Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 118/2023/0002/З |
Дугаар | 221/МА2023/0291 |
Огноо | 2023-05-03 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2023/0291
“У б у”ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Т.Н*******
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “У б у”ХХК
Хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н*******
Гомдлын шаардлага: Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н*******ийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 0045354 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Б
Хариуцагч Т.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Я.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 118/2023/0002/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “У б у”ХХК-ийн захирал Ц.Д “Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н холбогдуулан “Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 0045354 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н нэхэмжлэгч “У б у”ХХК-д торгуулийн шийтгэл оногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045354 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Т.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 12-т “хариуцагчаас онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр байрлуулсан байгаа нь өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл” гэж маргаж байх ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан “...худалдсан, борлуулсан" гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байна.
13-т мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг”, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар “тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг тус тус хориглосон байна. Үүнээс үзэхэд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг дээрх хуулийн зохицуулалтуудаар хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна” гэжээ.
Дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн дэлгүүрийн согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай лангуу дээр тавигдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөрчил биш байна гэж дүгнэсэн нь дараах муу үр дагавартай нөхцөл байдлыг үүсгэхээр байна.
Тухайн зөрчил нь нэг шил эсхүл олон шил байх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба тухайн дэлгүүрийн лангуу дээр байх бүх согтууруулах ундаа нь онцгой албан татварын тэмдэггүй байвал зөрчил биш харин тэр лангуу дээр өрсөн байгаа тэмдэггүй согтууруулах ундаанаас нэгийг иргэн хүн худалдан авсан бол зөрчил гэж шүүх дүгнэсэн байна.
Тухайлбал анхан шатны шүүхийн дүгнэлтээр томоохон сүлжээ дэлгүүр Номин, Миний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай хэсэгт байх бүх архи, согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэггүй байж болно. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил биш харин түүнийг нэг иргэн худалдан авахад зөрчлийн шинжтэй болж зөрчлийн хэрэг үүсэхээр ойлгогдож байна.
Бүр цаашилбал Монгол Улсад архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй Улаанбаатар хотоос гадна 21 аймгийн бүх аж ахуйн нэгж, түүний дэлгүүр, супермаркет, ресторан, онцгой албан татварын тэмдэггүй байж болохоор ойлголтыг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгөхөөр байна.
Үүний үр дагавар нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиудын зорилт, үйлчлэлийг бууруулах, хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсний үр дүнд худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд дээрх хуулийг гажуудуулах боломж олгож, онцгой албан татварын тэмдгийн хэрэгжилтийг хэн ч биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ба хууль бус нийлүүлэлт, хууль бус далд эдийн засаг үүсч хэдэн зуун тонны бүртгэлгүй согтууруулах ундаа эргэлтэд орох эрсдэлтэй юм.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон бүх согтууруулах ундааг Монгол Улсад согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулах хэсэгтээ буюу лангуун дээрээ тавьсан нь ямар ч хууль зөрчөөгүй, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал үүсч, Монгол Улс согтууруулах ундааны эргэлтийн хяналтаа алдаж, тэмдэггүй согтууруулах ундааны зөвхөн иргэн хүнд худалдсан, үйлчилсэн тохиолдлын эргэлтийн бүртгэл хөтлөгдөх болж байна.
14-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах. шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй байна”.
15-т 2323000015 дугаартай зөрчлийн хэргийн материалыг Завхан аймгийн Татварын хэлтсээс гаргуулан үзлэг хийхэд “У б у”нэртэй дэлгүүрээс лацгүй, “soberano” нэртэй, 36 хувийн спиртийн агууламжтай, 700 грамм хэмжээтэй, 1 шил архийг хураан авсан тухай тэмдэглэл байх ба нэхэмжлэгчийг “онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдсан” гэх зөрчлийг үйлдсэн болохыг нотолж, тогтоосон баримт байхгүй байна.
16-т Хариуцагчаас цагдаагийн байгууллагаас ирүүлсэн материалд үндэслэн шийтгэл оногдуулсан гэж байгаа нь хуулийн дээрх зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй буруутай байна гэжээ.
Уг зөрчлийг илрүүлсэн байгууллага нь цагдаагийн байгууллага, түүний холбогдох албан тушаалтан албаны шалгалтын явцад дээрх зөрчлийг илрүүлэн, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэсний дараа хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтан биш байсны улмаас тухайн хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн материалын хамт харьяаллын дагуу эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн байдаг. Нэгэнт зөрчлийн хэргийн шинжтэй холбогдох баримт материалыг хууль заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхад дахин нотлох шаардлагагүй.
Мөн тухайн согтууруулах ундаа биш байсан, өөр зүйл байсан эсэхэд хэн аль нь маргаагүй, зөрүүтэй зүйл огт байхгүй, ил тод үйл баримт байхад анхан шатны шүүхээс “онцгой албан татварын тэмдэггүй, согтууруулах ундаа байсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаагүй” гэж маргаагүй зүйлд дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
17-т Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч "У*******" ХХК-ийн захирлыг зөрчлийн холбогдогчоор асуухдаа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрхийг нь тайлбарлаж өгөөгүй танилцуулаагүй гэж маргаж байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 4-д "Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй" гэж заасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болох 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл” дэх холбогдогчид хуульд заасан эрх, үүрэг тайлбарласан хэсэгт тэмдэглээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээрх дүгнэлт нь эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал биш бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэхээр гарсан маягтын дагуу мэдүүлэг авсан ба тухайн маягтад Монгол Улсын Үндсэн хуулийн заалт байхгүй, мөн тухай холбогдогчийн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа болно. Анхан шатны шүүхээс жижиг процессын үйл баримтад дүгнэлт хийж байгаа нь дээрх зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм.
Иймд Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н*******ийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 0045354 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Завхан дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 сарын 27-ны өдрийн 118/ШШ2023/0007 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тэмдэггүй согтууруулах ундаа, …бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ...бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах У******* нэртэй дэлгүүрээс 700 гр-ын хэмжээтэй 36 хувийн агууламжтай, “Соберано” нэртэй 1 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй архийг хураан авсан үйл баримттай талууд маргадаггүй, гагцхүү лангуун дээр тэмдэггүй 1 шил виски тавьсныг дээрх хуульд заасан тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан, эсхүл борлуулсан гэдэгт хамааруулах эсэхэд дүгнэлт өгөх нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
2.Хариуцагчаас ч онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахаар дэлгүүрийн лангуун дээр тавьсан нь өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл гэж маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан “...худалдсан, борлуулсан” гэх ойлголтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, мөн тухайн нөхцөл байдалд бодитоор дүгнэлт өгөх нь шийтгэлийн хуудас үндэслэлтэй эсэхийг тогтоох гол нөхцөл болно.
3.Шүүхийн шийдвэрт “…худалдсан, борлуулсан гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байна…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгссөн буюу үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэр явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “…тэмдэггүй согтууруулах ундаа, …-г бэлтгэн нийлүүлэх, …худалдах, …”-ыг тус тус хориглохоор заасныг ч дээрх агуулгаар буюу зөвхөн гүйцэд төгссөн тохиолдолд л сая зөрчил гаргасан гэж дүгнэх нь учир дутагдалтай.
4.Гэхдээ энэ тохиолдолд У******* дэлгүүрээс аймгийн цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Э******* тухай өдөр архийг хураах үед “Соберано”-гоос өөр төрлийн онцгой албан татварын тэмдэггүй архи байгаагүй, зөвхөн уг архи л тэмдэггүй байсан нь түүний мэдүүлэг болон 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны санал, хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсоноос гадна энэ архи ямар шалтгааны улмаас дэлгүүрт байсан талаарх холбогдох гэрчийн мэдүүлгүүд авагджээ.
Тухайлбал гэрч М.О*******ын “…Зун айлчин ирэхдээ хүүхдүүдээс бэлгэнд нэг хайрцагтай юм өгсөн. Сүүлд нь үзсэн чинь бор шилтэй архи юм уу дарс юм уу юм байсан. Манай нөхөн бид 2 энийг хоёулаа ямар хэрэглэх биш будаа гурилаар сольчихдог юм уу гэж ярьж байсан. Тэгээд 2022 оны 11 сарын эхээр би энэ таньдаг хүүхэд дээр очоод “энийг эмээ нь гурил будаагаар сольчихмоор байна” гэсэн чинь ямархуу юм болдоо би дараа үзье, яараад байна, наанаа тавьчихгүй юу гэхээр нь би дэлгүүрт нь тавьчхаад яваад өгсөн. Сүүлд нэг асуух гээд ороход ээж нь нас барсан гээд хот руу явчихсан байсан. Дараа нь ороход “эмээ минь нөгөө архийг чинь цагдаа хураагаад аваад явсан” гэсэн мэдүүлэг, лангуун дээр тэмдэггүй 1 шил виски байсан бодит нөхцөл байдал, шийтгэлийн хуудсаар тухайн зөрчилд гомдол гаргагч хуулийн этгээдийн 10.0 сая төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Уг зүйлд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд шийтгэлийн хуудас нь тухайн зөрчил үйлдэгдсэн нөхцөл, зөрчлийн шинж байдалд нийцсэнгүй.
5.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр давж заалдах гомдолд дурдсанчлан “…тэмдэггүй согтууруулах ундааг дэлгүүрийн лангуунд тавьж болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн, мөн худалдаагүй л бол зөрчилд тооцохгүй гэсэн ойлголтыг бий болгохгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН