Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

 

 

 

                                   

    2021        08          06                                     2021/ШЦТ/106

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2119000000124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 сарын 04-ний өдөр Дорноговь аймаг Алтанширээ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр баг Чулуун гишгэр гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Н овогт Б.Г, РД:ЕБ93100418/,

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 06 сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-6 тоотод Э.Батцэцэг нь Ж.Сарангэрэлийг /Б.Гы найз охин/ чи намайг яагаад муулдаг гэж хэлээд өшиглөснөөс болж түүний нүд шанаа хэсэгт 3-4 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         -Шүүгдэгч Б.Г-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хүүхдийг нь гэрийнх нь үүдэнд орхисон. Тэгтэл хүүхэд орхиж явлаа гээд маргалдсан. Батцэцэг эхлээд уйлаад, тэгээд гарч явснаа орж ирээд Саранцэцэгийг үсдээд, намайг самардахаар нь би толгой руу нь цохисон. Би буруу зүйл хийсэн. Ойлгож байгаа. Батцэцэг хохирол нэхэмжлээгүй. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг, 

 

          -Хохирогч Э.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 06 сарын 05-ны өдөр гэртээ байж байтал 18 цаг өнгөрч байхад манай найз Ганчулуун нь найз охин болох Сараатайгаа манай гэрт ирээд манай хүүхдэд бэлэг өгсөн юм. Тэгээд сууж байгаад Ганчулуун нь гадагшаа гарч 2.500 гр-тай пиво авчирч өгөөд манай гэрт цуг уусан юм. Ганчулуун нь пиво ууж дуусгаад явлаа гээд манай хүүхдийг дагуулан авч гарсан юм. Манай хүүхдийг гэр рүүгээ авч явна гэж ярьж байсан юм, авч явсан байх гэж бодоод гэрээсээ гарсан чинь манай хүү нь айлын хашааны дэргэд зогсож байсан. Ганчулуун нь эхнэр Сараатайгаа цааш гүйж байхаар нь би дагуулаад араас нь яагаад хүүхэд хаяад явсан талаар асуух гээд явсан чинь хашааны булан эргээд алга болсон. Би Ганчулууныг байгаа газрыг нь мэдээд хойноос такси бариад очиж, байшингийн цонхны доор нь очиж сонссон чинь миний нэрийг дурьдаж байсан. Би тэгэхээр нь “намайг муулж байна гэж бодоод “ ороод Сарааг нь чи намайг яагаад муулдаг гэж хэлээд өшиглөсөн чинь зөрөөд Ганчулуун нь босож ирээд намайг 3-4 удаа цохисон, тэгээд би гарч яваад цагдаад очиж өргөдөл бичиж өгсөн. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг  /хх 05-08 ху/,

 

           -Гэрч Э.Өлзийсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 06 сарын 05-ны өдөр манай гэрт манай найз Ганчулуун нь эхнэрийн хамтаар ирсэн. Тухайн өдөр манайд ирээд удаагүй байж байтал Ганчулууныг Батцэцэг нь гар утсаар дуудаад байсан. Тэгээд л Ганчулуун нь эхнэрийн хамтаар Батцэцэгийн гэр рүү явсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй. ...Ганчулуун Сарангэрэл нар нь Батцэцэгийн гэр рүү явчихаад 2 цаг гаран болоод буцаж манай гэрт ирсэн. Манай гэрт Ганчулуун, Сарангэрэл бид нар юм яриад сууж байтал гаднаас Батцэцэг нь орж ирээд Сарангэрэлээс таксины мөнгө аваад гарчихаад буцаж орж ирсэн. Орж ирээд Батцэцэг нь уйлаад Ганчулуун руу хүүхэд яагаад хаяад явсан бэ гэж хэлээд дайраад байсан. Мөн удалгүй тайвширч Батцэцэг нь гадагшаа гараад явсан, гараад 2-3 минутын дараа буцаж орж ирээд намайг болон Сарангэрэлийг өшиглөж авсан, тухайн үед Ганчулуун нь уурлаж Батцэцэгийг толгой хэсэгт нь 2 удаа цохиод авсан, Батцэцэг нь уурлаж Ганчулууны хүзүү болон нүүр амыг нь маажсан. Тэгээд Батцэцэг нь цагдаа дуудна гэж хэлээд гараад явсан гэсэн мэдүүлэг  /хх 15 ху/,

 

            -Гэрч Ж.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Сумъяабазарын гэрт эхнэр Өлзийсүрэн нь хүүхдийн хамтаар байж байсан. Өлзийсүрэн бид 3 юм яриад байж байтал гаднаас Батцэцэг орж ирээд манай найз залуу болох Ганчулуунтай муудаж, уйлж гарч яваад буцаж орж ирээд Өлзийсүрэн, бид 2-г өшиглөөд авсан. Ганчулуун нь зүгээр бай гэж хэлээд түлхэж унагаасан чинь босож ирээд Ганчулууны хүзүүнээс самардаж авсан, Ганчулуун нь Батцэцэгийн хүзүү болон шанаа хэсэгт нь нэг нэг удаа гараараа цохисон. Тэгээд л Батцэцэг нь гарч яваад цагдаагийн байгууллага руу залгаад байсан гэсэн  мэдүүлэг  /хх 12-13 ху/,

 

               -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0195 дугаартай дүгнэлтэд:

              1.Э.Батцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

              2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                5.Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

                6.Шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх 17 ху/,

 

             -Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 45-49 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-32 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 06 сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-6 тоотод Э.Батцэцэгтэй маргалдан нүд шанаа хэсэгт 3-4 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би буруу зүйл хийсэн. Ойлгож байгаа. Батцэцэгийг цохисон. Хохирол нэхэмжлээгүй, хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Батцэцэгийн “... 2021 оны 06 сарын 05-ны өдөр гэртээ байж байтал 18 цаг өнгөрч байхад манай найз Ганчулуун нь найз охин болох Сараатайгаа манай гэрт ирээд манай хүүхдэд бэлэг өгсөн юм. ...Манай хүүхдийг гэр рүүгээ авч явна гэж ярьж байсан юм, авч явсан байх гэж бодоод гэрээсээ гарсан чинь манай хүү нь айлын хашааны дэргэд зогсож байсан. Ганчулуун нь эхнэр Сараатайгаа цааш гүйж байхаар нь би дагуулаад араас нь яагаад хүүхэд хаяад явсан талаар асуух гээд явсан чинь хашааны булан эргээд алга болсон. Би Ганчулууныг байгаа газрыг нь мэдээд хойноос такси бариад очиж, байшингийн цонхны доор нь очиж сонссон чинь миний нэрийг дурьдаж байсан. Би тэгэхээр нь намайг муулж байна гэж бодоод ороод Сарааг нь чи намайг яагаад муулдаг гэж хэлээд өшиглөсөн чинь зөрөөд Ганчулуун нь босож ирээд намайг 3-4 удаа цохисон. Тэгээд би гарч яваад цагдаад очиж өргөдөл бичиж өгсөн. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх 05-08 ху/, гэрч Э.Өлзийсүрэн /хх 15 ху/, гэрч Ж.Сарангэрэл /хх 12-13 ху/ өгсөн мэдүүлгүүд,  хохирогчийн биед тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0195 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

          Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

              2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж,  дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

 

              Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Б.Гд Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Новогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          4.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА