Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 1080

 

2021.10.19                                  2021/ШЦТ/1080

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1817 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1974 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өгөөмөр зах дээр засварын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2-45 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / РД: /

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 126 дугаар сургуулийн хажууд иргэн Э.Очирбаттай “тамхи нэхлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Э.Очирбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Офицерийн ойролцоо танихгүй залуутай 2 шил архи хамт уугаад Хонхорт байх ээжийнх рүүгээ 17 цагийн үед автобусанд явж байгаад бөөлжих гээд байхаар нь Баянзүрх товчоон дээр буугаад дэлгүүр ороод нэг кола ундаа, 0.5-тай Хараа архи аваад хашааны буланд ганцаараа уугаад сууж байтал танихгүй залуу ирээд архи ууж байгаа юм уу гэхээр нь тиймээ гэж хэлээд бид хоёр хамт хувааж уусан. Бид хоёр ахиад 1 шил архи аваад хувааж уучихаад тасраад унтаад өгсөн. Удалгүй би 20 цагийн үед халамцуу сэргээд байж байтал миний хажууд нэг машин зогссон. Тэгэхээр нь би очоод сайн байна уу гээд асуутал дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би тамхи байна уу гээд асуутал байхгүй гэж хэлсэн. Би тухайн хоёр залууг тамхи байгаа биз дээ ганц тамхи өгчихгүй юм уу гээд хэлтэл машинд сууж байсан тарган залуу нь гарч ирээд чамд тамхи өгөх албагүй гээд тарган залуу намайг цохихоор нь бид хоёр барьцалдаж аваад хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон...цагдаа дуудлаа гээд орилтол надтай хамт ууж байсан залуу зугтаагаад яваад өгсөн. Цагдаа дуудлаа гэхээр нь би жалга руу ороод буцаад гараад ирэхдээ гартаа турба төмөр барьсан байсан. Намайг жалганаас гараад ирэхэд нэг эмэгтэй хүрч ирээд “ чи хүн алах нь уу, наад турба төмрөө хая” гэж хэлэхээр нь би тухайн гартаа барьсан байсан төмрийг тухайн эмэгтэйд өгөөд хаясан. Тэгтэл тухайн тарган залуу чи яахаараа тамхи, архины мөнгө нэхдэг юм гээд намайг газарт унагаагаад нүүр лүү цохиод байсан...миний баруун нүд хөхөрсөн, дух хавдсан, уруул хэсэг язарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би таксины мөнгө өгчихөөд машинаас буутал манай хуурай дүү Батсайхан үл таних залуутай маргалдаад барьцалдсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал тамхи байна уу гээд нэхээд байна гэж хэлсэн. Би тамхи байхгүй гэж хэлтэл тамхи олж өг гээд урдаас томроод байсан. Тэгтэл үл таних залуу салж явснаа жалга руу ороод төмөр бариад гарч ирээд төмрөөрөө далайтал манай хуурай дүү Батсүх төмрийг булааж авангуут нь би тухайн залууг газарт унагаагаад гарыг нь мушгиад 2 удаа нүүр хэсэг рүү нь цохиод дараад байж байтал манай эхнэр гэрээсээ гарч ирээд цагдаад дуудлага өгсөн.. гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №7990 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Э.Очирбат-н биед хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, зүүн тохойн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Дүгэрсүрэнгийн илтгэх хуудас /хх-ийн 5/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 126 дугаар сургуулийн хажууд иргэн Э.Очирбаттай “тамхи нэхлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Э.Очирбатын: “...Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Офицерын ойролцоо танихгүй залуутай 2 шил архи хамт уугаад Хонхорт байх ээжийнх рүүгээ 17 цагийн үед автобусанд явж байгаад бөөлжих гээд байхаар нь Баянзүрх товчоон дээр буугаад дэлгүүр ороод нэг кола ундаа, 0.5-тай Хараа архи аваад хашааны буланд ганцаараа уугаад сууж байтал танихгүй залуу ирээд архи ууж байгаа юм уу гэхээр нь тиймээ гэж хэлээд бид хоёр хамт хувааж уусан. Бид хоёр ахиад 1 шил архи аваад хувааж уучихаад тасраад унтаад өгсөн. Удалгүй би 20 цагийн үед халамцуу сэргээд байж байтал миний хажууд нэг машин зогссон. Тэгэхээр нь би очоод сайн байна уу гээд асуутал дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би тамхи байна уу гээд асуутал байхгүй гэж хэлсэн. Би тухайн хоёр залууг тамхи байгаа биз дээ ганц тамхи өгчихгүй юм уу гээд хэлтэл машинд сууж байсан тарган залуу нь гарч ирээд чамд тамхи өгөх албагүй гээд тарган залуу намайг цохихоор нь бид хоёр барьцалдаж аваад хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон...цагдаа дуудлаа гээд орилтол надтай хамт ууж байсан залуу зугтаагаад яваад өгсөн. Цагдаа дуудлаа гэхээр нь би жалга руу ороод буцаад гараад ирэхдээ гартаа турба төмөр барьсан байсан. Намайг жалганаас гараад ирэхэд нэг эмэгтэй хүрч ирээд “ чи хүн алах нь уу, наад турба төмрөө хая” гэж хэлэхээр нь би тухайн гартаа барьсан байсан төмрийг тухайн эмэгтэйд өгөөд хаясан. Тэгтэл тухайн тарган залуу чи яахаараа тамхи, архины мөнгө нэхдэг юм гээд намайг газарт унагаагаад нүүр лүү цохиод байсан...миний баруун нүд хөхөрсөн, дух хавдсан, уруул хэсэг язарсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Очирбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР