| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/1000/Э |
| Дугаар | 1081 |
| Огноо | 2021-10-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 1081
2021.10.19 2021/ШЦТ/1081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 02491 1803 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 10 дугаар байр 67 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 17 дугаар хороо 13-32 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Bee express” каргоноос иргэн Ц.Анирмаагийн эзэмшлийн 559638443 дугаар кодтой бараа буюу андуурагдсан илгээмжийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулан хохирогч Ц.Анимаад бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ц.Анимаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хятадын Таобао сайтаас 20 ширхэг үйлдвэрийн зориулалттай 58 литрийн битон захиалсан.... би каргон дээрээ очоод ийм бараа захиалсан чинь ирэхгүй байна гэж хэлэхэд ... манайд энэ бараа ирсэн Н гэх хүнд хүлээлгэн өгсөн... тэгэхээр нь Н гэх хүнтэй ярьсан чинь тэр карго чинь л байнга залгаад бараагаа ав гээд байсан тэгэхээр нь 2.000.000 төгрөгөөр зах дээр очоод зарчихсан. ...бас магистрынхаа төлбөрийг төлчихсөн карготойгоо учраа ол гэж хэлээд дахиж утсаа аваагүй...цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч Г.Бишрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н нь ирээд 20 ширхэг төмөр бетоноо аваад явсан. ...20 ширхэг усны жижиг сав захиалсан Н гэх эмэгтэй авч явсан байна гэж Анимаад хэлээд явуулсан. Гэтэл Анимаагийн захиалсан бараа код нь зөв боловч Ны овог нэрээр ирсэн байсан. Н нь Анимаагийн захиалсан 20 ширхэг төмөр бетоныг зарчихсан гээд байсан. ...Нд захиалсан барааныхан код өөр байгаа талаар хэлсэн гэтэл Н тухайн 20 ширхэг төмөр бетоны каргоны мөнгө 350.000 төлөөд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй хэргийг минь хялбаршуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн БЗД1-21-671 дугаартай тайлангаар эд зүйлийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26/, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Bee express” каргоноос иргэн Ц.Анирмаагийн эзэмшлийн 559638443 дугаар кодтой бараа буюу андуурагдсан илгээмжийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулан хохирогч Ц.Анимаад бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгний хохирол учруулан завшсан болох нь
Хохирогч Ц.Анимаагийн: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хятадын Таобао сайтаас 20 ширхэг үйлдвэрийн зориулалттай 58 литрийн битон захиалсан.... би каргон дээрээ очоод ийм бараа захиалсан чинь ирэхгүй байна гэж хэлэхэд ... манайд энэ бараа ирсэн Н гэх хүнд хүлээлгэн өгсөн... тэгэхээр нь Н гэх хүнтэй ярьсан чинь тэр карго чинь л байнга залгаад бараагаа ав гээд байсан тэгэхээр нь 2.000.000 төгрөгөөр зах дээр очоод зарчихсан. ...бас магистрынхаа төлбөрийг төлчихсөн карготойгоо учраа ол гэж хэлээд дахиж утсаа аваагүй...цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Бишрэлийн: “...Н нь ирээд 20 ширхэг төмөр бетоноо аваад явсан. ...20 ширхэг усны жижиг сав захиалсан Н гэх эмэгтэй авч явсан байна гэж Анимаад хэлээд явуулсан. Гэтэл Анимаагийн захиалсан бараа код нь зөв боловч Ны овог нэрээр ирсэн байсан. Н нь Анимаагийн захиалсан 20 ширхэг төмөр бетоныг зарчихсан гээд байсан. ...Нд захиалсан барааныхан код өөр байгаа талаар хэлсэн гэтэл Н тухайн 20 ширхэг төмөр бетоны каргоны мөнгө 350.000 төлөөд аваад явсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг андуурагдсан илгээмжийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ц.Анимаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-г андуурагдсан илгээмжийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР