| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00031/Э |
| Дугаар | 154/2021/00032 |
| Огноо | 2021-09-08 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 154/2021/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж шүүгч Б.Гантөгс, шүүгч Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
иргэдийн төлөөлөгч Б.Удмаа,
улсын яллагчаар Б.Батбаяр,
шүүгдэгч Д.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Найдансүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Донжаахан овогт Д гийн Б од холбогдох эрүүгийн 2137000000025 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 19** оны ** сарын **-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн. ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл * /эхнэр * хүүхдийн хамт/ Ховд аймгийн Үенч сумын Н* гол багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Д овогт Д гийн Б /РД : /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 20 цагийн орчим Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн “Хужиртын гол” гэх газарт архидан согтуурч улмаар Н.Хүрэлбаатартай маргалдаж түүний зүүн шанаа буюу толгой орчимд хөлөөрөө өшиглөж алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...2021 оны 07 сарын 11-ны өдөр би Мөст сум руу бинзен авахаар яваад оройхон ирэхэд манай голынхон баяр тэмдэглэж байсан. Намайг архи тойруулаад явж байхад хүмүүс эргээд надад архи өгөхөөр нь би уугаад байсан. Гэхдээ би үйлдлээ санаж байна.
Манай эхнэр надад ...Чамайг Мөст сум явсны араар хойд эцэг Тавх гэрт орж ирээд ээж, бид хоёрыг Мөст рүүгээ зайлцгаа, гэж хэлээд ээж бид хоёрыг уйлуулсан гэхээр нь би хойд эцэг Тавхыг дуудаад намайг байсан үед хэлж болсонгүй юу гэж хэлэхэд намайг ална пизда гээд заамдаад авсан уг газар нь хазгай газар байсан учир намайг унахад дарж аваад зодолдож байхад хүмүүс салгасан. Тэр дундуур Н.Хүрэлбаатар хажуунаас юм хэлээд байхаар нь чи миний эгчийг байнга дарамталдаг гээд өөдөөс нь хэрэлдэж байтал Найдан ах, Бадам эгч хоёр гэр бүлийн асуудал чамд хамаагүй гээд маргаж байтал хажуунаас Цогтэрдэнэ салгаад Б.АриунБ ын гэрийн цаана хүргэсэн.
Би буцаад ирэхэд Н.Хүрэлбаатар зүүн талаараа хэвтэж байхад урд талаас нь очиж толгой руу зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн.Н.Хүрэлбаатар нь замд таарахаар нь ямар нэг юм бодохгүйгээр өшиглөсөн.Би анхнаасаа тэр хүнийг зодьё, амь насыг нь хохирооё гэж бодоогүй гэнэт санамсаргүй замд таарахаар санамсаргүй өшиглөсөн.Тухайн үед 30-аад хүн байсан.Яг хажууд хэн байсныг сайн санахгүй байна.Бадам эгч байсан байх.Би хагас түрийтэй гуталтай байсан.Тэр гутлыг цагдаа хураагаад авсан.Талийгаачтай урдны ямар нэгэн өс хонзон байхгүй, би заримдаа өвөөгийндөө, заримдаа Н.Хүрэлбаатар ахынхаар байдаг намайг манай том хүү гэж хэлдэг байсан. Би мал маллаж хөдөө амьдардаг. Хохирогчийн аав Найдансүрэн гуайгаас уучлалт гуйж байна. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Талийгаачтай холбоотой гарсан хохиролыг төлж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Найдансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн....Улаанбаатар хотоос 3 гэр бүлийн ах дүү нар 2021 оны 7 сарын 7-ны өдөр ирсэн. Тэгээд 2021 оны 7 сарын 12-нд буцна гэхээр нь 2021 оны 07 сарын 11-ны өдөр тэд нарт хорхог хийж ганц нэг шил архи ууцгаасан. Д.Б нь Мөст сум орж бензин аваад 19 цагийн үед буцаж ирсэн. Бид нартай цуг архи уугаад үйлчлээд явж байгаад Хүрэлбаатарыг өшиглөчихлөө гэхээр нь би явж очсон.
Тухайн үед хотоос ирсэн хүний их эмч Оюунцэцэгийг дуудаж үзүүлэхэд ямарч даралт байхгүй нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач ямар нэгэн хууч өвчин байхгүй. 2 жилийн өмнө хөлөө гэмтээсэн. Одоогийн байдлаар хохиролын баримтаа шүүхэд өгсөн байгаа. Хүүгээ алдсандаа гомдолтой байна. Манай хүү 4 хүүхэдтэй одоо хүүгийн минь гэр бүл яаж амьдарна. Д.Б нь манай хүүгийнхээр байдаг, миний хүү хүргэн ах нь юм гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зураг 24ш/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Н.Хүрэлбаатарын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл 25-41 хуудас/
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 38 худас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /асаагуур 1, цэцэг хээтэй даавуу 1, архины шил 5, шар өнгийн цамц, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн дотоож, бор шаргал өнгийн 1 хос оймс, ногоон өнгийн дээл, бакал гутал 1 хос, цэцэг хээтэй ороолт 1 ширхэг/ -оор эд мөрийн баримтаар тооцсон тогтоол
Гэрч Б.АриунБ ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021 оны 07 сарын 11-ны өдөр манай Хужиртын айлууд баяр тэмдэглээд хорхог хийж айл бүхэн архи гаргаж ууцгаасан. Д.Б нь Мөстөөс ирэхдээ эрүүл ирээд бид нартай нийлээд цаг гаруй болоод сууж байгаад хойд эцэг Тавхтай миний ээжийг ингэсэн тэгсэн гээд маргаад байхаар нь би хажууд нь сууж байгаад салгаад явуулсан. Тэгтэл Н.Хүрэлбаатар чи наад хөгшин хүнтэй юу гэж маргалдаж байдаг юм бэ гэх хэлэх шиг болсон. Гэнэт хүмүүс Д.Б Н.Хүрэлбаатарыг өшиглөчихлөө гээд орилхоор нь хүрээд ирэхэд ээж нь тэвэрсэн сууж байсан. Хүмүүс хэлэхдээ нэг удаа өшиглөсөн тэгээд ухаан алдаад унасан гэж хэлсэн. Д.Б нэг их аюултай согтоогйү, харин Хүрэлбаатар ах хэр зэрэг согтуу байсныг мэдээгүй. Б , Хүрэлбаатар нар нь эрүүлдээ сайн хүмүүс. Б согтохоороо жаахан хүмүүстэй маргалдаж явдаг Хүрэлбаатар архи уухаараа хүмүүст хорон үг хэлдэг гэх мэдүүлэг / хх-ийн 61-62 хуудас/
Гэрч Э.Энхсүлдын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021 оны 07 сарын 11-ны өдөр бид нар ах дүү нараараа баяр тэмдэглэх гээд 9 айлын 30 гаруй хүн байсан. Цайллага болоод тарах дөхөж байхад бинзен авахаар явсан Б.Золжаргал, Д.Б нар ирээд нэг цаг орчим болж байхад Д.Б нь хойд эцэг Тавхтай маргаан үүсгэж агсам тавьж эхэлсэн. Хажуунаас амь хохирогч чи болиоч хөгшин хүн дээрэлхээд гэж хэлэхэд “чи муу юу гэнээ” гээд Хүрэлбаатар луу дайрахаар нь тэнд байсан хүмүүс холдуулаад явуулсан.
Амь хохирогч цааш мөлхөөд машин руугаа дөхөж байгаад доороо суугаад тохойгоороо газар тулаад хажуугаараа хэвтэж байтал Д.Б гэнэт гүйж ирээд нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн амь хохирогч толгойгоороо газар саваад хойшоо унасан.Би гүйж очоод толгойг нь 2 өвдөг дээрээ тавиад гэрийн нэрээр нь Маамаа ахаа сэрээрэй гээд хацарнаас нь бариад толгойг нь хоёр тийшээ болгоход сэрээгүй.Манай ээж М.Оюунцэцэг ирээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ч сэргээгүй.маргалдах гол шалтгаан нь хойд эцэг Тавхыг барьж аваад цохих гээд хад руу шахчихсан байхаар нь хүргэн ах Б.АриунБ , хүргэн ах Ц.Цогт-Эрдэнэ нар салгаад холдуулсан.Ингээд асуудал намжсан байтал гэнэт Д.Б гүйж ирээд нүүр шанааны орчимд нэг удаа хөлөөрөө маш хүчтэй тас гэж дуу гартал өшиглөж унагаасан.
Миний бодлоор эдгээр хүмүүс ах дүү нарын хоорондох таарамжгүй харьцааны асуудлаас л боллоо гэж бодож байна.талийгаач миний хөл сүүж рүүгээ хатгаж өвдөөд байна гээд өвчин намдаах эм авахуулж ууж байсан.Хүмүүс халамцуу л байсан их согтсон хүн байгаагүй гэх мэдүүлэг ./хх-ийн 64-65 хуудас/
Гэрч Х.АриунБ ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....2021 оны 07 сарын 11-ны өдөр Хужиртын салааны айлууд нийлж улсын баяраа тэмдэглэх болоод 12 цагийн орчим Доржпаламын гадна цугласан.12-14 цагийн хооронд хорхогоо хийж идээд архи ууцгааж байсан. Би архи уудаггүй болохоор дээш гэр лүү гээ явж байтал Д.Б зөрөөд өнгөрсөн.Би Найдансүрэн ахын гэрт хөзөр тоглоод цаг орчим болоод гараад ирэхэд талийгаачийн эхнэр Энхжаргал хүмүүс маргалдаад байх шиг байна гээд хараад зогсож байтал талийгаач хажуугаараа тохойгоороо газар тулаад хэвтэж байхад цаанаас нь Б гүйж ирээд өшиглөчихсөн юм.
Би холоос 100-200 метрийн зайнаас харсан учир яг хаагуур нь өшиглөснийг хараагүй.Талийгаач манай эхнэрийн садан төрөл, Д.Б нь манай аавын ахын хүүхэд байгаа юм.Тухайн үед тасартлаа архи уусан, их согтсон хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуудас/
Гэрч Ц.Цогт-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....Б эхлээд хойд эцэг Тавхтай маргалдахаар талийгаач боль гээд түүнээс болоод хоорондоо маргалдахад би салгасан. Д.Б талийгаачийг сууж байхад хажуунаас нь 1 л удаа өшиглөсөн. нэг юмаар цохиогүй.Нэг л удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 74 хуудас/
Гэрч Н.Хүрэлчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би дээр аавын гэрт Х.АриунБ той хөзөр тоглож байгаад хүмүүс шуугиад байхаар нь гараад харахад Д.Б Тавх ахтай маргасан байдалтай Ц.Цогт-Эрдэнэ хориглосон авч явж байсан.Тэгтэл алдчих шиг болсон. Нааш эргэж ирээд сууж байсан Хүрэлбаатар ахын зүүн талын толгойн хэсэгт 1 удаа өшиглөөд унагаачихсан юм. Би аавынхаа гаднаас 200-300 метрийн зайнаас харсан гэх мэдүүлэг
Гэрч Ч.Тавхын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Манай эхнэр П.Нямцэцэг, бэр Отгонтуяа нар танай охин Мөнхсүрэн бид хоёрыг зайл гэж хэллээ гээд уйлсан байсан.Би та нар уйлаад байх юу байсан юм Мөнхсүрэн 20 настай, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэл мэдрэлийн өвчтэй группт байдаг шүү дээ гэж хэлсэн.Би түрүүлж яваад миний араас эхнэр бэр хоёр ирсэн.Цайллаганд айл бүхэн шил архи авч ирээд уугаад дуулаад сууж байсан. Манай эхнэр Долгорын хүү Б Мөст сумаас ирж тэр хүмүүстэй нийлж ганц нэг рунк архи уугаад, архи сөгнөөд явж байсан юм. Нэг мэдэхэд намайг цохиж байсан түүнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байна.Талийгаач Хүрэлбаатарын ээж манай хүүг алчихлаа гэсэн толгойг нь барьсан сууж байсан.Би Д.Б ын Хүрэлбаатарыг цохиж байхыг хараагүй. Би Б той маргаагүй. Зүгээр сууж байхад намайг заамдаж аваад барьж авсан.2018 онд би Д.Нямцэцэгтэй гэр бүл болж амьдарч байна.Нямцэцэгийн ганц хүү Д.Б өвөө Доржпаламын гэрт өсөж тэндээс 2018 оны намар эхнэр Отгонзаяатай гэр бүл болж тусдаа гараад 3-5-насны 2 хүүхэдтэй амьдарч байна. Зан байдлын хувьд эрүүл үедээ энгийн архи уусан үедээ догшин зантай, бүрэн бус дунд боловсролтой цэргийн алба хаасан залуу байгаа юм.Надад санал хүсэлт гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуудас/
Гэрч М.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Намайг очсоны дараа цай уугаад хорхогны махаа гаргаж идсэн.Дараа нь айл болгоны таваг, идээ идээд цай уугаад архи уусан юм. Тэгээд сууж байтал Д.Б , Золжаргал нар Мөст сумаас 18 цагийн үед ирсэн.Д.Б нь Тавх ахыг голын чулуун дотор дарж авсан байхаар нь Батцагаан буюу Ц.Цогт-эрдэнэ салгаад Д.Б ыг аваад урд гэрийн зүг явсан.Хүмүүс орилолдоод явчихаар нь эргээд харахад Хүрэлбаатар дээшээ харж унасан Оюунцэцэг ирээд гар хөлийг нь үзэхээр асуухад хамаг бие нь хөрсөн байна гэж хэлсэн.Д.Б Тавх нар нь гэр бүлийн асуудалтай юм шиг байлаа. Тавх ахын охин Б ын эхнэртэй таарамжгүй байнгын хэрүүл маргаантай байдаг. Тавхын охин сэтгэцийн өвчтэй хүн байдаг.Б эхнэрээ өмөөрч зодолдсон юм шиг байлаа гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуудас/
2021 оны 07 сарын 30-ны өдрийн ....Ч.Тавхын биед гэмтэл тогтоодоогүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 165 хуудас/
2021 оны 07 сарын 23-ны өдрийн 91 дугаартай.....Н.Хүрэлбаатарын цогцосноос авсан цус шинжилгээнд тэнцэнэ. Н.Хүрэлбаатарын цусанд 2.9 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 169-170 хуудас/
2021 оны 07 сарын 23-ны өдрийн 92 дугаартай .....Н.Хүрэлбаатарын цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар В/III/ бүлгийн цустай гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 172-173 хуудас/
2021 оны 07 сарын 30-ны өдрийн 47 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн
1.Н. Хүрэлбаатарын цогцост тархины суурийн хойд холбогч артерийн цүлхэн, цүлхэнгийн хагарал, тархины зүүн талын чамархайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорхи цусан хураа, хажуугийн ховдлуудын цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн цохих механизмаар үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Н.Хүрэлбаатар нь тархины суурийн хойд холбогч артерийн цүлхэн хагарсны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 177-179 хуудас/
2021 оны 08 сарын 02-ны өдрийн 100 дугаартай.....Д.Б ын биенээс авсан цус шинжилгээнд тэнцэнэ. Д.Б ын биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 197-198 хуудас/
2021 оны 08 сарын 02-ны өдрийн 105 дугаартай......Д.Б ын биенээс авсан цус шинжилгээнд тэнцэнэ. Д.Б ын биенээс авсан цус нь моноклон оношлуураар АВ /IV/ бүлгийн цустай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 199-200 хуудас/
Шинжээч Б.ОргилБ ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....Дээрхи гэмтэл хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн.шинэ гэмтэл байсан. Мохоо хүчин зүйлийн 1 удаагийн цохих механизмаар үүсгэсэн гэмтэл нь тархины зүүн талд чамархайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доор цусан хураа үүсгэж тархины суурийн хойд холбогч артерийн цүлхэнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж цүлхэнг хагалсны улмаас тархины гүнд 2 хажуугийн ховдолуудад цусан хураа үүсч төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд оруулж нас барсан. Дээрх гэмтэл учирсан үед шууд ухаангүй буюу унтаа байдалд шилжин ямар нэг хөдөлгөөн хийх ярих, харах, хариулах мэдрэхүйн чадварууд алдагдана. Амь насыг аврах боломжгүй. Унтаа байдалд 5-10 минут байх боловч эмнэлгийн тусламж авсан ч амьдрах боломжгүй нас барна гэх мэдүүлэг /хх-ийн 187-189 хуудас/
Нас гүйцсэн морь 1.000.000 төгрөг, эм хонь 2 ш 240.000 төг, хурга 2ш 100.000 төгрөг, гунжин үхэр 1 ш 600.000 төгрөг, эм ямаа 4 ш 320.000 төгрөг, ишиг 4 ш 120.000 төгрөг, төлөг 4 ш 520.000 төгрөг, пробокс маркийн машин 7.000.000 төгрөг нийт 9.900.000 төгрөгний эд зүйлийн үнэлгээтэй хөрөнгийг битүүмжилж Т.Отгонтуяад хамгаалах үүрэг хүлээлгэсэн 2021 оны 08 сарын 04-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 203 хуудас/
Үенч сумын Нарийн гол багийн Засаг даргын тодорхойлолт /Д.Б ын талаархи мэдээлэл 2020 онд тоолуулсан малын тооны хамт/хх-ийн 227 хуудас/
Яллагдагчаар цагдан хорих тухай 2021 оны 07 сарын 13-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 233-234 хуудас/
2021 оны 08 сарын 04-ны өдрийн №09 дугаартай ....Д.Б сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчин байхгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай гэх шүүх сэтгэцийн дүгнэлт / хх-ийн 2 дугаар хавтас 9-11 хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б “тухайн цаг хугацаанд талийгаачийг алья гэж бодоогүй” гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.АриунБ ын...талийгаачийн эхнэр Энхжаргал хүмүүс маргалдаад байх шиг байна гээд хараад зогсож байтал талийгаач хажуугаараа тохойгоороо газар тулаад хэвтэж байхад цаанаас нь Б гүйж ирээд өшиглөчихсөн гэх мэдүүлэг, гэрч Н.Хүрэлчулууны...Би дээр аавын гэрт Х.АриунБ той хөзөр тоглож байгаад хүмүүс шуугиад байхаар нь гараад харахад Д.Б Тавх ахтай маргасан байдалтай Ц.Цогт-Эрдэнэ хориглосон авч явж байсан.Тэгтэл алдчих шиг болсон. Нааш эргэж ирээд сууж байсан Хүрэлбаатар ахын зүүн талын толгойн хэсэгт 1 удаа өшиглөөд унагаачихсан юм гэх мэдүүлэг, гэрч Ц.Цогтэрдэний....Б эхлээд хойд эцэг Тавхтай маргалдахаар талийгаач боль гээд түүнээс болоод хоорондоо маргалдахад би салгасан. Д.Б талийгаачийг сууж байхад хажуунаас нь 1 л удаа өшиглөсөн. юмаар цохиогүй гэх мэдүүлэг, гэрч Э.Энхсүлдын...2021 оны 07 сарын 11-ны өдөр бид нар ах дүү нараараа баяр тэмдэглэх гээд 9 айлын 30 гаруй хүн байсан. Цайллага болоод тарах дөхөж байхад бинзен авахаар явсан Б.Золжаргал, Д.Б нар ирээд нэг цаг орчим болж байхад Д.Б нь хойд эцэг Тавхтай маргаан үүсгэж агсам тавьж эхэлсэн. Хажуунаас амь хохирогч чи болиоч хөгшин хүн дээрэлхээд гэж хэлэхэд “чи муу юу гэнээ” гээд Хүрэлбаатар луу дайрахаар нь тэнд байсан хүмүүс холдуулаад явуулсан.
Амь хохирогч цааш мөлхөөд машин руугаа дөхөж байгаад доороо суугаад тохойгоороо газар тулаад хажуугаараа хэвтэж байтал Д.Б гэнэт гүйж ирээд нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн амь хохирогч толгойгоороо газар саваад хойшоо унасан. Би гүйж очоод толгойг нь 2 өвдөг дээрээ тавиад гэрийн нэрээр нь Маамаа ахаа сэрээрэй гээд хацарнаас нь бариад толгойг нь хоёр тийшээ болгоход сэрээгүй. Манай ээж М.Оюунцэцэг ирээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ч сэргээгүй. Маргалдах гол шалтгаан нь хойд эцэг Тавхыг барьж аваад цохих гээд хад руу шахчихсан байхаар нь хүргэн ах Б.АриунБ , хүргэн ах Ц.Цогт-эрдэнэ нар салгаад холдуулсан. Ингээд асуудал намжсан байтал гэнэт Д.Б гүйж ирээд нүүр шанааны орчимд нэг удаа хөлөөрөө маш хүчтэй тас гэж дуу гартал өшиглөж унагаасан. Миний бодлоор эдгээр хүмүүс ах дүү нарын хоорондох таарамжгүй харьцааны асуудлаас л боллоо гэж бодож байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Н.Хүрэлбаатарын толгойн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас талийгаач тархиндаа гэмтэл авч нас барсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б ын нэг удаагийн өшиглөлтийн улмаас талийгаач Н.Хүрэлбаатарт тархины суурийн хойд холбогч артерийн цүлхэн, цүлхэнгийн хагарал, тархины зүүн талын чамархайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорхи цусан хураа, хажуугийн ховдлуудын цусан хураа гэмтэл үүссэн нь
2021 оны 07 сарын 30-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн...Н.Хүрэлбаатар нь тархины суурийн хойд холбогч артерийн цүлхэн, хагарсны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэх дүгнэлт, шинжээч эмч Б.ОргилБ ын...Дээрхи гэмтэл хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Мохоо хүчин зүйлийн 1 удаагийн цохих механизмаар үүсгэсэн гэмтэл нь тархины зүүн талд чамархайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доор цусан хураа үүсгэж тархины суурийн хойд холбогч артерийн цүлхэнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж цүлхэнг хагалсны улмаас тархины гүнд 2 хажуугийн ховдолуудад цусан хураа үүсч төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд оруулж нас барсан. Дээрх гэмтэл учирсан үед шууд ухаангүй буюу унтаа байдалд шилжин ямар нэг хөдөлгөөн хийх ярих, харах, хариулах мэдрэхүйн чадварууд алдагдана. Амь насыг аврах боломжгүй. Унтаа байдалд 5-10 минут байх боловч эмнэлгийн тусламж авсан ч амьдрах боломжгүй нас барна гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эдгээр гэмтэл нь хохирогчийг шууд үхэлд хүргэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд...Д.Б нь хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байтал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой маргалдаж улмаар толгойн тус газарт өшиглөж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Д.Б ыг амь хохирогч Н.Хүрэлбаатарын толгойн тус газар өшиглөж амь насыг хохироосон, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад талийгаач Н.Хүрэлбаатарын оршуулга болон бусад холбогдон гарсан бодит хохиролд нийт 23979813 төгрөг нэхэмжилсэн ба улмаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2012 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн охин Х.Үүрийнгэгээгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 382.000 төгрөг авч байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн зөрүү 38000 төгрөгийг 18 нас хүртэл тооцож 12 жилийн 144 сараар тооцоход 5.472.000 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 29.451.813 төгрөг нэхэмжилсэн байна.
Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн боловч тэжээгчээ алдсаны тэтгэмж хэдэн төгрөг авч байгаа болон хэдийнээс эхэлж олгогдож байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, талийгаач Н.Хүрэлбаатар нь хөлний гэмтлийн улмаас группэд байсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлж байгаа, хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдаж хэдэн төгрөгний тэтгэмж авч байсан талаархи баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул иргэний 5.472.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа нийт 29.451.813 төгрөгний хохиролоос 7.839.600 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс хохирол нэхэмжилсэн зарим баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул 3.707.014 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тухайлбал: 307.014 төгрөгний бинзен шатахуун авсан баримт нь хэн гэдэг жолооч авсан нь тодорхойгүй, тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хамааралгүй баримтууд, мөн Улаанбаатар хотоос 4 машинтай 15 хүн ирж буцсан бензиний зардалд 1.600.000 төгрөг нэхэмжилсэн нь тухайн ирсэн гэх хүмүүс нь талийгаачтай ямар хамааралтай хүмүүс болох, ямар тээврийн хэрэгслээр ирж буцсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд шинээр гаргасан 900.000 төгрөгний бензиний зарлагын баримт, 900.000 төгрөгний бензиний нэхэмжлэхийн баримт нь тамга тэмдэггүй, хуулбар, тухайн авсан хүний мэдээлэл байхгүй, 2021 оны 07 сарын 30-ны өдрийн баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа 9.179.013 төгрөгний хохиролыг хохирогчийн нэхэмжилж байгаа нийт хохирлоос хасаж тооцоод үлдэх 12.433.199 төгрөгний хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулсан бөгөөд шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хэмжээ буюу 12.433.199 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Найдансүрэнгийн...Миний бие нь хохирогчид учирсан бодит хохиролд 12.433.199 төгрөгийг хүлээж авлаа. Бодит хохиролоос дахин нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнээс цаашид гаргах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, /хавтаст хэргийн 248-р хуудас/ нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт болон улсын яллагчийн шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна гэх хуулийн заалттай нийцэж байх тул хэрэглэх боломжтой гэж үзлээ гэх саналыг үндэслэн ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохиролыг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 13-ны өдрийн 01 дугаартай захирамжаар 2021 оны 07 сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүний цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан асаагуур 1, цэцэг хээтэй даавуу 1, архины шил 5, шар өнгийн цамц, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн дотоож, бор шаргал өнгийн 1 хос оймс, ногоон өнгийн дээл, бакал гутал 1 хос, цэцэг хээтэй ороолт 1 ширхэгийг тус тус устгаж, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн нас гүйцсэн морь 1.000.000 төгрөг, эм хонь 2 ш 240.000 төг, хурга 2ш 100.000 төгрөг, гунжин үхэр 1 ш 600.000 төгрөг, эм ямаа 4 ш 320.000 төгрөг, ишиг 4 ш 120.000 төгрөг, төлөг 4 ш 520.000 төгрөг, пробокс маркийн машин 7.000.000 төгрөг нийт 9.900.000 төгрөгний эд зүйлийн үнэлгээтэй хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Донжаахан овогт Д гийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 6 /Зургаа/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б од оногдуулсан 6 жил 5 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн асаагуур 1, цэцэг хээтэй даавуу 1, архины шил 5, шар өнгийн цамц, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн дотоож, бор шаргал өнгийн 1 хос оймс, ногоон өнгийн дээл, бакал гутал 1 хос, цэцэг хээтэй ороолт 1 ширхэг эд мөрийн баримтыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгчийн эзэмшлийн 01-93 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, морь 1, эм хонь 2, хурга 2, гунжин үхэр 1, эм ямаа 4, ишиг 4, төлөг 4 зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын 2021 оны 08 сарын 04-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 3.707.014 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 5.472.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 20.272.799 төгрөгийн хохиролыг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүйг тус тус дурьдаж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК