Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

                                  

    2021         08          12                                    2021/ШЦТ/113

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагч Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2119001270143 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 04 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто ачигчийн машинч мэргэжилтэй, Чандмань илч орон нутгийн өмчит компанийн Иххэт салбарын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг 6-22 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Морьт овгийн Г.Г /РД:ЕД83041279/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын төвд хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Тэмүүлэнгийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         -Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би Чандмань-Илч ХХК-ийн Иххэт салбарын даргаар 2016 оноос хойш ажиллаж байна. Манай хүүхэд машин барьж яваад торгосон байдаг. Согтуудаа тэрийг хэлсэн байсан. Миний 100%-ийн буруу. Би архи дарс уугаад байдаггүй. Ийм байдалд хүргэсэндээ гэмшиж байна. Цагдаагийн хантаазыг урсан байсан. Хохирлыг төлсөн. Би болсон асуудлаа мэдээгүй. Маргааш нь хүнээс сонссон гэсэн мэдүүлэг,

 

         -Хохирогч О.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 06 сарын 13-ны орой 22.00 цагийн орчимд сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэн байгаад 92-13 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад сумын эрүүл мэндийн төвийн дарга Алтанцэцэг их эмч Наранхишиг сувилагч Туяа нар явж байсан тэдгээр хүмүүс ямар нэгэн зөрчилгүй байсан. Эмч нартай уулзаад байж байтал улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Уг тээврийн хэрэгслийг Батзориг гэх залуу жолоодон явсан хажууд нь Иххэт суманд амьдардаг Г.Г гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байгаад машинаас бууж ирээд намайг чи яахаараа машин зогсоож шалгадаг юм гэж дайраад намайг түлхээд чи муу намайг энэ суманд зогсоож шалгаж амжихгүй шүү гэж хэлээд над руу дайрч давшилж би чамайг ална чи миний хүүхдийг барьдаг билүү гэж дайрч, дайрч миний нүүрэн тус газар луу нэг удаа цээжин тус газар луу нэг удаа тус тус цохисон. Г.Г гэх залуу намайг түлхэж зуурч дайрч давшилж байхдаа миний өмсөж байсан албаны хантаазыг урсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,

 

           -Гэрч Э.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 06 сарын 13-ны өдөр би сумын эрүүл мэндийн төвийн эмч Наранхишиг сувилагч Туяа нарын хамтаар хөдөөгүүр явж иргэдээс шинжилгээ авч байгаад орой 22.00 цагийн орчим сумын төв дээр орж ирээд явж байтал сумын соёлын төвийн орчим хэсгийн цагдаа зогсоон шалгасан. Хэсгийн цагдаатай уулзаад байж байтал суудлын автомашин зогссон. Машинд манай сумын Ганжигүүр гэх залуу сууж явсан цагдаа руу хандаж уурлаад байх шиг сонсогдсон. Бид нар удалгүй хөдлөөд явсан би эрүүл мэндийн төв дээр очоод хамт явсан хүмүүсээ буулгачхаад буцаад явж байтал соёлын төвийн урд хэсэгт Ганжигүүр хэсгийн цагдаатай маргалдаж цагдаа руу гараараа савж цохиж байгаа харагдсан. Тухайн үед хэсгийн цагдаа Тэмүүлэн арагшилж байсан. Онож цохисон үгүйг мэдэхгүй байна. Би гэр лүүгээ явж байгаад хажууд нь зогсоод Ганжигүүр гэх хүнд та болиоч ээ гэж хэлэхэд Ганжигүүр цагдаа руу дайрч давшилсан байдалтай хамт явсан залуу нь Ганжигүүрийг хорьж байсан гэсэн мэдүүлэг/хх 26 ху/,

 

            -Яллагдагч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...3 шил 0.75 литрийн архи авч уусан архи уугаад би нэлээд согтсон тухайн хүмүүсийг явсны дараа найз Батзоригийг дуудаж машинтай нь гэртээ хүргүүлэхээр яваад замдаа цагдаагийн алба хаагчтай маргасан байсан ямар асуудлаас болж маргаснаа санахгүй байна. Үүрээр 04 цагийн үед сэргэхэд гэртээ унтаж байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

           -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34-35 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/,

           -Г.Гт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-42 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын төвд хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Тэмүүлэнгийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний 100%-ийн буруу. Би архи дарс уугаад байдаггүй. Ийм байдалд хүргэсэндээ гэмшиж байна. Цагдаагийн хантаазыг урсан байсан. Хохирлыг төлсөн. Би болсон асуудлаа мэдээгүй. Маргааш нь хүнээс сонссон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Тэмүүлэнгийн “...сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэн байгаад 92-13 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад сумын эрүүл мэндийн төвийн дарга Алтанцэцэг их эмч Наранхишиг сувилагч Туяа нар явж байсан. Эдгээр хүмүүс ямар нэгэн зөрчилгүй байсан эмч нартай уулзаад байж байтал улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Уг тээврийн хэрэгслийг Батзориг гэх залуу жолоодон явсан хажууд нь Иххэт суманд амьдардаг Г.Г гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байгаад машинаас бууж ирээд намайг чи яахаараа машин зогсоож шалгадаг юм гэж дайраад намайг түлхээд чи муу намайг энэ суманд зогсоож шалгаж амжихгүй шүү гэж хэлээд над руу дайрч давшилж Тэмүүлэн би чамайг ална чи миний хүүхдийг барьдаг билүү гэж дайрч, дайрч миний нүүрэн тус газар луу нэг удаа цээжин тус газар луу нэг удаа тус тус цохисон. Г.Г гэх залуу намайг түлхэж зуурч дайрч давшилж байхдаа миний өмсөж байсан албаны хантаазыг урсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Алтанцэцэгийн /хх 26 ху/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

         Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

         Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

       Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

        2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж,  5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

        Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Г.Гт Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

       Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Морьт овгийн Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

           5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА