Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

                                  

    2021         08          11                                    2021/ШЦТ/112

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагч Л.Мөнхбаяр,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнзаяа /цахимаар/,

         Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бт холбогдох эрүүгийн 2019000160127 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмрийн технологич мэргэжилтэй, “Шинэ Айраг залуу” ЗБН нөхөрлөлийн ахлагч, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, 30 дугаар байрны 23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ч-ын Б /РД:ЕА79040615/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 03 сараас 2020 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багт байрлах “Хонгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу жоншны эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж, 0.5 га талбайг эвдрэлд оруулж, байгаль орчинд шууд 12.075.650 төгрөгийн хохирол, техникийн нөхөн сэргээлт хийлгэхэд 3.025.900 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлт хийхэд 475.000 төгрөгийн хохирол, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 38.000 төгрөгийн, нийт 15.614.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч Ч.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 онд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар нөхөрлөл байгуулах хүсэлт өгч Улсын бүртгэлээс гэрчилгээ авсан. 2018 оны 02 сард Шинэ Айраг залуус нөхөрлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ингээд Айраг сумын Засаг даргатай бичил уурхай эрхлэх гэрээ байгуулж Хонгор гэдэг газар үйл ажиллагаагаа явуулж жонш олборлосон. 1 жил гаран ажилласан. Бичил уурхай 9 хүнтэй байгуулагддаг. Зорилго нь амьдралаа дээшлүүлэх, орон нутгийн хүмүүсийг ажлын байраар хангах юм. Нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа газрын дүгнэлт алга байна гэж Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хэлсэн. Би газрын дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгсөн байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч актын толгой хэсэгт нь манай нөхөрлөлийн “Шинэ айраг залуус” гэсэн нэр дээр гарсан боловч дотор нь өөр нөхөрлөлийн “Айраг шинэ цагийн залуус” гээд нэр байсан. Мэргэжлийн хяналтын газрын актыг хаяг андуурч өгсөн гэж ойлгосон. Манайх 1 ковш, 1 экскаватор, 1 ховотой. Экскаватороо өрөндөө өгсөн. Хохиролд 15.614.550 төгрөг гарсныг төлсөн. Хово ачигч хоёр байгаа. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зүйл ангид тусгай зөвшөөрөл шаардсан байгаа. Миний хувьд тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлоогүй гэж үзэж байгаа. Акт тавигдсанаас хойш үйл ажиллагаагаа гэрээний дагуу явуулсан. Бичил уурхай нь эдийн засгийн ач холбогдолгүй хаягдмал газар олборлолт явуулах ёстой. Өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 газарт бичил уурхай явуулах ёстой байдаг. Тэрний нэг газар болох Хонгор нэртэй газарт хуучин ухсан газар байсан. Тэр газартаа 1 жил гаран үйл ажиллагаа явуулсан. Манай нөхөрлөлийн бичил уурхай эрхлэх хугацаа 3 жил байсан. Айраг сумын Засаг даргатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан. Тухайн газар дээрээ нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулахад газар нь давхцалтай эсэх дээр хүсэлтээ сумын газрын албанд 2 удаа хүргүүлсэн. Эхний удаа хариу ирэхдээ 0.5 га газраас илүү байна гэсэн. Дараа нь дахин хүсэлт явуулсан, хариу ирэхдээ газар нь давхцалтай байна гэсэн хариу ирсэн. Сумаас аймгийн ИТХ-д, аймгийн ИТХ-аас АМГТГ-т хүсэлт явуулах ёстой байдаг юм билээ. Мэргэжлийн хяналтын байцаагч актаа надад гардуулсан. Одоо болохоор өөрөө актдаа нэрийг буруу бичсэн гэж хэлж байгаа. Энэ бол өөрийнх нь алдаа. Энэ бичгийг Айраг сумын Засаг даргад үзүүлсэн. Хэрэв алдсан юм бол яагаад засаж залруулж дахин өгөөгүй юм бэ. Мэргэжлийн хяналтын байцаагчийн акт дээр нь үйл ажиллагааг зогсоо гэсэн болохоос биш гэрээг цуцлах талаар байхгүй. Энэ хэрэгт би өөрийгөө буруугүй гэж үздэг. Би ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шаардсан бол би үйл ажиллагаа явуулахгүй байсан. Би нөхөрлөл байгуулж сумын Засаг даргатай гэрээг байгуулж хууль ёсны дагуу ажилласан гэсэн мэдүүлэг,

 

         -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Шинэ Айраг залуус нөхөрлөл нь 2018 оны 06 сард сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2019 оны 03 сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 03 дугаартай актаар үйл ажиллагааг зогсоосон. Гэвч “Шинэ Айраг залуус” нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулаад байна гэж иргэдээс гомдол ирсэн. 15.614.550 төгрөгийн хохирлыг Ч.Б нь төлсөн. Одоо нөхөн сэргээлт хийсэн эсэх дээр сайн мэдэхгүй байна. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

         

          -Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Лхасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ч.Б ахлагчтай “Шинэ Айраг залуус нөхөрлөл” нь 2018 оноос эхлэн сумын Засаг даргатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулахад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох төрийн захиргааны байгууллагын дүгнэлтгүй талбайд жонш олборлосон нь зөрчил заагдаж, улсын байцаагчаас үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох тухай шийдвэр акт гаргасан. Тухайн актанд “Шинэ Айраг залуус” гэсэн толгой бичигдэж, Ч.Баар гарын үсэг зуруулсан байдаг ба уг актны гол агуулга хэсэгт “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай бичигдсэнтэй холбоотойгоор Батбаяр нь манай нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох тухай бичигдээгүй байна гэсэн шалтгаан хэлээд үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Айраг сумын Засаг даргын тамгын газрын зүгээс Батбаяр ахлагчтай “Шинэ Айраг залуус” нөхөрлөлийн үйл ажиллагаагаа зогсоох тухай албан бичгээр өгдөг байсан боловч үйл ажиллагаагаа зогсоохгүй, жонш олборлосоор байсан. Ингээд 2020 оны 01 сарын 08-ны өдөр Засаг даргын тамгын газраас цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, хууль бусаар жонш олборлосон асуудлыг шалгуулахаар цагдаад албан бичгээр хандсан. Миний хувьд энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагийн хувьд байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулж, нөхөн сэргээлтийг нөхөн сэргээлтийн компаниар хийлгэх санал хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /1 хх 194-196, 2 хх 2-3 ху/,

 

            -Гэрч М.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Уг нөхөрлөлд Хово маркийн автомашин жолоодож жонш зөөдөг ажилтай хүн бөгөөд сарын 1.000.000 төгрөгийн цалин авдаг. Намайг ажиллах хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сараас 11 сар хүртэл ажиллахад 2 өдөр өнжөөд, нэг удаа тээвэрлэлт хийдэг байсан ба уурхайн дотор тээврийг нь хариуцаж ажилладаг байсан юм. Уурхайгаас гадагш тээврийг Айраг сумын машинууд ирээд ачаад яваад өгдөг байсан. Би анх ажиллахаар ирэхдээ Батбаяртай гэрээ байгуулж ажилласан. Уг нөхөрлөлд 2 экскаватор 3000-тай, нэг ковш, нэг Хово маркийн техник хэрэгсэл ашигладаг гэсэн мэдүүлэг /1 хх 15-16 ху/,

 

            -Гэрч С.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Айраг сумын Хонгор нэртэй газарт Баараа гэдэг ахын жоншны уурхайд хөрс хуулах ажлаар 2019 оны 12 сарын эхээр ирсэн юм. Тухайн үед жоохон хөрс хуулаад газар нь дийлдэхгүй болоод больсон ба одоогоор жонш ялгах ажил хийж байна. Би Батбаяр ахлагчтай нөхөрлөлтэй ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Манай ах Баттөмөрөөр дамжуулан танилцсан. Би энэ нөхөрлөлд нийт 4 техник авчирсан ба 2 ширхэг экскаватор, 2 ширхэг Норд бенз маркийн автомашин авчирсан бөгөөд эдгээр машины бичиг баримт нь хотод байгаа гэсэн мэдүүлэг /1 хх 17-18 ху/,

 

           -Гэрч Г.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би өөрийн танил ах Энхсайхан дээр жонш ялгахаар Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд энд ирээд 4 хонож байна. Энэ хугацаанд Айраг суман дээр байдаг уг жоншны уурхай дээр нь байрлаад байж байсан ба ямар нэгэн ажил хийгээгүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Анх Энхсайхан ахтай ярихад 1 тонн жоншийг 25.000 төгрөгөөр хагалж ялгана гэж ярьсан гэсэн мэдүүлэг /1 хх 19-20 ху/,

 

           -Гэрч Б.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 01 сарын 03, 04-ний үеэр өөрийн танил ах Энхсайханы хамт Айраг сумын Хонгор нэртэй газарт байх уурхай дээр жонш хагалах ажилд ажиллахаар ирсэн юм. Би тухайн Батбаяр буюу Баараа гэх хүнийг танихгүй, ирээд 3-4 хонож байна. Би хөдөлмөрийн гэрээ гэх зүйл байгуулаагүй. Анх Энхсайхан ахтай ярихад хийснээрээ л цалинжина гэж хэлсэн. 1 тонн жоншийг 20-30 төгрөгийн хооронд гэж хэлсэн. Би Энхсайханыг нутгийн хүн болохоор танина гэсэн мэдүүлэг/1 хх 21-22 ху/,

 

            -Гэрч О.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2017 оноос хойш Хонгор гээд уулын орчим доор “Шинэ Айраг залуус”, “Айраг шинэ цагийн залуус” нэртэй хоёр нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах болон малаа бэлчээрлүүлэх зэрэг аж амьдралаа залгуулах эх үүсвэрт хор хөнөөл учруулж болохоор хортой нөхцөл байдалд амьдрах болсон. 2019 он гарсаар дээрх асуудлыг сумын Засаг захиргааны эрх бүхий хүмүүст удаа дараа санал гомдлоо өгч байсан боловч өнөөдрийг хүртэл дээрх 2 нөхөрлөл нь үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй шаардлага тавьсан нутгийн иргэдийг хэл амаар доромжлох болсон. Ингээд миний бие энэ асуудлыг харсаар байж хууль бусаар зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаа нөхөрлөлүүдийг шалгуулж хариуцлага тооцуулах учир шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Миний мэдэж байгаагаар 2017 оноос хойш дээрх хоёр нөхөрлөл нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөлүүд нь Айраг сум болон аймгаас ирж байгаа шалгалтын сургаар үйл ажиллагаагаа зогсоосон мэт болж ажилчдаа нуудаг заримдаа бол үйл ажиллагаа явуулаагүй гэж засаг захиргааны хүмүүст хэлдэг. ...Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, хууль бусаар жонш олборлоод байгаа үйл ажиллагааг таслан зогсоож буруутай этгээдээр газар нутгийг минь нөхөн сэргээж малчин ард иргэдээ айдасгүй амьдруулж өгөөч гэсэн санал гомдол байна гэсэн мэдүүлэг /1 хх 23-25 ху/,

 

          -Гэрч Н.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...”Шинэ Айраг залуус” болон “Айраг шинэ цагийн залуус” гэсэн нөхөрлөлүүд нь манай гэртэй хаяа залгаж байрладаг бөгөөд дээрхи хоёр нөхөрлөл нь 2017 оны зунаас эхлээд үйл ажиллагаа явуулах болсон. Анх эхлэхдээ сумын Засаг даргатай гэрээ байгуулан нөхөрлөл байгуулж үйл ажиллагаа явуулах болсон ба Эрдэнэ-Очир, Батбаяр гэсэн хоёр ахлагчаар удирдуулсан хүмүүс жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ хоёр нөхөрлөлийн үйл ажиллагаа нь томоохон хэмжээний уул уурхай шиг тоног төхөөрөмж ашиглаж байгаль орчинд ноцтой хохирол учруулж эрүүл газрыг эвдэж сүйтгэж байгаа талаар төрийн захиргааны байгууллагад удаа дараа мэдэгдэж, улмаар 2019 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж дээрхи хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоосон тухай акт гаргаж нутгийн иргэд бид нарт мэдэгдсэн. Гэвч дээрхи хоёр нөхөрлөл нь мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг үл тоож жонш олборлох үйл ажиллагааг тасралтгүй явуулсан ба аймаг болон сумаас шалгалт ирлээ гэхээр үйл ажиллагааг зогсоож явахаар нь буцаад үргэлжлүүлэн ажиллах жишгээр өдийг хүртэл ажиллаа. Ийм учир шалтгааны улмаас цагдаа болон Айраг сумын Тамын газарт хүсэлт тавьж шалгуулахаар энэ асуудлыг мэдэгдсэн юм гэсэн мэдүүлэг /1 хх 26-27 ху/,

 

           -Гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Эдгээр нөхөрлөлүүд нь 2017 оноос хойш л манай нутгаар жонш ухаж ажиллах болсон ба нөхөрлөлийн ахлагч нар нь Эрдэнэ-Очир, Батбаяр буюу Баараа гэх нутгийн хүмүүс байдаг. Энэ хоёр нөхөрлөл нь олон техник хэрэгсэл ашиглаж нутаг орны бэлчээр, газар нутгийг ухаж сэндийлдэг ба сүүлийн 2019 онд гэхэд эрүүл саруул байсан газрыг ухаж сэндийлэх болсон. Эдгээр нөхөрлөлийн хүмүүс нь Айраг сум болон аймгаас шалгалт ирэхээр үйл ажиллагаагаа зогсоогоод ямар ч ажил хийгээгүй юм шиг болдог ба энд амьдарч байгаа нутгийн иргэд нь байнга хажууд нь байгаагийн хувьд яг тасралтгүй үйл ажиллагаа явуулсныг нь гэрчилнэ гэсэн мэдүүлэг /1 хх 28-29 ху/,

 

           -Гэрч Д.Гангандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний мэдэж байгаагаар энэ хоёр нөхөрлөл нь 2017 оны зунаас хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулаад байгаа ба анхандаа бол зөвшөөрөл юм аваад ажиллуулж байгаад явцын дунд зөвшөөрөл юмыг цуцалсан юм байна лээ, гэсэн хэдий боловч тэдгээр улсууд хууль бусаар жонш олборлож нутгийн иргэдийн тавьсан шаардлагыг үл тоодог. Тэгээд Хонгор нэртэй газрын орчимд байгаа морин барианы урд хар дэл орчимд эрүүл газрыг ухаж сэндийлсэн гэсэн мэдүүлэг/1 хх 30-31 ху/,

 

            -Гэрч Э.Лхасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тус сумын 1 дүгээр багийн Хонгор-2 нэртэй газарт “Айраг шинэ цагийн залуус”, “Шинэ Айраг залуус” гэсэн 2 нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээг 2018 оны 06 сард байгуулсан байж байгаад Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 11-05-03/26 тоот актаар буюу “бичил уурхайн аргаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлтийн төлөвлөөгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлийн дагуу дээрхи 2 нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бүр мөсөн зогсоов” гэсэн акт тавигдсан. Гэсэн хэдий боловч дээрхи хоёр нөхөрлөл үйл ажиллагаагаа хэсэг зогсоосон болоод удалгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ байдлаар таслан зогсоохоор Айраг сумын Засаг даргын тамгийн газраас 2-3 удаа төлөвлөгөөт шалгалт зохион байгуулан ажиллахад дээрхи хоёр нөхөрлөл үйл ажиллагаа нь явж байсан ба Засаг даргын тамгын газраас үйл ажиллаагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийж, хүлээлгэж өгөх талаар албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн боловч энэ шаардлагуудыг биелүүлэхгүй, нөхөн сэргээлт хийхгүй, өнөөдрийг хүрсэн байна. ...Шинэ Айраг залуус буюу Батбаяр ахлагчтай нөхөрлөл нь Хонгор-2 нэртэй газарт өмнө ухсан отвол нүх рүү орсон болохоор байгаль орчинд ямар хохирол учруулсан болох нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдох байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /1 хх 34-36 ху/,

 

            -Гэрч Л.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2015 онд Ашигт малтмалын газраас ирсэн дүгнэлт, аймгаас ирүүлсэн “бичил уурхайг дэмжих” чиглэлийн дагуу 2018 оны 02 сард “Шинэ Айраг залуус”, “Айраг шинэ цагийн залуучууд” гэсэн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, тус сумын Хонгор нэртэй газарт бичил уурхайгаас жонш олборлох гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 03 сард Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт ирээд, уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай улсын байцаагчийн акт тавигдсан. Тэгээд уг хоёр нөхөрлөл Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ өгсөн ба үүний дагуу Ашигт малтмалын газарт газрын дүгнэлт гаргуулах тухайн албан бичгийг явуулсан. Уг хүсэлтийн дагуу Х.Эрдэнэ-Очир ахлагчтай нөхөрлөлийн явуулсан газрын сольболцол нь давхцалгүй гэсэн хариу ирсэн боловч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нөхөрлөлүүдтэй нэмж гэрээ байгуулахгүй журам шинэчлэгдэж байгаа гэсэн чиглэлийн дагуу Айраг шинэ цагийн залуучууд болон Шинэ Айраг залуус нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулаагүй. ...Шинэ Айраг залуус буюу Ч.Б ахлагчтай нөхөрлөл нь 2018 оноос хойш оператор компани авчирч үйл ажиллагааг явуулсаар л байсан. Уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт тавигдсан үеэс эхэлж гэрээ дуусгавар болсон. 2019 оны 03 сараас хойш Засаг даргын тамгын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг 4 удаа явуулсан ба шалгалт бүр л үйл ажиллагааг зогсоож, сумын газрыг чөлөөлж өгөх, ухсан газраа нөхөн сэргээх талаар албан бичгээр 2 удаа, өөрийн биеэр хүртэл уулзаж үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөл гэсэн шаардлагыг Х.Эрдэнэ-Очир болон Ч.Б нарт тавьдаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 11 сарын 22-ны өдөр уг нөхөрлөлийн ахлагч Х.Эрдэнэ-Очир, Ч.Б нарт хугацаатай албан бичиг өгч нөхөн сэргээлт хийлгэн газар чөлөөлөх тухай шаардлагыг хүргүүлж гарын үсэг зуруулсан. Тэгсэн боловч уг албан бичгийн шаардлагыг хангаж сумын газрыг нөхөн сэргээгүй бөгөөд шинээр нэмж газар ухсан байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр албан бичгээр гомдол гаргасан. 2018 оны 01 сарын 25-ны өдөр Шинэ айраг залуус нөхөрлөлийн ахлагч Ч.Б нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлийг Айраг сумын засаг даргад гаргаж байсан. Би 2018 оны 01 сарын 26-ны өдөр Айраг сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны мэргэжилтэн Л.Бямбацогтод материалыг бүрдүүлж авах, хуулийн хугацаанд шийдэх” гэж цохолт хийж өгсөн. П.Бямбацогт нь л өргөдөл материалыг хянаж үзээд 2018 оны 02 сарын 08-ны өдөр Шинэ айраг залуус нөхөрлөлийн ахлагч Ч.Бтай гэрээ байгуулсан. Тэгээд л гэрээгээрээ 1 жил гаран ажиллаж байтал аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас 2019 оны 04 сарын 04-ний өдөр 3/155 дугаартай албан бичиг ирж, нөхөрлөлийн гэрээг хүчингүй болгож, хууль дүрмийг хангаж ажиллана уу гэсэн утгатай бичиг ирсэн. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн бичгийн дагуу 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 5/237 тоот албан бичгээр Шинэ айраг залуус нөхөрлөлийн ахлагч Батбаярт бичил уурхайгаар ашигт малтмалын гэрээг дуусгавар болгож байгаа цаашид ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулж байж шинээр гэрээ байгуулан ажиллах зөвшөөрөл олгоно гэсэн утгатай албан бичиг явуулсан гэсэн мэдүүлэг /1 хх 47-49, 2 хх 188-190 ху/,

 

          -Гэрч Ц.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Контлайн компанийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг салбарт гаалийн хяналтын талбайн эрхлэгч ажилтай хүн байгаа юм. Би Ч.Б гэдэг хүнийг танина. Энэ хүнтэй ажил хэргийн холбоотой бөгөөд манай компанийн гаалийн хяналтын талбайгаар үйлчлүүлдэг хүн байгаа юм. Батбаяр нь манай гаалийн талбайн пүүгээр үйлчлүүлж жоншны жин тогтоолгох үйлчилгээ авдаг хүн байгаа юм. Би Ч.Быг 2019 оны 03 сараас хойш нийт олон удаа пүүлүүлснийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Манай компанийн пүүний бүртгэлээс хэдэн удаа хэчнээн тонн ачсан болох нь гараад ирнэ. Манай компанид албан бичгээр хандаж энэ тоог гаргаж болно гэсэн мэдүүлэг /хх 50-51 ху/,

 

            -Гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг хориглосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаар тухайн бичил уурхай олборлох газарт ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулж, сумын засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн нөхөрлөл үйл ажиллагаа явуулах эрх нь үүсдэг. Тухайн шинэ Айраг нөхөрлөл нь Дорноговь аймаг Айраг сумын нутаг дэвсгэрт Хонгор гэх газарт ашигт малтмал газрын тосны газраас ашиглаж болох эсэх талаар дүгнэлт гаргуулахгүйгээр ашигт малтмал олборлосон зөрчил гаргасан. Тухайн зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ үйл ажиллагааг зогсоох зорилгоор тухайн актыг тогтоосон. Ч.Б нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчиж, үйл ажиллагаа явуулсан нь хийсэн хяналт шалгалтаар нотлогдоод акт тогтоосон. Би тухайн 05-038/24 дугаартай актыг Шинэ Айраг залуус нөхөрлөлд тогтоосон. Харин тоног төхөөрөмжийн алдаанаас шалтгаалж, нэрийн зөрүү гарсан юм. Тухайн актыг гаргаад Шинэ айраг залуус нөхөрлөлийн ахлагч Ч.Бт танай нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож байгаа талаар танилцуулж гарын үсэг зуруулсан гэсэн мэдүүлэг /2 хх 183-185 ху/,

 

          -Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай байгууллагаас экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан байгууллагад 3.000.000 төгрөгний төлбөр гаргаж өгсөн. Тухайн мөнгийг буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн мэдүүлэг /2хх 227 ху/

 

          -Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-12 ху/,

          -Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 11-05-038/24 дугаартай акт /1 хх 14 ху/,

           -Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн дунд хийсэн хяналт шалгалтын тайлан /1 хх 209-219 ху/, 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 172 ху/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1 хх 234-248 ху/,

           -Ч.Быг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 222-227 ху/

           -Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын 5/05, 5/06 тоот тогтоолууд, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх 234-248 ху/

          -Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ хийсэн дүгнэлтүүд /2 хх 6-16, 20-23, 23-27, 27-30 ху/,

          -Дорноговь аймгийн МХГ-ын 2019.04.04-ний өдрийн 3/155 тоот, Айраг сумын ЗД-ын 2019.04.18-ны 5/237 тоот, 2019.11.22-ны өдрийн 5/696 тоот, 2019.03.29-ний 5/187 тоот, 2019.06.06-ны өдрийн 5/382 тоот, АМГТГ-ын 2019.05.24-ний 7/4023 тоот албан бичгүүд /2хх 193-197 ху/,

          -Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ, өргөдөл  /2хх  200-204 ху/

          -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000126316 дугаартай гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 41-44, 2хх 205-209 ху/

          -Дорноговь аймгийн ИТХ-ын 14/66 тоот тогтоол /2хх 210-211 ху/

          -Пролофт ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт /2хх 220-222 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна гэж үзэв.

 

          Прокуророос Ч.Быг 2019 оны 03 сараас 2020 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багт байрлах “Хонгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу жоншны эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж, 0.5 га талбайг эвдрэлд оруулж, байгаль орчинд шууд 12.075.650 төгрөгийн хохирол, техникийн нөхөн сэргээлт хийлгэхэд 3.025.900 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлт хийхэд 475.000 төгрөгийн хохирол, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 38.000 төгрөгийн, нийт 15.614.550 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар “Шинэ айраг залуус” нөхөрлөлийн ахлагч Ч.Б нь бичил уурхай ашигт малтмал олборлох чиглэлээр Дорноговь аймгийн Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хонгор гэх газарт жонш олборлох зорилгоор тус сумын засаг дарга Л.Мөнхжаргалтай 2018 оны 02 сарын 08-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г байгуулж үйл ажиллагаагаа явуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Бын “...2019 онд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар нөхөрлөл байгуулах хүсэлт өгч Улсын бүртгэлээс гэрчилгээ авсан. 2018 оны 02 сард Шинэ Айраг залуус нөхөрлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ингээд Айраг сумын Засаг даргатай бичил уурхай эрхлэх гэрээ байгуулж Хонгор гэдэг газар үйл ажиллагаагаа явуулж жонш олборлосон. ... Нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа газрын дүгнэлт алга байна гэж Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хэлсэн. Би газрын дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгсөн байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч актын толгой хэсэгт нь манай нөхөрлөлийн “Шинэ айраг залуус” гэсэн нэр дээр гарсан боловч дотор нь өөр нөхөрлөлийн “Айраг шинэ цагийн залуус гээд нэр байсан. Мэргэжлийн хяналтын газрын актыг хаяг андуурч өгсөн гэж ойлгосон. ... Манай нөхөрлөлийн бичил уурхай эрхлэх хугацаа 3 жил байсан. Тэр газартаа 1 жил гаран үйл ажиллагаа явуулсан. Айраг сумын Засаг даргатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан. Тухайн газар дээрээ нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулахад газар нь давхцалтай эсэх дээр хүсэлтээ сумын газрын албанд 2 удаа хүргүүлсэн. Эхний удаа хариу ирэхдээ 0.5 га газраас илүү байна гэсэн. Дараа нь дахин хүсэлт явуулсан, хариу ирэхдээ газар нь давхцалтай байна гэсэн хариу ирсэн. ... Мэргэжлийн хяналтын байцаагчийн акт дээр нь үйл ажиллагааг зогсоо гэсэн болохоос биш гэрээг цуцлах талаар байхгүй. Энэ хэрэгт би өөрийгөө буруугүй гэж үздэг. Би ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шаардсан бол би үйл ажиллагаа явуулахгүй байсан. Би нөхөрлөл байгуулж сумын Засаг даргатай гэрээг байгуулж хууль ёсны дагуу ажилласан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Лхасүрэнгийн “...Тус сумын 1 дүгээр багийн Хонгор-2 нэртэй газарт Айраг шинэ цагийн залуус, Шинэ Айраг залуус гэсэн 2 нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээг 2018 оны 06 сард байгуулсан байж байгаад Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 11-05-03/26 тоот актаар буюу “бичил уурхайн аргаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлтийн төлөвлөөгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлийн дагуу дээрхи 2 нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бүр мөсөн зогсоов” гэсэн акт тавигдсан” гэсэн /1 хх 34-36 ху/, гэрч Л.Мөнхжаргалын “...2018 оны 01 сарын 25-ны өдөр Шинэ айраг залуус нөхөрлөлийн ахлагч Ч.Б нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлийг Айраг сумын засаг даргад гаргаж байсан. Би 2018 оны 01 сарын 26-ны өдөр Айраг сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны мэргэжилтэн Л.Бямбацогтод материалыг бүрдүүлж авах, хуулийн хугацаанд шийдэх” гэж цохолт хийж өгсөн. П.Бямбацогт нь л өргөдөл материалыг хянаж үзээд 2018 оны 02 сарын 08-ны өдөр Шинэ айраг залуус нөхөрлөлийн ахлагч Ч.Бтай гэрээ байгуулсан. Тэгээд л гэрээгээрээ 1 жил гаран ажиллаж байтал аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас 2019 оны 04 сарын 04-ний өдөр 3/155 дугаартай албан бичиг ирж, нөхөрлөлийн гэрээг хүчингүй болгож, хууль дүрмийг хангаж ажиллана уу гэсэн утгатай бичиг ирсэн. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн бичгийн дагуу 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 5/237 тоот албан бичгээр Шинэ айраг залуус нөхөрлөлийн ахлагч Батбаярт бичил уурхайгаар ашигт малтмалын гэрээг дуусгавар болгож байгаа цаашид ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулж байж шинээр гэрээ байгуулан ажиллах зөвшөөрөл олгоно гэсэн утгатай албан бичиг явуулсан” гэсэн /1 хх 47-49, 2 хх 188-190 ху/, гэрч Б.Баттулгын “...Тухайн Шинэ Айраг нөхөрлөл нь Дорноговь аймаг Айраг сумын нутаг дэвсгэрт Хонгор гэх газарт ашигт малтмал газрын тосны газраас ашиглаж болох эсэх талаар дүгнэлт гаргуулахгүйгээр ашигт малтмал олборлосон зөрчил гаргасан. Тухайн зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ үйл ажиллагааг зогсоох зорилгоор тухайн актыг тогтоосон. Ч.Б нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчиж, үйл ажиллагаа явуулсан нь хийсэн хяналт шалгалтаар нотлогдоод акт тогтоосон. Би тухайн 05-038/24 дугаартай актыг Шинэ Айраг залуус нөхөрлөлд тогтоосон. Харин тоног төхөөрөмжийн алдаанаас шалтгаалж, нэрийн зөрүү гарсан юм” гэсэн /2 хх 183-185 ху/ мэдүүлгүүд, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /2хх  200-204 ху/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000126316 дугаартай гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 41-44, 2хх 205-216 ху/, МХГ-ын Улсын байцаагчийн 11-05-038/24 тоот акт /1хх 14 ху/, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 5/237 тоот албан бичиг /2хх 194 ху/ зэрэг баримтуудаар Ч.Быг “Шинэ айраг залуус” нөхөрлөл байгуулан бичил уурхай ашигт малтмал олборлох чиглэлээр 2018 оны 02 сарын 08-наас 2021 оны 02 сарын 08 хүртэл 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлж, Дорноговь аймгийн Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох Хонгор гэх газарт жонш олборлох зорилгоор тус сумын засаг дарга Л.Мөнхжаргалтай 2018 оны 02 сарын 08-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 11-05-038/24 дугаартай актаар бичил уурхайгаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 8.1.3, 9.1.1 дэх заалтуудыг, мөн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж буруутган Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д заасныг үндэслэл болгон шийдвэрлэхдээ “Айраг шинэ цагийн залуус” нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бүр мөсөн зогсоохоор зааж, актын толгой хэсэгт “Шинэ айраг залуус” нөхөрлөлд гэж бичин тус нөхөрлөлийн ахлагч Ч.Бт гардуулан өгсөн байдаг.

 

           МХГ-ын улсын байцаагч Б.Баттулга 11-05-038/24 дугаартай актанд нөхөрлөлүүдийн нэрийг зөрүүтэй бичсэн байдлаа “Би тухайн 11-05-038/24 дугаартай актыг “Шинэ Айраг залуус” нөхөрлөлд тогтоосон. Харин тоног төхөөрөмжийн алдаанаас шалтгаалж, нэрийн зөрүү гарсан” гэж тайлбарлаж байна.

 

Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартыг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 23 дугаар тушаалаар баталж, 2007 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн бөгөөд уг стандартад “улсын байцаагчийн акт” гэдгийг “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн буюу бүхэлд нь зогсоох, тэдний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг улсын орлогод оруулах, хураан авах, нөхөн төлбөр ногдуулах, улсын хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу саатуулах, буцаах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, бараа бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгахад болон актын үйлчлэлийг дуусгавар болгоход чиглэгдсэн баримт бичиг” гэж тодорхойлжээ.

 

Хяналт шалгалтын баримт бичиг нь Улсын байцаагчийн гарын үсэг зурж, тэмдэг дарж, нэгдсэн дугаар авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд улсын байцаагчийн акт нь хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн албан хэрэг хөтлөлтийн журам, зааварт нийцэж, бичиг хэргийн стандарт болон хуульд заасан шаардлагыг хангасан байх учиртай.

 

Гэтэл Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 11-05-038/24 дугаартай актынхаа зөрүүтэй байдлыг “тоног төхөөрөмжийн алдаа” гэж тодорхойлон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тус актыг хуульд заасан шаардлагыг хангасан хяналт шалгалтын баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, эсхүл бичил уурхайгаар хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр явуулах харилцааг Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” зэрэг эрх зүйн актаар хэм хэмжээг тогтоосон.

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д зааснаар Сумын засаг дарга бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлах, аймгийн Засаг даргаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уг саналыг хүргүүлснээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал саналыг хэлэлцэж уг газрыг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрийг гаргаж, уг шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан дүгнэлтийг гаргуулахаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг хүргүүлэх, газрын дүгнэлт гарсны дараа үйл ажиллагааг зохион байгуулахаар сумын засаг даргыг удирдлагаар хангаж ажиллах, сумын Засаг дарга аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу бичил уурхай эрхлэхийг хүссэн 9-өөс цөөнгүй гишүүнтэй нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үйл ажиллагаа явуулсан газарт нөхөн сэргээлт хийлгэсний дараа газрыг хүлээн авах байдлаар бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар зохицуулжээ.

 

            Дээрхи тогтоолоор сумын Засаг дарга бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн өөрөөр хэлбэл нөхөрлөлийн үйл ажиллагааг нь эхлэхээс өмнө тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилж эрх бүхий төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гарангуут аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагааг нь зохион байгуулахаар тусгагдсан байтал Айраг сумын Засаг дарга “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г нөхөрлөлүүдтэй байгуулж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн нь 151 тоот тогтоолыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Ашигт малтмал, газрын тосны газраас гарах дүгнэлт гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т зааснаар “...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаарх, мөн газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоосон” тухай дүгнэлт бүхий албан бичиг байхаар, уг дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар сум дүүргийн засаг дарга эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр байна.            

 

Шүүгдэгч Ч.Б нь Айраг сумын газрын албанд тухайн газар дээрээ нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулахад газар нь давхцалтай эсэх дээр дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргаж байсан байх бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Л.Мөнхжаргалын “...уг хоёр нөхөрлөл Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ өгсөн ба үүний дагуу Ашигт малтмалын газарт газрын дүгнэлт гаргуулах тухайн албан бичгийг явуулсан” гэсэн /1хх 47-49 ху/ мэдүүлгээр нотлогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Айраг сумын Засаг дарга  Л.Мөнхжаргал “...Уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт тавигдсан үеэс эхэлж гэрээ дуусгавар болсон” гэсэн /1хх 47-49 ху/ мэдүүлэг өгч, 2018 онд байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох  гэрээг дуусгавар болгож байгаагаа  2019 оны 04 сарын 18-ны өдрийн 5/237 дугаартай /2хх 194 ху/ албан бичгээр мэдэгдсэн байх боловч МХГ-ын улсын байцаагчийн 11-05-038/24 дугаартай акт нь өөрөө хуульд нийцсэн хяналт шалгалтын баримт болж чадаагүй тул гэрээг цуцлагдсан гэж үзэх боломжгүй, Мэргэжлийн хяналтын газар нь 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 3/155 тоот албан бичгээрээ АМГТГ-аас бичил уурхай ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй газар нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулсан зөрчил илэрсэн гэж Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг буруутгажээ.

 

Айраг сумын засаг дарга нь хууль тогтоомжид зааснаар дүгнэлт гаргуулах хүсэлтээ 2018 онд гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулах үед дээд шатны байгууллагадаа хүргүүлсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй, харин улсын байцаагчийн 11-05-038/24 дугаартай акт тогтоогдсоны дараа буюу 2019 оны 03 сарын 29, 2019 оны 06 сарын 06-ны /2хх 196-197 ху/ өдрүүдэд хүсэлт явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзэхэд энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэл нь тусгай зөвшөөрөлгүй буюу эрх бүхий байгууллагаас олгосон хууль ёсны зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон байхаар ойлгогдож байна.

 

            Дээрхи нөхцөл байдлуудаар шүүгдэгч Ч.Бын “Шинэ айраг залуус” нөхөрлөл байгуулж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг Айраг сумын Засаг даргатай байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан үйлдлийг хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

                       

Иймд шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор Ч.Бын өмчлөлийн 45-79 УН улсын дугаартай Ковш, 51-56 ДГС улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслүүд, Улсын бүртгэлийн №000737905 дугаарын гэрчилгээтэй Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 30 дугаар байрны 22 тоот 2 өрөө орон сууц зэргийг битүүмжилсэн прокурорын 5/05, 5/06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Дорноговь аймгийн Айраг сумын ЗДТГ, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Ч.Б нар нь хохирлоо арилгуулах нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

           1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

           2.Шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Ч.Б-ын өмчлөлийн 45-79 УН улсын дугаартай Ковш, 51-56 ДГС улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслүүд, Улсын бүртгэлийн №000737905 дугаарын гэрчилгээтэй Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 30 дугаар байрны 22 тоот 2 өрөө орон сууц зэргийг битүүмжилсэн прокурорын 5/05, 5/06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 

4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Дорноговь аймгийн Айраг сумын ЗДТГ, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Ч.Б нар нь хохирлоо арилгуулах нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

           5.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА