Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 154/2021/00026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа,

Хохирогч Т.Кенжегүль,

Шүүгдэгч А.А   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.А  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2137000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Казахстан улсын иргэн, Монгол Улсад түр оршин суугч, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-*, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У* овогт А*ын А  . РД: ...     

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Авдал овогтой А   нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутагт орших Т.Кенжегүлийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа түүний нүүр орчим газарт гараараа хоёр удаа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч А.А  ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор өгсөн: “...тэгэхэд Кенжегүль гэрээс гар гээд хөөгөөд манай эхнэрийн үснээс татаж чирэхэд би салгах гэж дайрч ороод Т.Кенжегүлийн нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохьсон. Тэгэхэд Кенжегүлийн дух хэсгээс нь цус гараад нүүрэн хэсэг нь цус болоод явсан...” гэх мэдүүлэг,

             Шүүгдэгч А.А  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Т.Кенжегүль эгчийн гэрт эхнэр бид хоёрыг хэрүүл маргаандаа битгий оролцуулаад яваад байгаач гэж хэлэхээр очсон. Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид Ховд аймаг явж эмнэлэгт үзүүлэхэд нь 100.000 төгрөг өгсөн. Нэмж хохирол нэхэмжлээгүй..." гэх мэдүүлэг,

  Хохирогч Т.Кенжегүлийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед А.А   нь манайд орж ирээд та манай ээжид “танай хүү А   хадам аав Дотаны ноолуур, төмс хулгайлж амьдарч байна” гэж хэлсэн байна гэхээр чи суучих би тайлбарлаж өгье гэхэд суухгүй намайг орон дээр сууж байхад миний нүүр рүү хоёр удаа цохисон. Одоо хамар битүүрдэг болсон. Тухайн үед нүд хөхөрч хавдсан байсан. Гомдолтой байна. Одоо эмчилгээ хийлгэнэ. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Кенжегүлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.А   манайд эхнэрийн хамт орж ирээд намайг зодсон. Тухайн үед би орон дээр хэвтэж байсан. Би эхнэрийнх нь үснээс татаагүй. Намайг зодохоор нь та намайг нэг мөсөн алаадах гээд зууралдсан. Би хүүхдүүдтэйгээ ганцаараа амьдардаг. Маш их гомдолтой байна. Одоо байнгын хамар битүүрдэг болсон. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. А.А   манайд 2 удаа очсон уучлалт гуйсан би уучлахгүй. А  ийн эхнэр Хуан худал хэлснээс болж намайг зодсон байсан. Эхнэр нь хүмүүсийн дунд худлаа ярьж ийм байдалд хүргэсэн. Эмчид хамраа үзүүлэхэд гэмтэлтэй байна гэсэн. Дахиж үзүүлэх шаардлагатай гэсэн. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

           Д.Хуаны зөрчил шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...тэгэхэд л Кенжегүльд манай нөхрийн гар хүрсэн юм шиг байна лээ. Т.Кенжегүлийн хөмсөг хэсэг шалбарсан цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

           Хохирогч Т.Кенжегүлийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оргилболдын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн

          1. Т.Кенжегүлийн биед 2 нүдний зовихонд цус хуралт, хаван хавдар, хамрын нурууны гол хэсэгт хаван хавдар, зүүн хацарт хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл мохоо хүчин зүйлийн цохих, дарах механизмаар хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт,

   - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

   - эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл,

   - аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

              - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч А.А   нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутагт орших Т.Кенжегүлийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн 365 тоот дүгнэлт, хохирогч Т.Кенжегүлийн амбулториор эмчлүүлэгсдийн картны хуулбар баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 Шүүгдэгч А.А   гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

             Прокуророос шүүгдэгч А.А   нь хохирогч Т.Кенжегүлийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.А  ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.А  ээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй, хохирогч Т.Кенжегүлийн энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А  д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Уйгур овогт Авдалын А  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   А.А  ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  д оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.А   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

             5. Шүүгдэгч А.А   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хохирогч Т.Кенжегүль нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

           6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                                                                                                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.ТҮВШИНЖАРГАЛ