| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
2021 08 10 2021/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Л.Мөнхбаяр,
шүүгдэгч Г.У,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг /цахимаар/
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ут холбогдох эрүүгийн 1919002000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг Хушаат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хотхоны 7-50 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г-ын У, /РД:МС91022012/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 сарын 12-наас 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Янжинхоролтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид кемпээс гарч Сайншандад ирсэн. Тэгээд бид караокед орж, дараа нь бааранд орж архи пиво захиалж уусан. Янжинхорлоо согтчихоод өмднөөс татаад дайрахаар нь үүнийг аваач гэж хэлээд удаагүй бид явцгаасан. Явж байх замдаа биднийг элдвээр хэлсэн. Гуйлгачин, би дансандаа мөнгөтэй гэх зэргээр доромжилсон. Энэ үед би чам шиг янхантай унтахгүй гээд хэлээд бид хоёр маргалдсан. Би цохиж бариагүй. Харин Анхцэцэг дундуур ороод Янжинхоролтой хэрэлдээд машинаас бууж үс гэзэгнээсээ зулгаалдаад байсан. Урьд нь Янжинхорол бид хоёрт муудалцсан зүйл байхгүй. Эхлээд кемпээс хөдлөхөд би машин барьсан. Караокегоос гараад Даариймаа барьсан. Баарнаас гараад Даариймаа барьсан. Тэгээд сэнсний тэнд очоод Янжинхорол, Анхаа хоёр маргалдсан. Яагаад намайг Янжинхоролыг цохисон болгох гээд байгаа юм болоо бодож байна. Би хийгээгүй хэргээ хүлээмээргүй байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Янжинхоролын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 05 сарын 12-ны өдөр 21 цагийн үед ажлынхаа Анхцэцэг, Даариймаа, Бямбадорж, Дарьбазар, Ууганбаатар нартай хамт машинтай Сайншанд руу орсон юм. ...Бид нар аймагт ирэхдээ компанийн машинтай явсан бөгөөд Даариймаа тухайн машиныг жолоодоод явсан. Аймгаас явахдаа Ууганбаатар машин жолоодоод би жолоочийн хажуу талын суудалд суусан. Арын суудалд Даариймаа, Анхцэцэг, Дарьбазар, Бямбадорж нар сууж явсан. Замдаа би Ууганбаатарт чи олон эмэгтэй хүнийг гомдоох юм бол үр хүүхэд нь тэрийг төлдөг гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгтэл Ууганбаатар согтуу миний үр хүүхэд яахаар төлдөг юм гэж уурлаад машинаа зогсоогоод миний хамар луу цохисон. Миний хамраас цус гарсан. Би нүүрээ дараад байж байтал Анхцэцэг аятайхан явчихгүй гичий чинь гээд машинаас бууж ирээд намайг татаад машинаас буулгаад хувцас хунараас зуурч, нүүр ам самардаж, үсдэж дайрсан. Би ч өөрийгөө хамгаалж эсэргүүцсэн. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Аймгийн эмнэлэгт 2019 оны 05 сарын 13-аас 20 хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа гаднаас хоол унд зарим тариа авч, байсан. ...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний ор хоног, хамрын муруйг хувийн эмнэлэгт тэгшлүүлсэний зардал, MRI зураг авахуулсан, мөн хоол унд, эм тарианы зардал нийт 1.300.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх 39-42, 74-75 ху/,
-Гэрч А.Даариймаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...сүүлд баарнаас архи аваад ажлын байр луугаа явж байх явцдаа Янжинхорол эхлээд Ууганбаатартай муудаж маргалдсан. Тэр үед Янжинхорол би мөнгөтэй хүн л гээд байсан. Тэгээд тэр асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Мөн Ууганбаатарт Янжинхорол хүүхэд чинь юу гэлээ тэрийг би сайн санахгүй байна. Ямар ч байсан хүүхдийнх нь талаар нь юм хэлсэн. Тэгтэл Ууганбаатар уурлаад л хоорондоо муудаж маргалдаж эхэлсэн. Тэр үед Анхцэцэг хажуугаас нь чи одоо боль доо гэж хэлсэн чинь бас Анхцэцэгийг чамд хамаагүй гээд маргалдаж эхэлсэн. Тэр хоёр маргалдаад хоорондоо бие биенээсээ зууралдаад байсан гэсэн мэдүүлэг /хх 43-44 ху/,
-Гэрч Н.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 05 сарын 12-ны орой ажлаас буучихаад 23 цагийн үед манай байгууллагын машинтай Даариймаа машин бариад зүүн гар талд Янжинхорол, суугаад ар талд нь Анхцэцэг, Дарьбазар, Ууганбаатар бид 4 суугаад аймгийн төв рүү орж ирээд Номин нэртэй худалдааны төвийн баруун урд байрлах Сидней караокед орцгоогоод ойролцоогоор 6 шил пиво, 1 шил 0.5 литрийн архи, 1 шил 0.75 литрийн архи захиалж аваад ууцгаасан, караокед 2 цаг суусан. Би караокегоос гараад тасраад унтаад өгсөн. Тэгээд явж байхад чанга чанга дуугарцгаагаад хоорондоо муудаад байх шиг байсан. Намайг сэрэхэд Анхцэцэг, Янжинхорол хоорондоо муудалцаж байсан. Тэгээд машинаа зогсоогоод тэр хоёрыг зайтай суулгаад цааш хөдлөөд явахад явах замдаа Ууганбаатар, Янжинхорол хоорондоо хэрэлдсэн. Би яг тэр үед машины арын суудал дээр унтаж байсан учраас мэдээгүй. Хоорондоо муудаж, маргалдаад хэрэлдээд байхаар нь сэрсэн. Намайг сэрснээс хойш бие бие рүүгээ дайрч гар хүрсэн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 52-53 ху/,
-Гэрч Э.Анхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...машиндаа бөөнөөрөө суугаад явж байтал Янжинхорол Ууганбаатарыг гуйлгачин, чамд юу ч мөнгө байхгүй шүү дээ гэх мэт үг хэлээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоолгоод машинаас буугаад Янжинхоролыг машинаас татаж буулгахад Янжинхоролын өмсөж явсан куртик урагдсан гэсэн мэдүүлэг /хх 60 ху/,
-Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Янжинхорол гэх өвчтөний түүхээс үзэхэд нүүрний зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт гэсэн оноштойгоор мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн байна. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн рентген зураг дээрээс харахад судасны зураглал тодорсон, баруунаас зүүн тийш чиглэсэн хамрын таславчийн муруйлттай харагдаж байна. Тухайн үед нүүрэн дээрээ маажсан шархтай, хамар хэсгээрээ хөхөрсөн харагдаж байсан санагдаж байна гэсэн мэдүүлэг /хх 61 ху/,
-Гэрч Т.Гантамирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр би мэс заслын жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр өглөө үүрээр салхин сэнсний орчим бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэй эмэгтэй хүн ирж үзүүлсэн. Үзэхэд бол духны хэсэгт маажигдсан шархтай, хамар хавдсан хөхөрсөн, зүүн талын мөрний үеэр хөдөлгөхөд эмзэглэлтэй, зүүн өвдөгний орчим эмзэглэлтэй, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Тухайн үед рентген зураг авхуулахыг зөвлөсөн боловч тог тасарсан байсан учир рентген зургийг тэр дор нь авхуулаагүй гэсэн мэдүүлэг /хх 62-64 ху/,
-Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 05 сарын дундуур санаж байна. Манай ажилтан Ууганбаатар, Дарьбазар, Дайриймаа, Анхцэцэг, Бямбадорж, Янжинхорол нар аймгийн төв орно гээд явцгаасан. Тэгээд шөнө нь согтуу ирцгээсэн байсан. Би тэд нарыг кемп дээр ирэхэд уулзаагүй. Машин ирж зогсоод шуугилдаад гэр лүүгээ орж байгаа чимээ сонсогдсон. Маргааш нь кемп дээр байсан Янжинхоролын машин байхгүй, Янжинхорол өөрөө байхгүй байсан болохоор би тогооч Анхцэцэгээс Янжинхоролыг асуухад урд шөнө Янжинхорол согтоод хүмүүсийн өмд рүү гараа хийгээд заваараад байсан. Тэгээд маргалдаад Янжинхорол шөнө машинаа унаад явсан гэж ярьж байсан. Хэнтэй маргаж муудсан талаар тодорхой зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би Ууганбаатар, Дарьбазар, Дайриймаа, Бямбадорж нартай уулзаж, ямар асуудал болсон талаар асуухад Янжинхоролтой маргаж муудсан гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй. 2-3 хоногийн дараа Ууганбаатар надад Янжинхорол согтчихоод хүн хүний өмд рүү гараа хийгээд маяглаад байхаар нь нэг алгадсан юм гэж хэлсэн. ...Тухайн үед Янжинхоролыг Ууганбаатар алгадсан, тэгээд цагдаад өгсөн гэсэн ам дамжсан яриа гарсан байсан. Хэнээс тийм яриа гарсныг мэдэхгүй. ...Би худлаа мэдүүлэг өгөөгүй. Өөрийн сонссон зүйлээ л Ууганбаатарыг надад хэлсэн гэж бодоод мэдүүлэг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 79-80, 194-195 ху/,
-Гэрч Т.Цагааннохойгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 05 сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл аймгийн цагдаагийн газрын ерөнхий жижүүрээр ажилласан юм. 2019 оны 05 сарын 13-ны өдөр буюу өглөөний 04-05 цагийн орчимд байх. Үүр цайж байхад 7052102 дугаарын утас руу яг утасны дугаарыг нь санахгүй байна. Нэг эмэгтэй залгаад би ажлынхаа байран дээр 2 хүнд зодуулчихлаа гэхээр нь би ажил чинь хаана юм бэ гэсэн чинь Сайншандаас 10-аад км газарт байдаг зам засварын компанид ажилладаг юм. Одоо бол Сайншандад байна гэхдээ Сайншандыг сайн мэдэхгүй болохоор Номин худалдааны төвийн гадна машин дотроо сууж байна гэхээр нь би жижүүрийн жолооч Чулуунбатын хамтаар Номин дэлгүүрийн зогсоол дээр жижиг суудлын машин байсан. Би машиных нь марк өнгийг санахгүй байна. Ямар ч байсан муухан л машин байсан. Машинаасаа буугаад очиход тухайн эмэгтэй жолооныхоо хүрдний ард суучихсан, архи үнэртсэн байдалтай байсан. Уг хүүхний хамар бага зэрэг хавдсан, түүнийхээ дээр нь ч билүү маажуулсан бололтой гэмээр хумсны шархтай байсан. Мөн сааралдуу шиг санаж байна. Куртикных нь синтофонууд ил гарчихсан урагдсан бололтой байсан гэсэн мэдүүлэг /хх 81-82 ху/,
-Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мөрдөгчийн тогтоолд хамт ирүүлсэн Б.Янжинхорол гэх хүний биед үзлэг эмчилгээ хийсэн бичиг баримтыг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан. Уг эмнэлгийн бичиг баримтад Янжинхоролын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын цус хуралт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд тус бүрдээ хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Иргэн Б.Янжинхоролын биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамрын цус хуралт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /хх 45-46, 119-120 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0270 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.Янжинхоролын бид тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын цус хуралт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын цус хуралт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 10 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх 11-14 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 77 ху/,
-Г.Уыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 99-110 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/ зэрэг
-Хохирогч гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 186-193 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.У нь 2019 оны 05 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Янжинхоролтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Янжинхоролын 2019 оны 06 сарын 23-ны өдөр өгсөн “...Би 2019 оны 05 сарын 12-ны өдөр 21 цагийн үед ажлынхаа Анхцэцэг, Даариймаа, Бямбадорж, Дарьбазар, Ууганбаатар нартай хамт машинтай Сайншанд руу орсон юм. ...Бид нар аймагт ирэхдээ компанийн машинтай явсан бөгөөд Даариймаа тухайн машиныг жолоодоод явсан. Аймгаас явахдаа Ууганбаатар машин жолоодоод би жолоочийн хажуу талын суудалд суусан. Арын суудалд Даариймаа, Анхцэцэг, Дарьбазар, Бямбадорж нар сууж явсан. Замдаа би Ууганбаатарт чи олон эмэгтэй хүнийг гомдоох юм бол үр хүүхэд нь тэрийг төлдөг гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгтэл Ууганбаатар согтуу миний үр хүүхэд яахаар төлдөг юм гэж уурлаад машинаа зогсоогоод миний хамар луу цохисон. Миний хамраас цус гарсан. Би нүүрээ дараад байж байтал Анхцэцэг аятайхан явчихгүй гичий чинь гээд машинаас бууж ирээд намайг татаад машинаас буулгаад хувцас хунараас зуурч, нүүр ам самардаж, үсдэж дайрсан”, 2020 оны 01 сарын 26-ны өдөр өгсөн “...аймгаас явахдаа Ууганбаатар машин жолоодоод би жолоочийн хажуу талын суудалд суусан.. Арын суудалд Даариймаа, Анхцэцэг, Дарьбазар, Бямбадорж нар сууж явсан. Замдаа би Ууганбаатарт чи олон эмэгтэй хүнийг гомдоох юм бол үр хүүхэд нь тэрийг төлдөг гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгтэл Ууганбаатар согтуу яахаараа миний үр хүүхэд төлдөг юм гэж уурлаад машинаа зогсоогоод миний хамар руу цохисон. Миний хамарнаас цус гарсан. Би нүүрээ дараад байж байтал Анхцэцэг аятайхан явахгүй гичий чинь гээд машинаас татаж буулгаад хувцас хунараас зуурч нүүр ам самардаж үсдэж дайрсан”, 2020 оны 06 сарын 15-ны өдөр өгсөн “...би Ууганбаатарыг найзаа чи жоохон аятайхан байсан нь дээр байх аав хүн янз бүрийн асуудалд ороод байвал охин хүүхэд төлдөг юм гэнэ лээ, жоохон замбараатай байхгүй бол гэхэд миний хүүхэд яахаараа төлдөг юм гээд баруун гараадаа миний хамар руу нэг удаа цохисон, би ёоё хамраас цус гарчихлаа гээд хамраа дараад орилсон. Тэгэхэд Анхцэцэг аятайхан яв гээд байхад яах гээд байгаа гичий вэ гээд машины араас буугаад миний хаалгыг онгойлгоод куртикнээс татаад үсдээд машинаас буулгасан. ...Эмнэлэгт хэвтсэний маргааш нь Ууганбаатар, Дарьбазар, Бямбадорж, Анхцэцэг нар надтай ирж уулзсан. Бүгдээрээ намайг өргөдлөө буцаагаад авчих компаниас эмчилгээний зардлыг өгнө гэж байна, бид бас эмчилгээний зардлыг өгье гэхээр нь ...биеэ эмчлүүлнэ, хуультай орон шүү гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд, гэрч А.Даариймаагийн “...баарнаас архи аваад ажлын байр луугаа явж байх явцдаа Янжинхорол эхлээд Ууганбаатартай муудаж маргалдсан. Тэр үед Янжинхорол би мөнгөтэй хүн л гээд байсан. Тэгээд тэр асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Мөн Ууганбаатарт Янжинхорол хүүхэд чинь юу гэлээ тэрийг би сайн санахгүй байна. Ямар ч байсан хүүхдийнх нь талаар нь юм хэлсэн. Тэгтэл Ууганбаатар уурлаад л хоорондоо муудаж маргалдаж эхэлсэн. Тэр үед Анхцэцэг хажуугаас нь чи одоо боль доо гэж хэлсэн чинь бас Анхцэцэгийг чамд хамаагүй гээд маргалдаж эхэлсэн. Тэр хоёр маргалдаад хоорондоо бие биенээсээ зууралдаад байсан” гэсэн /хх 43-44 ху/, гэрч Н.Бямбадоржийн “...аймгийн төв рүү орж ирээд Номин нэртэй худалдааны төвийн баруун урд байрлах Сидней караокед орцгоогоод ойролцоогоор 6 шил пиво, 1 шил 0.5 литрийн архи, 1 шил 0.75 литрийн архи захиалж аваад ууцгаасан, караокед 2 цаг суусан. Би караокегоос гараад тасраад унтаад өгсөн. Тэгээд явж байхад чанга чанга дуугарцгаагаад хоорондоо муудаад байх шиг байсан. Намайг сэрэхэд Анхцэцэг, Янжинхорол хоорондоо муудалцаж байсан. Тэгээд машинаа зогсоогоод тэр хоёрыг зайтай суулгаад цааш хөдлөөд явахад явах замдаа Ууганбаатар, Янжинхорол хоорондоо хэрэлдсэн. Хоорондоо муудаж, маргалдаад хэрэлдээд байхаар нь сэрсэн” гэсэн /хх 52-53 ху/, гэрч Э.Анхцэцэгийн “...машиндаа бөөнөөрөө суугаад явж байтал Янжинхорол Ууганбаатарыг гуйлгачин, чамд юу ч мөнгө байхгүй шүү дээ гэх мэт үг хэлээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоолгоод машинаас буугаад Янжинхоролыг машинаас татаж буулгахад Янжинхоролын өмсөж явсан куртик урагдсан” гэсэн /хх 60 ху/, гэрч Д.Гантулгын “...Янжинхорол гэх өвчтөний түүхээс үзэхэд нүүрний зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт гэсэн оноштойгоор мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн байна. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн рентген зураг дээрээс харахад судасны зураглал тодорсон, баруунаас зүүн тийш чиглэсэн хамрын таславчийн муруйлттай харагдаж байна. Тухайн үед нүүрэн дээрээ маажсан шархтай, хамар хэсгээрээ хөхөрсөн харагдаж байсан санагдаж байна” гэсэн /хх 61 ху/, гэрч Т.Гантамирын “...өглөө үүрээр салхин сэнсний орчим бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэй эмэгтэй хүн ирж үзүүлсэн. Үзэхэд бол духны хэсэгт маажигдсан шархтай, хамар хавдсан хөхөрсөн, зүүн талын мөрний үеэр хөдөлгөхөд эмзэглэлтэй, зүүн өвдөгний орчим эмзэглэлтэй, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан” гэсэн /хх 62-64 ху/, гэрч Б.Ганзоригийн “...Манай ажилтан Ууганбаатар, Дарьбазар, Дайриймаа, Анхцэцэг, Бямбадорж, Янжинхорол нар аймгийн төв орно гээд явцгаасан. Тэгээд шөнө нь согтуу ирцгээсэн байсан. ...Маргааш нь кемп дээр байсан Янжинхоролын машин байхгүй, Янжинхорол өөрөө байхгүй байсан болохоор би тогооч Анхцэцэгээс Янжинхоролыг асуухад урд шөнө Янжинхорол согтоод хүмүүсийн өмд рүү гараа хийгээд заваараад байсан. Тэгээд маргалдаад Янжинхорол шөнө машинаа унаад явсан гэж ярьж байсан. ...2-3 хоногийн дараа Ууганбаатар надад Янжинхорол согтчихоод хүн хүний өмд рүү гараа хийгээд маяглаад байхаар нь нэг алгадсан юм гэж хэлсэн. ...Тухайн үед Янжинхоролыг Ууганбаатар алгадсан, тэгээд цагдаад өгсөн гэсэн ам дамжсан яриа гарсан байсан. Хэнээс тийм яриа гарсныг мэдэхгүй. ...Би худлаа мэдүүлэг өгөөгүй өөрийн сонссон зүйлээ л Ууганбаатарыг надад хэлсэн гэж бодоод мэдүүлэг өгсөн байгаа” гэсэн /хх 79-80, 194-195 ху/, гэрч Т.Цагааннохойгийн “...Нэг эмэгтэй залгаад би ажлынхаа байран дээр 2 хүнд зодуулчихлаа гэхээр нь би ажил чинь хаана юм бэ гэсэн чинь Сайншандаас 10-аад км газарт байдаг зам засварын компанид ажилладаг юм. Одоо бол Сайншандад байна гэхдээ Сайншандыг сайн мэдэхгүй болохоор Номин худалдааны төвийн гадна машин дотроо сууж байна гэхээр нь би жижүүрийн жолооч Чулуунбатын хамтаар Номин дэлгүүрийн зогсоол дээр жижиг суудлын машин байсан. ...Машинаасаа буугаад очиход тухайн эмэгтэй жолооныхоо хүрдний ард суучихсан, архи үнэртсэн байдалтай байсан. Уг хүүхний хамар бага зэрэг хавдсан, түүнийхээ дээр нь ч билүү маажуулсан бололтой гэмээр хумсны шархтай байсан” гэсэн /хх 81-82 ху/, шинжээч эмч Э.Анхбаярын “...Янжинхоролын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын цус хуралт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд тус бүрдээ хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн /хх 45-46, 119-120 ху/ мэдүүлгүүд, хохирогчийг гэрч А.Бямбадоржтой нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 186-188 ху/, хохирогчийг яллагдагч Г.Утай нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 190-193 ху/, хохирогчийг гэрч Д.Дарьбазартай нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 197-199 ху/, хохирогчийг гэрч А.Даариймаатай нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 200-203 ху/, хохирогчийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0270 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт “...Явж байх замдаа биднийг элдвээр хэлсэн. Гуйлгачин, би дансандаа мөнгөтэй гэх зэргээр доромжилсон. Энэ үед би чам шиг янхантай унтахгүй гээд хэлээд бид хоёр маргалдсан. Би цохиж бариагүй. Харин Анхцэцэг дундуур ороод Янжинхоролтой хэрэлдээд машинаас бууж үс гэзэгнээсээ зулгаалдаад байсан. ...сэнсний тэнд очоод Янжинхорол, Анхаа хоёр маргалдсан. Яагаад намайг Янжинхоролыг цохисон болгох гээд байгаа юм болоо бодож байна. Би хийгээгүй хэргээ хүлээмээргүй байна” гэсэн мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч “...хохирогч нь удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь тогтворгүй” гэж тайлбарлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байна.
Гэвч шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн удаа дараагийн “Г.Уыг нүүрэн тус газар нь цохисон” талаар өгсөн тогтвортой мэдүүлгүүд, тухайн үед машин дотор болсон үйл баримтын талаар тодруулбал Г.У, Б.Янжинхорол нарыг маргалдаж байсан талаар гэрч А.Даариймаа, Н.Бямбадорж, Э.Анхцэцэг, Д.Дарьбазар нарын өгсөн мэдүүлгүүд, мөн гэрч Б.Ганзоригийн “...2-3 хоногийн дараа Ууганбаатар надад Янжинхорол согтчихоод хүн хүний өмд рүү гараа хийгээд маяглаад байхаар нь нэг алгадсан юм гэж хэлсэн. ...Тухайн үед Янжинхоролыг Ууганбаатар алгадсан, тэгээд цагдаад өгсөн гэсэн ам дамжсан яриа гарсан байсан. Хэнээс тийм яриа гарсныг мэдэхгүй. ...Би худлаа мэдүүлэг өгөөгүй” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсаныг тогтоосон 02/0270 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Г.Уыг хохирогчид тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад” Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Аймгийн эмнэлэгт 2019 оны 05 сарын 13-аас 20 хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа гаднаас хоол унд зарим тариа авч, байсан. ...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний ор хоног, хамрын муруйг хувийн эмнэлэгт тэгшлүүлсэний зардал, MRI зураг авахуулсан, мөн хоол унд, эм тарианы зардал нийт 1.300.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгийг өгч байсан боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” нь тогтоогдвол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар хуульчилсан.
Шүүгдэгч Г.Уын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүхийн шатанд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Ууганбаатарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан тул шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хохирогч Б.Янжинхоролд шүүх хуралдааны тов мэдэгдэхээр 91040800, 99988361, 80113185, 86122808, 90155851 дугаарууд руу залгахад “холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан” гэх хариу өгсөн, мөн хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо 127-4-19 тоот хаягаар шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч хаягтаа амьдардаггүй болох нь тус хорооны засаг даргын 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 66 тоот албан бичгээр, мөн Баянзүрх дүүргээс баг хоорондын шилжилт хөдөлгөөний бүртгэлээр шилжин явсан боловч тухайн оршин суух газраа шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй, тодорхой хаяггүй болох нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 605 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон тул хохирогчийг оролцуулалгүй шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хар өнгийн гадуур хувцсыг устгаж, мөн битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хошууд овогт Ганбаатарын Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Г.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гадуур хувцсыг устгасугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Янжинхорол нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА