| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/43 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/43
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч А.К-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч А.С-,
Шүүгдэгч М.Ц-О-- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-О--т холбогдох 2013001650154 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овогт М-гийн Ц-О-, 1972 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 48 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, Баян-Өлгий аймгийн Б сумын **дүгээр баг, Хт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц-О-- нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт байрлах засмал зам дээр өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн, ****** БӨТ улсын дугаартай тээврийн жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4 а, 12.3, 3.5 а, г-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, МН150 улсын дугааргүй мотоциклийг мөргөн, иргэн М.Т-ын амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч М.Ц-О--ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Ц-О-- нь 2020 оны 04-р сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт байрлах засмал зам дээр өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн, ****** БӨТ улсын дугаартай тээврийн жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4 а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 12.3-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, МН150 улсын дугааргүй мотоциклийг мөргөн, иргэн М.Т-ын амь насыг хохироосон,
Улмаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5 г-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” заалтуудыг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-12-рх/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-16-рх,
-Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-27-рх/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 28-32-рх/,
-Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай “УАЗ-31512 маркийн ****** БӨТ улсын дугаартай, 10025840 арлын дугаартай, 2001 онд үйлдвэрлэсэн, Монголд 2002 онд орж ирсэн, Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн иргэн М.Ц-О--ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гаргаж, бусдыг мөргөснөөс болж, тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт эвдрэл гэмтэл үүссэн байна. Тээврийн хэрэгслийн баруун урд оврын гэрэл хагарсныг сольсон, баруун дохионы гэрэл хагарсан, баруун далавч урд хэсгээр дотогш хонхойсон, салхины шил хагарсан зэрэг гэмтэл үүссэн. Үүссэн эвдрэл гэмтлүүд нь бусад тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас үүссэн байна. УАЗ-31512 маркийн ****** БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн техникийн байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй, бүрэн бүтэн байсан байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 75-76-рх/,
- Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай “Улсын дугааргүй, Мон-Иж-МН-150 маркийн, цагаан өнгийн LUAHK50XH001495 арлын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2018 онд орж ирсэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р багийн иргэн М.Т-ын унаж явсан мотоцикл нь зам тээврийн осолд орж бусад тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас урд хэсэгт эвдрэл гэмтэл үүссэн байна. Тээврийн хэрэгслийн зүүн урд дохионы гэрэл хагарсан, бензиний банк зүүн урд хэсгээрээ хонхойсон, урд амортизатор гажсан, жолоо гажсан, урд хамгаалалт гажсан зэрэг эвдрэл гэмтэл үүссэн. Эдгээр гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас үүссэн байна. Улсын дугааргүй, Мон-Иж-МН150 маркийн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн бүтэн байсан ба ямар нэгэн механик эвдрэл гэмтэлгүй байсан байна. Мотоциклийн тормозыг шалгаж үзэхэд тормозны удаашрал стандартын шаардлага хангаж байна. Улсын дугааргүй Мон-Иж-МН150 тээврийн хэрэгслийн техникийн байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй, бүрэн бүтэн байсан байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 78-79-рх/,
-Эрх бүхий шинжээч, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Г-ын 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай “УАЗ-31512 маркийн ****** БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч М.Ц-О- нь зам тээврийн осол болох үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4 а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 12.3-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5 а -д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5 г-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Осол гарах шууд шалтгаан нь УАЗ-31512 маркийн ****** БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч М.Ц-О-- нь гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаараагүй, аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон байна” гэх дүгнэлт, түүнд хавсаргасан схем зураг /1-р хх-ийн 83, 86-рх/,
- Шинжээч Э.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “УАЗ-31512 маркийн ****** БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч М.Ц-О-- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1, 13.4 а, 12.3, 3.5 а,г -д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. М.Ц-О-- нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна. Тухайн хэрэг учрал болсон гэх газар нь “гарц” юм. “Гарц” гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг хэлнэ гэж замын хөдөлгөөний дүрмээр зааж өгсөн. М.Ц-О-- нь замын хөдөлгөөний дүрмийн 13.4-а-д заасан уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88-рх/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-22-рх/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай
“Талийгаач М.Т-ын цогцост гэмтэл учирсан байна. Талийгаач М.Т-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, зулай, суурь хэсгийн аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, толгой, нүүр, гар, хөлийн хэсэг дэх олон тооны зулгарсан зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед учрах боломжтой. Гавал тархины битүү гэмтэл болох дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, зулай, суурь хэсгийн аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт зэрэг гэмтлүүдийн улмаас тархи дарагдан, амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас баржээ. Талийгаачийн үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нас барах үедээ эрүүл байжээ.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-62-рх/,
- Амь хохирогч М.Т-ын 2020 оны 4 сарын 22-ны өдөр эмнэлэгт эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 63-71-рх/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирогчоор өгсөн:
“...М.Т- нь миний төрсөн хүүхэд юм. Манайх Толбо сумын 5 дугаар багт оршин суудаг бөгөөд М.Т- миний том хүү байсан. Хүү маань Толбо сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр ангид сурч байсан ба энэ жил 11 дүгээр анги төгсөх байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний бие аймгийн төвд явж байсан. Тухайн өдөр 15 цагийн үед юм шиг байна, хүү М.Т- нь миний мотоциклээр Толбо сумын төвөөс 5 км-ийн зайтай аймаг руу явах засмал замын ойролцоо байрлах тоосгоны үйлдвэр орохоор засмал зам дээр явж байхад хойноос нь явж байсан УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч мөргөж, улмаар хүүхдийг минь сумын эмнэлэгт хүргэж өгчхөөд хэргийн газраас зугтааж явсан байсан юм. Ийм асуудал болсныг би тухайн өдрийн 17 цаг өнгөрч байхад сонсож мэдсэн. Миний ойлгож байгаагаар хүү маань тоосгоны үйлдвэр орохоор эргэх үед хойноос нь явж байсан тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийж мөргөсөн байна лээ. Маш их харамсалтай байна. Нөгөө тээврийн хэрэгслийн жолоочид гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-рх/,
........2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор 2 дахь удаагаа өгсөн: “М.Ц-О-- гэгч нь өөрийн буруугаа хүлээж надаас уучлалт гуйсан. Хүүхдийн оршуулгын ажил болон 7 хоног, 40 хоногт нь тус тус хэрэглэсэн зүйлүүдийг нотлох баримттай гаргаж өгсөн. Нийт 4.333.500 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед хүүгийнхээ унаж явсан мотоциклийг миний бие авахаас татгалзсан ба М.Ц-О- уг мотоциклийг өөрөө авахаар болж надад мотоциклийн үнэ 2 сая төгрөг өгсөн. Ингээд М.Ц-О-- нь надад нийт 6.333.500 төгрөг төлж өгсөн. Надад одоогоор өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хүүхдээ алдаж харамсаж сууна. Сэтгэл санааны маш их дарамтад байна. Сэтгэл санааны хохирлоо тусдаа иргэний журмаар нэхэмжлэх болно. Одоогоор өөр нэхэмжлэх зүйлгүй байна. Учирсан бодит хохирлыг барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-рх/,
- Гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн:
“М.Ц-О--ын машинтай Ховд аймаг явж очоод буцаад Баян-Өлгий аймгийн Б сум руу явж байхдаа Толбо сум өнгөрөөд 4 гаруй километр явж байсан байх, жолоочийн хажуу талын урд суудалд Ж-, хойд суудалд Д.Ч-, Б.О- бид гурав сууж явсан юм. Хойд суудалд утасны сүлжээ орж байсан болохоор фейсбүүк ашиглаж үзэж явсан ба миний сууж явсан машин нь урдаа явсан мотоциклийг мөргөж зогссон байсан. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь УАЗ-469 маркийн ****** БӨТ улсын дугаартай цагаан саарал өнгийн машин байсан. Бид хэд осол болсон газар машинаас бууж очиход М.Ц-О-- мотоциклийн жолоочийн толгой хэсгээс тэвэрсэн байдалтай байсан би холоос харж байсан. Улмаар удаагүй Б.О- бид хоёрыг осол болсон газар үлдээгээд М.Ц-О--, Т.Ж-, Д.Ч- нар Толбо сумын Эрүүл мэндийн төв рүү хүргэхээр явсан. Мотоциклийн эвдрэл гэмтсэн эд ангийг сайтар харж чадаагүй. Харин М.Ц-О-ын машины урд салхины шилний баруун талын доод булан хэсгээрээ хагарсан байсныг харсан, өөрөөр харсан үзсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-рх/,
- Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “... 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Б.О-ийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлж онош тодруулахаар хөрш М.Ц-О-, түүний эхнэр Т.Ж-, миний эхнэр Б.О-, Г.Б- бид тав М.Ц-О--ын машинаар Ховд аймаг руу явсан. Тэгээд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1 цагийн орчимд Ховд аймгаас бид 5 гараад замдаа бензин авахаар Толбо сум орсон юм. Толбо сумаас бензин аваад шууд хөдлөөд Баян-Өлгий аймаг явах засмал зам руу ороод 4 км гаруй өнгө рүү явсан байтал М.Ц-О-- урдаа явсан мотоциклийг мөргөж унгаачихлаа гэж машин дотор явсан хүмүүс орилолдоод уг мөргөсөн мотоциклээс 50 метр гаруй яваад зогссон байсан. М.Ц-О-- нь өөрөө машинаасаа буугаад уг мотоциклийн жолооч руу гүйгээд явчихсан. Бид нар ч гэсэн машинаас буугаад хойноос нь яваад очтол мотоциклийн жолооч ухаангүй байдалтай түүний толгойг М.Ц-О-- тэвэрсэн байсан. Энд их удаан байгаад яахав гэж хэлээд М.Ц-О--, Ж- бид гурав Толбо сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд ямар нэгэн эмч, эмнэлгийн ажилтан нарт болсон үйл явдлаа тайлбарлаж хэлэхгүйгээр эмнэлгийн хаалгаар шууд оруулаад зүүн талын өрөөнд байх орон дээр хэвтүүлчхээд яваад өгсөн юм. Мотоциклийн жолоочийг эмнэлэгт хүргэх үед ямар нэгэн юм хэлж яриагүй бөгөөд хамарнаас нь цус гарсан, мөн зүүн талын чамархай хэсэгтэй шалбарсан байсан харагдсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. М.Ц-О-- тухайн үед ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, замын хөдөлгөөний хурд хэтрүүлээгүй бөгөөд ямар учраас мотоциклтэй мөргөлдөж осол гаргасныг хойд суудалд гар утсаараа фейсбүүк орж явсан болохоор сайн анзаарч харж чадаагүй юм. Мөргүүлсэн мотоцикл нь ерөнхийдөө аймаг руу явах засмалын хот руу буюу Толбо сум руу явах чиглэлийн урсгалд мотоцикл баруун талаараа унасан байдалтай байсныг би босгож уг мотоциклийн хүрд нь араатай байсан болохоор конс /араа салгагч/ атгаж хөдөлгөж замын урд хэсэгт гаргаж данхраадаж тавьсан юм. Харин уг мотоциклийн бензиний банкны зүүн тал нэлээд хонхойж орсон байсан бөгөөд урд дугуйны сэрээ хэсгээрээ тахирч муруй болсон байсан. Харин М.Ц-О--ын машины улсын дугаарыг сайн санахгүй байгаа бөгөөд цагаан саарал өнгийн Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн Уаз-469 маркийн хуучин машин байсан бөгөөд мотоцикл мөргөсөн газраасаа ойролцоогоор 30-40 метрийн зайтай явж өнгөрөөд зогссон байсан машины салхины шилний жолоочийн эсрэг тал буюу баруун талын доод булан хэсгээр хагарч шуурсан, мөн баруун талын их гэрэл нь хагарсан байдалтай харагдаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46рх/,
- Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тус өдөр миний бие нөхөр Д.Ч-, хөрш Г.Б-, М.Ц-О-- түүний эхнэр Т.Ж- нарын хамт Ховд аймгаас 11 цагийн орчимд Б сум руу М.Ц-О--ын машинаар гарч яваад бензин хүрэхгүй байх гэж хэлээд Толбо сумын колонкоос бензин аваад явж байтал М.Ц-О-- урдаа явж байсан мотоциклийг шүргэчихлээ гэж машин дотор явсан хүмүүс бүгд орилж хашхирсан. Тэгээд М.Ц-О-- бид нарыг машинд сууж байгаарай гэж хэлээд мөргөсөн мотоциклийн жолоочийн дэргэд очоод байж байхад нь манай нөхөр Д.Ч-, Т.Ж-, Г.Б- бид хэд очиход М.Ц-О-- уг мотоциклийн жолоочийн толгойг тэвэрч өндийлгөсөн байдалтай сууж байсан. Улмаар удалгүй М.Ц-О-- машинаа асааж ирээд Г.Б- бид хоёрыг хэрэг болсон газарт Д.Ч- бид хоёрыг үлдээгээд Толбо сумын Эрүүл мэндийн төвд мотоциклийн жолоочийг хүргэхээр явсан бөгөөд 30 орчим минутын дараа М.Ц-О--ын машинтай буцаж ирээд Г.Б- бид хоёрыг суулгаад хөдөлсөн. М.Ц-О--ын машины жолоочийн эсрэг талын их гэрэл нь хагарсан байсан. Өөр надад ил харагдах эвдрэл гэмтэл харагдаагүй. Замдаа машиныхаа гэрэл, чийдэнг засаж янзлахгүйгээр манай нөхөр бид хэдийг гэрт буулгаад явсан. Бид нар гэрт 17-18 цагийн хооронд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рх/,
- Насанд хүрээгүй гэрч Ж.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Толбо сумын ойролцоо байрладаг улаан тоосгоны үйлдвэрийн хажууд байдаг юм. Манай гэрийн ойролцоо аймаг руу явах засмал замтай. Өнөөдөр 14 цаг өнгөрч байхад би гэрийн гадаа тоглож байх үед засмал зам дээгүүр мотоцикл явж байсан. Мотоциклийн хойноос саарал өнгийн УАЗ-469 машин явж байсан. Удалгүй юм мөргөх шиг чанга дуу гарахаар нь харахад нөгөө машин урьд явж байсан мотоциклийг мөргөж, цаашаа явж байгаад мотоциклийн хажууд ирсэн. Мотоцикл хажуу хэсгээрээ унасан, жолооч нь хажууд нь хэвтэж байсан. Тэгээд би хараад зогсож байхад нөгөө машинаас монгол дээл өмссөн 3 эмэгтэй хүн болон жолооч залуу бас нэг эрэгтэй хүн бууж ирээд 3 эмэгтэй аймаг руу чиглэж алхаад явсан. Харин нөгөө машины жолооч хажуудаа байсан эрэгтэй хүнтэй хамт газар хэвтэж байсан мотоциклийн жолоочийг өргөж машиндаа хийж аваад сум руу чиглээд яваад өгсөн. Уг осол болсон замын хажууд Т ХХК гэсэн бичигтэй самбар байдаг юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51-рх/,
- Гэрч Т.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”2020 оны 4 сарын 22-ны өдөр Ховд аймгаас нөхөр М.Ц-О--ын ****** БӨТ улсын дугаартай, УАЗ-469 машинтай, хамаатан болох Г.Б-, Б.О-, Д.Ч- нарын хамт гараад гэр лүүгээ явж байх замдаа 14 цагийн үед байх Толбо сумын ойролцоо засмал зам дээр бидний урьд мотоциклтой залуу явж байсан ба М.Ц-О-- мотоциклийг гүйцэж түрүүлэх үед нөгөө мотоцикл замаас гарахаар зүүн тийшээ эргэж, манай машинд мөргүүлж унасан. Нөхөр маань машинаас бууж гүйж нөгөө мотоциклийн жолооч дээр очиход нүдээ нээж босох шиг болоод ухаан алдсан. Тэгээд М.Ц-О--, Д.Ч- хоёр мотоциклийн жолоочийг өргөж машиндаа хэвтүүлэн эмнэлэг рүү авч яваад удалгүй буцаж ирээд биднийг машиндаа суулгаад харьсан. Нөхөр маань гэртээ очсоны дараа айж сандраад тээврийн хэрэгслийн баруун урд талын хагарсан гэрлийг сольсон байсан. Бид нар айж сандраад цагдаад мэдэгдэж чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-рх/,
- Гэрч К.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Баян-Өлгий аймгийн Толбо сумын Эрүүл мэндийн төвд дотрын их эмчээр ажилладаг. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 33 минутын үед манайх цахим хуралд орох гэж байхад эмийн санч Т.А- гүйж ирээд мотоциклоос унасан гэх нүүр хэсгээрээ цус болсон, ухаангүй эрэгтэй хүн ирлээ гэхээр нь гүйгээд хүлээн авах өрөөнд ирэхэд манай сумын иргэн М.Т- гэдэг залуу байсан ба ухаангүй, нүүр хэсгээр цус болсон, толгойны зүүн талын чамархай хэсгээр хавдсан, хурхираад байсан. Өвчтөн маань орчноо мэдрэх чадваргүй, ямар нэгэн хариу урвал байхгүй, ухаангүй байсан. Ингээд би анхны тусламж үзүүлсэн боловч нас барсан. Тухайн үед би эмийн санч Т.А-ээс энэ хүнийг ямар хүмүүс дагуулж ирсэн бэ, хаана юу болсон талаар хэлсэн үү гэхэд хоёр залуу дагуулж ирсэн, нэрийг нь асуугаагүй, хэн гэдгийг нь мэдэхгүй, мотоциклоос унасан гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р х/,
-Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Толбо сумын Эрүүл мэндийн төвд эмийн санчаар ажилладаг. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг өнгөрч байхад өрөөндөө тайлан бичээд сууж байтал гаднаас үл таних 2 залуу мотоциклоос унаж гэмтсэн гэх залууг хоёр талаас нь өргөж орж ирээд газар тавих гэхээр нь би цаашаа ороод оронд хэвтүүлээрэй гэж хэлээд цахим хуралд сууж байсан эмч болох К.М-ийг дагуулж ирсэн. Ингээд эмч өвчтөнд эмчилгээ хийж байтал гаднаас дагуулж ирсэн 2 залуу алга болчихсон харагдсан. Тэгж байтал нөгөө өвчтөн маань нас барсан. Өвчтөн анх ирэхдээ ухаангүй, орчноо мэдрэхгүй, өмссөн цамцны урд хэсгээр бөөлжсөн байдалтай харагдсан. Гэмтсэн хүнийг авч ирсэн хоёр залуу 40 орчим насных байсан ба нэг нь гоёлын шилтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-рх/,
- Гэрч Х.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Толбо сумын 5 дугаар багт байрлах улаан тоосго үйлдвэрлэдэг Т ХХК-д манаач ажилтай бөгөөд үйлдвэрийн хажууд гэртэй. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад гэрийн гадна машинаа засаж байгаад засмал зам руу харахад “Т” гэсэн бичигтэй самбарын хажууд засмал зам дээр саарал өнгийн УАЗ-469 маркийн машин хөндлөн байрлуулсан байдалтай байхаар нь би гэр лүүгээ ороод дурангаа авч гарч ирээд дурандахад монгол дээл өмссөн 3 эмэгтэй, 2 эрэгтэй харагдсан ба засмал зам дээр цагаан өнгийн мотоцикл босоо байдалтай, замын ирмэг хэсгээр нэг хүн газар хэвтэж байсан ба толгойноос нь нэг хүн тэвэрсэн байсан. Тэгээд би осол гарсан байна гэж бодоод дөхөж очих санаатай дурангаа гэртээ оруулж тавиад гарч ирэхэд нөгөө зам дээр байсан мотоциклийг засмал замаас манай үйлдвэр рүү туслах шороон зам руу гаргаж тавьсан байдалтай, замын ирмэг хэсэгт хэвтэж байсан хүнийг нөгөө зам дээр хөндлөн зогсож байсан саарал өнгийн УАЗ-469 маркийн машин руу хоёр талаас нь өргөж хийгээд сум руу чиглээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-рх/,
- Шүүгдэгч М.Ц-О--ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн ****** БӨТ улсын дугаартай, УАЗ 31512 машинаараа манай сумын хүмүүс болох Д.Ч-, түүний эхнэр Б.О-, мөн Г.Б-, өөрийн эхнэр Т.Ж- нарын хамт Ховд аймаг руу эмнэлэгт үзүүлэх ажлаар явсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн үед миний машинаар Ховд аймгаас 5-уулаа хамт гараад явсан. Тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож миний хажууд буюу урд хэсэгт эхнэр Т.Ж-, хойд талд Г.Б-, Д.Ч-, Б.О- нар сууж явсан. Тэгээд 14 цагийн үед Толбо сум орж бензин аваад буцаж Баян-Өлгий аймаг руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал замаар зорчиж яваад урд явсан цагаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг гүйцэж түрүүлэх гээд эсрэг талын эгнээ рүү ороод цаашаа явах гэхэд нөгөө мотоциклийн жолооч болох залуу гэнэт зүүн тал руу замын гарам руу дохио өгөхгүй эргэх үед тээврийн хэрэгслийн баруун урд талаар мөргүүлэх шиг болсон. Тухайн үед би нөгөө мотоциклоос зугтаагаад замын зүүн тийш хөвөө хэсэг рүү гараад буцаж жолоодох механизмаа засаж эргээд засмал руу орж аймаг руу чиглэж зогссон. Осол болох газраас би ойролцоогоор 40-50 метрийн зайд зогссон ба машинаасаа буугаад мотоциклийн жолоочид тусламж үзүүлэхээр очиход хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд цусыг нь арчаад толгойг нь өвдөг дээрээ тавих үед жолооч залуу нэг удаа хөл дээрээ босож зогсоод буцаад бие нь муудах шиг болохоор нь би жолооч залууг машиндаа суулгаж аваад Д.Ч- болон манай эхнэр Т.Ж- бид гурав Толбо сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөх хооронд хохирогч залуу ямар нэгэн юм хэлээгүй, үйл хөдлөл хийгээгүй. Тэгээд хохирогч залууг эрүүл мэндийн төвийн хаалгаар оруулахад ногоон халаадтай эмэгтэй хүн байсан ба яасан хүн бэ гэж асуухаар нь мотоциклоос унасан байна гэж хэлсэн. Гэтэл тэр ажилтан зүүн талын хаалгыг онгойлгоод хохирогчийг орон дээр хэвтүүлээрэй гэхээр нь жолооч залууг орон дээр хэвтүүлээд эмнэлгийн ажилтнуудад ямар нэг зүйл хэлэхгүй шууд яваад өгсөн. Буцаж осол болсон газар ирээд Б.О-, Г.Б- нарыг аваад Б сумын 1-р баг, Х гэх газарт байдаг өвөлжөөндөө ирсэн. Тухайн үед Б.О-, Г.Б- нарын бие муу байсан учир би хүргэж өгөхөөр явсан. Тухайн хэрэг учрал болсон газарт замын зүүн тал буюу сумын төв рүү харж байрласан тоосгоны үйлдвэртэй байсан ба гол замаас тийшээ гарах замын гарам байсан. Түүнээс биш албан ёсны тэмдэгтэй туслах зам биш байсан. Би хамгийн түрүүнд мотоциклийн жолоочид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх гээд машинаа хөдөлгөж, жолоочийг эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед миний машинаас өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй. Мөн миний машинд зорчиж явсан О-, Г.Б- нарын бие муу байсан болохоор би тэд нарыг гэрт нь хүргэчхээд машины баруун тал буюу жолоочийн эсрэг талын их гэрэл, салхины шилний баруун доод буланд мөн баруун талын шанааны дохио хагарч эд ангиуд нь эвдэрч гэмтсэн байсныг хараад гэрийн гадаа байсан хуучин машины кузовоос урьд их гэрлийг тайлж аваад сольж байтал цагдаа нар ирсэн. Би уг нь хэргийн газар луу очих гэж байсан ба харанхуй болсон болохоор гэрлээ сольж, цайгаа уугаад гарах хооронд цагдаа нар ирсэн. Би тухайн үед тээврийн хэрэгслийг аль болох мөргөхгүйн тулд дээрх үйлдлийг хийсэн. Холбогдсон хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 4.334.950 төгрөг төлж өгсөн, мөн осолд орсон мотоциклийг хохирогч авахаас татгалзсан тул өөрөө аваад мотоциклийн үнэ 2 сая төгрөгийг хохирогчид өгсөн. Мөн сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөг, нийт 9.833.500 төгрөг төлж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн шатанд сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 36.500.000 төгрөгөөс шүүхээр шийдвэрлэсэн хэмжээнд төлж барагдуулна. Иймд надад хөнгөн шийтгэл өгнө үү.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-96-рх, 156-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/, зэрэг баримтуудаар шүүгдэгч М.Ц-О-- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ц-О--ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, мөн автотээврийн жолооч М.Ц-О-- нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-, түүний өмгөөлөгч А.К- нар нь улсын яллагчийн саналыг дэмжиж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 4.333.500 төгрөг, гэмт хэрэгт өртсөн мотоциклийн үнэ 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөг, нийт 9.833.500 төгрөг төлж барагдуулсан талаар тайлбар гаргаж, шүүхийн шатанд сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилснээс урьд төлсөн 3.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 36.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Ц-О--оос гаргуулахаар нэхэмжилж, гомдол саналтай гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч М.Ц-О-- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж, шүүгдэгчийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч М.Ц-О--ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.Ц-О-- нь 2020 оны 04-р сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт байрлах засмал зам дээр өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн, ****** БӨТ улсын дугаартай тээврийн жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4 а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 12.3-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талд хохирогч М.Т-ын жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан МН150 маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөн унагааж зам тээврийн осол гаргасан байна.
Тухайн хэрэг учрал болсон гэх газар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7-д заасан замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчир буюу “Гарц” мөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, схем зураг, эрх бүхий шинжээч Э.Г-ын дүгнэлт, түүний мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул М.Ц-О--ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4 а-д заасан “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь “УАЗ-31512 маркийн ****** БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч М.Ц-О-- нь гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаараагүй, аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон байна” гэж дүгнэсэн техникийн шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай тохирч байна гэж дүгнэв.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.
Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болно.
Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч М.Т-ын цогцост дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, зулай, суурь хэсгийн аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, толгой, нүүр, гар, хөлийн хэсэг дэх олон тооны зулгарсан зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байх бөгөөд амь хохирогчид учирсан гавал тархины битүү гэмтэл болох дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, зулай, суурь хэсгийн аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт зэрэг гэмтлүүдийн улмаас түүний тархи дарагдан, амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед учрах боломжтой болохыг шинжээч мөн тогтоосон байх тул М.Ц-О--ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон гэж үзэв.
Шүүгдэгч М.Ц-О--ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1, 13.4 а, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Ц-О-- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч М.Т-ын амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Гэмт хэрэг гарахад хохирогчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан эрх бүхий шинжээч Э.Г-ын дүгнэлтээр МН150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч, амь хохирогч М.Т- нь тухайн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх”, 3.1 б-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх, 3.4 в-д заасан “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу” өмсөх “ гэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон ч зам тээврийн осол гарахад амь хохирогч М.Т-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлөөгүй байх бөгөөд шүүгдэгч М.Ц-О-- нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар ханган, анхаарал болгоомжтой байж ямар ч нөхцөлд тээврийн хэрэгслийн зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явсан бол гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж шүүх үзсэн болно. Иймд гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ц-О--ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлийн тухайд:
Шүүгдэгч М.Ц-О-- нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт байрлах засмал зам дээр өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн, ****** БӨТ улсын дугаартай тээврийн жолоодож яваад МН150 маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Ц-О-- болон түүний өмгөөлөгч нар “Тухайн өдөр осол болсон газарт М.Ц-О--ын тээврийн хэрэгслээс өөр машин байгаагүй тул хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр осол болсон газраас машинаа хөдөлгөж, хохирогчийг эмнэлэгт хүргэсэн. Буцаад ослын газарт очсон боловч тэнд үлдээсэн байсан Б-, О- нарын бие өвдөөд байсан тул гэрт нь хүргэсэн. Ослын газрыг зориуд орхиж зугтаагаагүй, зайлшгүй шаардлага гараад орхиж явсан, айж сандраад цагдаад мэдэгдэж чадаагүй.” гэж тайлбарласан.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а-д осол гаргасан жолооч “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” үүрэгтэй гэж,
Мөн дүрмийн б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Дээрх дүрмийн заалтуудаас үзэхэд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан даруйд тээврийн хэрэгслийг зогсоох, улмаар тухайн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнийг тааралдсан тээврийн хэрэгслээр аль ойр байгаа эмнэлэгт хүргэх үүрэгтэй байх ба тухайн үед өөр тээврийн хэрэгсэл байхгүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хохирогчийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд ослын газартаа буцаж ирэх үүрэгтэй байна.
Түүнчлэн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргийг мөн хүлээдэг байна.
Гэтэл шүүгдэгч М.Ц-О-- нь осолд өртсөн хохирогч М.Т-ыг өөрийн тээврийн хэрэгслээр Толбо сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн боловч хохирогчийг эмч, эмнэлгийн ажилтанд зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй, эмч эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлэх үүргээ биелүүлээгүй нь гэрч К.М-ийн ”Тухайн үед би эмийн санч Т.А-ээс энэ хүнийг ямар хүмүүс дагуулж ирсэн бэ, хаана юу болсон талаар хэлсэн үү гэхэд хоёр залуу дагуулж ирсэн, нэрийг нь асуугаагүй, хэн гэдгийг нь мэдэхгүй, мотоциклоос унасан гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг, гэрч Т.А-ийн “2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 2 залуу мотоциклоос унаж гэмтсэн гэх залууг хоёр талаас нь өргөж орж ирээд газар тавих гэхээр нь би цаашаа ороод оронд хэвтүүлээрэй гэж хэлээд цахим хуралд сууж байсан эмч болох К.М-ийг дагуулж иртэл гаднаас дагуулж ирсэн 2 залуу алга болчихсон харагдсан. Тэгээд эмчилгээ хийж байтал нөгөө өвчтөн маань нас барсан. Гэмтсэн хүнийг авч ирсэн хоёр залуу 40 орчим насных байсан ба нэг нь гоёлын шилтэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ч-ын “Осолд өртсөн хүнийг М.Ц-О--, Ж- бид гурав Толбо сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд ямар нэгэн эмч, эмнэлгийн ажилтан нарт болсон үйл явдлаа тайлбарлаж хэлэхгүйгээр эмнэлгийн хаалгаар шууд оруулаад зүүн талын өрөөнд байх орон дээр хэвтүүлчхээд яваад өгсөн юм” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Ц-О--ын “Тэгээд хохирогч залууг эрүүл мэндийн төвийн хаалгаар оруулахад ногоон халаадтай эмэгтэй хүн байсан ба яасан хүн бэ гэж асуухаар нь мотоциклоос унасан байна гэж хэлсэн. Гэтэл тэр ажилтан зүүн талын хаалгыг онгойлгоод хохирогчийг орон дээр хэвтүүлээрэй гэхээр нь жолооч залууг орон дээр хэвтүүлээд эмнэлгийн ажилтнуудад ямар нэг зүйл хэлэхгүй шууд яваад өгсөн.” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.
Мөн шүүгдэгч М.Ц-О-- нь хохирогчийг Толбо сумын эмнэлэгт хүргээд ослын газарт буцаж очин, тухайн газарт үлдсэн гэрч Б-, О- нарыг авч явсан нь нотлогдож байх бөгөөд тэрээр Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн “осолд өртсөн хүнийг өөр тээврийн хэрэгслээр эмнэлэгт хүргэх бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, уг газартаа буцаж ирэх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, цагдаагийн ажилтныг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах” үүргээ тус тус зөрчсөн нь нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Ц-О-- нь хэргийн газарт сайн дураараа буцаж ирж, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийгөө илчлээгүй ба амь хохирогч М.Т-ыг нас барсан талаар эмнэлгийн ажилтан Т.А- цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагаас тухайн өдөр зам тээврийн осол гаргасан жолооч М.Ц-О--ыг хайж олсон, зам тээврийн ослын дараа тэрээр үйлдсэн гэмт хэргээ нуух, баригдахгүй байх зорилгоор осолд өртсөн тээврийн хэрэгслийн эд ангийг сольсон зэрэг нь түүнийг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр ухамсартай, идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэнийг нотолж байна.
Шүүгдэгч М.Ц-О-- нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан шалтгаанаа “айж сандарсан, хэргийн газарт орхиж явсан Г.Б-, Б.О- нарын бие өвдсөн учраас буцаж очиж тэднийг аваад гэрт нь хүргэхээс өөр аргагүй байсан” гэж тайлбарласан нь түүнийг зөвтгөх, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Өөрөөр хэлбэл жолооч М.Ц-О-- нь хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйлдлээ мэдсэн, ойлгож ухамсарлаж байсан атлаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг орхин явсныг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч М.Ц-О--т холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Ц-О--ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг 1 хүний амь насыг хохироож үйлдсэн”, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч М.Ц-О--ын гаргасан зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогч М.Т- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын том хүү бөгөөд гэмт хэрэгт өртөх үедээ 16 нас, 3 сар, 10 хоногтой байсан нь иргэний бичиг баримт болон 1-р хавтаст хэргийн 164-р талд авагдсан нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- нь мөрдөн байцаалтын шатанд талийгаач хүү М.Т-ыг оршуулахтай холбоотой бодит хохирлыг тооцон нотлох баримтаа гаргаж өгснөөр шүүгдэгч М.Ц-О-- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 4.333.500 төгрөг, гэмт хэрэгт өртсөн мотоциклийн үнэ 2.000.000 төгрөг, нийт 6.333.500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 99 дүгээр талд авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогч М.М-, шүүгдэгч М.Ц-О-- нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх ба М.Ц-О-- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийтдээ 9.833.500 /есөн сая найман зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөг төлсөн гэж тайлбарласныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- хүлээн зөвшөөрч, дээрх үнийн дүн дээр маргаагүй.
Иймд шүүгдэгч М.Ц-О--ыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9.833.500 төгрөг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- нь сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилж, түүнээс шүүгдэгчийн урьд сэтгэл санааны хохиролд төлсөн 3.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 36.500.000 төгрөгийг М.Ц-О--оос гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.Ц-О-- нь хохирогч М.М-ын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 36.500.000 төгрөгөөс шүүхээс шийдсэн хэмжээнд төлж барагдуулахаа илэрхийлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-аас нэхэмжилсэн сэтгэл санааны хохиролд 36.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан үндсэн зохицуулалт юм.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан ба “гэм хор” гэх ойлголтыг Иргэний хуульд эдийн болон эдийн бус гэм хор гэж тодорхойлсон байна.
Эдийн бус гэм хор гэх ойлголтод сэтгэл санааны хохирлыг хамааруулж үзэх боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус заасан нь эдийн бус гэм хорын хохирлыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр нөхөн төлж болох тухай зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл дээрх эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан “...Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан...” тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтад сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар тусгаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан хэдий ч хохирогчийн амь насыг түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 36.500.000 төгрөгөөр үнэлэх, эсхүл хохирогчийн сэтгэл санаанд учирсан шаналал, зовиур зэргийг мөнгөн хэлбэрээр буюу 36.500.000 төгрөгөөр тооцож үнэлэх зохицуулалт хуульд үгүй юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-аас сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 36.500.000 /гучин зургаан сая таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- нь сэтгэл санааны хохиролд 36.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлдээ ямар нэгэн нотлох баримт хавсарган ирүүлээгүй боловч уг хохирлыг нотлох баримтаар нотлох боломжгүй, шүүхээс нэгэнт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол болох 36.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй байна.
Шүүгдэгч М.Ц-О--т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Ц-О-- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ц-О--ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч М.Ц-О--ын хувийн байдал болон эд хөрөнгийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “М овогтой Ц-О- нь БЕ........... тоот регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. М.Ц-О-- нь Монгол Улсын аварга малчин цолтой, хөдөлмөрч, аливаа үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог нэр төртэй хүн юм. Урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 108/,
- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаартай “М.Ц-О--ын /БЕ.........../ нэр дээр ****** БӨТ улсын дугаартай, УАЗ 31512 маркийн, 48-14 БӨТ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-ийн 110/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/837 дугаартай “М.Ц-О--ын /БЕ.........../ нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 112/,
- 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЕ........... овог:Ц, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:Ц-О-, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Б, төрсөн огноо: 1972/08/09, хаяг: Баян-Өлгий, Б, 1-р баг, Х, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113/,
- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 297 дугаартай “М овогтой Ц-О- /БЕ.........../-д Б сумын Засаг даргын 1997 оны 16 тоот захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газраас өвөлжөөний зориулалтаар 700 мкв газрыг эзэмшүүлсэн байна” гэх албан тоот /хх-ийн 158/,
- Шүүгдэгч М.Ц-О-- нь урд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 114/ зэрэг баримтууд авагдсаныг шинжлэн судалж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Ц-О--т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж үзлээ.
Учир нь шүүгдэгч М.Ц-О-- нь урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар М.Ц-О-- нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь нотлогджээ.
Мөн тэрээр зам тээврийн ослын дараа амь хохирогчийг Толбо сумын Эрүүл мэндийн төвд хүргэхдээ эмч, эмнэлгийн ажилтанд зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй боловч, түүнийг эмнэлгийн тусламж авах боломжтой газар хүргэсэн, амь хохирогч М.Т- нь эмнэлгийн анхны тусламж үзүүлж байх явцад нас барсан зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Ц-О-- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 9.833.500 төгрөг төлсөн нь тус тус нотлогдож байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Иймд шүүгдэгч М.Ц-О--ын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан бодит хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан М.Ц-О--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Ц-О--т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч М.Ц-О--ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О--ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан хугацааг 1 жил, 5 сарын хорих ялыг биечлэн эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Ц-О--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар оногдуулах хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж, тэдгээрийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч М.Ц-О--ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын санкци байхгүй тул шүүгдэгчид уг зүйл хэсгээр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд шүүгдэгч М.Ц-О--т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ц-О--ын өмгөөлөгч нь “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасныг мөн хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч М.Ц-О--ын хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдач нөхцөлийг хангаж байгаа боловч тус зүйл хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан” гэх урьдач нөхцөл хангагдаагүй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тодорхойлох гол шалгуур нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хохирлын хэр хэмжээгээр тодорхойлогддог. М.Ц-О--ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэрэг нийгмийн хор аюулын хэр хэмжээ их байгааг харуулж байгаагаас гадна шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- том хүүгээ алдсандаа маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар, хор уршиг болох сэтгэл санааны хохиролд 36.500.000 төгрөг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8-д заасан шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал, хүсэлтийг шүүх хуралдааны аль үед гаргах эрхийнхээ хүрээнд “Шүүгдэгч М.Ц-О--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх” улсын яллагчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлснийг түүний өмгөөлөгч А.К- дэмжиж оролцсон.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч М.Ц-О--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 1 жил, 5 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч М.Ц-О-- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуулийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, сайн дураар биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч М.Ц-О-- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Ц-О--т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнийг цагдан хорьж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт М-гийн Ц-О-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч М.Ц-О--т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О--т оногдуулсан 1 (нэг) жил, 5 /тав/ сар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О--ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О-- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч М.Ц-О-- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 4.333.500 /дөрвөн сая гурван зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөг, мотоциклийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, нийт 9.833.500 /есөн сая найман зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ад төлж барагдуулсныг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М нь шүүхийн шатанд М.Ц-О--оос сэтгэл санааны хохиролд 36.500.000 /гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч М.Ц-О-- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Ц-О--т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнийг цагдан хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА