Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 4

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасангийн Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 201625030520 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Баасангийн Эрдэнэбилэг, 1956 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид жолооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 30-480 тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 10.667.500 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ХД56111913.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

     Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь 2016 оны 2 дугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 30-480 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин Д.Туяаг хүч хэрэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани дээр ажлаа хийж байгаад өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Орой 20 цагийн үед Лхамжав, Туяа хоёр нилээн халамцуу гэрт ирсэн. Тэгээд такси барьж ирлээ гэж хэлэхэд нь би таксинд 8300 төгрөг төлсөн. Тэр хоёр ирэхдээ нэг шил 0.75 литрийн тал дунд нь оруулсан архи авчирсныг хамт уусан. Үүний дараа миний даралтаа ихдэхээр уудаг 0.5 литрийн тал шил архи байсныг нэмж уусан. Тухайн үед Лхамжав, Туяа хоёр хоорондоо янз бүрийн хачин зүйл яриад байсан. Би Лхамжавд Туяаг хүргэж өг гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгтэл Туяа, Лхамжавд чамайг гэрээсээ хөөгөөд байгаа юм биш үү, чи яаж ийм хүнтэй цуг амьдардаг юм бэ гэж хэлээд байхаар нь би Туяаг 2 удаа цохисон. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Туяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ бага охин Оюун-Эрдэнийн Есүхэй /4 настай/, Нэгүн /2 настай/ нарыг хараад байж байхад 18 цагийн үед шиг санаж байна манай найз Лхамжав миний утас руу залгаад би Баянхошууны эцэс дээр явж байна, чи гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд би Лхамжавд хүүхэд харж байна, аав нь ирэхээр гараад очъё гэж хэлсэн. Тэгээд 20 минут орчмын дараа манай хүргэн Октябрь ирсэн. Тэгээд би Лхамжав руу залгаад хаана байгааг нь асуухад би Баянхошууны автобусны эцсийн буудал дээр зогсож байя гэж хэлсэн. Тэгээд манай гэр автобусны буудалтай ойрхон тул би алхаад явсан. Тэгээд Лхамжав дахиж яриад би автобусны буудал дээр ирчихлээ гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад хоол идье гээд автобусны буудлын баруун талд байрлах цайны газарт орсон. Тэгээд хоёулаа хоол идэлгүй нэг нэг аяга цай уучихаад гарсан. Тухайн үед Лхамжав бага зэрэг архи уучихсан байсан. Тэр талаар нь асуухад хүнтэй тааралдаад гэж байсан. Тэгээд Лхамжав цүнхэндээ 0,75 грамм байсан байх Улаанбаатар нэртэй архи хийчихсэн явж байсан. Тэгээд тэр архинаасаа Лхамжав цайны аяганд бага хэмжээгээр хийгээд нэг нэг удаа уусан. Тухайн үед хэдэн цаг бол байсныг нь сайн санахгүй байна, цайны газраас гарсан. Тэгээд Лхамжав намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр автобусны буудал дээр зогсож байсан таксинд суугаад Лхамжав гэрээ зааж өгөөд тэр хүнтэй 6000 төгрөг өгөөд явахаар болж тохирсон. Тэгээд бид хоёр такситай явсаар Лхамжавын амьдардаг гэрт нь ирсэн. Тэгээд бид хоёр Лхамжавын гэр рүү нь ороход Лхамжавын хамтран амьдрагч Эрдэнэбилэг гэртээ ганцаараа юм угаагаад байж байх шиг байсан. Эрдэнэбилэг бас өөрөө бага зэрэг архи уучихсан байсан. Тэгээд бид хоёрын ирсэн таксины мөнгийг нь өгөөд явуулсан. Тухайн үед Лхамжав бид хоёрыг ирэхэд Эрдэнэбилэг Лхамжавыг чи юугаа хийж ирсэн юм гээд байсан. Тэгэхэд Лхамжав би ирэх ёстой юм чинь ирэхгүй яах юм гээд байсан. Тэгээд бид гурав Эрдэнэбилэгийн байшинд ороод зүүн хэсэгт нь ширээний хажууд нь суусан. Тэгээд Эрдэнэбилэг цай хийж өгсөн. Мөн дараа нь би ууж байсан юм гээд архи гаргаж ирсэн. Тэгээд ширээний хажууд сууж байхад Лхамжав намайг Эрдэнэбилэгт танилцуулсан. Намайг танилцуулахдаа энэ манай талийгаачийг сайн таньдаг хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд танилцаад гар бариад, ширээ тойроод гурвуулаа суусан. Тэр үед Эрдэнэбилэг одоо үхсэн, хатсан хүн яриад яах вэ гэж байсан. Тэгээд Эрдэнэбилэгийн гаргаж ирсэн Ерөөл архинаас хүн бүр 30 граммын хундагаар 2 удаа уусан. Тэгээд Лхамжав мөн цүнхэндээ хийсэн байсан архиа гаргаж ирээд Эрдэнэбилэгт өгсөн. Тэгээд тэр архинаас нь мөн нэг удаа 30 граммын хундагаар ууцгаасан. Тэгээд сууж байхад Эрдэнэбилэг, Лхамжав хоёр хүний нэр хэлээд чиний найз, миний найз гээд хэрэлдээд байсан. Тэгээд би та хоёр муудалцахаа боль гэхэд хэрэлдэхээ больчихсон. Тэгээд бид гурав сууж байхад Эрдэнэбилэг Лхамжавыг хүүхдүүд рүүгээ яв гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би энэ хүн чамайг хөөгөөд байна, хоёулаа явъя гэхэд Лхамжав би явахгүй гээд байсан. Тэгэхээр нь би Лхамжавд чи явахгүй бол би явлаа гэж хэлээд тэдний гэрээс гарах гээд гадуур хувцсаа өмсөхөд Эрдэнэбилэг чи таксидаад яв гээд надад 10000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би за тэгье гээд авсан. Тэгээд Эрдэнэбилэгт би чамд дараа нь 10000 төгрөгийг чинь өгчихнө өө гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь аваад халаасандаа хийгээд байж байхад Эрдэнэбилэг Лхамжав хоёр дахин маргалдаад Эрдэнэбилэг Лхамжавыг мөн яв гээд хөөгөөд байсан. Тухайн үед Эрдэнэбилэг надтай би Солонгост ажиллаж байсан гэж яриад би бас Солонгост ажиллаж байсан гэж ярьсан. Тэгээд бид хоёрыг ярилцах гэхээр Лхамжав Эрдэнэбилэг рүү уурлаад байсан. Тэгээд би Лхамжавд чи явахгүй бол би явлаа гэж хэлээд босох гэхэд Эрдэнэбилэг ширээний цаана миний өөдөөс хараад сууж байснаа босоод ширээгээ тойрч ирээд хоёр гараараа миний нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд би нүүрээ гараараа хамгаалаад болиоч ээ, чи яаж байгаа юм бэ гэхэд Эрдэнэбилэг ямар нэгэн зүйл ярихгүй, миний гар болон толгой руу цохиод байсан. Тэгээд би сүүлдээ тонгойж суугаад Лхамжаваа намайг авраач гэхэд Лхамжав Эрдэнэбилэгт чи яагаад байгаа юм болиоч гэж байсан. Тухайн үед хурдан хугацаанд намайг галзуу солиотой хүн шиг цохиод өнгөрсөн. Тэгээд би өөрийгөө цохиулахгүй гээд ноцолдож байгаад сууж байсан сандлаасаа буугаад газар суугаад авраарай, туслаарай гээд чанга орилоход Эрдэнэбилэг ухаан орсон юм уу яасан юм намайг цохихоо больчихсон. Тэгээд Эрдэнэбилэг намайг цохихоо болиод орон дээрээ суусан. Би Лхамжавд хандаад чи хаалга үүдээ надад онгойлгож өг гээд татаад гарсан. Тухайн үед миний хамраас цус гараад босож чадахгүй сууж байхад Лхамжав намайг ирээд босгосон. Түүнээс хойш Эрдэнэбилэг надтай юм яриагүй, намайг цохиж зодоогүй. Тэгээд би шууд Эрдэнэбилэгийн гэрээс Лхамжавыг дагуулаад гарсан. Тэгээд би байшингийнх нь гадаа байж байхдаа хашааныхаа хаалгыг онгойлго гэж хэлэхэд Лхамжав би яаж онгойлгодгийг нь сайн мэдэхгүй байсан. Тэгээд би Лхамжавд уурлаад чи хаалгаа мэдэхгүй байхдаа яадаг юм гээд уурласан. Тэгээд Лхамжав оролдож байгаад хашааны хаалгаа онгойлгосон. Тухайн үед би Лхамжавыг хаалга онгойлгох гээд оролдож байх үед нь өөрийнхөө гар утсаар 102 дугаарт залгахад болохгүй байсан. Тэгээд Лхамжав хашааны хаалгаа онгойлгочихоод буцаад гэр рүүгээ явчихсан. Тэгээд би Эрдэнэбилэгийн хашаанаас гараад зогсож байхад замаар цагдаагийн эргүүлийн машин явж байгаа харагдсан. Тэгээд би тэр машинтай цагдаа нар руу очоод эгч нь энэ айлд байдаг хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хоёр цагдаагийн хамт Эрдэнэбилэгийн хашааны хаалга руу орох гээд явж байхад Эрдэнэбилэг өөдөөс гараад ирсэн. Тэгээд нөгөө хоёр цагдаа энэ хүн мөн үү гээд асуухаар нь би мөн гэхэд цагдаа нар Эрдэнэбилэгийг явъя гээд бид хоёрыг хамтад нь машиндаа суулгаад явсан. Тэгээд энэ цагдаагийн газарт ирсэн. Би цагдаагийн газарт байхдаа хүүхэд рүүгээ яриад дуудсан. Лхамжав Эрдэнэбилэгийн гэрт үлдсэн. ...Би гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд нэг өдөрт хийлгэх эм, тарианы мөнгө нь 38.000 төгрөг. Лхамжав, Эрдэнэбилэг хоёр 5 хоногийн эм тариа авч өгсөн. КТГ-ын зураг 80.000 төгрөгөөр авахуулсан. 7 хоног эмнэлэгт хэвтэхэд нийт гарсан зардал нь 360.000 төгрөг болж байна. Үүнээс надад 350.000 төгрөг өгсөн, цаашид Эрдэнэбилэгээс нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй…” гэжээ /хх-10-12/.

Гэрч Н.Лхамжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхошуунд байх гэртээ байж байгаад өдөр 14 цагийн үед гараад Баянхошууны эцсийн буудал орсон. Тэгээд Баянхошууны автобусны эцсийн буудал дээр очоод найз Туяа руу утсаар уулзъя гэж ярьсан. Тэгсэн чинь Туяа би хүүхэд харж байна, удахгүй гараад очъё гэж хэлсэн. Тэгээд би Туяаг хүлээх зуураа автобусны буудлын ойролцоо байдаг дэлгүүрээс 0,75 граммын Улаанбаатар архи авсан. Туяаг хүлээгээд байж байхад 20-30 минутын дараа ирсэн. Тэгээд бид хоёр автобусны баруун талд байдаг цайны газарт ороод цай авч уусан. Тэр цайны аягандаа архинаасаа жоохон жоохон хийгээд 2 удаа уусан. Би Туяаг манайх руу явъя гэж хэлсэн. Тэгээд Туяагийн хамтаар такси бариад Хайлаастад хамтран амьдрагч Эрдэнэбилэгийн гэр рүү явсан. Туяа бид хоёрыг Хайлаастад Эрдэнэбилэгийн гэрт ирэхэд Эрдэнэбилэг бага зэрэг архи уучихсан, хувцсаа угаагаад сууж байсан. Эрдэнэбилэгийн гэрт очоод бид гурав архи уугаад суусан. Тэгээд миний авсан архийг гурвуулаа хувааж уусан. Тэгсэн чинь Эрдэнэбилэг би ууж байсан юм гээд 0,33 граммын архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архинаас уугаад байж байхад Эрдэнэбилэг чи хүүхэд рүү яв, хүүхдээ харахгүй юм уу, одоо чи яв гээд байсан. Тэгэхээр нь би явнаа, чи байж бай л даа гэж хэлсэн. Тэгээд байж байтал Туяа надад хандан энэ хүн чамайг хөөгөөд байна ш дээ, чи ийм хүнтэй байж байхаар яваач, хоёулаа явъя гээд байсан. Тэгсэн чинь Эрдэнэбилэг Туяад хандан чи миний амьдралд оролцлоо, чи юу гээд байгаа юм гэхэд Туяа Эрдэнэбилэгт чи миний найзтай суугаа биздээ гэхчлэн тэр хоёр хоорондоо муудалцаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд Туяа маргалдаж байгаад явлаа гэсэн Эрдэнэбилэг уурандаа босоод гараараа Туяагийн нүүр рүү цохиод байсан. Тэгээд би чи болиоч гэхэд намайг Эрдэнэбилэг чи битгий хуцаад бай гэхээр нь би салгаж чадаагүй. Эрдэнэбилэг архи уучихаараа муухай ааштай болчихдог. Архи уухаар нь би орхиод явчихдаг юм. Тэгээд Туяаг нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан, удалгүй Туяа гэнэт босоод явчихсан. Тэгээд би араас нь гарахад Туяа гэрээс гарахдаа надад туслаач, хүн зодоод байна гээд байсан. Тэгээд Туяа явна гээд би хашааны хаалга онгойлгож өгчихөөд бие засах гээд 00-руу явж байхад Эрдэнэбилэг гэрээсээ гарч ирж байгаа харагдсан. Бие засчихаад гараад ирсэн чинь Эрдэнэбилэг, Туяа хоёр байхгүй болчихсон байсан. Тэгээд би Эрдэнэбилэгийг Туяаг таксинд суулгаад өгөх гээд явчихсан юм байлгүй гэж бодоод гэртээ ороод байж байхад араас Эрдэнэбилэг ороод ирсэн. Тэгээд би чи яав гэхэд Эрдэнэбилэг яасан ч үгүй, би цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй араас нь цагдаа нар орж ирээд аваад гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тухайн үед би Туяа руу яриагүй...” гэжээ  /хх-13-14/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ¹2964 дүгээр дүгнэлт:

“1. Д.Туяагийн биед зүүн гайморын хөндийн урд хана, хажуу хананд хугарал, зүүн ухархайн дээд хана, доод хана, хажуу хананд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, 2 зовхи, алимны салстад цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-17/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-34/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь 2016 оны 2 дугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 30-480 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин Д.Туяаг хүч хэрэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Лхамжавын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ¹2964 дүгээр дүгнэлт болон шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй байхад шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч С.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүх, шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт ял шийтгэхдээ түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн зэргийг харгалзан, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Баасангийн Эрдэнэбилэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН