Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 96

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би, Д.Ерөнбаатарын нэхэмжлэлтэй, Э.Ариунбаатарт холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,                                                           

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ерэнбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э.Ариунбаатартай түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 54-64 УБ улсын дугаартай Hyundai LC-7 маркийн эксковаторыг 3 сарын хугацаагаар сарын түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг байхаар гэрээндээ тохиролцсон. Энэхүү түрээсийн гэрээгээ 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр цуцалсан бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нийт 55 хоног ажиллахааас эксковатор эвдэрсний улмаас зогссон 10 хоног /эксковаторын эвдрэлийг түрээслүүлэгч тал бүрэн хариуцдаг учраас/ хасагдаж нийт ажилласан хугацаа нь 45 хоног болж байна. Дээрх хугацааны турш эксковатор түрээслэсэн төлбөр нь 22.400.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 2014 оны 10 дугаар сарын 08-нд 3.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-нд 2.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-нд 2.400.000 төгрөгийг шилжүүлж нийт 7.400.000 төгрөгийг төлсөн. Одоо түрээсийн үлдэгдэл төлбөр 15.000.000 төгрөг, трайлерийн тээврийн зардал болох 1.800.000 нэмээд нийт төлөх ёстой үнийн дүн нь 16.800.000 төгрөг болсон. Э.Ариунбаатар нь эксковатор авч түрээслэсэн төлбөртөө удаа дараа баталгаа гаргаж өгсөн ба заасан хугацаандаа нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин баталгаа бичихдээ “2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Хэрэв хугацааны дотроо төлж барагдуулахгүй бол 20.000.000 төгрөг болгож төлөхөөр баталсан. Энэ дагуу 20.000.000 төгрөгнөөсөө 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Э.Ариунбаатар нь одоо ажил эхлэх гэж байна гээд Улаанбаатар хотоос өөрийн эксковаторыг Бор-Өндөр суманд тээвэрлэж авчирвал ажлаа явуулж мөнгийг чинь өгье гэж гуйсны дагуу экскотаторыг нь 08-67 УБЛ трайлерээр тээвэрлэж Бор-Өндөр суманд аваачсан тээврийн зардал 1.000.000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 18.000.000 төгрөг, трайлерийн тээврийн зардал 1.000.000 төгрөг нийт 19.000.000 төгрөгийг Э.Ариунбаатараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38-р байрны 15 тоотод оршин суух МЮ84031311 регистрийн дугаартай Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ариунбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ерөнбаатарын эксковаторын түрээс болох 16.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2017 онд өгсөн. Үлдэгдэл 14.000.000 төгрөг дээр трайлерийн 1.000.000 төгрөгийг нэмээд 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд сард 5.000.000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие хариуцагч Э.Ариунбаатартай эвлэрч нэхэмжилсэн 19.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд 5.000.000 төгрөгөөр хувааж төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Д.Ерөнбаатар нь хариуцагч Э.Ариунбаатараас 19.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 19.000.000 төгрөгийн зарим хэсэг болох 4.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15.000.000 төгрөгийг  хариуцагч Э.Ариунбаатар төлөхийг зөвшөөрч байгаа нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцэж гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ерөнбаатар нь 19.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 252.950 төгрөгийг төлсөн бөгөөд зохигчдын эвлэрсэн дүн болох 15.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 232950 төгрөгний тавин хувь 116475 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Э.Ариунбаатараас 116475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ерөнбаатарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

З А Х И Р А М ЖЛ А Х нь:


             1. Д.Ерөнбаатарын нэхэмжлэлтэй, Э.Ариунбаатарт холбогдох 19.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь 19.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15.000.000 төгрөгийг хариуцагч Э.Ариунбаатар нь төлөхийг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 15.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232950 төгрөгний тавин хувь 116475 төгрөгийг төрийн сангийн данснаас, 116475 төгрөгийг хариуцагч Д.Ариунбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ерөнбаатарт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

    

ШҮҮГЧ                                 Р.БАТБАЯР