Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 654

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

     Дугаар 151/ШШ2017/00654

                                   Зуунмод сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянцогт сум, 3 дугаар баг, Даргиат ноён-уулын 1 гудамж, 7 тоотод оршин суух, Боржигин овогт Батхишигийн Мөнхдалай /НИ66031907/-гийн,

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхдалай, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би багадаа ээжийнхээ аав дээр өссөн. Тэгээд анх ажилд ороход тухайн үеийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээж өгөхдөө хойд эцгээр овоглож дэвтэр нээснийг анзааралгүй байснаас болоод зөрчилтэй болоод байна. Миний бусад бүх бичиг баримтууд маань ээжээр овоглосон байдаг. Одоо хөгжлийн бэрхшээлтэй групп тогтоолгох гэсэн миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн овог маань зөрүүтэй учраас групп тогтоолгож чадахгүй байна. Иймд миний анх ажилд орохдоо нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Батхишигийн Мөнхдалай мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний анх ажилд орохдоо нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Батхишигийн Мөнхдалай намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Үүнд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 45/017804 дүгээр төрсний бүртгэлийн лавлагаанд “...Батхишигийн Мөнхдалайг 1966 оны 03 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотын Товчоо сумын 415-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх бичилт,

Б.Мөнхдалайгийн 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн 168795 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 366203 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Мөнхдалайгийн 415 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Б.Мөнхдалайгийн 112 тоот гэр бүл бологсдын гэрчилгээ,

Гэрч А.Мөнхцэцэгийн “...миний бие Б.Мөнхдалайтай айл аймаг, нэг гудамжинд байдаг байсан. Би Б.Мөнхдалайг багаас нь таньж мэддэг юм...” гэх тодорхойлолт,

Гэрч Ө.Энхтуяагийн “...Тухайн үед боловсон хүчингээр ажиллаж байсан Баярсайхан ажлын алдаа гаргаж хайхрамжгүй хандсанаас иргэн Б.Мөнхдалайгийн хөдөлмөрийн дэвтрийн овог нэрийн бичилт буруу бичигдсэн. Бүх бичиг баримт нь Батхишигийн Мөнхдалайгаар овоглож явдаг” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иймд дээрх бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Төв аймгийн Баянчандмань сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулиас 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 366203 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Батхишигийн Мөнхдалай мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Зундуйн Мөнхдалай гэж бичигдсэн Төв аймгийн Баянчандмань сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулиас 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 366203 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Батхишигийн Мөнхдалай мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхдалайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР