Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

                                  

    2021         08          11                                    2021/ШЦТ/111

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

         Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Г,

         Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ахин-Ундрах,

         Шүүгдэгч Н.М,

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Ю.Нямсүрэн /цахимаар/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Н.М нарт холбогдох эрүүгийн 2119000000128 дугаартай дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 10 сарын 18-ны өдөр Дорноговь аймаг Алтанширээ суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, Өвөө, эмээ, эгч нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчигийн 10 гудамж 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Г, /РД:ЕБ03301817/.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 09 сарын 27-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Гантулга Трейд ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 6 дугаар баг дампилийн гудамж 16а-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Н-ын М, регистрийн дугаар: /ЕЮ01292717/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Б.Г, М.Мөнхбаатар нар нь бүлэглэж Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын урд зогсоолд 2021 оны 06 сарын 06-наас 07-нд шилжих шөнө хохирогч М.Өсөхбаярын эзэмшлийн 08-82 ДГС улсын дугаартай CHASER маркийн автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         -Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би тухайн үед пиво уусан. Үйлдлээ ухамсарлах чадвартай байсан. Өсөхбаяртай өс хонзон байгаагүй. Машин мөргөхөөр л уурласан. Зүйл ангийг зөвшөөрч байгаа. Хэргийн хувьд маргахгүй. Хохирлоо төлсөн. Ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,

 

         -Шүүгдэгч Н.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би хоёр толийг нь эвдэлсэн. Би машиндаа зүв зүгээр сууж байсан. Машин мөргөхөөр уурласан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн. Хохирлыг бид хоёр хувааж барагдуулсан. Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрч байгаа Би Ганхүслэнг ураа татаад байдаггүй. Бид хоёр найз гэсэн мэдүүлэг,

 

          -Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би эмээ нь. Ганхүслэн бүр багаасаа над дээр өссөн. Найзуудтайгаа хааяа гардаг. Архи дарс уудаггүй. Хохирол 185.000 төгрөг төлсөн. Энэ хэргээс хойш хааяа гадуур гардаг. Би хяналт тавьж, хэлж байгаа. Гайгүй байгаа гэсэн мэдүүлэг,

 

          -Хохирогч М.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн залуучууд намайг зодох гэж байсан болохоор би машинаас бууж зугтаасан. Би зугтаагаад найз Нямдаваагийн гэрт очиж найзыгаа аваад эргээд 04.00 цаг болж байхад сааданд ирэхэд манай найз охины найз Гэрэлээ ганцаараа байж байсан. Гэрэлээ чиний машин будаа болчихсон гэж хэлэхээр нь машин дээрээ очтол тухайн залуучууд миний машины бүх шилийг хагалсан гэрлүүдийг хагалсан жолоочийн эсрэг талын урд хаалгыг эвдэлсэн байсан. Тухайн үед би өөрийн машиныг жолоодож хөдлөхдөө жолоочийн эсрэг талын хаалга нээлттэй хөдлөөд хажууд хашиж зогссон байсан машиныг хаалгаараа шүргээд миний машины хаалга хөшигдсөн хаалга болон гүперт учирсан гэмтэл тухайн үед үүссэн байх гэж бодож байна. Харин машины цонхнууд, гэрэл дохио, толь зэргийг тухайн залуучууд эвдэлсэн байсан. ...хүний машин шүргэж хаалга арагшаа хөшигдөж үүссэн болохоор нэхэмжлэхгүй. Машинд учирсан бусад эвдрэлийн үнэ болох 650.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн машины эвдрэлийн үнэлгээ гаргуулахад зарцуулсан 76.000 төгрөгийг нэхэмжилнэ. Үүнд гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээнд 8.000 төгрөг, автомашины эвдрэлийн үнэлгээнд 68.000 төгрөг тус тус зарцуулсан. Ингээд би нийт 726.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 18-19, 21 ху/,

 

            -Гэрч М.Бүжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би өөрийн найз залуу Өсөхбаярт төв сааданд байна ирээд авчих гэж хэлсэн байсан. Удалгүй манай найз залуу Өсөхбаяр өөрийнхөө машинтай сумын тамгын газрын урд зогсоолд ирээд зогстол жижиг Гантулга машинаа хөдөлгөөд машиных нь ард тавиад машинаасаа бууж Өсөхбаяртай уулзаж байсан араас нь Ганхүслэн очоод маргаад байх шиг харагдсан тэгтэл өндөр Гантулга очоод Өсөхбаярыг машинд сууж байхад нь өшиглөсөн. Тэгтэл Идэрболд Өсөхбаярыг араас нь татаад аваад явсан. Ганхүслэн Өсөхбаярыг машины жолоочийн эсрэг талын хаалгыг нээгээд Өсөхбаярыг өшиглөж байсан. Би та хэд яагаад байгаа юм бэ болиоч ээ гэж хэлсэн боловч миний үгийг авахгүй байсан. тэгтэл Өсөхбаяр машинаа асаагаад ухраад жижиг Гантулгын машиныг мөргөөд эргэж урагшлаад дахиад ухраад мөргөчихсөн. Тухайн үед жижиг Гантулга Өсөхбаярын машины ард машиныг нь гарах боломжгүйгээр тулгаад тавьсан байсан. ...тэд нар Өсөхбаярыг машин мөргөлөө гэж бөөнөөрөө ирэх үед Өсөхбаяр машинаасаа бууж зугтаасан. Өсөхбаярыг зугтаасны дараа Ганхүслэн жижиг Гантулгыг машинаас дорцов аваад машиных нь бүх цонхыг цохиж хагалаад мөн гэрлүүдийг нь цохиж хагалсан. Мөнхбаатар жолооч талын толийг өшиглөж хугалаад жолооч талын хаалгыг хойшоо саваад байсан. Ганхүслэн, жижиг Гантулга, том Гантулга, Мөнхбаатар нар бүгдээрээ машиныг тойроод хаалга руу нь өшиглөөд байсан. Ямар асуудлаас болж маргаж муудсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 25-26 ху/,

 

           -Гэрч Г.Болорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өсөхбаярыг машинтай ирж зогссоны дараа машин жолоодон явсан Гантулга гэх залуу машинаа хөдөлгөөд Өсөхбаярын машиныг хааж зогсоод Өсөхбаяртай очиж уулзаж байсан. Тэгтэл араас нь Ганхүслэн очоод маргаад байх шиг байхаар нь би очоод Ганхүслэнг яах гээд байгаа юм гэж арагшаа татаж холдуулаад Гэрэлмаа Бүжинлхам хоёр дээр очих гээд явсан. Намайг явж байхад ард бужигналдаад байсан. Буцаж гүйж очиход Өсөхбаяр машинаа асаагаад ухраад Гантулга гэх залуугийн машиныг мөргөчихсөн. Хоёр ч удаа мөргөсөн байх. Өсөхбаярыг машинтай ухрах үед жолоочийн эсрэг талын хаалга нь нээлттэй Мөнхбаатарын машиныг хаалгаараа цохичих шиг болсон. Өсөхбаярын машин гарч багтахгүй байсан болохоор эргэж урагшаа зогсоод жолооч талын хаалга түгжих шиг болсон. Тэгтэл машин жолоодож явсан Гантулга машиных нь арын хаалгыг нээгээд машинд орсон. Тэд нар бүгд машин мөргөлөө ална гээд дайрах гээд байсан.  ...Ганхүслэн, жолооч Гантулга, нөгөө Гантулга, Мөнхбаатар, Өлзийхүү нар бүгд нийлж Өсөхбаярын машиныг эвдэлсэн. Хэн хэн нь юуг эвдэлсэн талаар би сайн мэдэхгүй байна. Бүгд л тойроод өшиглөөд зарим нь юмаар цохиод байсан  гэсэн мэдүүлэг /хх 28-29 ху/,

 

           -Гэрч Б.Анударийн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Бүжинлхамын найз гэх цагаан өнгийн машинтай залуу ирж зогссон. Тухайн машинтай залуу бид нартай хамт явсан залуучуудтай уулзаж байгаад хоорондоо муудаад байх шиг харагдсан. ...нэг харахад машинтай ирсэн залуу нь машинаа асаагаад хойшоо ухрах гэж байгаад ард нь байсан машиныг мөргөөд эргэж урагшлаад зогссон. Түүний дараа тэнд байсан залуучууд бүгд машиныг нь тойроод Бүжинлхамын найз залууг зодох гээд байсан, тэгж байтал Бүжинлхамын найз залуу зугтаачихсан. Бүжинлхамын найз залуу зугтаасны дараа тухайн залуучууд бүгд машиных нь цонх шилийг хагалаад машиныг нь өшиглөөд байсан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

 

            -Гэрч Н.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Бүжинлхамын найз залуу Өсөхбаяр ирж байгаа харагдсан. Тэгтэл нэг мэдэхэд тэд нар бужигналдаад хоорондоо муудсан. Тэд нарыг муудах үед бид нар очоод больцгоо гэсэн боловч үгэнд орохгүй байсан. ...Өсөхбаяр машинаасаа гараад зугтаасны дараа тэнд байсан залуучууд машиных нь цонх шилийг хагалаад өшиглөөд байсан. Идэрболд тэд нарыгаа хориод байсан боловч сүүлдээ дийлдэхгүй болохоор нь над дээр ирээд бид хоёр хамт зогсож байсан. ...Миний харснаар нэг залуу машины дорцов барьчихсан машины шилийг цохиж хагалж байсан гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

 

          -Гэрч Э.Өлзийхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...тухайн үед бид Мөнхбаатар, Гантулга хоёрын машинтай явсан. ...Сайншанд сумын засаг даргын тамгын газрын урд зогсоолд тавиад машиныхаа ойр орчмоор байж байтал цагаан өнгийн суудлын машинтай залуу ирээд зогссон. Тухайн залууг машинтай ирж зогсоход Мөнхбаатар өөрийнхөө машиныг хөдөлгөөд хажууд нь шахаж тавьсан. Би Н.Гантулгын машиныг хөдөлгөж ард нь шахаж тавьсан. Тухайн машины жолоочтой эхлээд Жолооч Н.Гантулга уулзаж байсан, араас нь Ганхүслэн очоод маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Б.Гантулга очоод жолоочийг машиндаа сууж байхад нь хөл рүү нь өшиглөсөн.  Ганхүслэн тухайн машины жолоочийн эсрэг талын хаалгыг нээгээд жолоочийг 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл жолооч машинаа асаагаад ухрах гэж байгаад Н.Гантулгын машиныг ухарч мөргөсөн. Тухайн жолооч машинаа асаагаад хөдлөхөд буруу талын хаалга нь онгорхой байсан болохоор хаалгаараа Мөнхбаатарын машиныг шүргэсэн. Жолоочийг машинаа зогсооход Н.Гантулга машины арын хаалгаар орсон. Тэгтэл жолооч нь удалгүй машинаасаа буугаад зугтаачихсан.  жолоочийн араас Мөнхбаатар, Ганхүслэн хоёр хөөгөөд гүйцээгүй. Жолоочийг зугтаасны дараа Ганхүслэн Н.Гантулгын машины арын багажаас дугуйн дорцов авч машины бүх цонх гэрэл дохиог цохиж хагалсан. Мөнхбаатар машины хоёр толийг өшиглөж хугалсан гэсэн мэдүүлэг /хх 40-41 ху/,

 

          -Яллагдагч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын урд талбайд Өсөхбаяр гэх залуутай маргалдсан. Өсөхбаяр гэх залуутай маргалдтал Өсөхбаяр нь машинтайгаа хөдлөөд манай найз Гантулгын машиныг мөргөөд хажууд нь байсан Мөнхбаатарын машиныг шүргэчхээд машинаасаа буугаад зугтаахаар нь би Мөнхбаатарын хамтаар араас нь гүйсэн боловч гүйцэж чадаагүй. Эргэж ирээд Гантулгын машинаас дугуйн дорцов аваад Өсөхбаярын жолоодон ирсэн машины бүх цонх болон гэрэл дохиог цохиж хагалаад дорцовыг саад руу шидэж хаясан. Намайг машины цонх хагалж байх үед Мөнхбаатар машины жолооч талын толийг хөлөөрөө өшиглөж хугалж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг барагдуулж өгнө гэсэн мэдүүлэг /хх 97-98 ху/,

 

          -Яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Бид машинаасаа буугаад байж байтал цагаан өнгийн машинтай залуу ирээд зогссон. Тухайн залууг машинтай ирж зогсоход би машинаа асаагаад хажууд нь тавьсан. Гантулга машинаа асаагаад ард нь тавьсан. Тухайн машинтай ирсэн залуутай эхлээд Гантулга очиж уулзаж байсан. Дараа нь Ганхүслэн очиж уулзаад тухайн залуутай маргалдсан. Машинтай ирсэн залуу маргалдсаныхаа дараа машинтайгаа хөдөлж зугтаах гэж байгаад хажууд нь зогсож байсан миний машиныг хаалгаараа шүргээд ард нь зогсож байсан Гантулгын машиныг мөргөчхөөд машинаасаа буугаад зугтаахаар нь араас нь Ганхүслэн бид хоёр явган туулгасан боловч гүйцээгүй. Эргэж ирээд Ганхүслэн Гантулгын машинаас дугуйн дорцов аваад машины бүх шил гэрэл, дохиог цохиж хагалсан. Би машины толийг өшиглөж хугалсан. Мөн машиныг гадна талаас нь өшиглөсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 108-109 ху/,

 

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7 ху/,

           -79-30 УНЭ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11 ху/,

           -53-39 СЭҮ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх12-14 ху/,

           -Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 517 дугаартай дүгнэлтэд: Автомашин техникийн үнэлгээ 650.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 65-68 ху/,

 

           -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 123, 128 ху/,

           -Б.Гг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 86-98 ху/,

 

           -М.Мөнхбаатарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 99-109 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Г, М.Мөнхбаатар нар нь бүлэглэж 2021 оны 06 сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын урд зогсоолд хохирогч М.Өсөхбаярын эзэмшлийн 0882 ДГС улсын дугаартай CHASER маркийн автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М, Б.Г нарын “...Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Өсөхбаярын “Тухайн залуучууд намайг зодох гэж байсан болохоор би машинаас бууж зугтаасан. Би зугтаагаад найз Нямдаваагийн гэрт очиж найзыгаа аваад эргээд 04.00 цаг болж байхад сааданд ирэхэд манай найз охины найз Гэрэлээ ганцаараа байж байсан. Гэрэлээ чиний машин будаа болчихсон гэж хэлэхээр нь машин дээрээ очтол тухайн залуучууд миний машины бүх шилийг хагалсан гэрлүүдийг хагалсан жолоочийн эсрэг талын урд хаалгыг эвдэлсэн байсан. Тухайн үед би өөрийн машиныг жолоодож хөдлөхдөө жолоочийн эсрэг талын хаалга нээлттэй хөдлөөд хажууд хашиж зогссон байсан машиныг хаалгаараа шүргээд миний машины хаалга хөшигдсөн хаалга болон гүперт учирсан гэмтэл тухайн үед үүссэн байх гэж бодож байна. Харин машины цонхнууд, гэрэл дохио, толь зэргийг тухайн залуучууд эвдэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 18-19, 21 ху/, гэрч М.Бүжинлхам /хх 25-26 ху/, гэрч Г.Болорчимэг /хх 28-29 ху/, гэрч Б.Анударь /хх 31 ху/, гэрч Н.Гэрэлтуяа /хх 33 ху/, гэрч Э.Өлзийхүү /хх 40-41 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

        Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.        

 

         Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г, М.Мөнхбаатар нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй  болохыг дурьдах нь зүйтэй.  

 

 Хохирогч М.Өсөхбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд “Машинд учирсан бусад эвдрэлийн үнэ болох 650.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн машины эвдрэлийн үнэлгээ гаргуулахад зарцуулсан 76.000 төгрөг, гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээнд 8.000 төгрөг, автомашины эвдрэлийн үнэлгээнд 68.000 төгрөг, нийт 726.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгийг өгсөн ба шүүгдэгч нар нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь 185.000 төгрөгийг 2021 оны 07 сарын 24-ний өдөр, 538.000 төгрөгийг 2021 оны 07 сарын 23-ны өдөр тус тус шилжүүлсэн баримтаар нотлогдож байх тул  хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзнэ.

 

          Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

          Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Б.Г, Н.М нарт Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Ө овгийн Н-ын М, насанд хүрээгүй шүүгдэгч Б овгийн Б-ын Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

           5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА