Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 28

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

                              

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Ц.Амарсанаа /өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цагаандоржийн Амарсанаад холбогдох эрүүгийн 201625030905 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Түдэвт овгийн Цагаандоржийн Амарсанаа, 1973 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 9 дүгээр байрны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЕ73022513.

Холбогдсон хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд дурьдснаар/;

Шүүгдэгч Ц.Амарсанаа нь 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 23.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бенз засварын газрын 2 давхарын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Тэмүүлэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Амарсанаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.        

Ц.Амарсанаа нь хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бенз авто засварын төв дээр ажлаа дуусчихаад ах Шижиртэй нэг шил архи задлаад уусан, ууж байхдаа найз Шинэнг дуудсан Шинэн орж ирэхдээ нэг шил архи барьж ирсэн. Тэгээд байж байсан чинь Шижир рүү Тэмүүлэн ах залгасан. Шижирээ ах дуудсан юм шиг байна лээ. ...Тэгээд Тэмүүлэн ах ирээд хамт архи ууцгаасан Тэмүүлэн мөнгөгүй гээд гаднаас юу ч аваагүй орж ирсэн. Гэнэт сууж байснаа Тэмүүлэн ах манайхыг удам судраар нь доромжлоод байсан. Тэгээд би сууж байгаад шууд цохиод авсан. Нүүрэн тус газар нь оносон бололтой хамраа бариад суусан, тэгэхээр нь очоод доороос нь хоёр удаа өшиглөсөн. Шинэн ах босч ирээд салгасан юм. Тэгээд цусаа угаах гээд нооль орох хоорондоо цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Тэмүүлэн ахыг болохоор дүү нь ирээд авсан гэсэн...” гэжээ /хх-30-31/.    

   Хохирогч Т.Тэмүүлэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 20 цаг 30 минутын үед ажлаа тараад явж байсан чинь Амарсанаагийн ах Шижирээ залгаад Хан-Уул дээр шалгагдаж байгаа Тамир ах та хоёрын асуудал хүндэрч байна. Хэдүүлээ ах дүү нар байж энэ асуудлыг уулзаад шийдье гэхээр нь би Шижирээгийн оффис болох Бенз засварын газрын хоёр давхарт 22 цагийн үед очсон, орсон чинь Шинэн, Шижирээ, Амарсанаа гурав нилээн халамцуу сууцгааж байсан. Би ороод бас уусан. Тэгээд тэр архи нь дуусаад Амарсанаа танд мөнгө байна уу гэж асуухаар нь байгаа 20.000 төгрөгөө хэлэхэд Амарсанаа өгчих дэлгүүр гарчихаад ирье гээд тэр мөнгийг аваад нооль орсон. Тэр хооронд Шинэн бид хоёр бие биенийгээ харсан хүмүүс байсан учир юм яриад сууж байсан. Тэгсэн Амарсанаа ноолиос гарч ирээд үгийн зөрүүгүй шууд нүүрэн тус газарт хоёр удаа цохиод авсан. Би яаж байна аа миний дүү гээд тонгойсон чинь дээрээс архины шилээр хагартал цохиод цээж болон нүүр рүү өшиглөсөн, би амь тэмцээд мөлхөж байгаад нооль орж цагдаа дуудсан...” гэжээ /хх-12-13/.

Гэрч Ц.Шижир мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажил тараад орой 21 цагийн үед байх дүү Амарсанаагийн хамт тус газрын 2 давхарт нэг шил Болор архи ууж эхэлсэн, тэр архийг би авч очсон юм.  Ууцгааж байгаад би өөрийн найз Шинэнг дуудсан. Шинэн ирэхдээ нэг шил Еvok гээд архитай ирсэн. Тэр үед 23 цаг болж байсан байх, би уусан архиндаа болоод нойр хүрээд ууж байх хооронд  нойрмоглоод унтаад байсан. тэгээд унтаж байгаад нэг сэрсэн чинь Тэмүүлэн ирсэн байсан. Яаж ирсэн, хэзээ ирсэн талаар би мэдэхгүй байгаа. Тэмүүлэн энэ асуудал болсны дараа надтай уулзахдаа намайг дуудсан гэж юм яриад байсан. Би Тэмүүлэнг дуудсанаа санахгүй байна. Тэмүүлэнг дуудах үндэслэл байхгүй, би бодохдоо өөрөө над руу залгасан байх гэж бодож байна. Ер нь над руу байнга залгадаг манай ахыг зодоод Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм. Тэгээд ахдаа хэлээд өргөдлийг нь татуулаад өгөөч гээд залгаад байдаг юм…” гэжээ /хх-14-15/.

Гэрч Д.Шинэн мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 22 цагийн үед манай найз Шижир над руу залгаад өөрийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Бенз засварын газар буюу ажил дээр хүрээд ирээ гэж дуудсан. Тэгээд би удаагүй 20 минутын дараа 0.75 литрийн Еvok архи аваад яваад очсон. Тэгсэн Шижир болон Амарсанаа нар Экс нэртэй 0.75 литрийн архи задалсан ууж байсан. Тэгээд хамт уугаад сууж байж байсан чинь нэг халамцуу ах ирсэн. Тэгэхэд 23 цаг болж байсан байх, бид 4 хамт ууцгаасан. Уугаад сууж байсан чинь тэр сүүлд ирдэг залуу шоронд 3 жил суусан. Оросын холбооны улсад цэргийн сургууль төгссөн, хүний эрүүг нэг цохилтоор хоёр хугалсан гэх юм яриад байсан. Нилээн онгироо, тавьтаргүй хүн байсан. Тэгснээ Амарсанаа, Шижир хоёрын аавыг өвгөнтийн архи чинь байсан гэж яриад, тэгээд муудалцаад, заамдалцаж авсан. Тэгсэн тэр сүүлд ирсэн хүн Амарсанааг шууд цохиод унагаасан, тэгснээ харж байна уу би нэг л цохидог хүн энээ тэр гэж яриад байсан. Амарсанаа уначихаад босч ирээд зөрүүлээд нэг цохисон, хоёулаа заамдалцаж аваад ширээний цаагуур ороод дээр доороо унацгаасан. Тэгээд тэгээд ноцолдож байгаад босч ирсэн, тэр хүний хамраас цус гоожсон босч ирээд ариун цэврийн өрөө рүү явсан. Тэр хооронд цагдаа дуудсан юм шиг байна лээ. Тэгээд хоёр цагдаа орж ирээд Амарсанааг аваад явсан. Тэгээд Шижир бид хоёр үлдээд байж байсан чинь гаднаас нөгөө залуугийн дүү нь гээд нэг хүн орж ирснээ ширээн дээр байсан стаканы  зураг аваад байсан. Ямар учиртай зураг аваад байгаа талаар асуухад баримтжуулж байна гэх юм яриад байсан...” гэжээ /хх-16-17/.          

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5137 дугаар акт:

 “1. Тэмүүлэнгийн бид дагзны хуйхны шарх, хамрын ясны хугарал, нүүр, нүдний алимны салстын цус хуралт, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/.

Шүүгдэгч Ц.Амарсанаагийн хувийн байдлыг тодорхойлсон ял шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-33-35/, мөн “...цаашид бидний хооронд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх хохирогч, шүүгдэгч нарын хоорондын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч Ц.Амарсанаа нь 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 23.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бенз засварын газрын 2 давхарын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Тэмүүлэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Тэмүүлэнгийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байгаа тул прокуророос шүүгдэгчийн үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Ц.Амарсанаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчтой харилцан эвлэрсэн байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түдэвт овгийн Цагаандоржийн Амарсанааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            3. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            4. Шүүгдэгч Ц.Амарсанаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

 

           

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХАЛИУН