Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 95

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх   хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг нийтийн байрны 7-5 тоотод оршин суух, /РД: /СФ75120712/ Хардал овогт Галбадрахын Энхтүвшингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхтүвшин, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Г.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт малтагч мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн захиралын 2017 оны 03 дугаар сарын 13-ны 253к тоот тушаал гарснаар ажлаасаа халагдсан. Уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-р хэсгийг үндэслэл болгосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болох талаар зохицуулсан байх бөгөөд 40.1.4-р хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж зохицуулсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10-р зүйлийн 10.2.а.1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэх үед, эсвэл ажлын цагаар ажлын байр, байгууллагын нутаг дэвсгэрт согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэх гэсэн заалт байдаг. Миний хувьд ажлын байр буюу байгууллагын нутаг дэвсгэр дээр архи уусан нь үнэн боловч ажлын цаг дууссны дараа согтууруулах ундаа хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээний 10.2.а.1 дэх хэсэгт “ажлын цагаар ажлын байр, байгууллагын нутаг дэвсгэрт согтууруулах болон мансруууруулах бодис хэрэглэх” гэж заасан байгаа. Энэ зохицуулалтыг харвал ажлын цагаар уг нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн тохиодолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна. Дээрхээс гадна миний бие ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ

байгуулах үед үйлдвэрийг төлөөлж захирал С.Ичинноров гарын үсэг зурсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалд мөн адил мөн захирал С.Ичинноров гарын үсэг зурсан байдаг. Тийм боловч хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал дээр зурагдсан байх захирал С.Ичинноровын гарын үсэг хоорондоо зөрсөн байгаа нь уг тушаал нь хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй гэх эргэлзээг төрүүлж байна” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Энхтүвшингийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Надад хэн нэгнээс ирүүлсэн дарамт шахалт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

                 Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Г.Энхтүвшин нь хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Г.Энхтүвшин нь нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй бөгөөд ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч Г.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй  “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох  ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч Г.Энхтүвшин нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ                                  Р.БАТБАЯР