| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00026/Э |
| Дугаар | 154/2021/00024 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 154/2021/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Өмгөөлөгч Б.Хосбаяр /онлайнаар/
Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт И гийн Б д холбогдох эрүүгийн 2137000000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Б** багт оршин суух, РД: , И овогт И гийн Б ,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч И.Б нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Б** багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Батбилэгтэй архидан согтуурч маргалдах явцдаа түүний нүүр орчим газарт чулуугаар цохиж толгой руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 06 сарын 27-ны өдөр өглөө 07 цагийн үед би хайрга ачихаар явж байхад гахайн байрны ойролцоо Б.Батбилэг надтай эхнэр хаяаад явсан гэсэн халамцуу таарсан. Найз минь хүний нутагт архи уугаад яваад байж болохгүй гэж хэлсэн чинь надад 10000 төгрөг өгөөч гэхээр 10000 төгрөг өгөөд явуулсан чинь архи аваад ирсэн юм. Бид хоёр баазын лагерын доод талаас хайрга ачаад 2 шил архи уугаад явж байгаад орой 19 цагийн орчим хайргаа авч ирж буулгачихаад Б.Батбилэг голын хойно гарна гэхээр тийш явж болохгүй гэсэн. Тэгтэл намайг гуйлгачин гэж доромжилхоор би уурлаад гараараа нүд орчимд нь цохисон байсан. Бид нар архи уусан нилээн согтуу байсан болохоор хэдэн удаа цохисоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед танил И гийн Б тай уулзсан ба И.Б нь хоёулаа нэг машин хайрга ачаад буулгачих уу гэхээр нь тэгий гэж хэлээд Булган сумын Далт багийн нутаг Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын доод талаас нэг машин хайрга ачиж гэрт нь буулгасан. Хайрга буулгачихаад бид хоёр 0,5 л-ийн “хараа” нэртэй нэг шил архи хувааж уусан ба тухайн үед машинаас болж маргасан. И.Б нь чи миний мотоциклийг ав, би чиний машиныг чинь авьяа, үлдэгдэл мөнгийг нь намар өгье, гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн ба тэгээд маргалдаж заамдалцаад миний биеийн нүүрэн хэсэгт чулуугаар цохисон. Тухайн үед би газар унасан ба миний толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд И.Б гийн эхнэр нь ирээд салгасан. Тухайн үед И.Б нь том чулуу авч шидэхэд миний зүүн талын нүүрэн тус газарт оносон. Тэгэхэд би жаахан ухаан алдаж унасан байсан. Одоогийн байдлаар миний эмчилгээний зардалд 100 гаруй мянган төгрөгний зардал гарсан байна. Түүнийгээ гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 сарын 27-ны өдөр орой 17-18 цагийн орчимд байх бусдад зодуулсан гэж ирсэн. Үзэхэд: Зүүн талын нүдний зовхи хөхөрч хавдсан, нүдээ нээх боломжгүй, баруун талын далны дээр хөхөрсөн хөхрөлттэй, мөрний үеийн хөдөлгөөн хязгаарлагдаагүй байсан. Мөн согтуу байсан юм. Өвчин намдаах тариа хийгээд эмчилгээ, зөвлөгөө өгч буцаасан. Картанд тэмдэглэл хийсэн байгаа. Өөр биед нь ил харагдах шарх, гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Батбилэгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оргилболдын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Иргэн Б.Батбилэгийн биед зүүн нүдний цус хуралт, хамрын нурууны зүүн дээд хэсгийн зулгаралт, доод уруулын язарсан шарх, хаван хавдар, цус хуралт, баруун мөрний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, 2 гарын тохойд олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаа цохих, дарах механизмаар, хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Уг гэмтлүүд нь эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хохиролын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч И.Б нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Батбилэгтэй архидан согтуурч маргалдах явцдаа түүний нүүр орчим газарт чулуугаар цохиж толгой руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч И.Б үйлдсэн болох нь: хохирогч Б.Батбилэгийн “...маргалдаж заамдалцаад миний биеийн нүүрэн хэсэгт чулуугаар цохисон. Тухайн үед би газар унасан ба тэгтэл миний толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд И.Б гийн эхнэр нь ирээд салгасан...” гэх мэдүүлэг, Б.Батбилэгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оргилболдын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Б нь хохирогч Б.Батбилэгийн нүүрэн тус газарт чулуугаар цохисоны улмаас хохирогч Б.Батбилэгийн биед зүүн нүдний цус хуралт, хамрын нурууны зүүн дээд хэсгийн зулгаралт, доод уруулын язарсан шарх, хаван хавдар, цус хуралт, баруун мөрний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, 2 гарын тохойд олон тооны цус хуралт гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч И.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.Батбилэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас И.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Тус хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл болсон байх ба согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.
Шүүгдэгч И.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч И.Б гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батбилэгийн эрүүл мэндэд 100000 төгрөгний хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт И.Б нь 100000 төгрөгний хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч И.Б гаас 100000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбилэгт олгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 21 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч И.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч И.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч И.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт И гийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Б г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч И.Б д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч И.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.Б гаас 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батбилэгт олгосугай.
8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч И.Б гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч И.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ