| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00030/Э |
| Дугаар | 154/2021/00031 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 154/2021/00031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамиранжав
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2137000000031 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 19** оны ** сарын **-ны өдөр Ховд аймгийн Булган суманд терсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-* /нөхөр, * хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Б*** багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С овогт Д ы Х РД:
Д.Х нь 2021 оны 07 сарын 01-ны өдөр 18 цагийн орчим Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт Т.Кенжегүлийн гэрт хэрүүл маргаан үүсгэж, А.Асалбек Т.Кенжегүлийг зодох явцад хүү Е.Серикбол тус зодооныг салгах явцад Д.Х нь нүүр лүү нь 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Х ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Т.Кенжегүл нь янз бүрийн мессеж явуулаад байхаар нь гэрт нь нөхөртэйгээ очиж хэлэхэд хүүхэд нь гэрээс гар гээд хөөгөөд байхаар нь 2 удаа алгадсан. Миний буруу тухайн үед ээж Т.Кенжегүлтэй маргаж байсан нь үнэн би хэргээ хүлээж байгаа гэх мэдүүлэг.
2021 оны 07 сарын 05-ны өдрийн 364 дугаартай хүний биед үзлэг хийсэн...Иргэн Е.Серикболын биед дээд уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоодлоо.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих механизмаар хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт
Е.Серикболын нас тоолсон тухай тэмдэглэл /14 нас 10 сар 25 хоногтой/
Хохирогч Е.Серикболын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....А.Асалбек манай ээж Т.Кенжегүлийг нүүрэн тус газар 2 удаа цохисон юм. Би ээжийг салгаж цагдаа дуудах гэтэл А.Асалбекийн эхнэр Есма буюу Д.Х миний нүүр лүү 3 удаа алгадсан юм.Миний шүд хөдөлж, уруул хэгзэрсэн гэмтэл учирсан. Надад санал хүсэлт алга. Би эмчилгээ хийлгээгүй нэг хоноод зүгээр болсон.Би шүүх хуралд суухгүй. Намайг төлөөлж хүүхдийн ажилтан Б.Дамиранжав сууна гэх мэдүүлэг
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоол зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт Т.Кенжегүлийн гэрт хэрүүл маргаан үүсгэж, А.Асалбек Т.Кенжегүлийг зодох явцад хүү Е.Серикболын нүүрэн тус газар 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байгаа мэдүүлэг, болон хавтаст хэрэгт хохиролын баримт авагдаагүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Д ы Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х д оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 5 /Таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Х д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Шүүгдэгч Д.Х д оногдуулсан торгох ялд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Х аас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор
эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ