| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
2021 10 06 2021/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батхуяг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 2119000000166 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр баг, Баруун хармагтай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлж байсан,
Э.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Н нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр баг, Хавирга гэх газар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Одбаяртай малын бэлчээрийн асуудлаас болж маргалдан, ноцолдох үедээ түүний баруун дал хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч Б.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Нийн гэрт яваад очиход Н “Чиний өвөлжөө хаваржаа биш, чи юундаа газар ус харамлаад байгаа юм” гэхээр нь би “юу гэсэн үг юм, энэ чинь би өвөлжиж, хаваржиж ирсэн газар” гэхэд “чи ганц хоньтой ирсэн биз дээ, чи муу” гээд өөдөөс босохоор нь “чи муу мөнгөндөө тааруулж зодоорой” гэсэн. Н босч ирээд гэрийн дотор зүүн талд байдаг хананд зүүсэн дамнуурган дээрээс хүрэн өнгийн модон иштэй хутга аваад над руу эргэхээр нь би буцаад гэрийн зуухны баруун талд очоод зогссон. Н зүүн гартаа нөгөө модон иштэй хутгаа гартаа үзүүрийг нь дээшээ харуулаад барьж байснаа газар тавьсан. Тэгээд бид дахиад маргалдаж, Н намайг “чи муу сумын аварга малчин болохдоо хадмынхаа малыг тоолуулж байж аварга болсон биз дээ” гэхээр нь би Н рүү “чи муу юугаа хуцаад байгаа юм” гээд өөдөөс нь боссон чинь Н хутгаа аваад боссон. Тэгээд би хутгыг нь авах гээд ноцолдоход Н хоёр гартаа хутгаа сольж бариад авч болохгүй байсан. Би энэ үед Нийг газар унагаагаад хутгыг авах гээд дээр нь тонгойгоод ноцолдож байтал Нийн эхнэр Түвшинбаяр намайг араас зүүн мөрнөөс татаад бүрэн эргүүлээд харахад миний араас баруун далны орчим цохиод авах шиг болсон ... Тэгээд би өөрийнхөө тэрлэгийг тайлаад үзэхэд миний баруун дал хэсгээс цус гарч байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч Г.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Удалгүй Одбаяр манай гэрт ирсэн. Тэр үед манай нөхөр Н гэрийн зүүн талд нохойд гараа уруулсан байсан ба түүнийхээ боолтыг солих гээд хутга хэрэглэж байсан, яг бариад сууж байсан эсэхийг мэдэхгүй байна. Одбаяр гэрт орж ирээд шууд гэрийн баруун талаар тойрч очоод, Нийг хөлөөрөө өшиглөж унагаад, дээрээс нь гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохих шиг болсон. Би энэ үед Одбаярыг татаад босгоход Н хамт босч ирсэн. Би Одбаярыг гараас нь тэрлэгний ханцуйнаас татаж байгаад гэрээс гаргасан чинь Нийг “гараад ир чи, уулзъя” гэж хэлээд лоом авснаа миний зүүн гарын шуу хэсэгт 1 удаа цохисон ... Тэгээд Одбаяр манай ээжийнд очоод тэрлэгээ тайлахад хутганы үзүүр орсон байна гээд эмнэлэг дуудсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би гэрийн зүүн хойд талд баруун гараа нохойд хазуулсан шархаа цэвэрлээд сууж байсан. Одбаяр гэрт орж ирээд шууд малгайгаа авч хаяад надтай заамдалцсан. Тэгээд манай эхнэр салгаад чи эргээд боож байсан марал, хутганы хажууд очоод газар суусан. Тэгтэл Одбаяр “чи манай дэнж дээрээс нүүгээрэй” гээд эргэж над руу дайраад намайг хөлөөрөө өшиглөж унагаад дээрээс 2-3 удаа гараараа цохисон. Би баруун гартаа хутга барьсан байсан, түүнийг Одбаяр авах гээд ноцолдоод байсан. Би хоёр гартаа хутгыг дамжуулаад өгөөгүй. Энэ үед эхнэр Түвшинбаяр Одбаярыг татаж аваад надаас салгасан. Энэ үед миний гарт байсан хутга Одбаярын нуруунд яаж шаагдсаныг мэдэхгүй. Би тухайн үед хутга яаж Одбаярын нуруу хэсэгт орсныг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 20-21 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04/165 дугаартай “... Б.Одбаярын биед баруун далны доод талд хутгалуулсан шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Одбаярын эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 37-38 дугаар хуудас /,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Э.Н нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр баг, Хавирга гэх газар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Одбаяртай малын бэлчээрийн асуудлаас болж маргалдан, ноцолдох үедээ түүний баруун дал хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Нийн үйлдлийн улмаас хохирогч Б.Одбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04/165 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Н нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Нийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон иштэй, бариул нь 11 см, ажлын хэсэг нь 11 см, нийт 22 см урттай хутга 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрэх комисст даалгах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нэд 500 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Шүүгдэгч Э.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон иштэй, бариул нь 11 см, ажлын хэсэг нь 11 см, нийт 22 см урттай хутга 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрэх комисст даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА