| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00116/и |
| Дугаар | 151/ШШ2017/00605 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2017/00605
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2017/00605 | Төв аймаг |
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Номт 9-р байрны 27 тоотод оршин суугч Мөнхжаргалын Болормаагийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Баруун зуунмод 13 дугаар гудамжны 17 тоотод оршин суугч Рэнцэнхасын Оюунгэрэлд холбогдох
Зээлийн гэрээний төлбөр 4 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар, хариуцагч Р.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ – М.Болормаа миний бие иргэн Р.Оюунгэрэлд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 1 400 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн юм. Үүний дараа мөн иргэний хариуцагч Р.Оюунгэрэлд 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн юм. Иргэн Р.Оюунгэрэл нь тухайн үед надтай нэг байгууллагад хамт ажилладаг байсан ба Төв аймгийн Дулааны эрчим хүчний газарт би хүний нөөцийн ажилтай, Р.Оюунгэрэл нь ус түгээгчийн ажилтай байсан юм. Би тухайн үед нэг дор ажилладаг таньдаг хүн юм чинь, дээрээс нь хүүхэд нь өвчтэй, амьдрал ахуй нь хэцүү юм даа гэж бодоод өрөвдөөд мөнгө зээлүүлсэн. Хариуцагч Р.Оюунгэрэл нь анх надаас мөнгө зээлэхдээ “...миний охин Х.Ундрахын маань бие нь өвдөөд байна, охиныхоо эмчилгээний зардалд мөнгө их хэрэгтэй байна...” гэж хэлээд зээлж байсан. Хариуцагч Р.Оюунгэрэл нь үндсэн зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байна гээд өгөлгүй, зээлийнхээ сар бүрийн хүү болох 140 000 төгрөг болон 100 000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өгч байгаад түүнээс хойш сүүлийн 7 сарын хугацаанд огт өгөхгүй таг алга болсон юм...
...Иймд нэхэмжлэгч М.Болормаа миний аргагүй нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж иргэний хариуцагч Р.Оюунгэрэлээс нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 1 400 000 төгрөг, түүнээс 2016 оны 06 сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэл төлөгдөөгүй орхисон 7 сарын зээлийн хүү 980 000 төгрөг, нийт 2 380 000 төгрөг, мөн зээлийн үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, түүнээс 2016 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл төлөгдөөгүй орхисон 7 сарын зээлийн хүү 700 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг, бүгд 4 080 000 төгрөгийг тус тус гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Нэхэмжлэгч М.Болормаа нь 2017 оны 1-р сарын 13-нд нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэлийг иргэн Р.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан. Р.Оюунгэрэл нь 2014 оны 8-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 10-р сарын 18-нд 1 400 000 төгрөг бичгээр баримт үйлдэж 10 хувийн хүүтэй зээлсэн. 2016 оны 3-р сараас эхлээд холбоогүй алга болсон. Нэхэмжлэлдээ өгсний дагуу 4 080 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн зээл болох 2 400 000 төгрөгийг өгөөгүй. 2016 оны 6-р сараас эхлээд 12 сар хүртэлх 1 400 000 төгрөгийн хүү 980 000 төгрөг, 1 000 000 төгрөгийнх 700 000 төгрөг болж байгаа. Нийт 4 080 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээний хувьд иргэн Р.Оюунгэрэл нь М.Болормаагаас шалтаг шалтгаанаа хэлээд эмчилгээний зардалд мөнгө зээлж авсан. Зохигчдын хооронд энэ хугацаанд зээлсэн мөнгөний хүүг өгч явсаар байгаад 5-р сарын 18-наас мөнгө өгөөгүй. Утсаар нь холбогдоод мөнгөө асуухад өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Гэрээгээр 0,5 хувийн тооцох ёстой байсан боловч алданги тооцдоггүй” гэв.
Хариуцагч Р.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “- Би М.Болормаагаас анх 2010 оны 10-р сарын 20-нд 400 000 төгрөг зээлсэн. Дараа нь 2014 оны 10 сард 1 000 000 төгрөг бэлнээр, 2015 оны 5-р сарын 15-нд 1 000 000 төгрөг 10 хувийн хүүтэй авсан. Тухайн үед гэрээгээр харилцан тохиролцоогүй. Гэрээ сүүлд 2016 оны 5 сард нөхөж хийсэн. 2014 оны 8 сар гэсэн гэрээ нь худлаа гэрээ юм.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Шүүх өөрийн санаачилгаар гэрээнд шинжээч томилуулахад хариуцагчийн гэрээ жинхэнэ гэрээ байна гэсэн. Шүүх энэ гэрээн дээр үндэслэн шийдвэр гаргах ёстой. Нийт хүү 900 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 2 400 000 төгрөг байсан. Хүү үндсэн зээлээ төлж байсан нь М.Болормаагийн Хаан банкны дансны хуулгаар харагддаг. Нэхэмжлэгч нь өмнөх шүүх хурал дээр 4 000 000 сая гаруй төгрөг авсан гэж хэлж байсан. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар төлсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагч зээлсэн мөнгөө төлсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх зохигчдын зүгээс хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Оюунгэрэл нь хариуцагч Р.Оюунгэрэлд холбогдуулан Зээлийн гэрээний төлбөр 4 080 000 төгрөг тухай шаардлагатай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч М.Болормаа “…хүүхдийн биеийн байдал муу байна. Эмчлүүлэх гэсэн юм гээд 2014 оны 8-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 10-р сарын 18-нд 1 400 000 төгрөг бичгээр баримт үйлдэж 10 хувийн хүүтэй зээлсэн. 2016 оны 3-р сараас эхлээд холбоогүй алга болсон. Нэхэмжлэлдээ өгсний дагуу 4 080 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн зээл болох 2 400 000 төгрөгийг өгөөгүй. 2016 оны 6-р сараас эхлээд 12 хүртэлх 1 400 000 төгрөгийн хүү 980 000 төгрөг, 1 сая төгрөгийнх 700 000 төгрөг болж байгаа” гэж,
Хариуцагч Р.Оюунгэрэл “Би М.Болормаагаас анх 10-р сарын 20-нд 400 000 төгрөг зээлсэн. 2014 10 сард 1 000 000 төгрөг бэлнээр авсан. 2015 оны 5-р 15-нд 1 000 000 төгрөг авсан. Нийт 2 400 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Гэрээгээ харилцан тохиролцоогүй. Миний бие өвдөөд байсан учир хүүгээ өгч чадаагүй. Үндсэн зээлтэй маргах зүйл байхгүй. Хүүг нь сар болгон төлөөд 5 940 000 төгрөг төлсөн байгаа. Энэ гэрээг 2014 оны 8-р сарын 18-нд байгуулаагүй гэрээ. 2016 оны 5-р сард байгуулсан гэрээ. Намайг ажил дээрээ дуудаад гэрээ байгуулъя гэсэн. 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж байгаа боловч шүүхэд өгсөн гэрээний нүүрийг нь өөрчлөөд 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж өгсөн байна. 2 400 000 төгрөгийг 6 000 000 төгрөг болгоод өгсөн. Одоо би мөнгө төлж чадахгүй. Дан хүү гэлтгүй үндсэн зээлээс өгсөн. Төлөх ёстой мөнгөө өгсөн гэж үзэж байна” гэж тус тус маргажээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт хийхээр товлон зарласны дагуу шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын гаргаж ирүүлсэн нотлох баримт болох хавтаст хэргийн 5-6, 7-8 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч М.Болормаагийн гаргаж өгсөн 2 ширхэг зээлийн гэрээ, хавтаст хэргийн 48-49, 50-51 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч Р.Оюунгэрэлийн гаргаж өгсөн 2 ширхэг зээлийн гэрээнүүдийг шинжлэн судлахад өөр хоорондоо гэрээний хугацаа, болон огноо зөрүүтэй байсан, тухайлбал нэхэмжлэгч М.Болормаагийн нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 1 400 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн гэх 2014 оны 8-р сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд, мөн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд зээл төлөх хугацааг гэрээ тус бүрд 2 жил гэж бичсэн байхад хариуцагч Р.Оюунгэрэлийн нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 2014 оны 8-р сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд зээл төлөх хугацааг 2 сар, мөн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд зээл төлөх хугацааг 5 сар гэж тус тус бичсэн байсан ба зохигчид өөр өөрийн гаргаж өгсөн гэрээнд тусгагдсан хугацаа, огноог үнэн зөв хугацаа, огноо гэж маргажээ.
Шүүх нотлох баримт шинжлэн судлаад дээрхи бичгийн нотлох баримтын зөрүүг гаргаж хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж үнэн зөв шийдвэрлэх үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу маргаж буй нотлох баримт болох хавтаст хэргийн 5-6, 7-8 дугаар хуудсан авагдсан 2 ширхэг зээлийн гэрээ, хавтаст хэргийн 48-49, 50-51 дүгээр хуудсанд авагдсан 2 ширхэг зээлийн гэрээнүүдэд криминалистик шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 2899 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч уг дүгнэлтэнд “...1. Шинжилгээнд ирүүлсэн иргэний 151/2017/00116/и дугаартай хавтаст хэргийн “5,6” дугаар талд авагдсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “7,8” дугаар талд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжилж буй “Зээлийн гэрээ” гэх баримтууд нь хуурамч, харин “48, 49, 50, 51” дүгээр талд авагдсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжилж буй Зээлийн гэрээ гэх баримтууд нь жинхэнэ...” гэжээ.
Шүүх нэхэмжлэгч М.Болормаагийн хариуцагч Р.Оюунгэрэлээс зээл, зээлийн хүү нийт 4 080 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 2899 дугаартай дүгнэлтээр маргаж буй үйл баримтыг нотлоно гэсэн нэхэмжлэгч М.Болормаагийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хавтаст хэргийн 5-6, 7-8 дугаар хуудсан авагдсан 2 ширхэг зээлийн гэрээний нэг, хоёрдугаар хуудсууд нь өөр өөр хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Болормаагийн гаргаж ирүүлсэн нотлох баримт болох 2 ширхэг гэрээ тус бүрийн 1 дүгээр хуудаснууд нь хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Р.Оюунгэрэлийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох 2014 оны 8-р сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд зээл төлөх хугацааг 2 сар, мөн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд зээл төлөх хугацааг 5 сар гэж дурдагдсан /хх-н 48-49, 50-51/ зээлийн гэрээнүүдээр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч хариуцагч нар нь 2014 онд анх зээл өгч авалцахдаа зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч сүүлд 2015 онд нөхөж хийсэн, ийнхүү нөхөж хийхэд хариуцагч Р.Оюунгэрэл нь зөвшөөрч гарын үсэг зурсан нь түүний өөрийн тайлбараар нотлогдож байх тул хожим хүлээн зөвшөөрч хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь эхний буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1 400 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид үндсэн зээл 1 400 000 төгрөг, зээлийн хүү сарын 140 000 төгрөгөөр тооцож 2 сарын хүү 280 000 төгрөг, нийт 1 680 000 төгрөг, 2 дахь гэрээ буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү сарын 100 000 төгрөгөөр тооцож5 сарын хүү 500 000 төгрөг нийт 1 500 000 төгрөг тус тус төлөх 2 гэрээний нийт төлбөр 3 180 000 төгрөг төлөх ёстой байжээ.
Зохигчид 2015 оны 8-р сарын 18-ны өдөр зээлийн /хх-н 48-49, 50-51/ 2 ширхэг гэрээнүүдийг байгуулсан цагаасаа хойш нэг ч удаа сунгаж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байгаа ба хариуцагч Р.Оюунгэрэл нийт 5 940 000 төгрөг төлсөн нь үндсэн зээл болон зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч гэрээ сунгагдаагүй хугацаанд хүү тооцож нэхэмжлэх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч М.Болормаагийн хариуцагч Р.Оюунгэрэлээс зээлийн төлбөр, хүү нийт 4 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ