| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00635/И |
| Дугаар | 650 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 650
| 2017 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00650 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, Буурал буурал 6 гудамж 04 тоотод оршин суух Тангад овогт Чойжилийн Мөнхтуяа /НМ62052710/-гийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд Жаргалант САА-н жимсний бригадад ажилд орсон. 1981.7.27-ноос жимсний бригадад жимсчин, 1982.9.16-наас уурын зуухны галч, 1983.7.4-нөөс хадланд тракторч, 1992.01.01-нээс Арцат компанид тракторчноор 1995.8.01-ний өдрийг хүртэл ажилласан. Миний Арцат компаниас халагдсан тушаал гараагүй. Архивт байхгүй болно. Иймд миний “Арцат” ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Төв аймаг, Жаргалант сум, “Арцат” ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ч.Мөнхтуяа нь ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
-Чойжилийн Мөнхтуяагийн 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулганд “...1981.7.27-1994.12.30”-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг бүртгэсэн бүртгэл,
- БНМАУ Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаар ажилд томилох тухай тушаалд “...Чойжилийн Мөнхтуяа нарыг булаг тасагт тракторчнаар 7-р сарын 4-нөөс ...томилсугай...” гэх бичилт,
-БНМАУ Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1982 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 207 дугаар ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалд “...Ч.Мөнхтуяа нарыг жимсчнээс ...чөлөөлөн 9 дүгээр сарын 16-наас эхлэн уурын зуухны кочегараар томилсугай...” гэх бичилт,
-БНМАУ Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 155 дугаар тушаалд “...Чойжилийн Мөнхтуяаг тракторчноор томилсугай” гэх бичилт,
-Төв аймгийн Жаргалант сумын Арцат ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот ажилд томилох тухай тушаалд “...Ч.Мөнхтуяаг тракторчноор” гэх бичилт,
-Төв аймгийн Жаргалант сумын “Арцат” Хувьцаат компаний захирлын 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 95 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал,
-Төв аймгийн Жаргалант сумын “Арцат” ХК-ийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 75 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаалд “...Ч.Мөнхтуяа нарыг 26 хоногоор...” гэх бичилт,
-гэрч Ю.Ганбаатарын “Ч.Мөнхтуяа нь хадуур жолооч байсан бид 1995 оны 7 сард Арцат компани Жаргалант компанитай дахин нийлэхэд хамт очсон...” гэх тодорхойлолт,
-гэрч С.Ванягийн “Би Жаргалантын САА-д 1984 оноос халангийн бригадад тракторчноор ороход Ч.Мөнхтуяа нь тус бригадад тракторчноор ажиллаж байсан. Манай бригад 1992 онд Жаргалантын САА задарч компани болоход Арцат компанид бүгд 1995 оны 7 сар хүртэл ажиллаж байгаад дахин Жаргалант компанитай нэгдэхэд бид бас бригадаар очсон. Ч.Мөнхтуяа нь Жаргалант компанид очих хүртэл бидэнтэй хамт ажиллаж байсан..” гэх тодорхойлолт, баярын бичиг, фото зураг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Ч.Мөнхтуяа нь Төв аймаг, Жаргалант сум, “Арцат” ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тангад овогт Чойжилийн Мөнхтуяа /НМ62052710/-г Төв аймаг, Жаргалант сум, “Арцат” ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР