| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 175/2018/0112/Э |
| Дугаар | 2018/ДШМ/64 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 106.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2018/ДШМ/64
П.Энхбаяр, Д.Болормаа нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор А.Энхтуяа
Хохирогч П.Жаргалсайхан
Хохирогчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Шүүгдэгчдийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Г.Амартүвшин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заншир овогт Пүрвээгийн Энхбаяр, Боржигон овогт Дэмбэрэлийн Болормаа нарт холбогдох эрүүгийн 201718000134 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетын эмч ажилтай, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг 94 тоотод оршин суух хаягтай, Заншир овогт Пүрвээгийн Энхбаяр /Регистрийн дугаар: ЦГ73081511/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ажилтай, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг, 27б тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Дэмбэрэлийн Болормаа /Регистрийн дугаар: ЦГ66032401/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Энхбаяр нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн
эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09 цагаас 09 цаг 50 минтуын хооронд төрөх эх Б.Болорцэцэгт хийсэн кесаров мэс заслаар эхийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, умайн эрт үеийн цус алдалтын үед авах арга хэмжээг дутуу авсан, хоёр дахь хагалгаанд хугацаа алдаж орсон зэрэг өвчтөнд үзүүлэх үүрээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан,
Шүүгдэгч Д.Болормаа нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутанд өвчтөн Б.Болорцэцэгт хийгдсэн 2 дахь хагалгааг хугацаа алдуулан эхлүүлэх шийдвэр гарган эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллах, эмчилгээ үйлчилгээтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй зэрэг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биөлүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх П.Энхбаяр, Д.Болормаад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор 3аншир овогтой Пүрвээгийн Энхбаяр, Боржигон овогтой Дэмбэрэлийн Болормаа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биөлүүлээгүйгээс өвчтөн нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Заншир овогтой Пүрвээгийн Энхбаяр, Боржигон овогтой Дэмбэрэлийн Болормаа нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхбаяр, Д.Болормаа нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоон, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Д.Болормаагийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 2018/шцт/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол бичиж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ... Д.Болормааг "Өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан "гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж шийдвэрлэсэн. Яллах дүгнэлтэнд ... Д.Болормааг мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүйгээс өвчтөнд эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж ялласан. Шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж Д.Болормааг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн гэм буруутайд тооцсон үндэслэл, яллах дүгнэлтэнд бичигдсэн үндэслэл 2 өөр агуулга, утгыг илтгэн харуулж байхад шүүх яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон гэж үзэж байна.
2. Д.Болормаагийн ажлын байрны тодорхойлолтонд түүний үндсэн зорилт
гэсэн хэсэгт...байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, эмч эмнэлэгийн мэргэжилтэнүүдийг нэгдсэн удирдлагаар хангах өдөр тутмын асуудлыг шийдвэрлэн зохицуулах гэж тодорхойлсон байна. Тэгвэл энэ албан тушаалтан гардан хагалгаа хийх эрхгүй. Д.Болормаагийн хувьд чадварлаг эмчээр баг бүрдүүлэн 2 дахь хагалгааг оруулсан хагалгаа амжилттай болсон. Ийм байтал түүнийг буруутай гэж шүүх тооцсон нь үндсэлгүй болно.
3. Эмчлэгч эмч хагалгааг төгс шийдвэрлэх ёстой. Эхийг кисвер хагалгаагаар төрүүлээд 2 цаг гаруйн хугацаанд ямар ч хяналтгүй орхиж 11.45 минутад сувилагч эхийн биеийн байдлын талаар Энхбаяр эмчид хэлсэнээр эмч эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Д.Болормаад энэ талаар мэдэгдсэн байдаг. Эмнэлэг магадлалын хуралдаан дээр эмч Энхбаяр би залуу хүн урьд нь умай тайрах хагалгаа хийж үзээгүй эмч Цогтбаатар хагалгааг удирдаж орсон, Болормаа даргын хувьд Цогтбаатар эмчийг удирдан орж, чи дагалдан ор гэдэг үгийг хэлээгүй би дотроо бодохдоо Цогтбаатар эмчээр туршлагатай болохоор нь хагалгааг хийлгэх гэж байна гэж бодсон гэж тайлбар мэдүүлэг өгдөг. Энэ байдал нь эмчлэгч эмчийг чи хагалгаанд орохгүй өөр эмчээр хийлгэнэ гэсэн шууд утгыг илэрхийлээгүй зөвхөн баг бүрдүүлж удирдлагаар хангахын тулд Цогтбаатар эмчийг хүлээсэн байдаг. Д.Болормаа нь өөрт оногдсон эрх, үүргийнхээ дагуу хагалгаанд чадварлаг туршлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсанаараа энэ хэрэгт буруутгагдах үндэслэл тогтоогдохгүй билээ.
4. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт ...нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасч гэсэн өгүүлбэр нь аль нэр томъёо нь Болормаад, аль нэр томъёо нь Энхбаярт хэрэглэгдэж буй нь ойлгомжгүй байна. МУ-ын Дээд шүүхийн 13-р тогтоолоор 2002 оны хуүлийн 15-р бүлэг буюу ЭХ-ийн тусгай ангийн 106-р зүйлийг тайлбарлахдаа ...Эрүүл мэндийн тухай хуулийн 26.1, 26.1.3 заасан үүргийг биелүүлээгүй бол үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр тайлбарласан байдаг боловч ЭМТ-д өөрчлөлт орж тухайн зүйл анги нь мэргэжлийн ес зүйн хэм хэмжээг тогтоох, мэргэжлийн үил ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох заалт болон өөрчлөгдсөн байдаг. Тэгвэл бид зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг юу гэж ойлгож хэрэглэх вэ гэсэн асуудал гарч байна.
5. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга энэ хэргийн субект болж чадах уу. Дээд шүүхийн дээрхи тогтоол болон МУ-ын эрүүгийн хуулийн тайлбарт энэ зүйл ангийн субектийг "эмч, эх баригч, сувилагч, бага эмч гэж маш тодорхой нэрлэн тодорхойлсон байгаа. Энэ байдлаас үзвэл Д.Болормаа нь энэ хэргийн субъект болж чадахгүй юм. Өөөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжийг агуулж чадахгүй байна.
6. Шүүх хэргийн материалд авагдсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй байхад чухам аль дүгнэлтийг ямар үндэслэлээр шийтгэх тогтоолын үндсэл болгон Болормаа даргыг буруутай гэж үзсэн талаар огт дүгнэлт хийгээгүй. Хэргийн 75-р талд авагдсан 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 958 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 10 дахь заалтанд ...хэний буруутай үйл ажиллагаа, хариуцлагыг шүүх эмнэлэгийн шинжээч эмч нар тогтоохгүй гэжээ. Гэтэл хэргийн 132-р талд авагдсан 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 6 дахь заалтаар Д.Болормааг эмчлэгч эмчийн өмнөөс шийдвэр гарган өөр эмч томилж мэс засал хийлгэсэн нь буруу гэж дүгнэлт гаргасан нь хуульд байхгүй эрхийг эдэлж, шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө бусдыг гэм буруутайд тооцсон, улмаар шийтгэх тогтоолын гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
7. ЭХХШТХ-ийн 16.1-р зүйлийн 14 дэхь заалтанд нотлох баримтыг судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийхээ үндэслэл болгохгүй гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд эрүүгийн хэргийг хянан үзэж, Д.Болормааг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэсэн байр суурьтай оролцож байна. Бусдад эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлээгүй гэдэг асуудал дээр тухайн үед өвчтөнд эмчилгээ сувилгаа тодорхой хугацаанд тогтмол хийж байсан. Өмнө нь тийм хагалгаанд орж үзээгүй учраас эрсдэлээ бодоод тухайн үед хагалгааг хийгээгүй гэсэн асуудал гаргаагүй юм гэв.
Хохирогч П.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмнэлгийн байгууллага нь хугацаа алдаж өвчтөнд эмчилгээ хийсэн. Тэдгээрийн буруутай үйл ажиллагааг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэв.,
Хохирогчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгч Д.Болормаа нь давж заалдах шатны шүүхэд тухайн хагалгаа, ажлын байрны тодорхойлолтод харьяалахгүй байсан учраас субъект биш гэж үзэж гомдол гаргаж байна. Төрийн албаны захирах захирагдах ёсны дагуу Д.Болормаагийн удирдлага доор тухайн хагалгаа хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Р.Атарцэцэг өмгөөлөгчийн гомдолтой танилцсан бөгөөд өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн гэм буруутай нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Д.Болормаагийн хувьд хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар өвчтөнд амь насанд нь аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа алдаж эмчилгээ хийсэн. ... Тухайн үед талийгаачид эмчилгээг цаг алдалгүй зөв хийсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан талаар шинжээчийн дүгнэлтүүдээр батлагдаж байсан. Шинжээч эмч нарын өмнөх дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэж 3 удаагийн дүгнэлт гарсан. Иймээс шинжээчийн гаргасан дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгчөөс гарсан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Энхбаяр нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09 цагаас 09 цаг 50 минтуын хооронд төрөх эх Б.Болорцэцэгт хийсэн кесаров мэс заслаар эхийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, умайн эрт үеийн цус алдалтын үед авах арга хэмжээг дутуу авсан, хоёр дахь хагалгаанд хугацаа алдаж орсон зэрэг өвчтөнд үзүүлэх үүрээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан, шүүгдэгч Д.Болормаа нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутанд өвчтөн Б.Болорцэцэгт хийгдсэн 2 дахь хагалгааг хугацаа алдуулан эхлүүлэх шийдвэр гарган эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллах, эмчилгээ үйлчилгээтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй зэрэг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биөлүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн/2002 оны/ тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Болормаагийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах гомдлын дагуу П.Энхбаяр, Д.Болормаад холбогдох эрүүгийн 201718000134 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Оюунцэцэг /1-р хх-ийн 23-24-р ху/, П.Жаргалсайхан /хх-ийн 1-р хх-ийн 32-33/, гэрч Б.Цогтбаатар /1-р хх-ийн 40-41-р ху/, О.Ганзориг /1-р хх-ийн 42-43-р ху, 2-р хх-ийн 121-122-р ху/, А.Мөнхзул /1-р хх-ийн 44-45-р ху/, С.Цэцэгмаа /1-р хх-ийн 51-52-р ху, П.Золжаргал /2-р хх-ийн 117-118-р ху/, А.Мөнхбат /2-р хх-ийн 119-120-р ху/, шинжээч Н.Энхцолмон /2-р хх-ийн 37-38-р ху/, Ц.Оюун-Эрдэнэ /2-р хх-ийн 39-40-р ху/, Н.Туяа /2-р хх-ийн 46-47, 49-50, 227-228-р ху/, М.Золжаргал /2-р хх-ийн 55-56-р ху/, Ө.Сарангэрэл /2-р хх-ийн 57-58-р ху/, Б.Ариунзул /2-р хх-ийн 140-141, 220-226-р ху/, С.Хишгээ /2-р хх-ийн 142-145, 207-209-р ху/, Ч.Мөнхбаяр /2-р хх-ийн 204-206-р ху/, Г.Баттулга /2-р хх-ийн 212-216-р ху/, Ш.Цэцэгмаа /2-р хх-ийн 217-219-р ху/, Ц.Ганболд /2-р хх-ийн 229-233-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 670 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 62-65-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 958 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 75-78-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 108 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 132-136-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Шүүгдэгч Д.Болормаа нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутанд өвчтөн Б.Болорцэцэгт хийгдсэн 2 дахь хагалгааг хугацаа алдуулан эхлүүлэх шийдвэр гаргаж тухайн ажлын байрны тодорхойлолтонд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан болох нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгөхийг хүссэн шүүгдэгч Д.Болормаа болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтаар П.Энхбаяр, Д.Болормаа нарын тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн боловч ямар тодорхой албан тушаал эрхлэх, ямар үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж байгаа талаар тодорхой заалгүй орхигдуулсан байх тул П.Энхбаярын эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар, Д.Болормаагийн эрүүл мэндийн байгууллагад тодорхой удирдах албан тушаал эрхлэх эрхийг 01 жилийн хугацаагаар тус тус хасаж, энэ талаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтанд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ ...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасан бөгөөд П.Энхбаяр, Д.Болормаа нар нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс хохирогч нас барсантай холбоотой шууд зардал болох 6.235.431 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж Иргэний хуулийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөн өөрчлөх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Хохирогч П.Жаргалсайхан нь мөрдөн байцаалтын шатанд нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, өмгөөлөгчийн зардалд нийт 97.500.000 төгрөг нэхэмжилж байсан боловч шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хүсэлт гаргасан тул энэ талаар шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “...Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэж заасны дагуу гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс шаардан гаргуулах эрхтэй талаар заалт нэмж оруулах шаардлагатай байна.
Иймд шүүгдэгч Д.Болормаа болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, 51 гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 5 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулж, шинээр 51 гэсэн заалт оруулсугай.
2 дугаар заалтыг:
“2. Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар П.Энхбаярын эмчлэх мэргэжлийн үйл ажиллага явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Болормаагийн эрүүл мэндийн байгууллагад удирдах тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасч 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
5 дугаар заалтыг
“5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс гэм хорын шууд хохирол болох оршуулгын зардал 6.235.431 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 143 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогтой Пүрэвжавын Жаргалсайханд олгож, П.Жаргалсайхан нь нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,
“51. Иргэний хуулийн 498 дугаар 498.5-д зааснаар гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ