| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00599/И |
| Дугаар | 622 |
| Огноо | 2015-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 622
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2017/00622 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 3 дугаар баг, Бичигт багт оршин суух Буурал овогт Валягийн Бадамжав /НЙ67051001/-ын
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Бадамжав, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч В.Бадамжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1986 оны 6 дугаар сарын 25-нд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Борнуур сангийн аж ахуйд 800 СМФ-д саальчнаар ажиллаж байгаад 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Борнуур сангийн аж ахуйд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд ороход ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон тул ажилласан жилийг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Мөн миний бие ам бүл 8, амьжиргааны түвшингээр 4 дүгээр бүлэгт ордог, 0-18 насны 4 хүүхэдтэй, зорилтот бүлгийн өрхөд ордог тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч В.Бадамжав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Борнуур сумын 800 үнээний фермд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Буурал овогт Валягийн Бадамжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
В.Бадамжав нь Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйн 800-н саалийн үнээний фермд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
-БНМАУ Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 338 дугаар нэмэгдэл олгох тухай тушаалд “...В.Бадамжав, саальчин 3%”, гэх бичилт,
-БНМАУ Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 106 дугаар нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалд “...саальчин В.Бадамжав ...тэтгэмжтэй чөлөөг олгосугай...” гэх бичилт,
-Борнуур сум Борнуур САА-н 800 үнээний фермийн саальчин В.Бадамжавын “1986-1991” оны цалингийн түүвэр,
-гэрч М.Цэцэгдуламын “...Миний бие 1986-1991 он дуустал Борнуур САА-н 800 үнээний фермд саальчнаар В.Бадамжавтай хамт амьдарч байсан” гэх тодорхойлолт,
-гэрч Ж.Сарангийн “В.Бадамжав нь 1986-1991 оныг дуустал Борнуур САА-д саальчнаар ажиллаж байсан” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар В.Бадамжав нь Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйн 800-н саалийн үнээний фермд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буурал овогт Валягийн Бадамжав /НЙ67051001/-ыг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйн 800-н саалийн үнээний фермд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч В.Бадамжав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР