Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

                                   

    2021         08          06                                    2021/ШЦТ/105

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгч Х.О,

         Шүүгдэгч Ө.М,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О, Ө.М нарт холбогдох эрүүгийн 2119000440067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 сарын 19-ний өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ам бүл 6, Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Найрамдлын 4-1 тоотод суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Төв аймгийн шүүхийн 2002 оны 06 сарын 05-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Х овгийн Ө-ы М /РД:НП82111972/,

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Айраг суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6 аав, ах 3 хүүгийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Найрамдлын 4-1 тоотод суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Х-ын О /РД:ЕВ85072305/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ө.М нь эхнэр Х.О-тайгаа бүлэглэн 2021 оны 01 сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдлын 4-1 тоотод байх өөрийн гэрт нь хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар Э.Батцэцэгийг галын төмөр болон гар, хөлөөрөө зодож баруун нүдний дээд, доод зовхины дотор булан, баруун тохой, баруун шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл учруулсан, мөн Ө.М нь ганцаараа тухайн цаг хугацаанд, тухайн газарт Б.Ариунцэцэгийг галын хайчаар толгой тус газарт нь цохих, нүүрэнд нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         -Шүүгдэгч Ө.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид урьд өмнө өс хонзон байхгүй. Ариунцэцэг нь хүүхдээ авна гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь гэрээсээ хөөгөөд цохисон. Миний буруу. Би цагдаад өгсөн болохоор айгаад зугтсан. Хохирогч нарт учирсан гэмтлийг зөвшөөрнө. Ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

         -Шүүгдэгч Х.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Миний буруу. Гэм буруугаа ойлгож байгаа. Дахин ийм гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

         -Хохирогч Б.Ариунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 01 сарын 30-ны өдөр миний салсан нөхөр болох Өлзийбаяр согтуу ирээд бага хүүхэд Нандин-Учралыг аваад явсан байхаар нь өөрийн найз Батцэцэгийн Өлзийбаярын эгчийнд очсон юм. Гэрт нь эгч Отгоо, Отгоогийн нөхөр Мэндээ, Өлзийбаяр, миний хүүхэд Нандин-Учрал нар байсан. ...манай найз Батцэцэг гэрт нь ороод үүдэнд зогсож байхад Мэндээ нь чи муу юугаа хийж яваа юм гэж хэлээд үгийн зөрүүгүй толгой руу нь цохисон, тухайн үед хажуугаас нь Мэндээгийн эхнэр болох Отгоо нь мөн Батцэцэг рүү дайрч үсдэж аваад толгойг нь дарж харагдсан. Би тухайн үед хүүхдээ авах гээд урагшаа явахад араас Мэндээ толгойны ар хэсэгт цохисон, би нэг хэсэг ухаан балартсан, нэг ухаан ороход намайг хөлөөс чирээд гэрээс гаргахаар нь би гадаа таксины жолоочийн гар утсыг гуйж цагдаагийн газар луу залгасан. ...миний хөлийн баруун гуя хэсэгт өшиглөж, зүүн шанаа руу нэг удаа цохиж авсан, газар унахад чирж босгоод баруун хэсгээр хашаа мөргүүлсэн. Манай найз хашаан дотор толгойгоо бариад байж байсан. ...гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 6-8 ху/,

 

           -Хохирогч Э.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 01 сарын 30-ны өдөр найз Ариунцэцэгийн хамт такси бариад Өлзийбаярын хамаатны эгч болох Отгоо гэх эмэгтэйн гэрт очоод би түрүүлээд гэрт орсон, араас Ариунцэцэг орж ирсэн. Би гэрт ороод ...гал тогооны шүүгээний урд очоод зогссон ...тэгэхэд баруун орон дээр хэвтэж байсан өндөр залуу босож ирээд над руу дайрч чи муу манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд миний толгойн дух хэсэгт галын хайчаар нэг удаа цохисон, би доошоо толгойгоо бариад тонгойход эхнэр Отгоо нь үсдэж аваад гар хөл рүү 2-3 удаа цохиж авсан, мөн намайг цохисон Отгоогийн нөхөр болох бор махлаг залуу нь Ариунцэцэгийн хойноос очиж галын хайчаар арын дагз хэсэгт цохиж унагаад чирээд гадагшаа аваад гарсан, харин би Отгоод үсдүүлээд байж байсан ...Отгоо нь үсдэж аваад доошоо дараад гар, хөл рүү цохиж аваад нөхрийнхөө барьж байсан галын хайчийг аваад миний гар хөл рүү дахин дахин цохиж авсан. ...гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 14-16 ху/,

 

         -Гэрч А.Ягаанхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 01 сарын 30-ны өдөр таксинд явж байсан. Тухайн өдөр 21-22 цагийн орчимд арын Гор газын орчимд 2 эмэгтэй гар өргөсөн, тэр 2 эмэгтэй Найрамдлын гудамжинд хөх хашаанд очсон, хаягийг нь бол хараагүй ...тухайн 2 эмэгтэй ороод 5-10 минут болоод 1 эмэгтэй нь уйлаад гараад ирсэн, тухайн үед их чанга дуу гарч байсан, арай махлаг намхан эмэгтэй нь та гар утсаа өгөөч намайг хүн зодоод байна гэж хэлсэн. Би эмэгтэйг харахад толгойн арын хэсгээс цус гарч хүзүүг нь дагаж урсаж байсан. Би тухайн эмэгтэй утсаа өгөөд цагдаагийн байгууллага руу залгуулсан. ...тухайн 2 эмэгтэй анх машинд суухдаа хүнд зодуулаагүй байсан гэсэн мэдүүлэг /хх 25-27 ху/,

 

         -Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 01 сарын 30-ны өдөр Мэндсайхан “гэр оронд орж ирээд битгий хэрүүл хийгээд бай гарцгаа” гэж хэлээд уурлаж Батцэцэгийн толгойн хэсэгт гараараа нэг цохиж байгаа харагдсан, мөн манай эхнэр болох Ариунцэцэг нь хүүхдээ авъя гэж хэлээд над руу явахад араас нь Мэндсайхан нь нэг юмаар толгойд нь цохих шиг болсон, би яг юугаар цохисныг нь хараагүй, Ариунцэцэг газар унасан чинь Мэндсайхан нь дээрээс нь дэвсэж, хөлнөөс нь чирээд гаргасан. Энэ үед Отгонбаяр, Батцэцэг нар үсдэлцээд байж байсан гэсэн мэдүүлэг /хх 38-39 ху/,

 

         -Гэрч Д.Отгонтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 01 сарын 30-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа дуудлагын дагуу Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдлын 4-1 тоотод очиход Ариунцэцэг нь толгойгоо хагалуулж цус гарсан байдалтай, Батцэцэг нь мөн зодуулсан гэх өгүүлэмжтэй байсан. Мөн Отгонбаяр гэх эмэгтэй, Өлзийбаяр гэх эрэгтэй хүмүүс Ариунцэцэг, Батцэцэг нартай хэрэлдсэн байдалтай байж байсан. ...Ариунцэцэг нь миний толгойг галын дэгээгээр Отгонбаярын нөхөр болох Мэндсайхан нь хагалж, зодож байгаад цагдаа ирэхээр зугтаасан, Батцэцэг нь Отгонбаяр гэх эмэгтэй нь үсдэж зодсон, Мэндсайхан нь галын дэгээгээр цохисон гэж ярьж байсан ...Ариунцэцэг нь намайг араас Мэндсайхан галын дэгээгээр цохиол гэрээс чирж гаргаад 2-3 удаа цохиод, хашаа мөргүүлсэн, Батцэцэг нь Отгонбаяр болон Мэндсайханыг зодсон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 42-43 ху/,

 

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/068 дугаартай дүгнэлтэд:

           1.Э.Батцэцэгийн биед баруун нүдний дээд, доод зовхины дотор булан, баруун тохой, баруун шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Учирсан гэмтэл нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 45 ху/,

 

            -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/069 дугаартай дүгнэлтэд:

            1.Б.Ариунцэцэгийн биед дагзны шарх, зүүн бугалга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

             5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

             6. Шинээр илэрсэн зүйлгүй гэсэн дүгнэлт /хх 47 ху/,

 

            -Яаралтай тусламжийн хуудас /хх 59/,       

-Ө.М, Х.О нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 66-86 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 109-110 ху/,

-Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 112-118 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ө.М, Х.О нар нь бүлэглэн 2021 оны 01 сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдлын 4-1 тоотод байх өөрийн гэрт нь ирж хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар Э.Батцэцэгийг галын төмөр болон гар, хөлөөрөө цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  мөн Ө.М нь ганцаараа Б.Ариунцэцэгийг галын хайчаар толгой тус газарт нь цохих, нүүрэнд нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож Б.Ариунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Мы “...урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид урьд өмнө өс хонзон байхгүй. Ариунцэцэг нь хүүхдээ авна гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь хөөгөөд цохисон. Миний буруу. Би цагдаад өгсөн болохоор айгаад зугтсан. Хохирогч нарт учирсан гэмтлийг зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Оын “...Гэм буруугаа ойлгож байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ариунцэцэгийн “...Өлзийбаярын эгчийнд очсон юм. Гэрт нь эгч Отгоо, Отгоогийн нөхөр Мэндээ, Өлзийбаяр, миний хүүхэд Нандин-Учрал нар байсан. ...манай найз Батцэцэг гэрт нь ороод үүдэнд зогсож байхад Мэндээ нь чи муу юугаа хийж яваа юм гэж хэлээд үгийн зөрүүгүй толгой руу нь цохисон, тухайн үед хажуугаас нь Мэндээгийн эхнэр болох Отгоо нь мөн Батцэцэг рүү дайрч үсдэж аваад толгойг нь дарж харагдсан, би тухайн үед хүүхдээ авах гээд урагшаа явахад араас Мэндээ толгойны ар хэсэгт цохисон, би нэг хэсэг ухаан балартсан, нэг ухаан ороход намайг хөлөөс чирээд гэрээс гаргахаар нь би гадаа таксины жолоочийн гар утсыг гуйж цагдаагийн газар луу залгасан. ...миний хөлийн баруун гуя хэсэгт өшиглөж, зүүн шанаа руу нэг удаа цохиж авсан, газар унахад чирж босгоод баруун хэсгээр хашаа мөргүүлсэн” гэсэн, хохирогч Э.Батцэцэгийн “...Өлзийбаярын хамаатны эгч болох Отгоо гэх эмэгтэйн гэрт очоод би түрүүлээд гэрт орсон, ...баруун орон дээр хэвтэж байсан өндөр залуу босож ирээд над руу дайрч чи муу манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд миний толгойн дух хэсэгт галын хайчаар нэг удаа цохисон, би доошоо толгойгоо бариад тонгойход эхнэр Отгоо нь үсдэж аваад гар хөл рүү 2-3 удаа цохиж авсан. ...Отгоо нь үсдэж аваад доошоо дараад гар, хөл рүү цохиж аваад нөхрийнхөө барьж байсан галын хайчийг аваад миний гар хөл рүү дахин дахин цохиж авсан, харин нөхөр бол ганц удаа миний дух хэсэгт галын хайчаар цохисон” гэсэн мэдүүлгүүд,  гэрч А.Ягаанхүү /хх 25-27 ху/, гэрч Б.Өлзийбаяр /хх 38-39 ху/, гэрч Д.Отгонтөгс /хх 42-43 ху /нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Батцэцэгийн биед баруун нүдний дээд, доод зовхины дотор булан, баруун тохой, баруун шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/068 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Ариунцэцэгийн биед дагзны шарх, зүүн бугалга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/069 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

              Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.О, Ө.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

          Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

              2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж,  дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

              Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч шүүгдэгч Х.О, Ө.М нарт Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.М нь 16 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Х.О нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Х овгийн Ө-ы М, Б овгийн Х-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Ө.М нарт холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Х.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ө.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

4.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.М 16 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА