Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 1076

 

021.10.19            2021/ШЦТ/1076

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2129 00120 1854 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Хулт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, номын санч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай, 15 дугаар хэсэгт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “33-ын буудал” гэх газрын задгай тоотод байрлах орон байранд Түвшин Лүлио “Tuwshin Loolio” фэйсбүүк нийтийн цахим сүлжээ ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 03 дугаар сард “Ковид-19” цар тахлын улмаас гэрийн хорионд орлогогүй сууж байх үедээ би фэйсбүүк сайт дээр уг цахим мөрийтэй тоглоом нь яваад байхаар нь ашиг олж болох юм байна гээд хийж эхэлсэн. Надад тухайн үед тус тоглоомыг зохион байгуулахыг хууль бус гэдгийг мэдээгүй байсан. Тэр үед надад өөр амжиргаагаа залгуулах боломж байгаагүй. Би 2-3 удаа мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Ашиг гэж сүртэй их мөнгө олоогүй бөгөөд олсон мөнгөөрөө гэртээ идэж уух зүйл авсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг: /хх-ийн 53-54/,

Цагдаагийн байгууллага 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “ Мөрийтэй тоглоом” зохион байгуулсан гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл: /хх-ийн 8/,

Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11/2717 дугаартай: “ Цахим орчинд “Tuwshin Loolio” гэх фэйсбүүк хаягаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг шалгуулахаар хүргүүлэв” гэх албан бичиг, холбогдох бусад бичиг баримтууд: /хх-ийн 9/, Яллагдагч *******гийн эзэмшлийн ХААН банкны 5462050787 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга: /хх-ийн 19-30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “33-ын буудал” гэх газрын задгай тоотод байрлах орон байранд Түвшин Лүлио “Tuwshin Loolio” фэйсбүүк нийтийн цахим сүлжээ ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан болох нь

Цагдаагийн байгууллага 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “ Мөрийтэй тоглоом” зохион байгуулсан гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11/2717 дугаартай: “ Цахим орчинд “Tuwshin Loolio” гэх фэйсбүүк хаягаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг шалгуулахаар хүргүүлэв” гэх албан бичиг, холбогдох бусад бичиг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР