Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2017/00087/И |
Дугаар | 101 |
Огноо | 2017-06-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар багийн Бумбат 4-7 тоотод оршин суух Дарь овоо овогт Молотовын Насанмөнхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбатад холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө болох 4.697.024 төгрөг гаргуулах мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Насанмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч М.Насанмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Насанмөнх миний бие нь 2013 оны 01 сарын 02-ны өдрөөс Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт Бумбат 3-р багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны 01 сарын 28-ны өдрөөс Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнийн хууль бус захирамжаар ажлаас халагдсан. Иймд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ингээд 2016 оны 05 сарын 24-нд анхан шатны шүүх хуралдаан болж М.Насанмөнх намайг Бор-Өндөр сумын Бумбат 3-р багийн засаг даргаар эргүүлж томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шийдвэр гаргасан. Гэвч засаг дарга Д.Энх-Эрдэнэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж уг шүүх хурал нь 2016 оны 07 сарын 18-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Засаг дарга Д.Энх-Эрдэнэ нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд хандаж уг шүүх хурал нь 2016 оны 10 сарын 24-нд болж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн...
.... Би 2016 оны 5 дугаар сарын 24-өөс 2016 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх 6 сар 5 хоногтой тэнцэх нөхөн олговор 4.178.524 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 518.500 төгрөг нийт 4.697.024 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргасан юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... Энэ гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага юм. Тэрнээс биш бид өнөөдөр хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар ажилтныг ажлаас буруу халсан буюу өөр албан тушаалд шилжүүлсэнтэй холбоотой маргааныг нэхэмжлэлийн шаардлагадаа гаргаагүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа хариу тайлбарын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан заалт хэрэгжих боломжгүй. Харин ч өнөөдөр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хохиролтой холбоотой асуудлыг тухайн үед нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш тухайн Бор-Өндөр сумын засаг даргын гаргасан захирамжаас үүдэн гарсан хохиролтой холбоотой асуудлыг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэхийг хүсэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажлуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. .... Хохиролд үндсэн цалин буюу 2016 оны 5 сарын 24-нөөс 2016 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 сар 5 хоногийн 4.178.524 төгрөг хуулийн дагуу ээлжийн амралтыг эдлэх байсан. Тийм учраас үүнтэй тэнцэх ээлжийн амралтын мөнгө буюу 518.500 төгрөг нийт 4.697.024 төгрөг хохирол буюу хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлсний нөхөн олговор авах эрхтэй, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн мөнгөнөөс бодуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага хуулийн дагуу хүчин төгөлдөр юм. Хөөн хэлэлцэх хугацааг ямар нэг байдлаар хэтрүүлээгүй, гэм хохиролтой холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Бид Бор-Өндөр сумын засаг даргын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлсөн захирамжтай ямар нэг байдлаар маргаагүй. Юу вэ гэвэл 2016 оны 1 сард гаргасан Бор-Өндөр сумын засаг даргын захирамж нь өөрөө хүчингүй болсон шүүхийн шийдвэрээр, түүний үр дагаврыг арилгуулах хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар багийн Засаг даргаар 2013 оны 01 сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Бор-Өндөр сумын засаг дарга Д.Энх-Эрдэнийн хууль бус захирамжаар халагдсан Молотов овогтой Насанмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх Бумбат 3 дугаар багийн Засаг даргаар эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гарсан байна. Иргэн М.Насанмөнх нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байх тул тус нэхэмжлэлийг хүчингүй хэмээн үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Учир нь: М.Насанмөнхийг 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 428-р тогтоолоор ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2.660.765 төгрөгийг буцааж олгохоор заасан. Энэ тогтоолын хүрээнд засаг дарга болон тамгын газрын зүгээс 2.660.765 төгрөгийг 2017 оны 6 сарын 22-ны өдөр олгосон. Тэгээд 2016 оны 11 сарын 30-ны өдөр дээд шүүхийн тогтоолыг биелүүлж ажилд томилсон. Тэгэхээр Насанмөнхийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр ажилд томилсон. Томилсноос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч тал гомдол гаргах хугацаагаа зөрчиж 2016 оны 11 сарын 30-аас хойш буюу 2017 оны 5 сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч тал хуульд заасан хугацааг зөрчиж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч М.Насанмөнх нь хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбатаас ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө болох 4.697.024 /дөрвөн сая зургаан зуун ерэн долоон мянга хорин дөрвөн/ төгрөг гаргуулах мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Насанмөнхийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 07 тоот шийдвэрээр урьд ажиллаж байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар багийн засаг даргын албан тушаалд эргүүлэн томилж, 2016 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг хүчинтэй болох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна. Мөн 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0476 тоот магадлалд нэхэмжлэгч М.Насанмөнхийг багийн засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.660.765 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулж М.Насанмөнхөд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 сарын 24 ний өдрийн 328 тоот тогтоолыг нэхэмжлэгч М.Насанмөнх гардан аваад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын А/236 тоот захирамжаар түүний урьд ажиллаж байсан буюу Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар багийн засаг даргын ажилд эргүүлэн томилж мөн өдрийн засаг даргын А/237 тоот захирамжаар сонгуулийн дүнг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч М.Насанмөнх нь шат шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 2.660.765 төгрөгийг авснаас хойшхи хугацааны буюу өөрөөр хэлбэл 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 4.178.524 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 518.500 төгрөг нийт 4.697.024 төгрөгийг Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш дээрхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байгаа явдал хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх ба захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс Монгол Улсын Дээд шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулах тухай гомдолоо Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд гаргах боломжтой эсвэл тухайн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ерөнхий харъяаллын шүүхэд энэ тухай гомдлоо гаргах боломжтой байсан гэж шүүх үзлээ. Энэ нь нэхэмжлэгч М.Насанмөнх нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хугацааг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсноос хойшхи хугацаа гэж ойлгох ёстой гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч М.Насанмөнхийг “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан гэм хор хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй харин ч хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жил байдаг гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь: Нэхэмжлэгч М.Насанмөнхийн ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 4.697.024 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэдийгээр ажил олгогчийг буруу шийдвэр гаргасан гэж үзэж ажил олгогчийн шийдвэрийг шат шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч энэ нь хөдөлмөрлөх явцад бий болсон хөдөлмөрийн эрх зүйн маргаан болохоос ажил олгогчийн гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй / хохирол гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч М.Насанмөнхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг
удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч М.Насанмөнхийн ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 4.697.024 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Насанмөнхийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 90590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд өөрөө ирж шийдвэрийг гардан авах учрыг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА