Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 02

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч М.Т

“Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Х” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Х” ХХК  шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандарт хариуцсан улсын байцаагчийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн №0063715 дугаартай шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн шалгалт явуулсан, үүгээр зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон гэх боловч ямар мэдээллийн мөрөөр, хэн, хэзээ, ямар журмаар шалгалт явуулсан, шалгалтаар зөрчлийг хэрхэн илрүүлж, баримтыг бэхжүүлсэн, баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ тодорхой дурдаагүй. Зөвхөн аймгийн прокурорын газраас гаргасан мэдээлэлд үндэслэн хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм...” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байрлах “Х” ХХК-ийн “Ц” супермаркетад 2019 оны 08 дугаар 19-ний өдөр хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа дууссан нийт 270,800 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн 29 ширхэг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь улсын байцаагчийн 16/02/009/16 дугаар актаар тогтоогдсон тул салбарын эрхлэгч Н.Х 900,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байсныг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.

Тус аймгийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/589 тоот албан бичгээр “Х” ХХК-ийн “Ц” супермаркетад хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэх асуудлыг дахин зөрчлийн хэрэг нээн шалгуулахаар ирүүлснийг хүлээн аваад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр холбогдогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ж, өмгөөлөгч Б.Э нарыг байлцуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” заасны дагуу 5,000 нэгж буюу 5,000,000 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн прокурорын газраас ирүүлсэн албан бичгийг хүлээн аваад “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж 99111576 дугаарын утас руу залган шүүхийн шийдвэр, прокурорын албан бичигт дахин зөрчлийн хэрэг нээн шалгах тухайгаа утсаар тайлбарласан бөгөөд тухайн үед Ц.Ж нь Улаанбаатар хотод байсан.

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг Мэргэжлийн хяналтын газрын 219 номерын өрөөнд ирүүлэн, 10 дугаар бүхий прокурорын дүгнэлт, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 120/ШШ2019/0022 дугаар шийдвэр, Прокурорын газраас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг болон тухайн зөрчилд холбогдох Зөрчлийн тухай хуулийн заалтуудыг танилцуулсан.

Өмгөөлөгч Б.Э нь манай байгууллагад нотлох баримттай танилцах хүсэлт албан ёсоор ирүүлээгүй бөгөөд зөрчлийн материалыг хянуулахаар аймгийн Прокурорын газарт хүргүүлсний дараа 219 тоот өрөөнд ирж “торгууль тавьсан актыг үзмээр байна” гэж хэлээд эд зүйл хураасан улсын байцаагчийн актыг үзүүлэх гэхэд “тэр акт биш, торгууль тавьсан акт үзмээр байна” гэж хэлсэн. Байцаагч би тайлбарлахдаа “манайхаас тухайн зөрчилд эд зүйл хураасан тухай акт гарсан, өөр акт гаргаагүй” гэдгийг тайлбарлаж хэлсэн.

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, зөрчлийн хэргийн материалтай танилцуулахаар холбогдогч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж-д 99111576 дугаар бүхий утсаар нь мэдэгдэхэд "Солонгос улс руу явах гэж байгаа тул яг одоо Улаанбаатар хот уруу унаанд суух гэж байна, очих боломжгүй байна, унаагүй байна” гэсэн ба улсын байцаагч миний бие холбогдогч Ц.Ж зөрчлийн хэргийн материалтай танилцах боломжоор хангасан болно.

Тухайн зөрчил 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч Б.О, мал үржлийн улсын байцаагч С.Ог нар нь Д зоогийн газарт гарсан хордлогын дагуу хийсэн хяналт шалгалтаар тухайн нэр төрлийн 29 ширхэг хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссан байсныг илрүүлээд хурааж аваад “Х” ХХК дээр битүүмжилсэн байсныг Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч эд зүйл хураан авах тухай актаар хураан авахад “Х” ХХК-ийн Н.Х, кассын худалдагч, эрх бүхий хүмүүс байсан. Ц.Ж өөрөө эд зүйл хураах тухай акт дээр гарын үсэг зурж, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгахад хамт байлцсан. Даланзадгад сумын устгалын комисст албан бичгээр тоот гарган шилжүүлээд устгуулсан.

Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдсан нь Хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдал хангах тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хуулийн этгээдэд захиргааны хариуцлага оногдуулсан. Өмнө нь “Х” ХХК-ийн салбарын эрхлэгч буюу хувь хүн дээр захиргааны хариуцлага ногдуулсан боловч прокурорын дүгнэлтээр шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.

Прокуророос дахин зөрчлийн хэрэг нээж, хуулийн этгээдэд захиргааны хариуцлага оногдуулна уу гэсэн бичиг ирсний дагуу хуулийн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулсан тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа “...Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөр очиж байхдаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бичиж өгсөн.

Актад “Х” ХХК-ийн барааг худалдан борлуулж байсан ямар хэмжээтэй бүтээгдэхүүн, тухайн бараа бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэгдэж, хэзээ дуусах ёстой байсныг манайх худалдааны зааланд худалдаж байсан талаар ямар ч мэдээлэлгүйгээр эд зүйл хураан авсан акт дээр тухайн бүтээгдэхүүний нэр, тоо, ширхэг байдаг. Юуг үндэслэж бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, чанар стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн нь тодорхойгүй.

Эд зүйл хураан авах тогтоол 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Энэ талаар компанид мэдэгдэж байсан. Гэтэл энэ өдрөө Н.Х-д 900 нэгжийн торгууль оногдуулж, шийтгэлийн хуудас гаргасан талаар манай компанид мэдсэн. Манайд ийм зөрчил илэрч болзошгүй гэж мэдэгдсэн өдрөө шийтгэлийн хуудас гаргасан учраас гомдол гаргаагүй.

2019 оны 10 сард захиргааны анхан шатны шүүхэд гаргасан Прокуророос өмнөх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргаснаар дахин шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж энэ актыг танилцуулж, актын үндэслэл нотлогдохгүй. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд өөрийнхөө оногдуулсан актын үндэслэлийг нотлох ёстой. Гэтэл зөвхөн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16020916 дугаартай эд зүйл хураан авах тухай улсын байцаагчийн актыг үндэслээд манай байгууллагыг чанар стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг худалдсан, худалдан борлуулсан, худалдан борлуулахаар завдсан, хадгалсан гэсэн үндэслэлүүдийн аль нэг рүү нь оруулаад шийтгэл оногдуулах нь нотлох баримтын шаардлага хангаагүй шийтгэл оногдуулсан. Иймд Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “Х” ХХК-иас “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргаж, шийтгэл оногдуулах үндэслэлээ тодорхой дурдаж, баримтжуулаагүй, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцох эрхийг хангаагүй гэж маргасан.

“Х” ХХК-ийн дэлгүүрээс мэдээллийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын явцад хэрэглэх хугацаа дууссан 270800 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн 29 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгуулахаар 2019  оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16/02/009/16 дугаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар Даланзадгад сумын Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөл”-д шилжүүлжээ.

Уг зөвлөлөөс дээрх бүтээгдэхүүнүүдийг устгасан талаарх хариуг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

“Х” ХХК-ийн Ц супермаркетад хугацаа дууссан бараа худалдаалж байсан дээрх зөрчилд салбарын эрхлэгч Н.Х-г холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142167 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 900,000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэснийг Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт гарган, хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт  Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 120/ШШ2019/0022 дугаар шүүгчийн захирамжид авагджээ.

Улмаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас дээрх зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгах тухай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/589 дугаар албан бичгийг Мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлснээр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/ М.Т нь 1928000188 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

 “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/08 дугаар[1] албан бичгээр Ц.Ж-г хууль ёсны төлөөлөгчөөр томилсны дагуу  эрх бүхий албан тушаалтны 2019 оны 16/02/009 дүгээр тогтоолоор Ц.Ж-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож,  “хугацаа дууссан хүнс худалдаалсан”[2] гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн,  2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын дагуу “Х” ХХК-д таван мянган нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан бөгөөд 1928000188 дугаартай зөрчлийн хэргээс үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Ц.Ж-д эрх үүргийг танилцуулж, холбогдогчоор мэдүүлэг авсан[3] байх ба энэ ажиллагаанд холбогдогчийн өмгөөлөгч нь мөн оролцсон байна.

Холбогдогч Ц.Ж-гийн “...гаргасан гэх зөрчлийн талаар тайлбар мэдүүлэг өгөхгүй...” гэх бичгээр гаргасан тайлбар[4], холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[5] зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны зүгээс оролцуулах эрхээр хангаагүй, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан гэх гомдлын үндэслэл үгүйсгэгдэх ба энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 9-д “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Ц.Ж-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосонтой холбогдуулж “” ХХК -иас ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгасан байна.

 Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөгжил цог жавхлан” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ж-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалтад заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, өмгөөлөгч авах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхээр хангасан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Гомдол гаргагч нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Эд зүйлийг хураан авах тухай” улсын байцаагчийн актад гомдол гаргаагүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн “Устгалын комиссын акт”-д “...”Х” ХХК нь устгал хийх үед байлцах боломжгүй, устгахад татгалзах зүйлгүй болно гэсэн хариу өгсөн...”[6] гэх үйл баримтаар “хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан, борлуулаагүй” гэж урд нь маргаж байгаагүй нь тогтоогдох бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд энэ талаар маргаж байгаа нь үндэслэлгүй болно.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, “Х” ХХК-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан, “Х” ХХК болон хууль ёсны төлөөлөгч Ц.Ж тухайн үедээ зөрчлийг үгүйсгэж маргаагүй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул “Х”  ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 9 дэх заалтыг тус тус баримтлан “Х” ХХК-ийн гаргасан “Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.БАЯРМАА

 


[1] Хэргийн 28 дахь тал

[2] Хэргийн 34 дэх тал

[3] Хэргийн 31 дэх тал

[4] Хэргийн 33 дахь тал

[5] Хэргийн 31  дэх тал

[6] Хэргийн 38 дахь тал