Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

 

 

 

 

2021           08          09                                        2021/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Л.Мөнхбаяр,

шүүгдэгч Б.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2119001030110 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ суманд оршин суух хаягтай, урьд нь 2002 оны 09 сарын 26-ний өдөр Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар хуулийн 126.2.3, 126.2.5, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 10 жил хорих ялаар, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Б овгийн Б.Э /РД:ЕБ81110614 /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 03 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд Буянт Ухаагийн 817 тоотод оршин суух хохирогч Ш.Эрдэнэцогтын гэрээс даалинтай мана хөөргийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрдэнэцогт ахынд очсон. Тэнд архи ууж байхдаа Эрдэнэцогт ах даалинтай хөөргөө гаргаад тамхилсан. Тэгээд тэнд байж байгаад гарахдаа зүүн оронд дээр нь байсан даалинтай хөөргийг нь аваад гарсан. Бид 5 шил архи уусан. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Хөөргөө ломбардад тавьсан. Мөнгөөр нь мотоциклдоо бензин хийж үлдсэнээр нь архи авсан. Гэм буруугийн хувьд маргахгүй. Буруугаа хүлээж байгаа. Хөөрөг даалинг нь хохирогчид буцааж өгсөн. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ш.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 03 сарын 18-ны өглөө 10 цагийн үед Батбаатар гэх манай найз надтай утсаар яриад танайд очъё гэхээр нь би за гэсэн чинь Мөнхөө, Чингээ, Бүрнээ, Эрдэнэчулуун гэх хүмүүсийг дагуулаад бүгд хамт ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байж байсан ба бид нар нийлж архи ууцгаасан. Манай гэрээс Бүрнээ, Чингээ хоёр аль эрт явсан. Мөнхөө Батбаатар, Эрдэнэчулуун бид дөрөв гэрт үлдсэн. Тэгээд 17 цаг өнгөрч байхад Мөнхөө, Батбаатар хоёр хүн ахыгаа машинтай нь дуудсан. Намайг Мөнхөө, Батбаатар хоёрыг гаргаж өгч байхад манай найз хүүхэн болох Учрал нь хашааны хаалгаар орж ирээд надтай зөрөөд гэр лүү орсон. Эрдэнэчулуун нь гэрт үлдсэн байсан ба Учралыг гэр рүү ороход Эрдэнэчулуун зөрөөд гарсан гэсэн. Тухайн үед миний хөөрөг орон дээр байж байхаар нь Учрал цааш нь авдар дээр авч тавьчихаад гал унтарсан байхаар нь галд нүүрс хийх гээд гарах гэтэл өөдөөс нь Эрдэнэчулуун зөрөөд гэр рүү орсон ба нүүрс авчихаад орох гэж байхад гэрээс гарч байгаа харагдсан гэж байсан. Би өөрийн алдсан хөөргийг бүрэн бүтэн олж авсан учраас одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,

-Гэрч С.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 03 сарын 18-ны өглөө 9 цагийн үед би цэргийн баяр тэмдэглээд найзындаа Эрдэнэчулуун, Чинзориг, Мөнхөө, Бүрэнжаргал бид нар юм уугаад сууж байсан чинь Эрдэнэцогт гэх манай найз намайг хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд хамт ууж байсан хүмүүсээ орхиж чадалгүй бүгдийг нь дагуулаад очсон. Эрдэнэцогтын гэрт нь очоод 3 шил архи уучихаад гэрлүүгээ хүргүүлсэн. Би ууж байхдаа хөөрөг бол хараагүй сүүлд нь маргааш билүү нөгөөдөр нь Цэцэнбилэг гэх хүн надад хэлэхдээ Эрдэнэчулуун нь тал шил архитай манайд орж ирээд хүрэн өнгийн Мана хөөрөг гаргаж ирээд тамхилсан ямар нэгэн дайлангүй байсан гэж хэлсэн. Би Эрдэнэцогтод хэлсэн, тэр тэгвэл миний хөөрөг байна гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/,

-Гэрч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 03 сарын 23-ны өглөө 9-10 цагийн хооронд Ц.Хаданчулуу гэх хүн ирээд хөдөө явах гэсэн юм бензингүй болчихлоо гээд 30.000 төгрөгөөр тавьчихъя гэж хэлсэн. Би Хятад хөөрөг авдаггүй юм. Тухайн үед Ц.Хаданчулуу нь гуйгаад хөдөө яваад орой ирээд юм уу маргааш өглөө авна гэж гуйсан. Тэгээд 30.000 төгрөгөөр бор хүрэн өнгийн чулуу, ягаан чулуун толгойтой, шар металл нуухайтай хөөрөг байсан ягаан даавуун даалинтай байсан. Ц.Хаданчулуу гэх хүн нь хөөрөг тавьсан өдрөөс хойш огт ирээгүй. 2021 оны 05 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нэг настай эмэгтэй ирсэн. Энэ хөөргийг авна гэхээр нь та бичиг баримттай ирэхгүй бол танд өгч болохгүй гэсэн. Тэр эмэгтэй буцаж ирээгүй. Бас нэг залуу ирсэн түүнийг хэзээ ирсэн ямар хүн байсан талаар бол одоо санахгүй байна. Энэ хоёр хүмүүс бол бичиг баримтгүй ирсэн болохоор би өгөөгүй юм. Тухайн үед барьцаанд эд зүйл тавихдаа бол иргэний үнэмлэх нь байсан. Түүнийг нь тулгаж харсан мөн хөдөөний бололтой дээлтэй байсан. Удахгүй ирээд авна гээд гуйгаад байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй мэдүүлэг /хх 25-26 ху/,

-Гэрч Ц.Хаданчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 03 сарын 23-ны өглөө Эрдэнэчулуунтай Эргэл захын урд таарсан юм. Эрдэнэчулуун миний мотоцикль бензингүй тийм болохоор чи миний энэ хөөргийг ломбардад тавиад мөнгө аваад ир гэж хэлээд халааснаасаа ягаан даавуун дайлантай, бор хүрэн чулуун хөөрөг гаргаж ирээд өгсөн. Би Эрдэнэчулуунаас хөөргийг аваад Батилаа гэх нэртэй Хас банкны 2 давхарт байдаг ломбарданд гуйж уг хөөргөө 30.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би барьцаанд тавихдаа удахгүй ирнэ гэж гуйж байгаад тавьсан. 14 хоногийн дараа ирээд авна гэж хэлээд гарсан. Гадаа Эрдэнэчулуун хүлээж байсан. Би гарч ирээд мөнгөө Эрдэнэчулуунд өгөөд бид 2 салаад явсан. Түүнээс хойш би Эрдэнэчулуунтай уулзаагүй гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/,

-Яллагдагч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Эрдэнэцогт ахын гэрээс авсан зүү ороосон улаан даалинтай дунд гарын улаан толгойтой хөөргийг Цахилгаан холбооны хажууд байдаг доороо Хас банктай Юнителийн байрны 2 давхарт байдаг ломбардад 30.000 төгрөгөөр зүү ороосон даалинтай нь хамт тавиад орхисон гэсэн мэдүүлэг /хх 55-56 ху/,

-Хохирлын үнэлгээ /хх 36-37 ху/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

-Б.Эыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 46-56 ху/,

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 70-94 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 03 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд Буянт Ухаагийн 817 тоотод оршин суух хохирогч Ш.Эрдэнэцогтын гэрээс даалинтай мана хөөргийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугийн хувьд маргахгүй. Буруугаа хүлээж байгаа. Хөөрөг даалинг нь хохирогчид буцааж өгсөн. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.Эрдэнэцогтын “...Эрдэнэчулуун зөрөөд гэр рүү орсон ба нүүрс авчихаад орох гэж байхад гэрээс гарч байгаа харагдсан гэж байсан. Би өөрийн алдсан хөөргийг бүрэн бүтэн олж авсан учаас одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх 17-18 ху/, гэрч С.Батбаатарын “...Цэцэнбилэг гэх хүн надад хэлэхдээ Эрдэнэчулуун нь тал шил архитай манайд орж ирээд хүрэн өнгийн Мана хөөрөг гаргаж ирээд тамхилсан ямар нэгэн дайлангүй байсан гэж хэлсэн. Би Эрдэнэцогтод хэлсэн, тэр тэгвэл миний хөөрөг байна гэж байсан” гэсэн /хх 21-22 ху/, гэрч Б.Батбаатарын “...Ц.Хаданчулуу нь гуйгаад хөдөө яваад орой ирээд юм уу маргааш өглөө авна гэж гуйсан. Тэгээд 30.000 төгрөгөөр бор хүрэн өнгийн чулуу, ягаан чулуун толгойтой, шар металл нуухайтай хөөрөг байсан ягаан даавуун даалинтай байсан. Ц.Хаданчулуу гэх хүн нь хөөрөг тавьсан өдрөөс хойш огт ирээгүй” гэсэн /хх 25-26 ху/, Ц.Хаданчулууны “...Би Эрдэнэчулуунаас хөөргийг аваад Батилаа гэх нэртэй Хас банкны 2 давхарт байдаг ломбарданд гуйж уг хөөргөө 30.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би барьцаанд тавихдаа удахгүй ирнэ гэж гуйж байгаад тавьсан. 14 хоногийн дараа ирээд авна гэж хэлээд гарсан. Гадаа Эрдэнэчулуун хүлээж байсан. Би гарч ирээд мөнгөө Эрдэнэчулуунд өгөөд бид 2 салаад явсан” гэсэн /хх 29-30 ху/ мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирлын үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ш.Эрдэнэцогтод даалинтай мана хөөргө бүхий 320.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо биет байдлаар буцаан авсан тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоохоор шийдвэрлэлээ.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Б овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 240 / хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА