Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0284

 

 

 

 

 

 

 

 

     “Х ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х ү” ХХК

Хариуцагч Монгол Улсын Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03/2964 тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Улсын орлого болгож нэхэмжлэгчийг хохироосон, тендерийн баталгааны 16.000.000 /арван зургаан сая төгрөг/-ийг буцаан гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ө.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0655/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х ү” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд  холбогдуулан “Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03/2964 тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Улсын орлого болгож нэхэмжлэгчийг хохироосон, тендерийн баталгааны 16,000,000 /арван зургаан сая төгрөг/-ийг буцаан гаргуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаар шийдвэрээр: 

“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9-д заасныг баримтлан “Х ү” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 03/2951 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03/2964 тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 16,000,000 /арван зургаан сая төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Х ү” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т "...Төрийн худалдан авах ажиллагааны газраас Тендерийн баримт бичгийг зөрүүтэй боловсруулсан байхад V бүлгийн маягт-5 дагуу бөглөсөн ч Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.3-д заасан шаардлагыг тендерт хавсаргасан баримтуудаар бүрэн хангасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна" гэж дүгнэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтаар "тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт"-ыг үндэслэн тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг тогтоож болохоор, тус зүйлийн 16.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана." гэж тус тус заасныг үндэслэн Сангийн сайдаас баталсан тендерийн жишиг баримт бичигт тендерт оролцогчийн санал болгох тоног төхөөрөмжийн үндсэн жагсаалтыг ирүүлэх хүснэгтийн маягтыг оруулсан байдаг.

Гэхдээ энэхүү маягт нь жишиг хүснэгт бөгөөд хэзээ ч хөдөлшгүй, захиалагчаас шаардах мэдээлэл нь зөвхөн үүгээр хязгаарлагдана гэж үзэх боломжгүй.

Тухайлбал цахим системээр шалгах шаардлагатай авто тээврийн хэрэгслийн тухайд тухайн техник хэрэгслийн улсын дугаарын мэдээлэл зайлшгүй шаардлагатай болдог.

Энэхүү онцлогийг харгалзан захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газар нь ЭМЯ/202212009 дугаартай "Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо"-ын ажлын тендер шалгаруулалтын Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3- Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн техник хэрэгсэл: "Шаардана". Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай Үндсэн машин механизмуудыг дээрх жагсаалтын дагуу санал болгоно." гэж заагаад зөвхөн авто тээврийн хэрэгслийн хувьд үйлчлэх дараах хүснэгтийг зааж оруулсан нь тендерийн баримт бичгийг зөрүүтэй боловсруулсан гэж үзэх боломжгүй.

Хэрэв санал болгож буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ирүүлэхийг шаардсан энэхүү шаардлага нь хууль зөрчсөн гэж үзвэл үүний дагуу хүснэгтээ бэлдэж ирүүлсэн бусад тендерт оролцогчдын тендер ч мөн хуульд нийцээгүй гэх үр дагаврыг бий болгоно.

 

Тэдгээр оролцогчид улсын дугаарын мэдээллээ захиалагчийн шаардсанаар ирүүлсэн тул Автотээврийн үндэсний төвийн цахим системээс төрийн худалдан авах ажиллагааны цахим системд илгээсэн мэдээлэлд үндэслэн хянан үзэх боломжтой болсон.

Харин нэхэмжлэгч "Х*******" ХХК нь санал болгосон гэх 3 тээврийн хэрэгслийн мэдээллээ огтхон ч ирүүлээгүй, тухайн компанийн эзэмшилд тийм тээврийн хэрэгсэл байдаг эсэхийг ч шалгах боломжгүй тул захиалагч тус компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй.

3.2. Гэрээ байгуулах эрх авсан "Н*******" ХХК-ийн ирүүлсэн тендерт санал болгосон 5604 УАК тээврийн хэрэгслийн мэдээллийг захиалагч 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахад "Даац: 5000" гэж, Захиргааны шүүхэд авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаанд даац 5000 гэсэн лавлагаа гарсан нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогддог.

Худалдан авах ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх бодлогын хүрээнд хуульд тусгайлан эрх олгосны хүрээнд Сангийн сайд 2019 оны 255 дугаар тушаалаар "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ыг баталсан. Уг журмын 3.7-д зааснаар цахим системд холбогдох мэдээллийн сангаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн хянан үзсэн үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх огтхон ч харгалзаж үзээгүй.

Шүүх "Н*******" ХХК-ийн тендерт санал болгосон 5604 УАК тээврийн хэрэгслийн даацын мэдээллийг тус компанийн тендер болон autobox.mn цахим хуудас дээрх мэдээллийг үндэслэх ёстой гэж дурдсан боловч захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022.10.05-ны өдрийн А-1/2246 албан бичгээр шүүхэд хүргүүлсэн, Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн "хуулбар үнэн-03" нотлох баримтад тус тээврийн хэрэгслийн "даац 5000" гэж тусгагдсан байгааг дүгнээгүй ба Авто тээврийн үндэсний төвийн хариуцсан мэдээллийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Сангийн яамыг буруутгасан нь үндэслэл тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

            1.Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгчийг сонгох тендерт нэхэмжлэгч “Х ү” ХХК нэр бүхий 11 компанийн хамт оролцсон боловч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/985 дугаар албан бичгээр тендерийг шаардлагад нийцээгүй тул татгалзсан тухайгаа мэдэгджээ.

            Үндэслэлийн хувьд нэхэмжлэгчээс уг тендерийн баримт бичигт заасны дагуу 5 тн-ын хүчин чадалтай автокран 1, 5 тн-ын даацтай ачааны автомашин 2, ковш 1, экскаватор 1 ширхгийг тус тус санал болгосон боловч хүснэгт маягтын дагуу санал болгосон эдгээр тээврийн хэрэгсэл, машин механизмын улсын дугаарыг бичиж ирүүлээгүйгээс Авто тээврийн үндэсний төвийн цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байна гэсэн, Сангийн яам нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу энэхүү шалгаруулалтыг хянаад:

            “…Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.3-т “Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмуудыг дээрх жагсаалтын дагуу санал болгоно. …үндсэн машин механизмуудын 50-аас доошгүй хувь нь тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийнх байх шаардлагатай. Тухайн ажилд санал болгож буй тээврийн хэрэгсэл, машин механизмын гэрчилгээ, лавлагааг ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан шаардлагатай мэдээллийг шалгана” гэж заасан.

Үнэлгээний хороо түрээсийн гэрээгээр ашиглах 4877 УБЭ, 7108 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээллийг шалган тендерийн үнэлгээнд харгалзан үзсэн боловч ачааны автомашин, ковш, экскаватор нийт 3 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын мэдээллийг ирүүлээгүйгээс цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байх тул шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй…” гэж дүгнэсэн нь хуульд бүрэн нийцээгүй талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн байна.

            Тухайлбал “Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга, /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендерийн баримт бичиг”-ийн I бүлэг Тендер шалгаруулалтын зааварчилгааны /цаашид ТШЗ гэх/ 14.1-т “Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн V бүлэг дэх маягтыг бөглөж ТШЗ-ны 23-т заасны дагуу илгээнэ. Маягтад өөрчлөлт оруулахгүй холбогдох хэсгийн мэдээллийг бөглөнө” гэж, 

17.6.3-т “гэрээг хэрэгжүүлэхэд ашиглагдах ТӨХ-д заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл, тэдгээрийг цаг хугацаанд нь /өөрийн өмчлөл, эзэмшлийн түрээслэх гэх мэт/ бэлэн байлгах тухай Маягт 5-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл” гэж,

II бүлэг Тендерийн өгөгдлийн хүснэгтэд /цаашид ТӨХ гэх/ ТШЗ-ны 17.6.3-ыг “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн техник  хэрэгсэл: “Шаардана” хэсэгт Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, зориулалт, хүчин чадал, тоо ширхэг, улсын дугаар, эзэмшигчийн мэдээлэл гэсэн жагсаалтын дагуу санал болгоно” гэж,

V бүлэг Тендерийн жишиг маягтуудын Маягт 5-д “Тендерт санал болгож байгаа үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, зориулалт, хүчин чадал, тоо ширхэг /“Өөрийн эзэмшил” эсхүл “түрээс” аль нэгийг бичих/ гэсэн хүснэгтээр гаргахаар тус тус заажээ.

            2.Нэхэмжлэгчийн тухайд машин механизмын мэдээллийг ТӨХ-д заасан хүснэгтийн дагуу бус харин Тендерийн жишиг маягтад заасны дагуу уг Маягт 5-д өөрчлөлт оруулахгүйгээр, өөрөөр хэлбэл улсын дугаарыг бичилгүйгээр гаргасан энэ тохиолдолд Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу тухайн үед нэхэмжлэгчээс тодруулга авах бүрэн боломжтой, үүнийг ч хуулиар зөвшөөрсөн байна.

            Гэтэл дээрх байдлаар тендерт оролцогчдыг төөрөгдөлд оруулж болзошгүй нөхцөл байдалд нэхэмжлэгчээс ямар нэгэн тодруулга авалгүйгээр “ачааны автомашин, ковш, экскаватор гэсэн 3 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын мэдээллийг ирүүлээгүйгээс цахим мэдээллээс шалгах боломжгүй, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзсэн Сангийн яамны шийдвэрийг гомдлыг хуулийн дагуу үндэслэлтэй хянасан гэж үзэхээргүй байна.

            Тухайлбал Үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерт шалгарсан “Н э” ХХК 1.577.284.902 төгрөгийн, харин нэхэмжлэгч 1.418.706.850 төгрөгийн үнийн санал өгсөн, эдгээр нь 158.578.052 төгрөгөөр зөрүүтэй байхад нэхэмжлэгчээс улсын дугаар бичээгүй 3 тээврийн хэрэгслийн талаар тодруулга авах боломжтой байсныг Сангийн яам шийдвэр гаргахдаа анхаарсангүй. 

            Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн тендерийг ийнхүү шаардлагад нийцээгүй гэж дүгнэснийг зөв гэсэн атлаа шалгарсан “Н э” ХХК-ийн тендерийн баримт мөн л шаардлагыг бүрэн хангаагүй байхад “хангасан” гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзсэнээрээ тендерт оролцогчдод тэгш бус байдлыг бий болгожээ.

Учир нь нэхэмжлэгчийг машин механизмын мэдээллээ ТШЗ-ны 17.6.3-т зааснаар бус ТӨХ-д илүү тодруулсны дагуу гаргаж өгөөгүй гэж буруутгасныг үгүйсгэхгүй ч, “Н э” ХХК-ийн иргэн Ю.С түрээсээр ашиглах 3848 УБХ улсын дугаартай ачааны автомашины улсын дугаарыг харуулсан фото зургийг тендерийн баримт бичигт ирүүлээгүй нь ТӨХ-ийн ТШЗ-ны 17.6.3-ыг “түрээсээр ашиглах бол …улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлнэ” гэсэн илүү тодруулсан шаардлагыг хангасан эсэх, мөн энэхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээнд зориулалтыг “зүтгүүрийн” гэж бичсэн нь 5 тн-оос багагүй даацтай ачааны автомашин гэсэн захиалагчийн шаардлагад нийцэж байгаа эсэх нь тус тус эргэлзээтэй,

5604УАК улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд даац 4.5 тн гэсэн нь дээрх шаардлагад мөн л нийцэхээргүй, өөрөөр хэлбэл 5 тн-оос багагүй даацтай 2 ачааны автомашинтай байх гэсэн шаардлагыг тендерт шалгарсан “Нью эрхэм” ХХК-ийн санал болгосон дээрх 2 автомашин бичиг баримтын болон техникийн үзүүлэлтийн шаардлага хангахааргүй байна.

Хэдийгээр Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн нэгдсэн системд 5604 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн даац 5 тн гэж бүртгэгдсэн боловч тус газраас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн уг тээврийн хэрэгслийг Гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэгт даац 4.5 тн гэж тэмдэглэгдсэн, autobox.mn сайтаас шалгахад мөн л 4.5 тн гэж бүртгэгдсэн нь шүүхийн үзлэгээр тогтоогджээ.

            Нэгэнт Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчээс тендерийн баталгаа болгож Хас банканд байршуулсан 16.0 сая төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3-т заасны дагуу улсын орлого болгох үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН