| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/105 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-д холбогдох 2116000670084 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, С овгийн Б-н Т.
Шүүгдэгч Б.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 0-0 тоот иргэн И.Г-н хүн байнга амьдрах, орон байр буюу монгол гэрийн цоожийг 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд эвдэж хууль бусаар нэвтрэн орж гэрт байсан хохирогч И.Г-н эзэмшлийн Haier маркийн хагас автомат угаалгын машин 1 ширхэг, 10 литрийн төмөр бетон 2 ширхэг, 40 литрийн төмөр бетон 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хулгайлан авч 455.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Т-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 0-0 тоот иргэн И.Г-н хүн байнга амьдрах, орон байр буюу монгол гэрийн цоожийг 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд эвдэж хууль бусаар нэвтрэн орж гэрт байсан хохирогч И.Г-н эзэмшлийн Haier маркийн хагас автомат угаалгын машин 1 ширхэг, 10 литрийн төмөр бетон 2 ширхэг, 40 литрийн төмөр бетон 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хулгайлан авч 455.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүний байнга амьдрах оронд байранд нэвтэрч, бусын өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын үед гэрт орсон. Ороод 2 ширхэг 10 литрийн усны хөнгөн цагаан сав, нэг ширхэг 40 литрийн усны хөнгөн цагаан сав, нэг ширхэг газан плитка, нэг ширхэг угаалгын машин авсан нь үнэн. Өөр ярих зүйл байхгүй. Үүдний амбаараас нь 2 ширхэг 10 литрийн усны хөнгөн цагаан сав авсан. Гэрээс нь нэг ширхэг 40 литрийн усны хөнгөн цагаан сав, нэг ширхэг газан плитка, нэг ширхэг угаалгын машин авсан ... 2021 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд 3 удаагийн үйлдлээр орсон ... Эхлээд орохдоо хоёр ширхэг усны 10 литрийн сав, дараа нь нэг ширхэг 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав, 3 дахь удаагаа орохдоо угаалгын машин авсан ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч И.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай танил Б-н эхнэр А гэх эмэгтэй над руу залгаад танай гэрт хулгай ороод эд зүйл алдагдчихсан байна гээд цагдаад хандсан юм. Тухайн хулгай орсон гэрээс 40 л усны хөнгөн цагаан сав, 10 л усны хөнгөн цагаан сав болон хагас автомат угаалгын автомашин зэрэг эд зүйл алдагдсан байна гэсэн би өөрөө очиж үзээгүй болохоор яг юу юу алдагдсан талаар сайн мэдэхгүй байна ...би алдагдсан 40л савыг 100.000 төгрөгөөр, 10 литрийн 2 ширхэг савыг нийлүүлээд 50.000 төгрөгөөр, угаалгын хагас автомат машиныг 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ37-38/,
Хохирогч И.Г-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Т манай гэрээр байнга ирдэг байсан. Түүнд манай гэрийн илүү түлхүүр байхгүй. Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд өнөөдөр ирж байна. Намайг Улаанбаатар хот руу явсан, манай гэр эзэнгүй байгааг Б.Т сайн мэдэж байсан ... өөр зүйл алга болоогүй байна. Би өнөөдөр Улаанбаатар хотоос ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзсэн... надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ42-43/,
Гэрч Ж.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... И.Г нь 2020 оны 09 дүгээр сарын сүүлчээр бараг 10 дугаар сарын эхээр санагдаж байна хотод охинтойгоо очиж байхаар яваад одоог хүртэл ирээгүй байгаа юм.Тухайн үед хот руу явахдаа гэрийнхээ түлхүүрийг манайд үлдээгээд захиад явсан байгаа. Түлхүүрээ үлдээхдээ та хэд хаяадаа гэрт очоод харж байгаарай салхи шуурга гарвал гэрийн өрх, араам зэргийг аваад шидчихвийдээ гэж хэлж байсан...тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б манай гэрт ирээд ээжийн гэрт очоод гэрийг нь шүүрдээд зул өргөөд ирлээ 40 л бетон нь алга амбаарын үүдний хаалгыг хөшөөд хаячихсан байна гэж ярьж байсан.Тэгээд Бугат сум руу буцах гээд унаа явах гээд яараад байна та 2 завандаа очоод цоожийг нь солиодохоорой гэж хэлээд явсан. Тэгээд бид 2 тухайн өдөр эмнэлгээр яваад очиж чадаагүй, маргааш нь яваад очиход гэрийнх нь үүдний амбаарын цоожны дарааг мушгиад дарчихсан гэрийнх нь цоожийг нь зүүчихсэн байдалтай гараараа татахад нээгдэж байсан юм. Тэгээд гэрт нь ороод хөргөгчинд байсан өөрийнхөө махаа авахад бүрэн байсан. Тэгээд гэр доторх эд зүйлсийг нь харахад 40 литрийн бетон байхгүй мөн дээрээс нь угаалгын машин байхгүй байсан. Тэгээд Г эгчтэй чатаар видео колл хийгээд гэрийн доторх байдлыг үзүүлэхэд үүдний амбаарт байсан 10 литрийн 2 ширхэг бетон, мөн газан плитка зэрэг алга байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ48-50/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нагац ах И.Т-н хамт ээжийнхээ Найрамдлын 0-0 тоотод байх гэрт очсон юм. Надад 1 ширхэг илүү түлхүүр байдаг учраас үүдний амбаарын цоожийг түлхүүрээрээ нээгээд орсон чинь гэрийн хаалганы цоож нь хөшигдсөн зүүлттэй байж байсан...тэгээд би дотогш гэр лүү орсон чинь гэр дотор удаан хүн байгаагүй учир тоос шороо ихтэй харагдсан. Тэгээд манай нагац ах Т буцаад гараад яваад өгсөн. Би үлдээд тоос шороог нь шүүрдээд, зул барьж, арц унгасгаад гал түлчихээд явсан. Тухайн үед амбаарын хаалга цоожтой би түлхүүрээр онгойлгосон болохоор нэг их сэжиглээгүй, 40 литрийн бетон байхгүй болохоор нь ээж хот руу явахдаа манай бүл А-д гэрийн түлхүүрээ үлдээгээд явсан учраас авч хэрэглэсэн байх гэж бодоод тухайн үед гэр цэвэрлэж, зул, арц асаачихаад явсан ... буцаад ээжийн гэрт ирээд хаалганы цоожийг нь тэгшилж янзлаад буцааж цоожилчихоод яваад өгсөн. Тухайн үед ээжтэй утсаар яриад 40 л бетон чинь алга байна шүү гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан тул янзалж зүүгээд явлаа гэж хэлсэн. Тэгээд надаас 10 литрийн бетонууд байна уу? гэж ээжийг асуухаар нь үүдний амбаарт үзээд байхгүй байна гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ55-57/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... өвөл манайд байхдаа цагаан сарын дараа санагдаж байна яг сар өдрөө мэдэхгүй байна нэг өдөр гаднаас нэг угаалгын машин үүрээд ороод ирсэн. Тэг үед манай нөхөр У, охин бид 3 хамт байсан. Тэгээд хаанаас угаалгын машин авч ирсэн талаар асуухад манай ахын угаалгын машин гэж хэлж байсан. Тэгээд би өөр зүйл асуугаагүй. Харин тухайн угаалгын машиныг Т ах хувцсаа угаачихаад маргааш нь байх угаалгын машин нь алга байхаар нь асуухад хажуу хашааны О, Т 2 зарсан гэж байсан өөр зүйл мэдэхгүй байна. Т ах тухайн угаалгын машиныг авч ирэхдээ ганцаараа үүрээд ирсэн. Тухайн угаалгын машиныг би сайн анзаарч хараагүй, цагаан өнгийн хасаг автомат ус хийгээд угаадаг сэгсрэгч нь тусдаа байдаг угаалгын машин харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ63-64/,
Гэрч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны өвөл 2, 3 дугаар сарын үед санагдаж байна яг өдрөө санахгүй байна. Т нь доод талын хашаанд гэрийн гадаа угаалгын машинаар хувцас угааж байсан. Тэгээд уулзаж байхад архи авч уух гэсэн юм. Энэ угаалгын машиныг заръя гэхээр нь би авч яваад төмөр худалдаж авдаг О гэдэг айлд 20.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд мөнгийг нь Т-д авч ирж өгөөд хамт архи уусан нь үнэн. Надад өөрөө хэлэхдээ миний угаалгын машин байгаа юм санаа зоволтгүй гэж хэлэхээр нь зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ65-66/,
Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... О өвөл цагаан сараас хойно санагдаж байна нэг цагаан өнгийн хуучин угаалгын машин авч ирж зарсан. Тухайн үед би 20.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тухайн угаалын машиныг нэрийг нь сайн мэдэхгүй байна. Их хуучин угаалгын машин байсан... гэрийнхээ гадаа тавьсан байсан чинь тухайн өдрөө байх нэг танихгүй хүн ирээд 40.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Урд өдөр нь Т гэдэг залуу тухайн угаалгын машиныг зарахаар ирэхээр нь би аваагүй юм. Тэгсэн маргааш нь О-г ирэхээр нь таньдаг болохоор нь авчихсан юм. Өөрсдөө надад хэлэхдээ Түмэнгийн угаалгын машин гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ67-68/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ5-7/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ8-10/, Ашид билгүүн ХХК-ны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-421/1090 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ76-79/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримт, эд мөрийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд 1.3-т “э энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч И.Г гэмт хэргийн улмаас өөрт учирсан 455.000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн боловч шүүгдэгч Б.Т-н зүгээс хохирол хор уршгийг нөхөн төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй байх тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Т нь 2011 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Монгол улсын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан болох нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /ХХ118-120/-аар тогтоогдож байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “... 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-г өршөөлд хамруулах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “198.2.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Т-д 2 (хоёр) жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн тул хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/186 дугаартай захирамжийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 46 (дөчин зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.Г хохирлын 455,000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Т-н цагдан хоригдсон 46 (дөчин зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.Г хохирлын 455,000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА