| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00019/Э |
| Дугаар | 154/2021/00021 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 154/2021/00021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт П гийн Н ад холбогдох эрүүгийн 2037000000011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мөнх төгрөгийн гол ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын А** багт *** тоотод оршин суух, РД:********, Ц овогт П гийн Н ,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П гийн Н нь Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Амартүвшинтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчимд Цаст- Аптай ХХК-ний хоолны газарт хоол идэхээр ороход Билэгнэмэх, Эрдэнэдаваа, Амартүвшин, Батхуяг нар нь архи уусан согтуу хоол идээд сууж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байхад Билэгнэмэх нь Мөрдоржтой маргалдаад улмаар Билэгнэмэх нь Мөрдоржийн толгой руу гараараа цохиод унагаачихсан. Тэгэхээр нь Мөнгөнхүү, Сэргэлэн бид гурав тэр хоёрыг салгаад Мөрдоржийг гаргаад жолооч нарын гэрт оруулсан. Тухайн үед Мөрдорж нь бас нэлээн согтуу байсан. Тэгээд буцаад хоолны газар ороход Билэгнэмэх нь Сэргэлэнг үстэж аваад толгой руу нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг бас салгасан. Тэр хооронд Билэгнэмэх, Батхуяг нар нь гараад явчихсан байсан. Тэгэхэд Эрдэнэдаваа нь найзуудаа өмөөрөөд намайг ална шүү гэхээр нь чи муу бацаан намайг алж чадах уу гэхэд хажуугаас Э.Амартүвшин нь чи муу гөлөг минь зүгээр байгаарай гэж хэлээд намайг үгээр идээд байхаар нь би тэр залуу руу ширээн дээр байсан кетчуп /хоол амтлагч/-ыг шидэхэд Э.Эрдэнэдаваа нь босож ирээд намайг барьж аваад надтай зууралдаж байх хооронд Э.Амартүвшин нь сууж байсан сандал дээрээсээ босоод ирэхээр нь би ширээ тойрч очоод хамар луу нь гараараа нэг удаа цохиход хамар, амнаас нь цус гараад Э.Эрдэнэдаваа, Э.Амартүвшин нар нь гэрээс гараад явсан. Түүний дараа Билэгнэмэх нь гуанз руу орж ирээд миний толгой руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би түүнийг барьж аваад зогсож байтал араас Батхуяг нь чулуу барьж ирээд миний зүүн дал руу бас нэг удаа цохиход тэнд байсан Мөнгөнхүү, Сэргэлэн нар чулууг булааж авсан. Тэгээд бид нар тарцгаасан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ховд аймгийн Булган суманд очиж айлын байшингийн засал чимэглэл хийх ажилтай байсан. Найз Билэгнэмэхэд дайгдаад Булган сум орох гэж байсан юм. Билэгнэмэх ачааны том машин жолооддог 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөшөөтөөс Булган сумын чиглэлд нүүрс ачиж явах байсан. Бид 2 Ховд аймгийн төвөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим гараад 21 цагийн орчим Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт байрлах компанийнхаа кеймп дээр ирсэн. Тэгээд хоол идэх гээд шар кеймпийн хойд талд байрлах гэр гуанзанд хоол идээд сууж байхад манай найз Эрдэнэдаваа гэдэг хүнтэй 1 танихгүй залуу маргалдаж байсан. Тухайн танихгүй залуу намайг хоол идээд сууж байхад гараараа миний шүд рүү ямар ч шалтгаангүй цохисон. Энэ хэргийн улмаас 4.111.200 төгрөгийн хохирол учраад байгаа. П.Н аас 4.111.200 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Эрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 01-ний орой манай найз болох Амартүвшин, Билэгнэмэх, Батхуяг нар Ховд аймгийн төвөөс ирсэн. Би компанийнхаа кеймп дээр засвар хийгээд байж байсан орой 21 цагийн орчим бид 4 лээ Цас-Алтай ХХК-ний гуанзанд хоол идсэн. Тэгсэн Н гэдэг залуу бидэн рүү бацаанууд их том болжээ гээд үг хаяад надтай маргалдаж эхэлсэн. Намайг ална шүү гэхээр нь би чи тийм их мөнгөтэй юм бол алахгүй юу гэсэн чинь босож ирээд шөл ууж байсан Амартүвшинг ямар ч шалтгаангүй зодож цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Мөрдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Н намайг өмөөрч та нар энэ хүнтэй ингэж харьцахгүй гэж хэлээд Билэгнэмэхтэй маргалдаж эхэлсэн санагдаж байна. Н Билэгнэмэхтэй зодолдсон дараа нь Эрдэнэдаваа гаднаас орж ирээд Эрдэнэдавааг Н бас цохиж байсан бас Билэгнэмэхтэй хамт явж байсан залууг бас цохиж нөгөө хэд нь бас Н тай зодолдож байгаад гаднаас хүмүүс ирээд салгацгаасан. Би согтуу байсан учир сайн санахгүй байна ямар ч байсан Эрдэнэдаваа, Билэгнэмэх, Билэгнэмэхийн дагуулж ирсэн танихгүй 2 залуу Н 5-ын дунд зодоон болсон харин хэн нь хэнийгээ яаж зодож цохисон талаар би хараагүй би нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Мөнгөнхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...П.Н бацаанууд хэзээ ингэдэг болсон юм гэж хэлэхэд цоохор хувцастай хоол идээд сууж байсан залуу гөлөг минь зүгээр байгаарай гэж хэлсэн. Тэгэхэд П.Н аягатай цайгаа тэр залуугийн урдаас шидчихээд ширээ тойрч очоод гараараа хамар хэсэг рүү 1 удаа цохиход тухайн залуугийн ам, хамраас цус гараад доошоо тонгойгоод суучихсан....” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Амартүвшингийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
2. Э.Амартүвшингийн биед дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хугарал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын гадна дунд хэсгийн шарх, дээд уруулын дотор дунд хэсгийн шарх, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний хөдлөл, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний хөдлөл, доод эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хөдлөл, доод эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, доод уруулын дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Э.Амартүвшингийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4. Э.Амартүвшингийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна.
5. Э.Амартүвшингийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Э.Амартүвшингийн биед учирсан дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хугарал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний хугарал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. Шарх, шүдний хөдлөл, цус хуралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
7. Э.Амартүвшингийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна" гэх шинжээчийн дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хохиролын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Амартүвшинтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний биед “дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хугарал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын гадна дунд хэсгийн шарх, дээд уруулын дотор дунд хэсгийн шарх, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний хөдлөл, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний хөдлөл, доод эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хөдлөл, доод эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, доод уруулын дотор хэсгийн цус хуралт” гэмтлийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Амартүвшин, гэрч Э.Эрэндаваа, Т.Мөрдорж, Г.Мөнгөнхүү нарын мэдүүлэг, шинжээчийн 156 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл болсон байх ба согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.
Прокуророос шүүгдэгч П.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 4111200 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогч Э.Амартүвшингээс шүүгдэгчид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилснээс баримтаар нотлогдож буй зардал болох “Ховд эм хангамж ХХК”-аас /2021.03.20/ эм авсан 5000 төгрөг, “Ховд эм хангамж ХХК”-аас /2021.03.23/ эм авсан 3000 төгрөг, “Сод очир тун ХХК”-аас эм авсан /2021.03.22/ 2200 төгрөг, “Маралжин” /2021.03.24/ эмийн сангаас эм авсан 4800 төгрөг, “Алтан гагнуур” /2021.03.22/ эмийн сангаас эм авсан 16200 төгрөг, Теспетролиум ШТС-с түлш авсан зардал /2021.03.23/ 20000 төгрөг, Теспетролиум ШТС-с түлш авсан зардал /2021.03.25/ 100000 төгрөг, “Хос шүүдэргэнэ” /2021.04.05/ эмийн сангаас эм авсан 4000 төгрөг, Цагаанцоожоос /2021.04.02/ эм авсан 1650 төгрөг, Сод Очир тун ХХК-аас /2021.04.02/ эм тариа авсан 13000 төгрөг, Сод Очир тун ХХК-аас /2021.04.27/ эм авсан 1200 төгрөг, Түмний ачтан тунгалагаас эм авсан 24600 төгрөг, “Ховд эм хангамж ХХК”-аас /2021.04.06/ эм авсан 4250 төгрөг, “Ховд эм хангамж ХХК”-аас /2021.03.28/ эм авсан 1850 төгрөг, Монос Ховд ХХК-аас /2021.04.07/ эм авсан 900 төгрөг, “Ховд эм хангамж ХХК”-аас /2021.04.17/ эм авсан 21388 төгрөг, “Ариун шүд” ХХК-д төлсөн 3 шүдний 3 удаагийн сувгийн эмчилгээний төлбөр 390000 төгрөг, нийт 614038 төгрөгний хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч П.Н аас 614038 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Э.Амартүвшин нь бусад зардалын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Н ад хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгууллагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Н ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамаарч байна.
Иймд шүүгдэгч П.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг Өршөөлийн хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт П гийн Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Н ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Н аас 614038 /зургаан зуун арван дөрвөн мянга гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Амартүвшинд олгож, хохирогч Э.Амартүвшин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
11