| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00221/и |
| Дугаар | 151/ШШ2017/00614 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00614
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00614 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00139/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 2 дугаар баг, Хяр толгойн ард оршин суух Ням овогт Гомбосүрэнгийн Сүрэнбямбаа /НФ63072701/-гийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнбямбаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр маань байгаа боловч ажилд орсон, ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаагаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд Г.Сүрэнбямбаа миний биеийг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд саальчин малчнаар ажиллаж байсан байдлыг холбогдох архивын лавлагаа, тушаалуудын хуулбар, тухайн үед манай сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Ц.Улам-Оргих, Ж.Чүлтэм нарын тодорхойлолт зэргийг үндэслэн тогтоож өгнө үү. Мөн миний ажиллаж байсан үеийн тушаал болон хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримтууд дээр Г.Сүрэнбямба гэж нэрийг минь буруу бичсэн байна. Иймд бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнбямбаа нь бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан дараах бичиг баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
1. Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлээс Гомбосүрэнгийн Сүрэнбямбад 1980 оны 01 сарын 01-ний өдөр олгосонТөв аймаг Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдэл, Гомбосүрэн Сүрэнбямба, дэвтэр олгосон нэгдлийн дарга Ц.Удам-Оргих гэсэн бичилт бүхий 1981-1990 оныг дуусталх хугацааны цалин хөлс, ажилласан хоногийг тэмдэглэсэн тэмдэглэгээ бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4-5/,
2. Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 сарын 01-ний өдрийн Малчид томилох тухай 59 дугаартай тушаалын хавсралтын 67-рт Гомбосүрэн Сүрэнбямба гэх /хх 10/,
3. Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 09 сарын 22-ны өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай 107 дугаартай тушаалын 1-р заалтад Сайхан бригадын саальчин Гомбосүрэнгийн Сүрэнбямба гэсэн бичилттэй /хх 11/,
4. Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 08 сарын 29-ний өдрийн ажилд томилох тухай 82 дугаартай тушаалын 1 дүгээр заалтад Г.Сүрэнбаямба гэх /хх 12/,
5. Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 сарын 10-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 141 дугаартай тушаалын хавсралтын 92 дугаарт Г.Сүрэнбямба гэх /хх 13/,
6. Төв аймгийн Эрдэнэсант сумын удирдлагаас 1985 оны 01 сарын 28-ны өдөр Г.Сүрэнбямбад олгосон баярын бичиг /хх 14/ зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
- Г.Сүрэнбямбаагийн иргэний үнэмлэхийн хуулбарт Ням овогт Гомбосүрэнгийн Сүрэнбямбаа, регистрийн дугаар НФ63072701 гэх бичилт /хх-2/
- Гомбосүрэнгийн Сүрэнбямбаа, эцгийн нэр Цэнджавын Гомбосүрэн, эхийн нэр Раяашилийн Санжид, 1963 оны 7 сарын 27-ны өдөр Эрдэнэсантад төрснийг 1963 оны 8 сарын 20-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 73 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх 20/,
-Гэрч Ц.Улам-Оргихын“...Тухайн үед Г.Сүрэнбямбааг Бямба л гэж дууддаг байсан. Яг яагаад тэгж бичсэнийг нь мэдэхгүй байна. Манай нэгдэлд өөр Г.Сүрэнбямба гэж хүн байгаагүй, Г.Сүрэнбямбаа л ажиллаж байсан үнэн...” гэх мэдүүлэг /хх 23/,
-Гэрч Ж.Чүлтэмийн Нутгийн хүмүүс Г.Сүрэнбямба гэж л мэддэг, тэгэж дууддаг байсан. Бичиг баримт дээр нь л нэг “а” үсгийг нь хаяад биччихсан байх. Манай нэгдэлд өөр Г.Сүрэнбямба гэж хүн нэг ч байхгүй, Г.Сүрэнбямбаа л байгаа.” гэх мэдүүлэг /хх 24/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Г.Сүрэнбямбаагийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлээс Гомбосүрэнгийн Сүрэнбямбад 1980 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4-5/,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 сарын 01-ний өдрийн малчид томилох тухай “Нэгдлийг гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийг шинэчлэн олгож байгаа тул 380 малчинг хавсралтаар баталсугай...хавсралтын 67-д Гомбосүрэнгийн Сүрэнбямба”... гэх бичилттэй 59 дугаартай тушаал /хх 10/,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 09 сарын 22-ны өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай “Нярай хүүхдээ асрахыг хүссэн...Сайхан бригадын саальчин Гомбосүрэнгийн Сүрэнбямба нарын өргөдөл тодорхойлолтыг үндэслэн 9 сарын 10-наас эхлэн нэмэгдэл чөлөө олгсоугай...” гэх бичилттэй 107 дугаартай тушаал /хх 11/,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 08 сарын 29-ний өдрийн ажилд томилох тухай “Хэсгийн хоньчноор...Г.Сүрэнбямба...нарыг 8 дугаар сарын 20-ноос эхлэн авч ажиллуулсугай...” 82 дугаартай тушаал /хх 12/,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 сарын 10-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “Малчдын 1990 оны ээлжийн амралтыг 12 дугаар сарын 1-нээс эхлэн хавсралтаар амруулсугай...” гэх бичилттэй 141 дугаартай тушаал /хх 13/,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын удирдлагаас 1985 оны 01 сарын 28-ны өдөр Г.Сүрэнбямбад олгосон баярын бичиг /хх 14/
-Гэрч Ц.Улам-Оргихын “...Г.Сүрэнбямбаа нь 1980 оноос Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн Сайхан бригадад хоньчиноор ажиллаж байсан. Тэгээд нэгдэлд 1991 он хүртэл ажиллаад нэгдэл татан буугдаж Сайхан компани болоход тус компанийн малчнаар 1994 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 23/,
-Гэрч Ж.Чүлтэмийн “...Г.Сүрэнбямбаа нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн Сайхан бригадад 1980 оноос 1990 он дуустал малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1991 онд нэгдэл тарж Сайхан компани болоход тус компанид малчнаар 1993 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 24/ зэрэг болно.
Иймд Г.Сүрэнбямбыг Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Г.Сүрэнбямба гэж нэр бичигдсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлээс Гомбосүрэнгийн Сүрэнбямбад 1980 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 сарын 01-ний өдрийн малчид томилох тухай 59 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 09 сарын 22-ны өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай 107 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 08 сарын 29-ний өдрийн ажилд томилох тухай 82 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 сарын 10-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 141 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэсант сумын удирдлагаас 1985 оны 01 сарын 28-ны өдөр Г.Сүрэнбямбад олгосон баярын бичиг зэрэг бичгийн баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Г.Сүрэнбямбаа мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Сүрэнбямбыг Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ