| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00022/Э |
| Дугаар | 154/2021/00022 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 154/2021/00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхбаяр / онлайнаар/, Д.Эрдэнэчимэг
Шүүгдэгч Б.С , Н.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б авын С ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т овогт Н ын А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000010029 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Мөст сумын У** багт оршин суух, РД: , Б овогт Б авын С ,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, РД: , Т овогт Н ын А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга ажилтай Б ав овогтой С нь тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал Н.А аас 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2.000.000 /хоёр сая/ төгрөгний хахуулийг тус сумын Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан авсан.
Шүүгдэгч Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал ажилтай Н овогтой А нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга Б.С ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 /хоёр сая/ төгрөгний хахуулийг Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оноос Булган стар ХХК нь Мөст суманд үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 онд газрын гэрчилгээ авсан. Энэ талаар манай албаны хүмүүс хяналт тавиад явж байгаа. Хужирт багт болсон өдөрлөг дээр Булган стар ХХК-ний хүмүүс ирсэн. 2018 оны 08 сарын 20 өнгөрөөд Мөст сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Алтай таван богд руу явах байсан. Энэ талаараа шатахууны дэмжлэг үзүүлэх талаар хэлэхэд тэр болно гээд туслалцаа үзүүлсэн. Тэр мөнгийг манай Тамгын газрын дарга зарцуулсан. Миний зүгээс А болон Булган стар ХХК-д давуу эрх олгож гарын үсэг зурсан зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 онд манай компани үйл ажиллагаагаа Мөст суманд явуулж эхэлсэн. 2018 онд Засаг даргын Тамгын газарт амралтанд явах талаар мэдэж байсан. Энэ амралтанд явахад нь туслалцаа үзүүлэх боломж байна уу? гэхэд би болох байхаа гэж хэлсэн. Тэгээд Хужирт багийн өдөрлөг болоход Тамгын газрын нярав Цэвээнпүрэвт даргадаа өгөөрэй гэж 2 сая төгрөг өгсөн. Уг мөнгийг Засаг даргад биш Засаг даргын Тамгын газарт хандаж өгсөн байгаа. Манай компани Мөст суманд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд Мөст сумын үйл ажиллагааг дэмжиж баярын шагнал даах, өвөлжилт хүндэрсэн үед 2000 ширхэг пресс өвс олгож байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр “Булган стар ХХК-ийн захирал А нь Мөст сумын ЗДТГ дээр ирж миний албан өрөөнд байгаль орчны улсын байцаагч Б.Алтангэрэл, газрын даамал Ганцоож нар хамт уулзсан юм. Тэр уулзалтын үеэр Алтай таван богд руу зугаалах талаар ярилцсан ба 3 автомашинаар явбал 2.000.000 төгрөгийн зардал гарах юм байна гэж Б.Алтангэрэл, Ганцоож бид хамт сууж ноорог тэмдэглэл хийж байсан. Тэгэхэд “Булган Стар” ХХК-ийн захирал А нь “Манай компаний зүгээс Мөст сумын ЗДТГ-ын зугаалганд нь зориулж 2.000.000 төгрөгний дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. Түүний дараа 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай Мөст сумын ЗДТГ-аас 16 хүн Цэцэг сумын “Буга боодог” гэх амралтын газарт очиж 2 өдөр амарсан юм. Уг зугааллагын үеэр Булган Стар ХХК-ийн кемп дээр нь очиж уулзаад 2.000.000 төгрөгийг авсан. Тэгэхэд нь Н.А надад мөнгө өгөх гээд бариад ирэхээр нь жолоочид өгчих гээд өгүүлчихсэн. Тухайн кемпээс гараад уг мөнгийг сумын ЗДТГ-ын дарга Х.Соёлмаад өгсөн. Уг мөнгийг Х.Соёлмаа алба хаагчдын зугааллаганд зарцуулсан. Уг 2.000.000 төгрөгөөр бид зугаалахдаа мал худалдаж авсан, амралтын газрын төлбөр төлөх, шатахуун болон бусад ахуйн хэрэглээний зүйлсэд зарцуулсан....” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”... Миний бие 2015 онд Булган стар ХХК-г үүсгэн байгуулсан юм. Булган стар ХХК нь Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. 2017 онд АМГТГ- аас Мөст сумын Нарийн дав нэртэй тайлбайд сонгон шалгаруулалт зарлахад манай компани оролцож 1,312,000,000 төгрөгийг улсад төлж лиценз эзэмшсэн. 2017, 2018 онуудад лицензтэй талбай дээрээ хайгуулж хийж хийсэн ажлаа холбогдох байгууллагад нь тайлагнаж 2019 оны 01 дүгээр сард А лицензийг АМГТГ-аас авсан байгаа. А буюу ашиглалтын лицензийг авсанаас хойш ямар нэгэн үйл ажиллагааг явуулж эхлээгүй, бэлтгэл ажлыг хангасаар байгаад одоог хүргэж байна. Миний бие 2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн Мөст суманд талбай дээрээ очиж үзээд буцах гэж байсан юм. Тэр үед бие давхар байсан ба бие өвдөөд Улаанбаатар хотруу яаралтай явахаар болоод байж байтал Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга Б.С , сумын ЗДТГ-ын нярав ажилтай Цэвээнпүрэв нар нь манай компаний Кемп дээр ажилтай явж байна гэж тааралдаад мэнд усаа мэдэлцээд ярьж зогсож байхдаа би урд нь сонссон танай байгууллагынхан хамт олноороо өдөрлөг зохион байгуулах гэж байгаа юм байна, энэ үйл ажиллагаанд чинь түлш, шатахууны дэмжлэг үзүүлье, 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье гэж хэлэхэд Засаг дарга Б.С , нярав Б.Цэвээнпүрэв нар танай хамт олноос өгч байгаа зүйлийг дэмжлэг болгоод өгч байгаа юм бол авъя гэхэд бэлнээр авч явж байсан 2 сая төгрөгийг нярав Б.Цэвээнпүрэвт өгчихөөд л нөхөр Т.Отгонбаяртай хамт Улаанбаатар хотруу явсан...” гэх мэдүүлэг
Гэрч В.Цэвээнпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нэг боодол 20.000 дэвсгэртийг Б.С ад бүгдийг нь өгсөн. Би дундаас нь мөнгө авч үлдсэн зүйл байхгүй. Тухайн үед би машиндаа ганцаараа сууж байсан. Н.А ирээд үүнийг даргадаа өгчих гэж хэлээд надад өгсөн. Тэр үед засаг дарга Б.С тэдэнтэй хамт “Булган стар” ХХК-ны кемп дотор байсан. Б.С кемпийн гэрээс гарч ирэхэд өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Уг зугааллаганы өмнө би Төрийн банкнаас 2018 оны 08 дугаар сарын эхээр 12.0 сая гаруй төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд уг зээлсэн мөнгөнөөс 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1.0 сая төгрөгийг төрийн банкны 111000008040 тоот данснаас гаргаж аймгийн төвд сургалтанд хамрагдаж байсан С.Ганцоож руу шилжүүлж зугаалганы хүнс авсан. Эхлээд 2018 оны 07 дугаар сард зугаалга зохион байгуулахдаа дундын сангаас мөнгө гаргаж явахаар ярилцаж байсан. “Булган Стар" ХХК-аас 2.000.000 төгрөг авах талаар ярилцаж байгаагүй, зугаалганаас өмнө "Булган стар' ХХК- аас ЗДТГ-ын ажилчдын зугаалганд дэмжлэг үзүүлэх талаар Б.Алтангэрэл, Ганцоож нараас сонссон. Би уг зугаалганы дараа 2018 оны 08 дугаар сарын сүүлчээр 09 дүгээр сарын эхээр Засаг дарга Б.С аас өөрийн данснаас гаргасан 1.000.000 төгрөгөө буцааж авсан. Тэгэхэд Б.С өөрийн эхнэрийн дүүгийн хуриманд хөдөө явчихсан байсан учраас хэд хоногийн дараа надад уг мөнгийг буцааж өгсөн. Би уг 1.000.000 төгрөгийг Б.С аас авсан даруйдаа Төрийн банк дахь өөрийн дансандаа хийсэн. Би 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дундын сангаас мөнгө гаргаж зугаалганд зарлагадах гээд 1-р болон 2-р гарын үсэг зурах Э.Алтангэрэл, Ж.Лхагвадорж нар нь сумын төвд байхгүй байсан. Баасан гараг болоод зугаалганы мөнгийг дундын сангаас авч чадахгүй болохоор би өөрийнхөө данснаас 1.0 сая төгрөг гаргаж зугаалганд зарцуулсан. Б.С нь “Булган стар” ХХК-аас 2.000.000 төгрөг авсан талаар зугаалганы маргааш мэдсэн. Туслалцаа үзүүлэх талаар эхнээсээ сонсож байсан. Зугаалганд яг ямар тусламж үзүүлэх талаар тодорхой мэдэхгүй байсан. Би Алтай таван богд руу зугаалахад шатахуун өгөх байх л гэж бодож байсан. Зугаалганд явахдаа дундын санд байсан 3 сая төгрөгнөөс зугаалахаар төлөвлөж байсан. Түүнээс “Булган стар” ХХК-аас 2.000.000 төгрөг авч зугаална гэж төлөвлөөгүй...” гэх мэдүүлэг
Гэрч С.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Тухайн өдөр манай сумын Засаг дарга Б.С нь намайг өрөөндөө дуудаад “Булган стар”-ын хүн ирчихлээ, кемпний газрын зөвшөөрөл авмаар байна, 4-5 гэр барина гэж байна гэж утсаар дуудсан. Б.С даргын өрөөнд ороход Алтангэрэл, А , Б.С нар байсан. Би өрөөнөөс гараад аймгийн газрын албаны монитор хайгуулын ажилтан Б.Цэцэнтэй утсаар холбогдоход хайгуул хийж байгаа компанид кемп барих зөвшөөрөл олгохгүй кемпийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, эзэмшүүлэх учраас тухайн хайгуул хийж байгаа талбай дотроо гэр бариад хайгуул хийж болно гэх хариуг өгсөн. Би буцаж ороод кемпний газар олгох шаардлагагүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд намайг ороход "Алтай таван богд зугааллаганд явахад бензин шатахууны дэмжлэг үзүүлж болно ш дээ гэсэн яриа яригдаж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч П.Баянзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2018 оны 09 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын хамт олон Цэцэг сумын Буга боодогын амралтанд явж 2 өдөр амарсан. Энэ амралтанд явах санхүүжилтийг манай сумын Хужирт багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Булган стар” ХХК-иас 2 сая төгрөгийг газрын даамал С.Ганцоож, Засаг дарга Б.С нар авч Засаг даргын Тамгын газрын 10 гаруй хүн амралтанд явж ирсэн ...” гэх мэдүүлэг,
- Х.Соёлмаагийн Төрийн банкны 111000008040 тоот дансны хуулга,
- Ховд аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр саын 21-ний өдрийн Б/86 дугаартай Б.С ыг Ховд аймгийн Мөст сумын Засаг даргаар томилсон тухай захирамж,
- “Булган стар” ХХК-ны 2016, 2017 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.С нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын албан тушаалыг хашиж байхдаа Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал Н.А аас хахууль өгөгчийн ашиг сонирхлын албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус сумын Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан 2.000.000 төгрөгийг авсан, Н.А хахууль өгсөн болох нь гэрч В.Цэвээндүрэв, Х.Соёлмаа, С.Ганцоож, П.Баянзул нарын мэдүүлгээр тогтоогдсон, тэдгээрийн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй байна.
Шүүгдэгч Б.С нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргаар 2016 оны 11 дүгээр саын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд түүний хашиж байсан албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно.
Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл явдлаа хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой.
Энэ гэмт хэрэг нь эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар, цөөн тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль өгөгч тал нь өөрөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхолын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхгүй хийлгэж, нийгмийн шудрга ёсыг зөрчсөн байдаг.
“Булган стар” ХХК-ны захирал Н.А нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.С ад “Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын зугаалганд дэмжлэг үзүүлэх, хандив өгөх” нэрийдлээр албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгч байгаа хахууль өгөгч талын хүсэл зоригоор анхлан хийгдсэн байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.С нь Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал Н.А аас хахууль авахаар нэхэж шаардаагүй, түүнтэй энэ талаар урьд өмнө нь ярилцаж тохиролцоогүй, авлига авахаар өөрөө санаачлаагүй боловч албан үүрэг, албан тушаалын хувьд Ховд аймгийн Мөст сумын Засаг даргаар ажиллаж байсан ба Засаг даргын Тамгын газрын ажилчид Алтай таван богд руу зугаалганд явах зорилгоор нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан бусдаас мөнгө авсан үйлдлийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж дүгнэхээр байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.С ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.А д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.С ыг 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.А ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.С , Н.А нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.С нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Б.С ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,
Мөн шүүгдэгч Н.А нь “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Н.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С , Н.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б авын С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан,
шүүгдэгч Т овогт Н ын А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ад оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг
шүүгдэгч Н.А д оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.С , Н.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.С , Н.А нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.С ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар, Н.А д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.С , Н.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Н.А , Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ