| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00627/И |
| Дугаар | 653 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 653
| 2017 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00653 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, 4 байр, 3 тоотод оршин суух Бараат овогт Данжаадын Өлзийхутаг /НЭ57040811/-ын
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өлзийхутаг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Өлзийхутаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Төв аймгийн Ойн аж ахуйд 1976 оны 03 дугаар сарын 22-ноос 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл мужаан, карамикчин зэрэг ажлуудыг хийж байсан юм. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1976 оны 03 дугаар сарын 22-ноос 1978 оны 01 дүгээр сарын 02-нд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч ажилд орсон, ажлаас халагдсан тушаал олдохгүйгээс, мөн 1980 оны 8 дугаар сарын 16-наас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл урчуудын эвлэлийн салбарт ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаагаас өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Иймд холбогдох бичиг баримтыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Д.Өлзийхутаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1976 оны 03 дугаар сарын 22-ноос 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Төв аймгийн Ойн аж ахуйд мужаанаар, 1980 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Урчуудын эвлэлийн салбарт мужаан, карамикчинаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Өлзийхутаг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Өлзийхутаг нь 1976 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Төв аймгийн Ойн аж ахуйд мужаан, 1980 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймаг, Урчуудын эвлэлийн салбарт бэлтгэгч, мужаанаар тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
-Д.Өлзийхутагийн 1976 оны 10 дугаар сарын 7-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулганд “1976.03.22-1978.01.02”-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг бүртгэсэн бүртгэл,
-Д.Өлзийхутагийн 1980 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулганд “1980.08.16-1985.06.10”-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг бүртгэсэн бүртгэл,
-Төв аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар мэргэжлийн зэргээр цалинжуулах тухай шийдвэрт “...Данжаадын Өлзийхутагт бэлтгэгчийн Ү зэрэг” гэх бичилт,
-Төв аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дүгээр ээлжийн амралт олгох тухай шийдвэрт “...бэлтгэгч Өлзийхутаг нарын 1986 оны ээлжийн амралтыг 1986 оны 11 дүгээр сарын 16-наас эхлэн олгосугай” гэх бичилт,
- Төв аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар ээлжийн амралт олгох тухай шийдвэрт “...Н.Өлзийхутаг нарын 1987 оны ээлжийн амралтыг 7 сарын 1-нээс...” гэх бичилт,
-Төв аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1988 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 67 дугаар ээлжийн амралт олгох тухай шийдвэрт “Бэлтгэгч н.Өлзийхутагийн 1988 оны ээлжийн амралтыг 1988 оны 11-р сарын 16-наас эхлэн олгосугай” гэх бичилт,
-Төв аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр 05-ын орон тоог шилжүүлэх тухай шийдвэрт “н.Өлзийхутаг хавсран гүйцэтгэж байгаад...” гэх бичилт,
- Төв аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар ээлжийн амралт олгох тухай шийдвэрт “...н.Өлзийхутаг нарын 1989 оны ээлжийн амралтыг 1989 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн олгосугай” гэх бичилт,
-гэрч Г.Баасанжавын “Д.Өлзийхутагтай 1980-1990 он хүртэл керамикийн тасагт хамт ажиллаж байсан...” гэх тодорхойлолт,
-гэрч А.Доржсүрэнгийн “Д.Өлзийхутаг нь 1976-1978 оныг хүртэл Төв аймгийн Ойн аж ахуйд мужаанаар ажиллаж байсан” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Өлзийхутаг нь Төв аймгийн Ойн аж ахуйд 1976 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл мужаанаар, Төв аймаг, Урчуудын эвлэлийн салбарт 1980 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэгч, мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бараат овогт Данжаадын Өлзийхутаг /НЭ57040811/-ийг Төв аймгийн Ойн аж ахуйд 1976 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл мужаанаар,
Төв аймаг, Урчуудын эвлэлийн салбарт 1980 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэгч, мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийхутагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР