Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00604

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00604

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Жаргалант сум, 2-р баг, хөдөө хэсэг, Монгол үнээ гэх газар оршин суух  Т.Хунтайж, Т.Хангарьд нарт холбогдох

Зээлийн гэрээний төлбөр 2 658 895.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Зээлдэгч Т.Хунтайж, Т.Хангарьд нар нь Төрийн банкнаас 2015 оны 01 сарын 06-ны өдөр дугаар ХМ/30 тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авах үедээ зээлдэгч Т.Хунтайж нь Улаанбаатар хотын Хэрэглэгчдэд үйлчлэх 8-р төвд байр хариуцсан засварчнаар  ажиллаж байсан ба хувьдаа авто машин худалдан авахаар хүсэлт гаргаж зээл авсан байдаг.

Зээл авснаас хойш үндсэн зээлээс 3 288 195. 86 төгрөг, үндсэн хүү 620 857.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 3 163.13 төгрөг нийт 3 912 216.98 төлсөн нь зээлийн дансны хуулгаар баталгааждаг. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй дутуу төлөх, хугацаа хэтрүүлэх зэргээр асуудал хүндэрсээр байсан ба энэ үед зээлдэгч “ажлаасаа халагдсан, ээжийн бие муу байна.” гэх мэтчилэн тайлбар өгч байна. Банкны зүгээ зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд хариуцагч Т.Хунтайж, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Хангарьд нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу, Төрийн банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1 711 804.14 төгрөг, зээлийн хүүгийн өр 881 640 21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 451.47 төгрөг, нийт 2 658 895.82 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч Т.Хунтайж, Т.Хангарьд нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний төлбөр 2 734 264.44 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 06 сарын 12-ны өдрийн Төрийн банкны Төв аймаг салбарын 637200585494 журналын дугаартай төлбөрийн баримт, №20170612637200586135-0 дугаартай мемориалын баримт зэргээр нотлогдож байна.

Иймд Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Т.Хунтайж, Т.Хангарьд нарыг нэхэмжлэлийн шаардлага болох 2 658 895.82 төгрөгийг төлсөн гэж үзэж хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Хунтайж, Т.Хангарьд нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхдээ нэхэмжлэгч Төрийн банкинд илүү төлөлт хийсэн байх тул илүү төлсөн  75 368.58 төгрөгийг Төрийн банкнаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 57 492 төгрөгийн 50 хувь 28 746 төгрөгийг улсын төсвөөс, 28 746 төгрөгийг хариуцагч Т.Хунтайж, Т.Хангарьд нараас гаргуулж нийт 57 492 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкинд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 2 658 895.82 төгрөгийг хариуцагч Т.Хунтайж, Т.Хангарьд нар биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын илүү төлсөн 75 368.58 төгрөгийг Төрийн банкнаас буцаан гаргуулж хариуцагч нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 492 төгрөгийн 50 хувь 28 746 төгрөгийг улсын төсвөөс, 28 746 төгрөгийг хариуцагч Т.Хунтайж, Т.Хангарьд нараас гаргуулж нийт 57 492 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                         ШҮҮГЧ                              Л.МӨНХЦЭЦЭГ