| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0382/З |
| Дугаар | 443 |
| Огноо | 2019-07-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 443
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан Ц.О-ын нэхэмжлэлтэй, У.У.Х.Ү.Я.Т.Н.Б.Д-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.
Нэхэмжлэгч: Ц.О
Хариуцагч: У.У.Х.Ү.Я.Т.Н.Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Ц.О-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг У.У.Х.Ү.Я.Т.Н.Б.Д-д даалгах, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын "Ажилд томилох тухай" 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгуулах.”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Нэхэмжлэгч Ц.О миний бие 2016 оны 08 дугаар сараас эхлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 370 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсаны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлахад “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ын орон тоонд ямар ч өөрчлөлт ороогүй ба газрын дарга 1, бусад мэргэжилтэн 6, нийт 7 орон тоо нь хэвээр батлагдсан. Би ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, Үр дүнгийн гэрээгээ жил бүр дунджаас дээш буюу 90-ээс дээш хувьтай үнэлүүлж, ажил үүргээ хангалттай түвшинд гүйцэтгэж байсан. Гэтэл хариуцагч албан тушаалтан нь дээрх шийдвэрүүдийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144 дүгээр тушаалыг гаргаж, тус яамны нийт албан тушаалтнуудыг чөлөөлсөн боловч миний эрхэлж байсан албан тушаал, ажил үүрэг хэвээр хадгалагдсаар байхад “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ын албан тушаалд буцаан томилохгүйгээр орхиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагч албан тушаалтны үйлдлийг хууль бус гэж үзэж байна.
Мөн иргэн намайг эрхэлж байсан “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ын албан тушаалд буцаан томилохгүйгээр орхисон үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, 27.2.3-д эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэсэн заалтуудтай ч нийцэхгүй байгаа болно.
Нөгөө талаар хариуцагч албан тушаалтан нь дээрх албан тушаалд буцаан томилохгүйгээр орхих ямар үндэслэл шалтгаан байгаа тухай надад огт мэдэгдээгүй, Г.Г гэгч томилогдсон тухай хожим бусдаас сонссон болно.
Учир байдлыг тодруулахад Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05/11233 дугаар албан бичгээр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу Г.Гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах боломжгүй талаарх албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсээр байхад хариуцагч Төрийн нарийн бичгийн дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/165 дугаар тушаал гаргаж, миний оронд Г.Г гэгчийг томилсон байлаа.
Түүнчлэн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх үндэслэлээр сонгон шалгаруулалт явуулах тухай хэнд ч мэдэгдээгүй, ийм ч үндэслэл байхгүйгээс гадна Төрийн төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ”.. сул орон тоо" гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулсан мэтээр харагдуулж, Г.Г гэгчийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байранд дэвшүүлэх тухай 200 дугаар тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргуулж томилох ажиллагааг нууцаар хийсэн гэж хардаж байна.
Хариуцагч албан тушаалтан намайг албан тушаалд буцаан томилоогүй үйлдлийнхээ талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсгох үйл ажиллагааг хийгээгүй, ажлаас чөлөөлсөн шийдвэрээ гардуулж өгөөгүй, ажлыг хүлээн авсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдэж, ажил хүлээн авах комиссоос тушаалын хуулбар хувийг гуйж авсан.
Энэ дагуу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан боловч надад мэдэгдэхгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Өргөдөл хянан шалгуулах тухай” 137 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбар зөвлөлд миний гомдлыг шилжүүлснийг хожим буюу 02 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн болно.
Салбар зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс миний гомдлыг 30 хоногийн дотор буюу 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэхэд шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй атлаа ямар ч хариу өгөөгүй тул 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц ын О ийн нэхэмжлэлтэй, У.У.Х.Ү.Я.Т.Н.Б.Д-д холбогдох “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Ц.О-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэхтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг өгч байна.
1. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 370 дугаар тогтоол батлагдан гарсан.
2. "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 2018 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай" Б/144, “Ажил, албан тушаалд томилох тухай" Б/146 дугаар тушаал тус тус батлагдаж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.3-т заасны дагуу сонсгох ажиллагааг нийт албан хаагчдад зохион байгуулсан.
3. Төрийн албаны тухай /хүчингүйд тооцсон/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо батлагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан, мөн түүний ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго байхгүй болсон тул Ц.О-г тус яаманд ажил, албан тушаалд томилоогүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Онь “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Ц.О-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг У.У.Х.Ү.Я.Т.Н.Б.Дд даалгах, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын "Ажилд томилох тухай" 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах шаардлагаа өөрийн өмнө нь авч байсан 921.067 төгрөгийн үндсэн цалингаар тооцон хариуцагчаас гаргуулах гэж тодруулсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй актын хууль зүйн үндэслэл болсон хуулийн зүйл заалт үндэслэлтэй эсэх талаар үйл баримтад дүгнэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 370 дугаар тогтоолоор тус яамны зарим бүтцийн нэгж өөрчлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын буюу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын бүтэц зохион байгуулалтын нэгж хэвээр батлагдсан байна.
Дээрх 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай" Б/144, "Ажил, албан тушаалд томилох тухай" Б/145 дугаар тушаал тус тус батлагдаж, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг баримтлан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Ц.О-г албан тушаалаас нь чөлөөлөн дахин томилоогүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан. Тухайн хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч Ц.О-гийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдах нөхцөл байдал үүсээгүй байх тул дээрх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 13 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан /хуучин/ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/165 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан /шинэ/ Ажлын байрны тодорхойлолтууд, тус яамны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг хэвээр баталсан болон бусад холбогдох баримтуудаас үзэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал, түүний ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй болох нь нотлогдож байх тул хариуцагчийн тайлбарлаж буйгаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтад нийцсэн, гаргасан зөрчил бүр нь нотлох баримтаар, хангалттай, бүрэн дүүрэн тогтоогдсон байхыг шаарддаг.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай, 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх тухай тус тус хуульчилсан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэх хуулийн шаардлагыг хангаж ажиллалгүй нэхэмжлэгчийг зөвхөн төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн, түүгээр барахгүй ажлын байрны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчиж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ гэж шүүх дүгнэв.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар сонсох ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг зааж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, “27.6-д “сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах”, 27.7-д “сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан” гэж тайлбарлах хэдий ч хариуцагчаас ирүүлсэн баримтаар бүрэн нотлогдохгүй, тодруулбал, нэхэмжлэгч уг ажиллагаанд оролцоогүй болох нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албан хаагчдад тушаал танилцуулах хурлын товч тэмдэглэлээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/165 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, уг тушаалаар холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 200 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/11233 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Г.Г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилсон байна.
Нэгэнт шүүхээс нэхэмжлэгч Ц.О-г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй гэж үзсэн, мөн Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/11233 тоот дүгнэлтэд ... түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах боломжгүй байна ... гэсэн байгаагаас үзэхэд Г.Г нь уг ажилд томилогдон ажиллах боломжтой эсэх нь бүрэн тогтоогдоогүй байхад түүнийг томилсон байх тул мөн тушаалыг хүчингүй болгож, уг албан тушаалд Ц.О-г томилохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хуулиар олгогдсон нэмэлт баталгаа болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хариуцагчийн маргаан бүхий Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.О-г тус яамны шинэ бүтцийн дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаал нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Шүүх нэхэмжлэгч Ц.О-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, ..”, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж тус тус заасны дагуу Ц.О-гийн ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг түүний өмнө нь авч байсан ТЗ-12 зэрэглэлийн 3 дугаар шатлалын 921.067 төгрөгийн үндсэн цалингаар тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгч Ц.О-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/165 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилж, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг түүний өмнө нь авч байсан ТЗ-12 зэрэглэлийн 3 дугаар шатлалын 921.067 төгрөгийн үндсэн цалингаар тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.Д