Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2017/00607

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2017/00607

Төв аймаг

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төрийн банк ХХК-ийн Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Замт, Илтийн 4 дүгээр гудамж 1б тоотод оршин суугч иргэн З.Чулуунбаатарт холбогдох,

Зээлийн гэрээний төлбөр 2 989 945.27  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны  04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбат, хариуцагч З.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Зуунмод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “-Зээлдэгч Ч.Бадамлянхуа, З.Чулуунбаатар нар нь 2014 оны 11 сарын 06-ны өдөр Баянчандмань тооцооны төвөөс №14/012 тоот зээлийн гэрээ байгуулан 10 609 966 төгрөгийн зээлийг сарын 1.8%, жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин, зурагт, хөргөгч, угаалгын машин зэрэг гэрийн эд хогшил тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч хариуцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ өлөхгүй байна.

Иймд зээлийн гэрээнй  дагуу 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхийн нэхэмжлэлийг гаргаж байна. Ч.Бадамлянхуа нь нас барсан учир З.Чулуунбаатараас зээлийн үндсэн төлбөрийн өр 1 972 805.90 төгрөг, зээлийн хүүгийн өр 967 492.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42 147.49 төгрөг, нотариатын хөлс 7 500 төгрөг, нийт 2 989 945.66 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 01 сарын 06-ны өдрийн №2014/012 тоот зээлийн болон хавсралт №2 барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганбат нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагчтай 2 удаа уулзсан. Тухайн зээлийг орлогын боломжоороо төлөөд явчих гэж шаардлага тавьсан. Сар болгон 150 төгрөгөөр төлөөд байна гэсэн тайлбар нь байгаа. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй учраас нэхэмжлэл гаргасан. Сар болгон гэрээний хүрээнд зааснаар төлөөгүй. Үндсэн зээлдэгч нас барсан. Том хүү болох Ганхөлөгтэй нь ярьхад ирж тайлбар өгсөн. Зээлдэгч нас барснаас хойш мөн 2016 оны 2-р сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэг хүлээнэ ” гэв.

 

Хариуцагч З.Чулуунбаатар  нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ч.Бадамлянхуа нь манай эхнэр байсан юм. Бөөрний хагалгаанд орох гээд Солонгос улс руу эмчилгээнд явах гээд зээл авсан. Тэгээд ирээд зээлээ төлөх гэж байсан боловч би ажлаасаа халагдаад төлөх чадваргүй болсон. Өмнө нь би төлж байсан. Одоо ажилгүй байгаа учир төлөх боломж байхгүй. 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэж хүсмээр байна. Нас тогтоод ирэхээр ажил олдохгүй хэцүү байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Төрийн банк" ХХК нь хариуцагч З.Чулуунбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2 989 945.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Төрийн банк” ХХК нь цалингийн зээлийн зориулалтаар 10 609 966 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Ч.Бадамлянхуа, З.Чулуунбаатар  нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг 36 сарын хугацаанд, жилийн 21,6 хувийн хүүтэй төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч Ч.Бадамлянхуа нь нас барсан тул зээлдүүлэгч "Төрийн банк" ХХК нь зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч З.Чулуунбаатараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаарджээ.

Хариуцагч З.Чулуунбаатар нь зээлийн гэрээний үүргийн талаар болон зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алдангийн талаар зохигчид маргаагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүрэг, гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

Иймд шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  зааснаар  хариуцагч З.Чулуунбаатараас үндсэн зээл 1,972,805.90 төгрөг, хүү 967,492.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,147.49 төгрөг нийт 2,982,445.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  "Төрийн банк" ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь нотариатйн зардал 7 500 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлий шаардлагын үндэс болж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул энэ үүргийн хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн зардал 7 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь өөрийн гэр орон болон зээлийн гэрээнд бариулсан хөдлөх хөрөнгө болох зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин зэрэг эд хогшлоо зарж борлуулан энэхүү зээлийн төлбөрийн хагасыг төлсөн гэж тайлбарласан ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч З.Чулуунбаатараас үндсэн зээл 1,972,805.90 төгрөг, хүү 967,492.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,147.49 төгрөг нийт 2,982,445.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  "Төрийн банк" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал гэх 7 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 63 429  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч З.Чулуунбаатараас 62 669 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ