Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0448/З |
Дугаар | 221/МА2023/0511 |
Огноо | 2023-08-09 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2023/0511
“Ю” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Гомдол гаргагч: “Ю” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, өмгөөлөгч Н.Э, хариуцагч Э.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, С.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.М
Хэргийн индекс: 128/2023/0448/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Ю” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан “... улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0002353 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаар шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ю” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0002353 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Ю” ХХК нь олон сувгийг дахин дамжуулах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос үйл ажиллагааг өргөжүүлж техникийн шинэчлэл хийгдээд Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглэгчдэд үйлчилж эхэлсэн болно. 2022 оны 06 дугаар сарын 30-нд үнэ тарифыг шинэчилж баталсан ба энэ шинээр хэрэглэгч болоход шинэчилсэн тарифаар үйлчлэхээр болсон. Гэр хорооллын хэрэглэгчдэд материал техникийн нэмэлт зардал өртөг гардаг тул анхнаасаа зөрүүтэй үнэ тогтоосон ба ингэхдээ орон сууцны хэрэглэгчдээс илүү суурин утсаар сүлжээ харгалзахгүй 50-200 минутын ярианы эрхтэй байхаар анхнаасаа багцалсан болно. “Ю” ХХК нь олон сувгийг дахин дамжуулах үйлчилгээг үзүүлэх газар зүйн байршилд харилцаа холбооны дэд бүтэц байгуулагдсан эсэхээс шууд хамаарч харилцан адилгүй дамжуулалтын зардал гаргадаг. Манай компани IPTV, интернет, суурин утасны гурвалсан үйлчилгээг дэд бүтэц холбогдсон хотын төвийн орон сууцны айл өрхүүдэд өөрийн дата төвөөс шилэн кабелиар дамжуулан хүргэдэг бөгөөд уг шилэн кабелиа худаг сувагчлал ашиглан татдаг.
3.2. Харин Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээс гадагш гэр хорооллын хэсэгт харилцаа холбооны худаг сувагчлал байдаггүй бөгөөд манай компани гэр хорооллын бүсэд шилэн кабелийн сүлжээ татахдаа агаараар татах технологийг ашигласан. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд орон сууцны бүсээс өөр FTTH технологийн шийдэл ашиглаж /гадна ашиглах зориулалт бүхий, илүү өртөгтэй шилэн кабелийг ашигладаг, тухайн шилэн кабелийг агаараар татдаг гэх мэт/ илүү их хүн хүч, тоног төхөөрөмж, бараа материал гаргаж тухайн үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотойгоор нэг өрхөд дунджаар 42000 төгрөг /12 ам доллар/-ийн нэмэлт зардал гаргадаг.
3.3. Энэхүү үнийн тарифийг боловсруулахдаа техник эдийн засгийн боломж болон хэрэглэгчийн төлбөрийн чадавх зэргийг харгалзан олон хүчин зүйлийн нөлөөгөөр тогтоож ХХЗХ-д танилцуулж, хэрэглэгчдэд зохих ёсоор мэдэгдэн, нийтэд мөрдөж эхэлсэн болно.
3.4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч “... өрхийн үйлчилгээг ижил багцыг хэрэглэгчдэд ялгавартай үнээр дамжуулж, давамгай аж ахуйн нэгж ноёлох үйл ажиллагаа явуулсан” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэлийн хуудсаар 1,163,740,176 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна.
3.5. Олон суваг дамжуулах үйлчилгээ болон ннтернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг хэрэглэгч сонгон хэрэглэж байхад журмын 6.1-д дангаар сонгон авах боломжтой байна гэж заасан тул ярианы минут болон кино үзэх эрх дагалдуулан санал болгосныг өөр төрлийн бараа бүтээгдэхүүн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүйгээр дээр хэргийн нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй байна.
3.6. Хэрэглэгчийн үйлчилгээг дангаар сонгох эрхийг хязгаарлаагүйн дээр энэхүү үндэслэлээр зөрчлийн хэрэг шалгаагүй болно.
3.7. Давамгай байдалтай аж ахуйн нэгжийн хувиар үнэ тарифыг зохих ёсоор батлуулдаг бөгөөд дээрх үйлчилгээнүүд нь тус тусдаа илүү үнэлгээтэй бөгөөд нэгдсэн байдлаар хэрэглэгчдэд хүргэх нь үйлчилгээ эрхлэгч хэрэглэгч нарт хэн алинд нь ашигтай байх хувилбарыг сонгож гурвалсан үйлчилгээг нэг багцаар авахыг санал болгож буй хэрэг юм.
3.8. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт хамаарахгүй” гэснийг нэг бүс нутагт нэг үнэтэй байх гэж буруу тайлбарлан, түүнчлэн хамрах хүрээг заасныг бүс нутгийн хүрээг тогтоосон гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Олон сувгийг дамжуулах үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага 2.2-д Олон сувгийг дамжуулах үйлчилгээг интернэтээр дамжуулан хүргэхэд бүс нутгаар хязгаарлахгүй гэж, мөн журмын 2.3-д үйлчилгээ зохицуулалтын ялгаатай байдлыг харгалзахыг тогтоосон байна.
3.9. Хэрэгт нотлох баримтаар Өрсөлдөөний тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн тогтоогчийн үзэл санааг тогтоох зорилгоор авхуулан УИХ-ын тэмдэглэлд зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгж нь зардлыг тооцож үнээ тогтоох ёстой гэж үзсэнийг хууль тогтоогч нар баталсан байна. Түүнчлэн зүй ёсны монопол болох төрийн хангамжийн хэрэглээний усны үнийг тогтоохдоо зардлын аргачлалаар дэд бүтэцтэй хороолол болон суурин ус түгээх газруудын үнийг 70% зөрүүтэй тогтоосон байна.
4. Өрсөлдөөний тухай хуульд “ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй хэрэглэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулах” үйлдлийг ойлгохоор заасан.
4.1. Манай компани нь гэр хорооллын хэрэглэгчдэд өөр нөхцөлтэй бүтээгдэхүүнээ өөр үнээр үйлчилгээ үзүүлсэн нь “ижил төрлийн бараа бүтгээдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах” ноёлох үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй байна.
4.2. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “... Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй” гэж тодорхой заасан байна. Хуульд “... аж ахуй эрхлэгчээс зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах” гэсэн зохицуулалт нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ямар ч зардлын ялгаагүй нэг төрлийн бараа бүтээгдэхүүнд, өөрийн үзэмжээр өөр өөр үнэ тогтоохоос сэргийлсэн агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, зардлын ялгаатай ижил төрлийн бараа үйлчилгээнд өөр үнэ тогтоохыг хуулиар хориглоогүй байна.
4.3. Өрсөлдөөний эрх зүйд “үнийн ялгаварлал” гэх ойлголт нь аливаа бараа үйлчилгээг нийлүүлэхэд гарах зардлын зөрүүнээс шууд хамааралгүй өөр үнээр худалдан авах буюу зардлаас үл хамаарсан ялгавартай үнээр ижил төрлийн бараа үйлчилгээг худалдах тухай ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, тухай ижил төрлийн бараа үйлчилгээнд зардлаас хамаарсан өөр үнэ тогтоох нь “price discriminatoin” гэх ойлголтод хамаарахгүй ба үүнийг хуулийн зохицуулсан байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д зүйлийн хоёр дахь хэсгийн зохицуулалт буюу бүс нутгийн байршлаас шалтгаалсан дамжуулалтын зардлын ялгаатай үйлчилгээ юм.
4.4. Хариуцагчийн тайлбарт хэрэглэгчийг хясан боогдуулсан гэх үндэслэлийг дурдсан боловч энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна.
4.5. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хууль болон холбогдох журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2. “Ю” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан “... улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0002353 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “... зардлын ялгаатай ижил төрлийн бараа үйлчилгээнд өөр үнэ тогтоохыг хуулиар хориглоогүй, гэр хорооллын хэрэглэгчдэд өөр нөхцөлтэй бүтээгдэхүүнээ өөр үнээр үйлчилгээ үзүүлсэн нь “ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах” ноёлох үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй” гэх зэрэг давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хангах боломжгүй.
4. Учир нь хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч “Ю” ХХК-иас 2019 оны В19/120 дугаар тушаалаар олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээний үйлчилгээ авах өрхийн S plus багцын суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдэд 36,000 төгрөгөөр, гэр хорооллын Ю-ийн сүлжээ орсон хэсэгт 39,900 төгрөгөөр тогтоож, 2022 оны В22/043 дугаар тушаалаар олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээний үйлчилгээ авах өрхийн S plus багцын суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдэд 39,900 төгрөгөөр, гэр хорооллын Юнивишнийн сүлжээ орсон хэсэгт 43,900 төгрөгөөр тогтоосон, мөн тушаалаар тогтоосон Дархан хот болон Эрдэнэт хотын олон суваг дамжуулах үйлчилгээний S plus багцын үнэ тариф нь Улаанбаатар хотын орон сууцны тогтоосон үнэтэй ижил байгаа зэрэг нь зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.
5. Хуульд “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” гэж, “гэр хороолол” гэж хот, суурин газрын эдэлбэр газар дахь инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй гэр, орон сууц бүхий суурьшлыг” гэж тус тус тодорхойлсноор Улаанбаатар хотын орон сууц болон гэр хорооллыг ялгаатай бүс нутаг гэж шууд үзэх боломжгүй.
6. Тодруулбал, гомдол гаргагч компаниас үйлчилгээний суурь өртгийн талаарх зардлаа урьдчилсан байдлаар тогтоож өгөөгүй, энэ нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр тодорхойлогдох бөгөөд тухайн “тоног төхөөрөмж, шилэн кабел, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ашиглалт, дэвшилтэт техник технологийг нутагшуулах” үйл ажиллагаатай холбоотой.
7. Өөрөөр хэлбэл, “Ю” ХХК-иас хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, түүнтэй гэрээ хэлцэл байгуулахын өмнөх урьдчилсан гэрээ хэлцэл тул тэдгээрийн үйлчилгээтэй холбоотойгоор орон сууц, гэр хороолол гэж өөр өөр байдлаар хувь хэмжээг тогтоосон нь давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж үзнэ.
8. Дээр дурдсанаар “Ю” ХХК нь “давамгай байдалтай” аж ахуйн нэгжийн хувьд “S plus” гэх бүтээгдэхүүний үнийг бусадтай хэлцэн тогтоосон гэж үзэхгүй, зөвхөн тухайн бүтээгдэхүүний үнэ тарифыг өөр өөр байдлаар тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...” гэж заасныг зөрчсөн тул тухайн үйлчилгээг гэр хороололд нэвтрүүлэхдээ “сервис үйлчилгээний зардал”-аар тооцох боломжгүй юм.
9. Түүнчлэн гэр хорооллын хэрэглэгчдэд ярианы минут, кино үзэх эрх дагалдуулан санал болгосныг өөр төрлийн бараа бүтээгдэхүүн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэг бүс нутагт байршлын ялгаанаас шалтгаалан ижил төрийн бараа бүтээгдэхүүнийг өөр үнээр худалдан борлуулж байгааг ноёлох үйл ажиллагаа гэж үзнэ” гэх дүгнэлт үндэслэлтэй болно.
10. Мөн “Ю” ХХК-ийн олон суваг дамжуулах үйлчилгээний багцын нөхцөлөөс үзэхэд нэмэлт сувгийн багц, видео сан, интернэтийн үндсэн хурд зэргээс хамааруулан ангилсан багц тус бүр нь бараа бүтээгдэхүүний нэг төрөл, үүнийг Улаанбаатар хотын орон сууц болон гэр хороолол гэж ялгамжтайгаар баталсан үнийн хувьд “S plus” гэх багцыг ижил төрлийн бараа бүтээгдэхүүн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, олон суваг дамжуулах үйлчилгээг интернэтээр дамжуулан хүргэхэд үйлчилгээ эрхлэх хүрээг тодорхой бүс нутгаар хязгаарлахгүй юм.
11. Дээрхээс үзвэл, гомдол гаргагчийн үйл ажиллагаа нь хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан байх тул маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт нийцсэн байна.
12. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН