Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2017/00619

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2017/00619

Төв аймаг

 

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Жонбээс төвд байрлах “Сүхбаатар мах маркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Бүрэн сум, 1-р баг, Төхөм монгол 5-р гудамжны 20 тоотод оршин суух Чонод овогт Жамбаацэрэнгийн Эрдэнэбат /НА74050391/-д холбогдох,

Гэрээний төлбөр 18 248 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Сүхбаатар мах маркет” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-“Сүхбаатар мах маркет” ХХК нь мах бэлтгэн зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг юм. Тус компанитай иргэн Ж.Эрдэнэбат нь 2016 оны 01 сарын 18-ны өдрөөс 02 тоот дугаартай Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд 30 кг бүхий 73 500 000 төгрөгийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээнд 30 000 кг бүхий 73 500 000 төгрөгийн мах бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож, захиалагч гэрээний төлбөрийг 3 хувааж олгохоор болсон юм. Үүнд:

  1. Урьдчилгаа болгож тус гэрээний үнийн дүнгийн 25 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг гэрээ байгуулснаар бэлтгэн нийлүүлэгчид шилжүүлэх
  2. Дараагийн төлбөр болох тус гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгч гэрээний үүргийн 25 хувийг бүрэн биелүүлж махаа тушаасан тохиолдолд шилжүүлэх
  3. Үлдэгдэл төлбөрийг бэлтгэн нийлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж бүх махаа тушаасан тохиолдолд захиалгач үлдэгдэл төлбөрийг 3 хоногийн дотор шилжүүлэх байв.

Ийнхүү захиалагч “Сүхбаатар мах маркет” ХХК нь урьдчилгээ төлбөрт 18 375 000 төгрөгийг иргэн Ж.Эрдэнэбатад олгож гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Хугацааны дагуу Ж.Эрдэнэбат нь“Сүхбаатар мах маркет” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт 2016 оны 02 сарын 06-ны өдөр мах нийлүүлж дууссан байх ёстой байсан боловч компанид 1 775 900 төгрөгийн мах нийлүүлэв.

Ийнхүү гэрээний хугацаа дуусч мах нийлүүлэхгүйн тодорхой болж гэрээний үүргийг зөрчсөн тул Ж.Эрдэнэбаттай 16 599 100 төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлж акт үйлдсэн. Компанийн зүгээс урьдчилгаанд авсан төлбөрийг төлөх нэмэлт хугацаа, боломж олгож хүлээсэн хамгийн сүүлийн байдлаар Ж.Эрдэнэбат нь 2016 оны 10 сарын 31-ний дотор төлбөр тооцоог дуусгах талаар илэрхийлсэн боловч 2016 оны 12 сарын 19-ний өдөр 200 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 15 399 100 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдсөнгүй. Мах бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэг биелэгдэх хугацаа буюу 2016 оны 02 сарын 06-ны өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөр болох 15 399 100 төгрөгөөс 0.05%-иар алданги тооцож 2 849 000 төгрөгийг шаардаж байна.

Иймд Ж.Эрдэнэбатаас мах бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 15 399 100 төгрөг, алданги 2 849 000 төгрөг, нийт 18 248 100 төгрөгийг гаргуулж “Сүхбаатар мах маркет” ХХК-д олгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “-2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнд тохирсны дагуу 30.000 кг мах бэлтгэн өгөхөөр тохиролцож гэрээний төлбөрийг 3 хувааж олгохоор болсон. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 18.375.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мах нийлүүлж дууссан байх ёстой боловч компанид 1.775.900 төгрөгийн махыг нийлүүлсэн. Ж.Эрдэнэбаттай тохиролцсон боловч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 8.599.100 төгрөгний үлдэгдэл үлдэгдэл үлдсэн. Анх нэхэмжлэлдээ дурдсан мөнгөн дүнгээс нийт шилжүүлсэн үнийн дүнг хасаад 8.399.100 төгрөгийн үлдэгдэл, үүнээс тооцсон алданги 2.849.000 төгрөг, нийт 11.248.100 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Жамбаацэрэнгийн Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “-“Сүхбаатар мах маркет” ХХК”-ийн нэхэмжилж байгаа 18 248 100 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Алданги болох 2 894 000 төгрөгийг хоёр тал тохиролцсоны үндсэн дээр төлөхгүй болсон. Үлдэгдэл 7 399 100 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны дотор төлж барагдуулах болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Нэхэмжлэгч “Сүхбаатар Мах Маркет” ХХК, иргэн Жамбаацэрэнгийн Эрдэнэбат нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулагджээ. Гэрээгээр  2016 оны 02 дугаар сарын 07-ны дотор 43,500,000 төгрөгийн үнэ бүхий хонины мах, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ямааны мах нийт 73,500,000 төгрөгийн  үнэ бүхий махыг  иргэн Ж.Эрдэнэбат бэлтгэн нийлүүлэх, захиалагч тал гэрээний үнийн дүнгийн 25 хувьтай тэнцэх санхүүжилтийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлтгэн нийлүүлэгчийн ХААН банк дахь харилцах дансанд шилжүүлэх, 30 хувьтай тэнцэх санхүүжилтийг гэрээний үүргийн 25 хувийг бүрэн биелүүлж махаа тушаасан тохиолдолд захиалагч шилжүүлэхээр ... тус тус тохирчээ.

Захиалагч тал буюу “Сүхбаатар Мах Маркет” ХХК нь урьдчилгаа төлбөр болох 18,375,000 төгрөгийг бэлтгэн нийлүүлэгч Ж.Эрдэнэбатад олгож гэрээний үүргээ биелүүлсэн боловч бэлтгэн нийлүүлэгч Ж.Эрдэнэбат нь 20416 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  1,775,900 төгрөгийн махыг нийлүүлж, гэрээнийи хугацаа дуусахад 16,599,100 төгрөгийн мах нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрсөн болох нь хэрэгт авагдсан “Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” /хх-н 6-7/, 1,775,900 төгрөгийн мах нийлүүлсэн тухай орлогын баримт /хх-н 9/, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 16,599,100 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан тухай “Тооцоо нийлсэн акт” /хх-н 10/, хариуцагч Ж.Эрдэнэбатын шүүхэд гаргасан “Сүхбаатар мах маркет” ХХК”-ийн нэхэмжилж байгаа 18 248 100 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Алданги болох 2 894 000 төгрөгийг хоёр тал тохиролцсоны үндсэн дээр төлөхгүй болсон. Үлдэгдэл 7 399 100 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны дотор төлж барагдуулах болно.” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Эрдэнэбат нь 8,000,000  төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч 1,000,000 төгрөг нь нэхэмжлэл гаргахаас өмнө төлсөн тул нэхэмжлэлийын үнийн дүнд ороогүй, харин 7,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн нотлох баримт болох “Харилцагийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ”-ний 2017/01/01-2017/06/15-ны хоорондох хугацааны хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,248,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Ж.Эрдэнэбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд нэхэмжлэл гардуулахаар удаа дараа дуудсан боловч шүүхэд ирээгүй тул албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулсан, мөн шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэнч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100.4-д зааснаар хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг /хх-н 26/ судалж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуульд “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэсэн бие даасан харилцааны төрөл байхгүй тул бэлтгэн нийлүүлэх маргаантай ойролцоо төрөл болох худалдах, худалдан авах гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ...бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Эрдэнэбатаас 18,248,100.00 төгрөгийг гаргуулж “Сүхбаатар мах маркет” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэбатаас 249 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүхбаатар мах маркет” ХХК-д олгосугай.

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.          

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ