Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 97

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Э.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Г.Э нар оролцов.

 

                                                                                              Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Б нь нөхөр Г.Э-тай 2014 онд танилцсан. Хамтран амьдарч байгаад 2015 оны 03 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 08 сарын 29-ний өдөр хүү Э.У төрсөн, одоо 2 нас хүрэх гэж байгаа, эрүүл, саруул бойжиж байна. Хүү Э.У миний асрамжид хамт амьдарч байна. Нөхөр Г.Э-тай 2016            оны 03 сар хүртэл хамтран амьдарсан. Г.Э-гийн зан ааш нь эвдэрч, намайг 5 сартай жирэмсэн байхад өөр эмэгтэй хүнтэй холбогдож эхэлсэн. Г.Э нь гэртээ ирж хонохгүй, архи ихээр ууж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүйн улмаас 2016 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид дахин хамтран амьдрах боломжгүй. Иймд би нөхөр Г.Э-гаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.У-г өөрийн асрамжид авч, хүүхдээ 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлгийг эцэг Г.Э-аас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

 Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Э.Б-тай 2014 оноос гэр бүл болж хамтран амьдарсан. 2015 оны 03 сарын 20-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 1 хүүхэдтэй болсон. Бидний дундаас 2015 оны 08 сарын 29-ний өдөр хүү Э.У төрсөн. Хүү Г.Э миний хүүхэд мөн. Бид 2016 оны 03 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь анх гэр бүл болоход Э.Б-ийн ээж нь намайг охинтойгоо суулгахгүй, боловсролгүй  хүнтэй суулгахгүй гэж хэлэх хэлэхгүй үгээр дарамталдаг байсан. Хүүхэд маань энэ хугацаанд ээжтэйгээ амьдарч байгаа. Хамтран амьдрах хугацаанд би  архи ууж байсан нь үнэн. Хадам аав, ээжээс болж хэрүүл маргаан үүсдэг байсан. Цаашид Э.Б-тай дахин хамтран амьдрах боломжгүй. Хүү Э.У-г эх Э.Б-гийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дахин оролцоод эвлэрэх боломжгүй. Би хүүхдийн тэтгэлэг төлнө” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                        Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Г.Э-гаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

 Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Э.Болормаа нь хариуцагч Г.Э-тай 2014 онд гэр бүл болж, 2015 оны 03 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2016 оны 03 сарыг хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 5/

Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа  2015 оны 08 сарын 29-ний өдөр хүү Э.У-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 7-8/

Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Г.Э нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Г.Э нарын эцэг, эхийн таарамжгүй нөхцөл байдал, гэрлэгчид нь 2016 оны 03 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.

 Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож эвлэрсэн боловч түүнээс хойш хамт амьдраагүй, гэрлэгчдийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2016 оны 03 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй, зохигчдын санал зэргийг харгалзан шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Гэрлэгчид нь хүү Э.У-г эх Э.Б-гийн асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Э.У-г эх Э.Б-гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг эцэг Г.Э-гаас хуульд зааснаар гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Б нь хүү Э.У-тэй нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Э.Болормаа, хариуцагч Г.Энхбаясгалан нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Э.Б-гийн хариуцагч Г.Э-гаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Б нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож,  хариуцагч Г.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 98611 төгрөгийг гаргуулж, үүнээс 70200 төгрөгийг нэхэмжлэгч Э.Б-д олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /165700х12=1988400/2=994200/ улсын тэмдэгтийн хураамж 28411 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн

132.4-т тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Г.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.У-ийг эх Э.Б-н асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.У-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Г.Э-с гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Э.У-ийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Б-д даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Г.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 98611 төгрөгийг гаргуулж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч Э.Б-д олгож, улсын тэмдэгтийн хураамж 28411 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           10.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ