөх үед түүний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн боловч өөр ажлын байранд буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд нэгтгэгдэж, өөрчлөгдсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ.

Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон атлаа төрийн албаны шалгалт өгсөн нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

Тус хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтний орон тоо 2 байх бөгөөд уг албан тушаалыг эрхэлж байгаа Т.Эрдэнэсүрэн нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ-7-1 зэрэглэлээр цалинждаг, төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалтад ороогүй болох нь Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалт өгсөн иргэнийг маргаан бүхий албан тушаалд томилох ёстой.

Хариуцагчаас “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаал нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалаас өөр” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаал болон одоо маргаж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалуудын ажлын байрны чиг үүрэг, албан тушаалын зэрэглэл, ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага ижил байна.

Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт зааснаар иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмын дагуу нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилох нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.

Хариуцагчийн “нэхэмжлэгчийг өмнө нь ажилд томилогдохдоо хууль бусаар томилогдсон, өөр албан тушаал буюу хөдөө, аж ахуйн газрын мэргэжилтний албан тушаалд төрийн албаны шалгалт өгсөн, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй” гэж байгаа боловч хариуцагч энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, харин бүтэц орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул энэ талаар дүгнэх шаардлагагүй.

“Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байр байхгүй болж, Т.Эрдэнэсүрэн нь ажлаас гарсан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдсан, тус хэлтэст “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хариуцсан” мэргэжилтний орон тоо хоёр байгаа болох нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар “бүтэц, орон тоо батлах” тухай тушаалаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн тул тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг Т.Эрдэнэсүрэнгээс илүү хангаж байгаа нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилох бүрэн боломжтой байжээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 221/МА2016/0595 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

    

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ