Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2017/00617

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2017/00617

Төв аймаг

 

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Номин Юнайтед оффисын 7 давхарт байрлах “Номин тав трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг Зуунмод суумын, 1-р баг, 15-р байрны 1-3 тоотод оршин суух А.Батжаргалд холбогдох

Түрээсийн гэрээний төлбөр 9 509 346  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны  4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, хариуцагч А.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“-2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Номин тав трейд” ХХК болон иргэн А.Батжаргал нарын байгуулсан NTt/15/65 тоот Түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь Чингэлтэй дүүрэг дэх “Улсын их дэлгүүр”-ийн 7 давхарт байрлах зохих зөвшөөрөл бүхий хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалт бүхий фүүд кортын нийт 112,7 мкв гал тогооны хэсгийг сарын /мкв/ 39900 төгрөгийн төлбөртэй 2016 оны 06 дугар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар түрээсэлсэн. 2015 оны 05 дугаар сараас түрээслэгч тал түрээсийн төлбөрөө бүрэн төлөхгүй байсан тул үйл ажиллагааг зогсоон гэрээг цуцалсан.

Хариуцагч нь өнөөг хүртэл түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй, төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа тул түрээсийн гэрээний төлбөрт 6,339,564.57 төгрөг, гэрээний 9.3-д “Төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангий төлнө” гэж заасны дагуу 3,169,782.28 төгрөгийн алданги, нийт 9,509,346.85 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 167,100 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“-2015 оны 02 дугаар сарын 01-нд хариуцагч А.Батжаргалтай түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээний дагуу Улсын их дэлгүүрийн 7 дугаар давхарт байрлах зохих зөвшөөрөл бүхий хоолны үйлдвэрлэл, үйлдчилгээ явуулах зориулалт бүхий фүүд кортын нийт 112,7 мкв гал тогооны хэсгийг түрээслүүлсэн. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатайгаар түрээслүүлсэн боловч хариуцагч нь 2015 оны 05 дугаар сараас түрээсийн төлбөрөө бүрэн төлөхгүй байсан учраас гэрээг цуцалсан. Хариуцагч нь түрээсийн төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа тул түрээсийн төлбөрт 6.339.564,57 төгрөг, гэрээний 9.3-д зааснаар 3.169.782,28 төгрөгийн алдангийг тооцон нийт 9.509.346.85 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.100 төгрөгийг хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч А.Батжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“-Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж зохицуулж өгсөн. Эндээс үзэхэд эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох үндэслэл нь түрээсийн гэрээнд нэгэн адил үйлчилнэ. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэж тодорхойлж өгсөн, гэтэл Номин тав трейд ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний 9.4-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 14 ба түүнээс дээш хоногоор буюу 2 ба түүнээс дээш удаа хожимдуулсан тохиолдолд гэрээг шууд цуцалж төлбөрийг барьцааны мөнгөнөөс суутган авахаар зохицуулсан байдаг.

Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээслэж байгаа газар нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, түрээслүүлэгчийн зүгээс зөвхөн өөрийн ашиг сонирхолоо бодсон үйлдэл байсан. Миний хувьд эхний саруудын түрээсийн үлдэгдэл 3.004.252 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 4.205.873 төгрөг, нийт 7.210.125 төгрөгнөөс барьцааны мөнгө 4.500.000 төгрөгийг хасуулаад цахилгааны төлбөр нэмээд нийт 3.052.542 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК нь түрээсийн гэрээний төлбөрт 6,339,564.57 төгрөг, алданги 3,169, 782.28 төгрөг, нийт 9,509,346,85 төгрөгийг иргэн А.Батжаргалаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.Батжаргал нь миний хувьд эхний саруудын түрээсийн үлдэгдэл 3,004,252 төгрөг, 2015.05.29 хүртэлх түрээсийн төлбөр 4,205,876 төгрөг, нийт 7,210,125 төгрөгнөөс барьцааны мөнгө 4,500,000 төгрөг хасуулаад цахилгааны төлбөрийг нэмээд 3,052,542 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК,  А.Батжаргал нарын хооронд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг дэх Улсын Их дэлгүүрийн 7 дугаар давхарт байрлах нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалт бүхий 112,7 м/кв гал тогооны хэсгийг түрээслэн ажиллуулахаар 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр №NTt/15/65 дугаартай түрээсийн гэрээ хийгдсэн байна.

Зохигчид 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн гэрээг 30 хоногийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “Номин тав трейд” ХХК нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг дэх Улсын Их дэлгүүрийн 7 дугаар давхарт байрлах нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалт бүхий 112.3 м,кв гал тогооны хэсгийг нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч иргэн А.Батжаргал нь сарын 4,495,932 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээжээ.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч А.Батжаргал нь уг талбайг түрээслэж ажилласан хугацаанд манайд ямарч ашиг гараагүй, байрлал муутай байсан. Мөн уг гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, түрээслүүлэгчийн зүгээс зөвхөн өөрийн ашиг сонирхолоо бодсон үйлдэл, ...миний хувьд эхний саруудын түрээсийн үлдэгдэл 3,004,252 төгрөг, 2015.05.29 хүртэлх түрээсийн төлбөр 4,205,876 төгрөг нийт 7,210,125 төгрөгөөс барьцааны мөнгө 4,500,000 төгрөг хасуулаад цахилгааны төлбөрийг нэмээд 3,052,542 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлд хамаарах уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Мөн хариуцагч нь түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэж тайлбарлаж байх ба маргааны зүйл болсон түрээсэлж буй талбай нь бие даасан үл хөдлөх хөрөнгө биш байх тул уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэрээ байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч А.Батжаргалаас 9,509,346.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-д олгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д зааснаар нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 167 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Батжаргалаас 167 100  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Номин тав трейд”  ХХК-нд тус тус олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.МӨНХЦЭЦЭГ