Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 23

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

                              

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Г.Санзайжав /өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гомбожавын Санзайжавд холбогдох эрүүгийн 201625030945 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ханхошууд овгийн Гомбожавын Санзайжав, 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/19-р байрны 2-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕТ81111610.

Холбогдсон хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд дурьдснаар/;

Шүүгдэгч Г.Санзайжав нь 2016 оны 4 дүгээр сарын 31-ний орой 23.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S” лоунж пабад хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Баттогтохтой маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Санзайжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэхэд би А.Баттогтохтой харилцан маргалдаж байсан гэдгээ санаж байгаа. Тухайн үед би өөрөөсөө хамаагүй дүү хүнийг цохисон учраас өөрийгөө буруутгаж байгаа. Ийм хэрэгт холбогдсондоо их харамсаж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.        

  Хохирогч А.Баттогтох хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Эс Лоунж пабыг ажиллуулдаг танил ах Санжаагийн пабад Болор-Эрдэнэ, Энхмандах бид нар цугласан. Тэгээд бид нар бөөнөөрөө пиво ууцгаасан. Тэр үед Санзай ах нилээд их согтчихсон байсан ба Болор-Эрдэнэ бид хоёр сандал дээр сууж байтал Санзай ах над руу уурлаад гэнэт дайраад эхэлсэн. Тэгээд манай найз Болор-Эрдэнэ та одоо яагаад байгаа юм бэ, болиоч гэсэн чинь Санзай ах Болор-Эрдэнийн хацар руу нь цохиод авсан. Тэгээд дараа нь шууд миний хацар руу гараараа цохисон. Дахиад цохих гээд байхаар нь би буйдан дээр нь дараад хэвтүүлсэн. Тэгээд салаад Санзай ахыг гайгүй сэргэсэн юм байна гэж бодоод очоод уучлалт гуйх гэсэн чинь шууд хамар руу цохисон. Тэгээд манай найз нар бид нарыг салгаад гэмтлийн эмнэлэг явсан. Маргалдах шалтгаан байгаагүй. Согтсондоо л над руу дайрсан байх гэж бодож байна. Би хамрын гоо сайхны хагалгаанд орох гэж байгаа. Хагалгаанд орох гэсэн чинь зүрх дийлэхгүй, биеийн дархлаа муу байна гээд норкоз хийлгэж хагалгаанд орж чадаагүй. 941.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримт нь байгаа, одоогоор гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэжээ /хх-9-10/. 

Гэрч Э.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Эс Лоунж пабыг ажиллуулдаг Санзайжавын пабад очсон. Намайг очиход Санзай, Энхмандах, Баттогтох нар байсан. Бид нар хөзөр тоглож байгаад пиво ууцгаасан Яг хэдэн ширхэгийг уусныг мэдэхгүй байна. Би 2 шил пиво уусан. Бид нар юм яриад сууж байхад Санзайжав ах согтоод унтаж байсан. Тэр үед Энхмандах нооль ороод Санзай, Баттогтох бид гурав үлдсэн юм. Тэгээд Баттогтох бид хоёр юм яриад сууж байтал Санзайжав ах сэрээд яах гээд байна гээд Баттогтохын хацар руу нь алгадаад босоод ирсэн. Тэгээд салгах явцад намайг бас алгадаад авсан. Тэгээд Баттогтохын хацрыг дахин алгадсан. Тэгсэн чинь Баттогтох Санзайжав ахыг буйдан дээр дарж авсан. Тэгээд Энхмандах, Пүрэвбаатар бид гурав салгасан. Бид нар харьцгаая гээд коридорт гараад байж байтал Санзайжав ах Баттогтохын хамар руу нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд Баттогтохын хамраас цус гараад гэмтлийн эмнэлэг явсан. Ийм л асуудал болсон...” гэжээ /хх15-16/.

Гэрч С.Энхмандах мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Эс Лоунж пабыг ажиллуулдаг Санзайжавын пабад очсон. Намайг очиход Санзайжав, Баттогтох нар ирэх хүмүүсээ хүлээгээд пиво уугаад сууж байсан. Тэгээд би нилээд пиво уусан. Миний дараа Болор-Эрдэнэ ирсэн. Тэгээд юм яриад инээлдээд сууж байтал Санзайжав нилээд согтоод ширээ дэрлээд унтсан. Баттогтох. Болор-Эрдэнэ бид гурав юм яриад сууж байгаад би нооль орчихоод ирсэн чинь Баттогтох Санзайжавын дээр нь гарчихсан, хүзүүн дээр нь дарчихсан байсан. Тэгээд би очоод Баттогтоход ахыгаа ингэж болохгүй гэж хэлээд салгасан. Тэр хоёр нилээд тайвшраад учраа олж байгаад Санзайжав жаахан хүүхэд дээр нь гараад хоолойг нь боосон болохоор уурлаад Баттогтохын нүүр хэсэг рүү нь хальт цохисон ба Санзайжав өөрөө саваад уначихсан. Тэр үед Баттогтох дээрээс нь Санзайжавын нуруу хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд бид нар салгаад Баттогтох нооль орно  гээд явсан байсан ба Баттогтохын хамар нь жоохон далийсан байсан. Тэгээд Баттогтох ноолиос гарч ирээд Санзайжав руу миний гоо сайхан гээд агсам тавиад гараад зодолдъё гээд байсан. Баттогтох бакал бариад Санзайжавыг цохих гээд байхад нь би салгасан. Баттогтох пивоны шил хагалаад өөрийнхөө гарыг зүсээд тэр шилээрээ Санзайжав руу дүрнэ гэж дайрсан. Би салгасан юм. Ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй байна...” гэжээ /хх17-18/.

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5980 дугаар акт:

 “1. А.Баттогтохын биед хамрын ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-12/.

Шүүгдэгч Г.Санзайжавын хувийн байдлыг тодорхойлсон ял шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-26-29/, мөн хохирогч А.Баттогтохын “...миний бие Санзайжаваас эмчилгээний зардлыг гаргуулан авсан. Тиймээс Санзайжавд гаргах гомдолгүй…” гэх хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Санзайжав нь 2016 оны 4 дүгээр сарын 31-ний орой 23.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S” лоунж пабад хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Баттогтохтой маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Баттогтохын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байгаа тул прокуророос шүүгдэгчийн үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Санзайжав нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчтой харилцан эвлэрсэн, хохирогч А.Баттогтох нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон тухайгаа бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханхошууд овгийн Гомбожавын Санзайжавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санзайжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            3. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            4. Шүүгдэгч Г.Санзайжавд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгааг хүчингүй болгосугай.

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явахгүй байх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН