Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 154/2021/00028

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг 

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Хохирогч Б.Баатаржав, Л.Чулуунцэцэг нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар

Иргэний хариуцагч А.Серикбол

Шүүгдэгч М.А   , шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек нарыг оролцуулан Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 03 дугаартай магадлалыг хэвээр үлдээж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1937000310019 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны 0* сарын *-ны  өдөр Баянөлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл * /эхнэр хүүхдийн хамт/ Баянөлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суух, Хотгор зам ХХК-д хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерээр ажиллаж байсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай С   овогт М  гийн А     /РД:    /

 Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Шүүгдэгч Хотгор зам ХХК-ны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер М  гийн А    нь Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт Мөст сумын төвийг босоо тэнхлэгийн замд холбох 20.3 км-ийн хатуу хучилттай зам тавих явцдаа Мөст сумын Цэцэг гол багийн нутаг “талын хар” гэх газар 25 см өндөртэй шороон далан босгож уг замаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас уг замаар 2019 оны 07 сарын 22-ны өдөр 30-33 УНЭ улсын дугаартай Land 200 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Баатаржав нь “Хотгор зам” ХХК-ны зам дээр байрлуулсан шороон даланг мөргөж Л.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Баатаржавын эзэмшлийн Land 200 маркийн тээврийн хэрэгсэлд 49.931.640 төгрөгний хохирол учирсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйл, мөн дүрмийн 1.2.21-т заасныг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

           Шүүгдэгч М.А   ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би тэмдэг тэмдэглэгээ тавих байсан.Гэтэл манай хүмүүс гарц гаргасан гэдгээ надад хэлээгүй.Чиг заах тэмдэг, замын төгсгөлд мөн тэмдэг тавьсан байсан.Компаний ажилчидад өглөө бүр зааварчилгаа өгдөг.Ковш машинаар хаалт тавьсан байсныг жолооч нь өглөөний цайнд орохдоо унаж явсан хойгуур машин явсан байсан. Тэр өглөө хоёр машин явж өнгөрөхөөр нь би дохиод даллаад намайг харахгүйгээр зөрж өнгөрсөн гэх мэдүүлэг

          Хохирогч Л.Чулуунцэцэгийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.....Надад маш их хохирол учирсан.Тухайн үед Мөст сумаас эмч дуудсан.Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 5 хоноод намайг Улаанбаатар хот руу яв гэсэн.Бид машинд дөрвүүлээ явж байсан.Замд замын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Компаний хүмүүс болон М.А    нь надтай уулзаагүй. Би хүүхдүүдээсээ мөнгө гаргуулж хохиролоо төлж байгаа.Надад 5 сая төгрөгний хохирол учирсан.надад хохирол төлөөгүй.Хохиролоо би гэм буруутай хүнээс нэхэмжилж байна.Одоо нийт хохирол 5.200.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг

            Хохирогч Б.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....2019 оны 07 сарын 22-ны өглөө 07 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт байрлах “Талын хар” гэх газар явж байхад тэр хавийн зам засвартай замын ажил явагдаж байсан. Уг замын ажил хийж байсан компани нь замын тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. Явж байтал гэнэт шороон дээгүүр машин гараад бид машинтайгаа осолдсон. Чулуунцэцэг нь нуруундаа гэмтэл аваад Мөст сумын эмч аваад Ховд аймаг авч явсан.Уг 30-33 УНЭ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин.Миний машинд 51 сая гаруй төгрөгний хохирол учирсан. Хохиролын баримтуудаа байцаагчид өгсөн. Миний хохиролыг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг

              Хотгор зам ХХК-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 04 сарын 11-ны өдрийн 02/17 дугаартай ....М.Асхерийг Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженерээр томилсон тушаал

             Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл 19 ширхэг гэрэл зургийн хамт

            Х.Уранчимэг, Х.Баатаржав нарын хооронд хийгдсэн итгэмжлэл /тээврийн хэрэгслийн талаар/

               Иргэний хариуцагч Е.Серикболын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаан мэдүүлсэн... Тухайн зам нь Мөст сумаас Цэцэг сум руу салдаг замын хэсэг байсан.Тэнд газар шорооны ажил хийгдэж байсан. Урд нь дандаа хаалттай байдаг байсан. Тухайн өдөр ажил ихтэй байсан болохоор шөнө 11 цаг өнгөрч байхад ажлаасаа буусан. Осол болдог өглөө 06 цаг 30 минутын үед манай ажилчид цуглараад дасгалаа хийж байх үед цаанаас 2 машин маш хурдтай ирж байсан.

                Манай ажилчдаас хүн гүйгээд гараараа далласан боловч тоохгүй өнгөрөөд явсан. Оройн цагаар тухайн замыг хааж Хово машин байрлуулдаг байсныг тухайн өглөө Ховоны жолооч цайндаа ирэхдээ машинаа хөдөлгөөд унаж ирсэн байсан. Тэр цаг хугацаанд осол болсон гэх мэдүүлэг

                Гэрч Б.Ганзоригийн....Гүйцэтгэгч байгууллага нь төслийн баримт бичигт заагдсаны дагуу түр замын бэлэн байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер нар нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэн ажилладаг. Уг авто замын барилгын ажилд хөдөлгөөний аюулгүй байдал, хангуулах үүднээс урьдчилан сэргийлэх, мэдээллэх самбар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг замын эхлэл төгсгөл болон шаардлагатай газруудад гүйцэтгэгч байршуулах үүрэгтэй гэх мэдүүлэг

            Шинжээч эмч Д.Хишигтийн...Хаалт хашлага анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ,хийлгэх үүргийг компани хариуцана.Харин хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь ажил үүргийн хувьд тухайн компани дээр хийгдсэн хаалт, хашлага, анхааруулах тэмдэг тэмдэглэгээний хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Гадны тээврийн хэрэгслийг барилгын талбай руу нэвтрүүлэхгүй хориглох ажил үүргийг компани хариуцана.Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар энэ үүргийг ажил олгогч хариуцана.Хотгор зам ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасныг зөрчсөн байна.

              Техникийн шаардлагын 905-д гүйцэтгэгч нь инженерийн зааварчилснаар шороон замын дагууд болон баригдаж байгаа замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхдээ энэхүү техникийн шаардлагын 902, 903-д зааснаар түр тэмдэг, хаалт, хашилтыг тавина.Түр тэмдэгжүүлэлтэд ашиглах бүх тэмдэгүүд нь Монгол улсын МNS 4597-2003 стандартын шаардлагад нийцсэн хаалт хашилт нь гүйцэтгэгчээс санал болгож инженер баталсан хэлбэр хэмжээтэй байна гэж заасан нь төслийн гүйцэтгэгч буюу Хотгор зам ХХК-д хамааралтай.Тухайн үед гарсан хэрэг явдал нь компаний хариуцах зүйл гэх мэдүүлэг

              Гэрч Т.Батболдын....Тухайн үед машиныг Х.Баатаржав жолоодож явсан.Өглөө байсан учир үзэгдэх орчин сайн байсан. Машины тормоз болон жолооны хүрдэнд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй машин хэвийн явж байсан:.Уг зам дээр замын тэмдэг байхгүй болохоор барилгын ажил явагдаж байгааг бид нар огт мэдээгүй гэх мэдүүлэг

             Гэрч А.Базарбекийн...Би тухайн үед компаний үйлдвэрийн мастер хийж байсан. Яг тэр өглөө 07:00 өнгөрч байх үед би А   тай цуг замын эхлэх хэсэгт орох хориотой, замын чиглэл заасан хоёр тэмдэг тавихаар кемпнээс гараад машинтай явж байтал бид хоёрын замын тэмдэг тавих хэсгээс 2 жийп машин гарч ирээд сайжруулсан замаар нэлээн хурдтай явахад А    машинаа зогсоож машинаасаа буугаад шууд зам руу чиглэн уг машиныг зогсоохоор даллаж гүйсэн боловч машин зогсохгүй явчихсан. Тэгээд урьд нь явж байсан цагаан машин замын хаалт тавьсан шороог мөргөж дээгүүр нь өсөрч цаана нь 4 дугуйн дээрээ буусан тэгээд уг машин дээр яваад очиход машин урд хэсэг нэлээн эвдэрчихсэн нэг эмэгтэй зорчигчийн бие муу байна гэж байсан.Замын эхлэл төгсгөл хэсэгт хориглох тэмдгийг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженер М.А    тавих ёстой байсан гэж бодож байна гэх мэдүүлэг

              2019 оны 07 сарын 29-ны өдрийн 448 дугаартай....Л.Чулуунцэцэгийн биед бүсэлхий L4 нугалмын хугарал, зүүн хөмсөгний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт,

            Хотгор зам ХХК-ны 2019 оны 4 сарын 11-ний өдрийн 02/17 дугаартай ....М.А   ыг 2019 оны 04 сарын 12-ны өдрөөс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженерээр томилсон захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, бүлэг 900 хөдөлгөөнийг нэвтрүүлэх заавар,

               Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

               Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

               Хэрэг осол гарсан гэх газрын харуулсан гэрэл зураг 10 ширхэг

               Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл

               Авто зам, замын байгууламжийг барих, засварлах №2017/050 дугаартай тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

              2019 оны 11 сарын 21-ны өдрийн ...Уг осол нь авто зам шинээр барьж буй “Хотгорын зам” ХХК гүйцэтгэгч компани нь замын барилгын ажил гүйцэтгэхдээ гадны тээврийн хэрэгслийг ажлын талбай руу нэвтрэх үйлдлийг бүрэн хориглож чадаагүй, хаалт хамгаалалт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг хийж чадаагүй буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан байна гэх шинжээчийн дүгнэлт

             2019 оны 08 сарын 30-ны өдрийн 550 дугаартай Т.Батболдын биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт

             2019 оны 07 сарын 31-ны өдрийн 114, 115 дугаартай...Х.Баатаржавын биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй, Х.Баатаржавын биенээс авсан цус нь моноклон оношлуураар В /III/ бүлгийн цустай байна гэх шинжээчийн дүгнэлт

                Кости Эстимейт ХХК-ны 30-33 УНЭ Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангид гаргасан 49.931.640 төгрөгний хохиролын жагсаалт

              2019 оны 10 сарын 25-ны өдрийн ...Хотгор зам ХХК нь Ховд аймгийн Мөст сумын төвийн босоо тэнхлэгийн замд холбох 20.3 км хатуу хучилттай замыг шинээр барьж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх явцдаа замын эхлэл төгсгөлд тэмдэг тэмдэглэгээ хаалт хамгаалалт хийсэн боловч барилгын ажлын талбарыг гадны тээврийн хэрэгсэл нэвтрэх нөхцөл байдлаас бүрэн хамгаалж чадаагүй, хаалт хашлага анхааруулсан тэмдэг тэмдэглэгээг тавиагүй байна.

              Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгуулах гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2- дахь заалтыг зөрчсөн.

             Тухайн компаний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ХАБЭА-н инженер М.А    хариуцан өгдөг гэх шинжээчийн дүгнэлт

              Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх,”Лазер Мед” эмнэлгийн компютер томографийн шинжилгээний бичиг, сторын хуулбар зэрэг хохирогч Л.Чулуунцэцэгийн 3701359 төгрөгний хохиролын баримтууд

             2019 оны 08 сарын 30-ны өдрийн....Х.Баатаржавын биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт

              М.А   ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

              Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 77 дугаартай....Жолооч Х.Баатаржав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

              Учир нь хавтаст хэргийн 8, 11 дүгээр хуудасны фото зурагт тоормозны мөрийг харуулсан байна.Хотгор зам ХХК нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4, Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлт

              2020 оны 04 сарын 03-ны өдөр гаргасан 5.016.582 төгрөгний хохиролын тооцоо, шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.А   ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

         Шүүгдэгч М.А   ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлт, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

        Яллах дүгнэлтэд Б.Баатаржав нь “Хотгор зам” ХХК-ны зам дээр байрлуулсан шороон даланг мөргөж Л.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Баатаржавын эзэмшлийн Ланд -200 маркийн тээврийн хэрэгсэлд 49.931.640 төгрөгний хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж  алдаатай бичигдсэн байна.

         Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр М.А    нь Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт Мөст сумын төвийг босоо тэнхлэгийн замд холбох 20.3 км зам тавих явцдаа шороон далан босгож тухайн замаар явах тээврийн хэрэгслийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Замын хөдөлгөөний дүрмийн 27.4, мөн дүрмийн 1.2.21-т заасныг зөрчин хохирогч Л.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Х.Баатаржавын тээврийн хэрэгсэлд 49.931.640 төгрөгний хохирол учруулсан байна.

         30-33 УНЭ Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь Х.Уранчимэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл боловч тухайн тээврийн хэрэгслийг Х.Баатаржав нь эзэмших эрхтэй болох нь Х.Уранчимэг, Х.Баатаржав нарын хооронд байгуулсан итгэмжлэл, Х.Баатаржавыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолоор  тогтоогдож байна.

         Хохирогч Х.Баатаржав нь 30-33 УНЭ Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 49.931.640 төгрөгний хохирол нэхэмжилсэн үндэслэлтэй бөгөөд  тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь  Кости Эстимейт ХХК-ны үнэлгээгээр нотлогдож байх тул  Хотгор зам ХХК хариуцан төлөх үүрэг хүлээнэ.

                 Учир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4, Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.     

                Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр хуульчилсан байх тул Х.Баатаржавын машинд учирсан 49.931.640 төгрөгний хохирол, хохирогч Л.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд учирсан хохирол 5.016.582 төгрөгийг  Хотгор зам ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.

             М.А    нь гэм буруутай боловч Техникийн шаардлагын 905-д гүйцэтгэгч нь инженерийн зааварчилснаар шороон замын дагууд болон баригдаж байгаа замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхдээ энэхүү техникийн шаардлагын 902, 903-д зааснаар түр тэмдэг, хаалт, хашилтыг тавина.Түр тэмдэгжүүлэлтэд ашиглах бүх тэмдэгүүд нь Монгол улсын МNS 4597-2003 стандартын шаардлагад нийцсэн хаалт хашилт нь гүйцэтгэгчээс санал болгож инженер баталсан хэлбэр хэмжээтэй байна гэж заасан нь төслийн гүйцэтгэгч буюу Хотгор зам ХХК-д хамааралтай байна.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Тухайн замын эхлэл төгсгөлд тэмдэг тавигдсан байсан. Тээврийн хэрэгсэл зорчих эрх олгогдоогүй байхад уг замаар Х.Баатаржав зөрчсөний улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан,  хохиролыг жолооч буруутай учир хариуцах ёстой. М.А    гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа боловч М.А   ын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдож байх тул  Хотгор зам ХХК нь хохиролыг хариуцан төлнө.

              Шүүгдэгч М.А   т холбогдуулан улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ М.А   ыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан  хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа, өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн нөхцөл тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлагаас өршөөн чөлөөлнө гэж яллаж байгаа нь хэргийг шүүх гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэх боломжтой гэж яллаж байна үзэх үндэслэл болно.

               Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн нь М.А   ын гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч Б.Баатаржав, Л.Чулуунцэцэг нар нь хохиролоо нэхэмжлэх эрх нь нээлттэй  байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохиролыг барагдуулах нөхөн төлөх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. 

         Хэргийн учир шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй байна.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч С   овогт М  гийн А   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар М.А   ыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.

         3. Шүүгдэгч М.А    нь цагдан хоригдсон хоноггүй,, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хүчингүй болгосугай.

         4.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Хотгор зам ХХК-иас хохирогч Л.Чулуунцэцэг 5.016.582 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Баатаржав 49.931.610 төгрөгийн хохиролоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ