| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00613/И |
| Дугаар | 623 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 623
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2017/00623 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Аморе 67-р байр, 106 тоотод оршин суух Жигжид овогт Доржготовын Гэрэлтуяа /ХЛ67031822/-гийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасагт 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 01 сарыг хүртэл хавдрын бага эмчээр, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баян сумын хүн эмнэлэгт эмчээр, 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 01 сарыг дуустал Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн эмчээр тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Гэрэлтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Гэрэлтуяа нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасагт хавдрын бага эмчээр, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баян сумын эмнэлэгт хүүхдийн эмчээр, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн эмчээр тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
-БНМАУ Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 129 дүгээр тушаалд “...Доржготовын Гэрэлтуяа ХЭФ Баян сумын эмнэлэгт..” гэх бичилт,
-БНМАУ Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн б/99 дүгээр тушаалд “...Доржготовын Гэрэлтуяа хүүхдийн эмч сарын цалин 1400” гэх бичилт,
-Д.Гэрэлтуяа нь амбулаторийн тасагт “1989 оны 1, 11, 12, 1990 оны 1, 11, 12 сар, 1991 оны 1 сарын” цалингийн тодорхойлолт,
-гэрч Ч.Баасанжаргалын “Миний бие 1990 оны 9, 10 сард Төв аймгийн Баян сумын 8-н жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Д.Гэрэлтуяа сумын эмнэлэгт цалинтай дадлага хийж байсан...” гэх тодорхойлолт,
-гэрч Д.Батцэнгэлийн “Д.Гэрэлтуяа бид хоёр 1990 оны 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Төв аймгийн Баян суманд их эмчийн дадлагыг хамт хийсэн..” гэх тодорхойлолт,
-гэрч Ж.Уранчимэг, Д.Баярмаа нарын “...1989 онд Д.Гэрэлтуяа нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулатори тасагт хавдрын бага эмчээр 1989 оны 11, 12 сар 1990 оны 1-р саруудад ажиллаж байсан нь үнэн болно...” гэх тодорхойлолт,
-Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Дашмаагийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 11/34 тоот “Их эмч Д.Гэрэлтуяа нь тус ЭМТ-д 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд, энэ хугацаанд 23 хүнд өвчний түүх нээж, эмчилгээ хийж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Гэрэлтуяа нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасагт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хавдрын бага эмчээр, Төв аймгийн Баян сумын эмнэлэгт 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүхдийн эмчээр, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн эмчээр 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жигжид овогт Доржготовын Гэрэлтуяа /ХЛ67031822/-г 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасагт хавдрын бага эмчээр,
1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баян сумын эмнэлэгт хүүхдийн эмчээр,
1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР