Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2017/00089/И |
Дугаар | 100 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 100
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Г.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Анхбаярт холбогдох “42.300.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Г.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Оюунтуяа миний бие нь иргэн Э.Анхбаяртай анх Сараа гэх хүнээр дамжуулан танилцсан. Э.Анхбаяр нь надад мөнгө зээлээч гэсэн хүсэлтийнх нь дагуу түүнтэй 2014 оны 11-р сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тохиролцож зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн нутагт орших 20-р байрны 06 тоот 38м2 талбайтай 3 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээгээ тухайн өдөр Улсын бүртгэлийн газарт хуульд зааснаар бүртгүүлсэн. Ингээд гэрээний үүргийн дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өөрийнх нь эзэмшлийн “ХААН” банкны 5946104974 тоот дансанд 2014 оны 11-р сарын 20-ны өдөр 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Э.Анхбаяр нь зээлийн гэрээний үүргийн дагуу зээлээ тогтоосон хугацаанд зээлдүүлэгч надад төлж барагдуулаагүй. Иймд гэрээний талууд гэрээгээ дүгнэн 2015 оны 10-р сарын 06-ны өдөр гэрээгээ нэмэлтээр 2015 оны 10-р сарын 06-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 06-ны өдөр хүртэл 2 сарын хугацаагаар сунгасан. Гэтэл мөн л гэрээ биелэгдэхгүй байсан тул зээлдэгчийн санаачлагаар дахин 2016 оны 04-р сарын 25-ны өдөр гэрээний хугацааг 2015 оны 12-р сарын 06-ны өдрөөс 2016 оны 05-р сарын 30-ны өдөр хүртэл 06 сарын хугацаагаар сунгаж, мөн хэргийн харъяаллаа нэмэлтээр өөрчилсөн. Зээлдэгч Э.Анхбаяр нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч надад нийт 27.800.000 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээл, зээлийн 8 сарын хүүг хасаж тооцвол зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 28.200.000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу үндсэн зээл 28.200.000 төгрөг, алданги 14.100.000 төгрөг нийт 42.300.000 төгрөгийг зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1-р баг 35-р байрны 36 тоотод оршин суух /РД: МЮ79070276/ Эвт Боржигон овогт Эрдэнэбилэгийн Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Э.Анхбаяр миний бие нь 2014 оны 11 сард Г.Оюунтуяагаас өөрийн эзэмшлийн 3 өрөө байрыг барьцаалан зээлийн гэрээ хийж сарын 5 хувийн хүүтэй 40.000.000 /дөчин сая/ төгрөг дансаар авсан. 2014-2017 он хүртэлх эдийн засгийн хямрал, өөрийн эрүүл мэндийн байдлаас болж зээлийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй бөгөөд тус хугацаанд 38.000.000 төгрөгийг төлсөн” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Э.Анхбаяр нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“- Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 42.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 29.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үндсэн зээл болон зээлийн хүүг тооцон 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаа ба “Б” тал буюу хариуцагч Э.Анхбаярын төлвөл зохих мөнгөн дүн нийт 13.000.000 төгрөгийг төлөх хугацаан дээрээ эвлэрэн хэлэлцэв.
- “Б” тал буюу хариуцагч Э.Анхбаяр төлвөл зохих ёстой нэхэмжлэлийн шаардлага 13.000.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна.
- Э.Анхбаяр нь Г.Оюунтуяад төлөх 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн “ХААН” банкин дахь 5084224204 тоот дансаар шилжүүлнэ.
- Э.Анхбаяраас Г.Оюунтуяад гэрээний 4-д заасан дансаар төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд талуудын хооронд 2014 оны 11-р сарын 19-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйл болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн нутагт орших 38 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж барцаалуулагчид буцаан олгохоор тохиролцов.” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэг Г.Оюунтуяа нь хариуцагч Э.Анхбаяраас 42.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Э.Анхбаяр нар нэхэмжлэлийн шаардлага болох 42.300.000 төгрөгөөс 13.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2017 оны 10 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Э.Анхбаяр 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Оюунтуяад төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд эвлэрлийн гэрээгээ 2016 оны 06 сарын 14-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Э.Анхбаяр нь 2017 оны 10 сарын 01-ний өдрийн дотор 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Оюунтуяад төлж барагдуулахаар зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Э.Анхбаяр нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Анхбаяр нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.500 төгрөгний тал хувь болох 184.700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 184.800 төгрөгийг, хариуцагч Э.Анхбаяраас 13.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжний тал хувь 111.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунтуяад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
З А Х И Р А М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч Г.Оюунтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр болон хариуцагч Э.Анхбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.500 төгрөгний тал хувь болох 184.700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 184.800 төгрөгийг, хариуцагч Э.Анхбаяраас 13.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжний тал хувь 111.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунтуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Анхбаяр нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА